Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2019/02365

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2019/02365

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч М.М, К.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гомдол, тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01414 дугаар шийдвэрээр Г.Бгаас 135,264,675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АК ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ хугацаанд 31,255,900 төгрөгийг төлж барагдуулсан. НШШГ Газраас Г.Бгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.....дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, 6-р байрны .... тоотод байрлах 63,06м2 өрөө орон сууцыг 145,915,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд энэ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх тул Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасны дагуу гомдол гаргаж байна.

Улаанбаатар хотын А зэрэглэлд орших 60м2 талбай бүхий орон сууцны зах зээлийн үнэ нь 190,000,000 төгрөгний үнэтэй байхад Г.Бгийн 63,06м2 цэвэр ашиглалтын талбайтай хотын төвд байрлах супер засвартай, гаднаа хамгаалалттай 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 145,915,000 төгрөгийг үнэ нь бодитой бус юм. Дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ доод тал нь 190,000,000 /нэг зуун ерөн сая/ төгрөг байхаар байна.

Иймд Г.Бгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.....дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, 6-р байрны .... тоотод байрлах 63,06м2 өрөө орон сууцыг 145,915,000 төгрөгөөр үнэлсэн НШШГ газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу хөрөнгө үнэлгээний БМ ХХК-иас 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн /ШШ2018/01414 дүгээр шийдвэрээр Г.Бс 135.264.675 төгрөгийг гаргуулж АК ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Г.Бгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 6 дугаар байрны .... тоот 63,06 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж, хураах ажиллагааг хийсэн.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 83 дугаар тогтоолоор БМ ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээчээр томилоод тус компанийн захирал нь С.Ц тул түүнд манай байгууллага шинжээчийн эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Харин тус шинжээч буюу тухайн компаний захирал нь үнэлгээний мэргэжилтэн Ч.Ч, Р.Б нартай хамтарч хөрөнгийн үнэлгээг гаргасан байдаг бөгөөд шинжээч нар 145.915.000 төгрөгөөр үнэлсэн.

Хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгчийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 6 дугаар байрны .... тоот хаягт очиход охин Б.Б байсан тул 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 4\6916 тоот албан бичгийг дамжуулж өгөх үүрэгтэйгээр гардуулан өгч гарын үсэг зуруулсан. Анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4\7743 дугаар мэдэгдэл, 4\15 дугаар тогтоолыг төлбөр төлөгчийн оршин суух хаягаар очиход охин Б.Бт байсан бөгөөд дамжуулж өгөх үүрэгтэйгээр гардуулан өгч гарын үсэг зуруулсан.

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэлгээ 145.915.000 төгрөгийн 70 хувиар тооцон 102.140.500 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 4 дүгээр сарын 12-ний өдөр оруулах явцад Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 181\Ш32019\04135 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өнөөг хүртэл түдгэлзсэн байгаа. Хуульд шинжээч нарт нэг бүрт эрх, үүрэг тайлбарлан өгөх зохицуулалт байхгүй тул манай хийсэн ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд АК ББСБ-ын төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Бгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, 6-р байрны .... тоотод байрлах, 63.06 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хөндлөнгийн хараат бус үнэлгээчнээр хийгдсэн ажиллагаа тул эд хөрөнгийн үнэлгээг хууль зөрчөөгүй гэж үзэж хариуцагч Шийдвэр гүйцэтгэгчийн тайлбар, татгалзлыг дэмжиж оролцож байна.

Төлбөр төлөгч Г.Б нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөө зах зээлийн үнээр 190 000 000 төгрөгт хүрэх ёстой гэж шүүхэд гомдол гаргасан боловч энэ талаар холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй учир түүний гомдол үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээг Иргэний хуульд заасан журмын дагуу тохиролцоогүй тул Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс хөндлөнгийн хараат бус үнэлгээчин БМ ХХК-иар үнэлгээ хийлгэсэн. БМ ХХК үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, холбогдох дүрэм журмын дагуу тухайн эд хөрөнгийн чанар, байршил, эдэлгээ, зориулалт, гадаа талбай, ижил төрлийн байршилд байгаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ зэргийг харгалзан үзэж үнэлгээг тогтоосон байдаг.

Гэтэл нэхэмжлэгч Г.Б нэхэмжлэлийн үндэслэлдээ Миний үзэж байгаагаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ доод тал нь 190,000,000 төгрөг байхаар байна гэж, хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж үзэх ямар үндэслэл байгаа талаар дурьдаагүй байх бөгөөд Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор энэхүү нэхэмжлэлийг гаргасан гэж үзэж байна.

Иймд гомдлын шаардлагыг хүчингүй болгож, БМ ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүх, зохигч талуудын тайлбар, мэтгэлцээн, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан, БМ ХХК-иар 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үнэлүүлсэн барьцаа хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагч болон гуравдагч этгээд нар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, үнэлгээ хийлгэх шинжээчид эрх, үүргийг тайлбарласан, заавал гурван шинжээчид эрх, үүрэг тайлбарла гэсэн хуулийн заалт байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд АК ББСБ өмнө нь хязгаарлагдмал хариуцлагатай компани байсан боловч 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хувьцаат компани болж өөрчлөгдсөн талаар улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01414 дугаартай шүүхийн шийдвэрээр хариуцагч Г.Бгаас 1.... 435 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 829 675 төгрөг, нийт 135 264 675 төгрөгийг гаргуулж, АК ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ./хх-37-38 дахь талд/

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр болсон шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.4, 44 дүгээр зүйлийн 44.2.8-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 6 дугаар байрны .... тоот 63.06 мкв талбайтай 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 19280035/154 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 19280035 дугаар тогтоолоор хураах ажиллагааг хийсэн байна./хх-43, 49 дэх талд/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу барьцаа хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүйн улмаас НШШГГ нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 83 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоолгох эрх бүхий хуулийн этгээдээр БМ ХХК, мөн тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин С.Цыг шинжээчээр томилж, түүнд Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан танилцуулжээ. /хх-53-54 дэх талд/

Гэтэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээг шинжээч С.Ц, Р.Б, Ч.Ч нарын гурван үнэлгээчин ажиллаж, үнэлгээний тайланг гаргасан байна. /хх-56-59 дэх талд/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулах, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулах ажиллагааг хийх үүрэгтэй гэж хуульчилсан.

Маргаан бүхий эд хөрөнгийн үнэлгээг хийж, шинжээчээр ажилласан Ч.Ч, Р.Б нарт энэхүү хуульд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгөх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /шийдвэр гүйцэтгэгч/ хийж гүйцэтгээгүй нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул эдгээр шинжээч нарын гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзлээ.

Хариуцагч болон гуравдагч этгээд нар хуульд заавал шинжээчээр оролцсон гурван этгээд нэг бүрт эрх, үүрэг тайлбарлах хуулийн заалт байхгүй гэж маргаж буй үндэслэл нь дээрх хуулийн үндэслэлээр няцаагдаж байна.

Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан хөрөнгийн үнэлгээний тайланг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх гомдлын үндэслэл баримтаар нотлогдоогүй тул түүний гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Харин хариуцагч хуульд заасан журмын дагуу шинжээчээр оролцсон Ч.Ч, Р.Б нарт эрх, үүрэг тайлбарлах ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй зөрчсөн байна гэж дүгнээд энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдолд дурдсан, БМ ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бгийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, НШШГГт холбогдох, БМ ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 000 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 1 800 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч НШШГ газраас 70 200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ