Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/01414

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/01370 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НГт холбогдох,

Гуравдагч этгээд: “А” ХХК

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Дима, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01414 дугаар шийдвэрээр Г.Бгаас 135 264 675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ хугацаанд 31 255 900 төгрөгийг төлж барагдуулсан болно. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016442 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, 6 байрны 34 тоотод байрлах, 63,06 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 145 915 000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд энэ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасны дагуу гомдол гаргаж байна. Улаанбаатар хотын А зэрэглэлд орших 60 м.кв талбай бүхий орон сууцны зах зээлийн үнэ нь 190 000 000 төгрөгний үнэтэй байхад манай 63,06 м.кв талбайтай, цэвэр ашиглалтын талбайтай хотын төвд байрлах супер засвартай, гаднаа хамгаалалттай 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 145 915 000 төгрөгний үнэ нь бодитой бус юм. Миний үзэж байгаагаар дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ доод тал нь 190 000 000 төгрөг байхаар байна. Г.Бгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016442 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, 6 байрны 34 тоотод байрлах,63,06 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 145 915 000 төгрөгөөр үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу хөрөнгө үнэлгээний Баян модот ХХК-иас 2019 оны 03 сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01414 дүгээр шийдвэрээр Гончигийн Бгаас 135 264 675 төгрөгийг гаргуулж А ХХК-д банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу 2018 оны 12 сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Г.Бгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016442 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 6 дугаар байрны 34 тоот 63,06 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж, хураасан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2019 оны 03 сарын 11-ний өдрийн 83 дугаар тогтоолоор Баян модот ХХК-ийг шинжээчээр томилоход 145 915 000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгчийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 6 дугаар байрны 34 тоот хаягт очиход охин Б.Баярбилэг байсан тул 2019 оны 03 сарын 19-ний өдрийн 4/6916 тоот албан бичгийг дамжуулж өгөх үүрэгтэйгээр гардуулан өгч гарын үсэг зуруулсан. Анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж албада- дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдэл, 4/15 дугаар тогтоолыг төлбөр төлөгчийн оршин суух хаягаар очиход охин Б.Баярбилэгт байсан бөгөөд дамжуулж өгөх үүрэгтэйгээр гардуулан өгч гарын үсэг зуруулсан. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогттоосон үнэлгээ 145 915 000 төгрөгийн 70 хувиар тооцон 102 140 500 анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 04 сарын 12-ны өдөр оруулахад явцад Сүхбаатар дүүргий Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 181/Ш32019/04135 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Бгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016442 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, 6-р байрны 34 тоотод байрлах, 63.06 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хөндлөнгийн хараат бус үнэлгээчнээр хийгдсэн ажиллагаа тул эд хөрөнгийн үнэлгээг хэвээр үлдээх үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээг Иргэний хуульд заасан журмын дагуу тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс хөндлөнгийн хараат бус үнэлгээчин Баян модот ХХК-иар үнэлгээ хийлгэсэн. Баян модот ХХК үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, холбогдох дүрэм журмын дагуу тухайн эд хөрөнгийн чанар, байршил, эдэлгээ, зориулалт, гадаа талбай, ижил төрлийн байршилд байгаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ зэргийг харгалзан үзэж үнэлгээг тогтоосон байдаг. Гэтэл нэхэмжлэгч Г.Б нэхэмжлэлийн үндэслэлдээ ... Миний үзэж байгаагаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ доод тал нь 190 000 000 төгрөг байхаар байна... буюу хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж үзэх ямар үндэслэл байгаа талаар дурдаагүй байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор энэхүү нэхэмжлэлийг гаргасан байна. Иймд гомдлын шаардлагыг хүчингүй болгож, Баян модот ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., 122 дугаар зүйлийн 122.5.-д заасныг баримтлан НГт холбогдох, Баян модот ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19.1, 20.1-г зөрчсөн.Түүнчлэн шинжээчид эрх, үүргийн талаар танилцуулаагүй, 2 шинжээчид эрх үүргийг танилцуулаагүй /xx-ийн 53 хуудас/ шинжээч томилохдоо хуульд заасан журмыг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д зааснаар  төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах эсхүл төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураах тул шийдвэр  гүйцэтгэгч эд хөрөнгийг  хураах ажиллагааг явуулсаны дараа худалдан борлуулах үнийн санал авах үүрэгтэй. Гэтэл 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр /16.30цагт/ эд хөрөнгийг хураасан тогтоол үйлдэж хх-н 46 тал эд хөрөнгө хураахаас өмнө буюу 2019 оны 02дугаар сарын 19-ний өдөр төлбөр төлөгчөөс эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг авах тухай мэдэгдэл хүргүүлсэн,/уг мэдэгдлийн огноо засвартай хх-47-р тал/. Шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдөр шинжээч томилж үнэлгээний тайлан 2019оны 03 дугаар сарын 18-ны өдөр гарсан байна. Хэрэгт шинжээчийн үнэлгээг мэдэгдэх тухай баримт байх боловч тухайн мэдэгдлийг төлбөр төлөгч хэзээ хүлээн авсныг нотолсон баримтгүй тул үнэлгээг хуульд заасан хугацаанд танилцуулсан гэж үзэх боломжгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55дугаар зүйлийн 55.3-т заасан хугацаанд талуудад мэдэгдээгүй, тэдний санал хүсэлтийг авах ажиллагаа хийгдээгүй. Энэ төлбөр төлөгчийг Шинжээчийн үнэлгээтэй танилцуулаагүй тул үнэлгээний талаар гомдол гаргах өөрийн хөрөнгөө бие даан борлуулах санал гаргах зэрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар дээрхи хуулийн заалтуудыг зөрчсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг 40.1, 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч НГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч болон гуравдагч этгээд нар эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 35, 71 /

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1414 дугаартай шийдвэрээр Г.Бгаас 134 435 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 829 675 төгрөг, нийт 135 264 675 төгрөгийг гаргуулж “А” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 37-38/

 

Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.4, 44 дүгээр зүйлийн 44.2.8-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 6 дугаар байрны 34 тоот 63,06 м.кв, 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016442 дугаарт бүртгэлтэй, орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 19280035/154 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19280035 тоот тогтоолоор хураажээ. /хх 43, 49/

 

Хариуцагчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох эрх бүхий хуулийн этгээдээр Баян-Модот ХХК-г, шинжээчээр С.Цэвээнроломыг томилж түүнд Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан эрх үүргийг танилцуулжээ. /хх-53-54/

 

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр С.Цэвээнролом, Ч.Чинбат, Р.Байгалмаа нар ажиллаж  үнэлгээний тайланг гаргажээ. /хх-56-59/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй юм.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулах, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулах ажиллагааг хийх үүрэгтэй юм. Гэтэл дээрх ажиллагааг шинжээчээр ажилласан Ч.Чинбат, Р.Байгалмаа нарын хувьд анхан шатны шүүхээс хийж гүйцэтгээгүйг  хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт нь хуулийн дагуу хийгдээгүй байхад анхан шатны шүүхээс үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь буруу бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/01370 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөх 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД