Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2019/02347

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2019/02347

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МД ХХК холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 45 235 082 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 сарын 30-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Ц.Б нь Ч.Г төрсөн ганц хүү билээ. Миний ээж Ч.Г нь 2016 оны 10 сарын 18-ны өдөр Голомт банктай Орон сууцны зээлийн гэрээ, Ипотекийн гэрээг байгуулан Баянгол дүүргийн, 1 дүгээр хороо, Алтай хотхоны Энгельс гудамж, 27 дугаар байрны ....тоотод байрлах 2 өрөө орон сууцыг зээлээр авсан.

Санхүгийн зохицуулах хорооны Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам, Монголын Ипотекийн Корпорацийн шаардлагын дагуу зээлдэгч нь заавал хөрөнгийн болон амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулах шаардлагын дагуу миний ээж Ч.Г гэнэтийн осол өвчний улмаас өөрийн амь насаа алдах тохиолдолд даатгалын хамгаалалтанд хамааруулахаар МД ХК-тай харилцан тохиролцож, 2017 оны 04 сарын 11-ний өдөр 170100290, 1703002905 дугаартай Орон сууц, Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ-г бичгээр байгуулан гарын үсэг зуран, Y-2205052390 тоот үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай эд хөрөнгө болон өөрийн амь насаа гэнэтийн осол (хөрөнгийн болон амь насны)-ын даатгалд тус тус даатгуулсан. 1701002905, 1703002905 дугаартай Орон сууц, Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний хугацаа дуусгавар болоход тус гэрээний 2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт Талууд гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гэрээг сунгах асуудлыг шийдвэрлэх ба гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж болно гэж заасны дагуу болон Голомт банктай байгуулсан гэрээний дагуу Голомт банк даатгалын хураамжийг МД ХК-д төлж автоматаар сунгагдах нөхцлийн дагуу гэрээг дахин сунгасан байдаг. Өөрөөр хэлбэл талууд гэрээний хугацаа дуусгавар болохоос 30 хоногийн өмнө гэрээнд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг шийдвэрлэхээр харилцан тохиролцсон байна.

Миний ээж Ч.Г 2018 оны 11 сарын 30-ны өдөр гэнэт цус харваж, гэнэтийн өвчлөлийн улмаас өөд болсон тул миний бие МД ХК /цаашид МД гэх /-иас даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр авахаар хүссэн боловч МДын зүгээс 2018 оны 10 сарын 25-ны өдрийн ............. тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-ээр гэнэтийн осол, өвчний эрсдэлийг даатгуулаагүй гэж тайлбарлан нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Гэтэл МД ХК-ийн хувьд гэрээг сунган байгуулахдаа анх миний ээжтэй байгуулсан 1701002905, 1703002905 дугаартай Орон сууц, Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний нөхцөлийг нэг талын санаачлагаар өөрчилж, гэнэтийн ослын даатгалаас даатгуулагч гэнэтийн осол, өвчний улмаас амь насаа алдах гэсэн нөхцлийг хассан. Ингэж өөрчлөн байгуулахдаа миний ээжид даатгалын хамгаалалтыг сонгох боломжоор хангаагүй, гэрээний нөхцлийг танилцаагүй, ипотекийн даатгалын үйл ажиллагааны гутгаар хавсралтаар баталсан Мэдүүлгийн маягтын загвар-ыг бөглүүлээгүй байна.

Энэ нь Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Үүнд тус журмын 4.4.2-т Зээлдэгчид даатгалын эрсдэл, даатгагчаа сонгох эрхийг олгох, 4.4.3-т Даатгалын хураамжийг хууль, хамтран ажиллах гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй бол даатгалын гэрээний хариуцлагыг даатгалын зуучлагч хариуцах, 4.4.4-т Даатгуулагчийн даатгалын хураамжийн төлөлт тасралтгүй байх нөхцөлийг хангаж ажиллах, 4.5-т Даатгагч даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ийн дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна гэж заасан ипотекийн даатгалын үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах дараах шаардлагыг зөрчсөн байна.

Мөн түүнчлэн тус 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ............. тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ нь Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Даатгагч ипотекийн даатгалын бүтээгдэхүүнийг Хорооноос баталсан тусгай зөвшөөрөл, бүртгэлийн журамд заасны дагуу даатгалын хэлбэр бүртгүүлэхтэй нэгэн адил Хороонд бүртгүүлнэ, 5.2 дахь хэсэгт Даатгагч нь энэ журмын 5.1-т заасны дагуу Хороонд бүртгүүлсэн ипотекийн даатгалын бүтээгдэхүүний гэрээ, даатгалын хураамжийн хувь хэмжээнд Хорооноос зөвшөөрөлгүй өөрчлөлт оруулахыг хориглоно. гэж тус тус заасныг зөрчсөн байна. Энэ нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 03 сарын 29-ны өдрийн 9/1481 тоот МД ХК-д хандсан албан бичгээр тогтоогдож байна.

Тус журмын 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Хороо нь энэ журмын хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэхээс гадна дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: 5.4.1-д Ипотекийн даатгалын бүтээгдэхүүний бүртгэлийг хүчингүй болгож, уг даатгалын бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглоно. Энэ тохиолдолд өмнө хийгдсэн гэрээнүүд хүчин төгөлдөр хэвээр байна., 5.4.2-т Даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлэх гэж тус тус заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын нөхөн төлбөрийг удаа дараа олгохоор шийдвэрлэсэн боловч МД ХК нь нөхөн төлбөр өгөхөөс татгалзсан.

Иймд би нөхөн төлбөрийг 2018 оны 11 сарын 30-ны өдөр буюу даатгалын тохиолдол болсон үеийн байдлаар Орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 45 235 082 төгрөгөөр тооцон нэхэмжилж байх тул МД ХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч МД ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Бий, хариуцагч МД ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлдэгчийн гэнэтийн ослын ЗГ3115105023 тоот Зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын даатгуулагч Ч.Г нь нас барсны улмаас нөхөн төлбөр гаргуулахыг хүссэн хүсэлт, түүнд холбогдох материалуудыг судлан шалгаад нөхөн төлбөрийг олгох үндэсгүй гэж татгалзах шийдвэрийг манайх гаргасан.

Даатгуулагч Ч.Гүнмсаа нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 09.30 имнутаын орчимд ДЦС-3 ТӨХК болох өөрийн ажлын байран дээр ухаан алдаж улмаар Баянгол дүүргийн нэгдсэн эмнэгэлт хүргэгдэж тархины цус харвалт онош, оношлогдож 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ШУГТЭ-т шилжүүлэн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Тархины цүлхэнд хавчих мэс ажилбар хийлгэж биеийн байдал маш хүнд байсаар 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өвчний улмаас нас барсанд даатгалын нөхөн төлбөр олгуулах хүсэл ирүүлсэн байдаг. Даатгуулагч Ч.Г нь манай компанитай анх 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж гэрээ 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрээний хугацаа дууссан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа 1701002905, 1703002905 тоот Орон сууц,Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний нөхцөлийг нэг талын санаачлагаар өөрчилсөн гэж тайлбарласан гэвч гэрээг нэг талын санаачилгаар өөрчилсөн зүйл байхгүй энэхүү гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа нэгэнт дуусгавар болсон байна.

Даатгуулагч Ч.Гтай 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дахин Зээлдэгчийн ам нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж даатгуулагч хураамжийг төлсөн байдаг. Энэхүү гэрээг байгуулагдахаас өмнө Санхүүгийн зохицуулах хорооноос Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ыг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 тоот тогтоолын хавсралтаар баталж ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэгч даатгалын компаниудыг мөрдлөг болгон ажиллахыг үүрэг болгосон байдаг.

Даатгуулагч Ч.Гтай 2018 оны 10 дугара сарын 25-ны өдөр байгуулсан Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ нь энэхүү журмын 2.2.1-т заасан Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол,/цаашид гэнэтийн осол гэх/-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт үндсэн эрсдэлийг даатгана гэж заасны дагуу гэрээний эрсдэлийг авсан. Даатгуулагч даатгалын гэрээнд гарын үсэг зураагүй боловч даатгалын хураамжийг төлснөөр манай компанид гэрээний дагуу эсрдэлийг бүрэн хамгаалах үүрэг үүссэн билээ. Гэтэл энэхүү даатгалын гэрээний хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр даатгуулагч өвчний улмаас нас барсан нь эрх бүхий байгууллагын нотлох баримтаар нотлогдож байх тул гэрээний 7.3-т Амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлыөр олгохгүй нөхцөл, 7.3.1-т Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан, мөн 7.3.14-т Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэж заасныг үндэслэн нөхөн төлбөрийг бүрэн олгохоос татгалзсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч МД ХК-д холбогдуулан, даатгалын нөхөн төлбөр 45 235 082 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.Бий эх /талийгаач/ Ч.Г нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Голомт банктай Орон сууцны зээлийн ЗГ3155105023 дугаартай гэрээг, мөн Ипотекийн ЗБ3155105023 дугаартай гэрээг тус тус байгуулан орон сууц худалдан авах зориулалтаар, 51 000 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/ Энгельс гудамж 27 дугаар байрны ....тоотод байршилтай 46.7 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна./хх-13-18 дахь талд/

Голомт банктай байгуулсан дээрх зээлийн гэрээний 3.3.3-т ...Банкны гэрээт даатгалын байгууллагад амь насны болон эд хөрөнгийн даатгалд даатгуулах, даатгалын гэрээнд заасан хураамжийг тогтмол төлж байх ба даатгалын тохиолдол болсон даруй даатгалын байгууллага буюу Банкны ажилтанд албан ёсоор бичгээр нэн даруй мэдээлнэ гэж заасны дагуу зээлдэгч буюу Ч.Г нь Голомт банкны санал болгосон буюу зуучилснаар МД ХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1701002905 дугаартай гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулж, даатгалын хураамжид 152 400 төгрөгийг төлсөн байна./хх-8 дахь талд/ Энэхүү даатгалын гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дууссан байх боловч МД ХК нь зээлдэгч Ч.Гтай 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2027 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулж, даатгалын хураамжийг гэрээний эхний жил амь нас, эрүүл мэндийн даатгалд 45 5....төгрөг, барьцаа хөрөнгийн даатгалд 91 200 төгрөг, нийт 136 7....төгрөгийн хураамжийг төлүүлсэн болох нь хэргийн 86 дугаар талд авагдсан гэрээ, талуудын тайлбараар нотлогдож байна.

Хэдийгээр сүүлийн даатгалын гэрээнд даатгуулагчаар гарын үсэг зуруулаагүй ч талууд тухайн гэрээг байгуулагдсан эсэх талаар маргаагүй, хариуцагч тал байгуулагдсан гэж хүлээн зөвшөөрч тайлбарласан.

Нэхэмжлэгч Ц.Бий эх Ипотекийн зээлдэгч Ч.Г 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан нь хэрэгт авагдсан Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хх-9 дэх талд/, талуудын тайлбар мэтгэлцээнээр тогтоогдож байх ба зохигч талууд маргаагүй.

Хариуцагч МД ХК нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 7.3.1-т Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан-д нөхөн төлбөр олгохгүй гэх заалт болон 7.3.14-т Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол-д нөхөн төлбөр олгохгүй гэх заалтуудаар даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан хариуг нэхэмжлэгч Ц.Бд өгсөн байна.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээний харилцаанд хамаарахаас гадна МД ХК-ийн зүгээс уг гэрээний маягтыг урьдчилан хэвлэж, бэлэн болгосон, гэрээний нөхцлийг нөгөө талтай нэг бүрчлэн харилцан тохиролцоогүй зэрэг шинжийг агуулсан байх тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөт байдлын үндсэн дээр байгуулсан гэж үзэх хэдий ч мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4-т заасан стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх үндэслэлд хариуцагчийн нэхэмжлэгч талд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзахад баримталж буй гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.1-т заасан Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан... тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлд хамааруулж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тухайлбал, дээрх гэрээний заалт нь даатгагчид нөхөн төлбөр төлөхөөс зайлсхийх, даатгалын тохиолдлыг өргөн хүрээнд өөрийн байр сууринаас тайлбарлах боломжийг олгосон, даатгалын гэрээгээр хүлээсэн нөхөн төлбөр олгох үүргээс татгалзах нөхцөл байдлыг бий болгосон, даатгуулагчийн ашиг сонирхлыг зөрчсөн, гэрээ байгуулах хүсэл зоригт үл нийцсэн гэж үзэх үндэслэл болж байх тул хүчин төгөлдөр бус байх үндэслэлд хамаарна.

Санхүүгийн зохицуулах хороо нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ыг баталж, хэрэгжүүлж эхэлсэн ба журмын 2.1-т Ипотекийн даатгал нь сайн дурын даатгалын тусгайлсан бүтээгдэхүүн бөгөөд ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал болон ипотекийн зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээж зээлийн дүнг хүлээж авсан этгээдийн амь нас, эрүүл мэндийн даатгал гэсэн 2 тусдаа даатгалын бүтээгдэхүүнээс бүрдэнэ., 2.2.1-т Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэлээс үүссэн ослын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт, 2.2.2-т Урт хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт-аар үндсэн эрсдэлийг даатгахаар зохицуулжээ.

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээнд: Даатгал эхлэх огноог 2019/10/25, даатгалын дуусах огноог 2027/30/03 гэж, мөн Даатгалын хураамж төлөх нөхцөлийн тайлбарт Даатгуулагч хоёр жилийн даатгалын хураамжийг эхний жилийн туршид 12 хувааж, сар тутам Багкинд урьдчилан төлөх ба дараа дараагийн жилүүдийн даатгалын хураамжийг үүний адил өмнөх жилийн туршид 12 хувааж, сар тутам Банкинд урьдчилан төлөх гэж тус тус бичигдсээс үзэхэд уг гэрээг урт хугацаатайгаар байгуулсан гэж үзэх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2.2.2-т Урт хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэсэн Даатгалын эрсдэлд даатгуулагч Ч.Ггийн амь насаа алдсан эрсдэл хамаарахаар байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос 2019.03.29-ний өдрийн 9/1481, мөн 2019.06.25-ны өдрийн 9/2680 дугаартай МД ХК-нд тус тус хүргүүлсэн Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгүүдээр ...даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгохоос үндэслэлгүй татгалзсан байдлын талаар тус тус дурьдаж, даатгалын нөхөн төлбөрийг олгохыг удаа дараа мэдэгдсэн байхад хариуцагч МД ХК нь хууль болон гэрээнд заасан үүргээ зөрчсөн байна гэж үзлээ.

Даатгуулагч Ч.Г нь даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд нас барсан байх бөгөөд тус гэрээ нь Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооноос 2018 онд баталсан 210 дугаартай Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ыг тус тус зөрчиж хийсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбар мэтгэлцээнээр тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2 а-д Даатгуулагч амь насаа алдсан...тохиолдолд зээлийн үлдэгдэл дүн-гээр нөхөн төлбөрийг олгохоор заасан даатгалын нөхөн төлбөрийн нөхцөлд хамаарахаар байгаа тул хариуцагчийн маргаж буй татгалзалыг дээрх үндэслэлүүдээр хүлээн авах үндэслэлгүй гэж үзнэ.

Даатгуулагч Ч.Ггийн нас барсан 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орон сууцны зээлийн үндсэн төлбөрийн эцсийн үлдэгдэл 45 235 082 төгрөг байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар батлагдаж байх бөгөөд зээлийн төлбөрийн үлдэгдлийн талаар хариуцагч маргаагүй.

Иймээс, даатгуулагч Ч.Г нас барснаар МД ХК-ийн хариуцах орон сууцны зээлийн тасалдлын эрсдэл нь зээлийн үлдэгдэл төлбөр 43 235 082 төгрөг байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч МД ХК-иас 45 235 082 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384,125 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч МД ХК-наас 384,125 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ТҮМЭНЦЭЦЭГ