Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 153

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/02347 дугаар шийдвэртэй, Ц.Б-ий нэхэмжлэлтэй, хариуцагч “М Д-” ХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөрт 45 235 082 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б-, өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Ц.Б- нь Ч.Г-ийн төрсөн ганц хүү билээ. Миний ээж Ч.Г- нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Голомт банктай Орон сууцны зээлийн гэрээ, Ипотекийн гэрээг байгуулан Баянгол дүүргийн, 1 дүгээр хороо, Алтай хотхоны Энгельс гудамж, 27 дугаар байрны 44 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг зээлээр авсан. Санхүгийн зохицуулах хорооны Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам, Монголын Ипотекийн Корпорацийн шаардлагын дагуу зээлдэгч нь заавал хөрөнгийн болон амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулах шаардлагын дагуу миний ээж Ч.Г- гэнэтийн осол өвчний улмаас өөрийн амь насаа алдах тохиолдолд даатгалын хамгаалалтанд хамааруулахаар “М Д-” ХК-тай харилцан тохиролцож, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 170100290, 1703002905 дугаартай Орон сууц, Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зуран, Y-2205052390 тоот үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай эд хөрөнгө болон өөрийн амь насаа гэнэтийн осол (хөрөнгийн болон амь насны)-ын даатгалд тус тус даатгуулсан. 1701002905, 1703002905 дугаартай Орон сууц, Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний хугацаа дуусгавар болоход тус гэрээний 2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт “Талууд гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гэрээг сунгах асуудлыг шийдвэрлэх ба гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж болно” гэж заасны дагуу болон Голомт банктай байгуулсан гэрээний дагуу Голомт банк даатгалын хураамжийг “М Д-” ХК-д төлж автоматаар сунгагдах нөхцлийн дагуу гэрээг дахин сунгасан байдаг. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний хугацаа дуусгавар болохоос 30 хоногийн өмнө гэрээнд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг шийдвэрлэхээр харилцан тохиролцсон байна. Миний ээж Ч.Г- 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэнэт цус харваж, гэнэтийн өвчлөлийн улмаас өөд болсон тул миний бие “М Д-” ХК /цаашид “М Д-” гэх /-иас даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр авахаар хүссэн боловч М Д-ын зүгээс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1ЗГЗ155105023 тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-ээр гэнэтийн осол, өвчний эрсдэлийг даатгуулаагүй гэж тайлбарлан нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Гэтэл “М Д-” ХК-ийн хувьд гэрээг сунган байгуулахдаа анх миний ээжтэй байгуулсан 1701002905, 1703002905 дугаартай Орон сууц, Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний нөхцөлийг нэг талын санаачлагаар өөрчилж, гэнэтийн ослын даатгалаас даатгуулагч гэнэтийн осол, өвчний улмаас амь насаа алдах гэсэн нөхцлийг хассан. Ингэж өөрчлөн байгуулахдаа миний ээжид даатгалын хамгаалалтыг сонгох боломжоор хангаагүй, гэрээний нөхцлийг танилцаагүй, ипотекийн даатгалын үйл ажиллагааны гутгаар хавсралтаар баталсан Мэдүүлгийн маягтын загвар-ыг бөглүүлээгүй байна. Энэ нь Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Үүнд тус журмын 4.4.2-т Зээлдэгчид даатгалын эрсдэл, даатгагчаа сонгох эрхийг олгох, 4.4.3-т Даатгалын хураамжийг хууль, хамтран ажиллах гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй бол даатгалын гэрээний хариуцлагыг даатгалын зуучлагч хариуцах, 4.4.4-т Даатгуулагчийн даатгалын хураамжийн төлөлт тасралтгүй байх нөхцөлийг хангаж ажиллах, 4.5-т Даатгагч даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ийн дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна гэж заасан ипотекийн даатгалын үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах дараах шаардлагыг зөрчсөн байна. Мөн түүнчлэн тус 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1ЗГЗ155105023 тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ нь Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Даатгагч ипотекийн даатгалын бүтээгдэхүүнийг Хорооноос баталсан тусгай зөвшөөрөл, бүртгэлийн журамд заасны дагуу даатгалын хэлбэр бүртгүүлэхтэй нэгэн адил Хороонд бүртгүүлнэ, 5.2 дахь хэсэгт Даатгагч нь энэ журмын 5.1-т заасны дагуу Хороонд бүртгүүлсэн ипотекийн даатгалын бүтээгдэхүүний гэрээ, даатгалын хураамжийн хувь хэмжээнд Хорооноос зөвшөөрөлгүй өөрчлөлт оруулахыг хориглоно. гэж тус тус заасныг зөрчсөн байна. Энэ нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 9/1481 тоот “М Д-” ХК-д хандсан албан бичгээр тогтоогдож байна. Тус журмын 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Хороо нь энэ журмын хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэхээс гадна дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: 5.4.1-д Ипотекийн даатгалын бүтээгдэхүүний бүртгэлийг хүчингүй болгож, уг даатгалын бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглоно. Энэ тохиолдолд өмнө хийгдсэн гэрээнүүд хүчин төгөлдөр хэвээр байна., 5.4.2-т Даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлэх гэж тус тус заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын нөхөн төлбөрийг удаа дараа олгохоор шийдвэрлэсэн боловч “М Д-” ХК нь нөхөн төлбөр өгөхөөс татгалзсан. Иймд би нөхөн төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр буюу даатгалын тохиолдол болсон үеийн байдлаар Орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 45 235 082 төгрөгөөр тооцон нэхэмжилж байх тул “М Д-” ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М Д-” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Б-ий, хариуцагч “М Д-” ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлдэгчийн гэнэтийн ослын ЗГ3115105023 тоот Зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын даатгуулагч Ч.Г- нь нас барсны улмаас нөхөн төлбөр гаргуулахыг хүссэн хүсэлт, түүнд холбогдох материалуудыг судлан шалгаад нөхөн төлбөрийг олгох үндэсгүй гэж татгалзах шийдвэрийг манайх гаргасан. Даатгуулагч Ч.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 09.30 минутын орчимд ДЦС-3 ТӨХК болох өөрийн ажлын байран дээр ухаан алдаж улмаар Баянгол дүүргийн нэгдсэн эмнэгэлт хүргэгдэж тархины цус харвалт онош, оношлогдож 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ШУГТЭ-т шилжүүлэн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Тархины цүлхэнд хавчих мэс ажилбар хийлгэж биеийн байдал маш хүнд байсаар 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өвчний улмаас нас барсанд даатгалын нөхөн төлбөр олгуулах хүсэл ирүүлсэн байдаг. Даатгуулагч Ч.Г- нь манай компанитай анх 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж гэрээ 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрээний хугацаа дууссан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа 1701002905, 1703002905 тоот Орон сууц,Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний нөхцөлийг нэг талын санаачилгаар өөрчилсөн гэж тайлбарласан гэвч гэрээг нэг талын санаачилгаар өөрчилсөн зүйл байхгүй энэхүү гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа нэгэнт дуусгавар болсон байна. Даатгуулагч Ч.Г-тай 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дахин Зээлдэгчийн ам нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж даатгуулагч хураамжийг төлсөн байдаг. Энэхүү гэрээг байгуулагдахаас өмнө Санхүүгийн зохицуулах хорооноос Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамыг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 тоот тогтоолын хавсралтаар баталж ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэгч даатгалын компаниудыг мөрдлөг болгон ажиллахыг үүрэг болгосон байдаг. Даатгуулагч Ч.Г-тай 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ нь энэхүү журмын 2.2.1-т заасан Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол,/цаашид гэнэтийн осол гэх/-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт үндсэн эрсдэлийг даатгана гэж заасны дагуу гэрээний эрсдэлийг авсан. Даатгуулагч даатгалын гэрээнд гарын үсэг зураагүй боловч даатгалын хураамжийг төлснөөр манай компанид гэрээний дагуу эсрдэлийг бүрэн хамгаалах үүрэг үүссэн билээ. Гэтэл энэхүү даатгалын гэрээний хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр даатгуулагч өвчний улмаас нас барсан нь эрх бүхий байгууллагын нотлох баримтаар нотлогдож байх тул гэрээний 7.3-т Амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлыөр олгохгүй нөхцөл, 7.3.1-т Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан, мөн 7.3.14-т Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэж заасныг үндэслэн нөхөн төлбөрийг бүрэн олгохоос татгалзсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч “М Д-” ХК-аас 45 235 082 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384 125 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “М Д-” ХК-аас 384 125 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Иргэний хуулийн ерөнхий ангийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Шийдвэрийн үндэслэх хэсэгт: Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ нь ИХ-ийн 431.1-т заасан даатгалын гэрээний харилцаанд хамаарахаас гадна “М Д-” ХК-ийн зүгээс уг гэрээний маягтыг урьдчилан хэвлэж, бэлэн болгосон гэрээний нөхцлийг нөгөө талтай нэг бүрчлэн харилцан тохиролцоогүй зэрэг шинжийг агуулсан тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж дүгнэх үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөт байдлын үндсэн дээр байгуулсан гэж үзэх хэдий ч мөн хуулийн 202.2.4-т заасан стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх үндэслэлд хариуцагчийн нэхэмжлэгч талд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзахад баримталж буй гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.1-т заасан "Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан..." тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлд хамааруулж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ. Гэтэл нэхэмжлэгч тал даатгалын гэрээний хураамжийг төлсөн, гэрээ байгуулагдсан гэдэгт маргах зүйлгүй гэсэн тайлбарыг өгч шүүхийн шийдвэрт тусгагдсан байна. №13Г3155105023 тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг даатгуулагч 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан №1701002905 тоот Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний хугацаа дууссанаас хойш 6 сарын дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан бөгөөд тус гэрээг байгуулагдахаас өмнө Санхүүгийн зохицуулах хорооноос "Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам"-ыг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №109 дугаар тогтоолоор баталж дараагаар нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 210 тоот тогтоолын хавсралтаар шинэчлэн баталж ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэгч даатгалын компаниудыг мөрдлөг болгон ажиллахыг үүрэг болгосон. Даатгуулагч Ч.Г-тай 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан №13Г3155105023 тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ нь энэхүү журмын 2.1.1-т заасан "Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид "гэнэтийн осол" гэх)-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт" үндсэн эрсдэлийг даатгана гэж заасны дагуу гэрээний эрсдэлийг гэрээндээ тусгасан. Бидний хувьд зохицуулах байгууллагаас тогтоосон журмын дагуу даатгуулагчид учирсан гэнэтийн ослын эрсдлийг хамгаалахаар гэрээгээ байгуулсан тул энэхүү гэрээний 7.3 дугаар зүйл. Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл 7.3.1-т Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан гэж заасан гэрээний заалт хууль зүйн хувьд эрх бүхий байгууллагаас тогтоосон хэм хэмжээний актын дагуух заалт бөгөөд даатгагч тал нэг талын санаачилгаар тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үйл нийцэх байдлаар өөрчлөөгүй тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4-т заасан хүчин төгөлдөр бус байх нөхцөл үндэслэл бүхэлдээ үгүйсгэгдэж байна. Гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр ундэслэл бухий бус байх тухайд:

Шийдвэрийн үндэслэх хэсэгт: Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээнд: Даатгал эхлэх огноог 2019/10/25, даатгалын дуусах огноог 2027/30/03 гэж, мөн даатгалын хураамж төлөх нөхцлийн талбарт "Даатгуулагч хоёр жилийн даатгалын хураамжийг эхний жилийн туршид 12 хувааж, сар тутам Банкинд урьдчилан төлөх ба дараа дараагийн жилүүдэд даатгалын хураамжийг үүний адил өмнөх жилийн туршид 12 хувааж, сар тутам Банкинд урьдчилан төлөх" гэж тус тус бичигдсэнээс үзэхэд уг гэрээг урт хугацаатайгаар байгуулсан гэж үзэх бөгөөд СЗХ-ны 2018/06/06-ны өдрийн №210 дугаар тогтоолоор батлагдсан "ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам"-ын 2.2.2-т Урт хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт" гэсэн Даатгалын эрсдэлд даатгуулагч Ч.Г-гийн амь насаа алдсан эрсдэл хамаарахаар байна гэжээ. Даатгалын компани нь Даатгалын тухай хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр даатгалын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хавтаст хэрэгт авагдсан манай компанийн улсын бүртгэлтийн гэрчилгээнд "Ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх" гэж үйл ажиллагааны чиглэлийг тусгасан байдаг. Даатгалын тухай хуулийн 434.1-т Даатгалын гэрээний хугацааг даатгагч, даатгуулагч харилцан тохиролцож тогтооно гэж заасны дагуу гэрээний хугацааг гэрээгээр тохиролцож тогтоосон байна. Гэтэл анхан шатны шүүх даатгалын гэрээний хугацааг үндэслэн Даатгагчийг Урт хугацааны даатгагчийн үйл ажиллагаа эрхэлдэг хэмээн №210 дугаар тогтоолын 2.2.2-т заасныг баримтлан нөхөн төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд огт үндэслэлгүй төдийгүй үйл ажиллагааны чиглэлийг нотлох даатгагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, талуудын хооронд байгуулагдсан гэрээний эрсдлийг тусгайлан заасан нөхцөл бүхий гэрээ байсаар байтал нотлох баримтыг үнэлээгүй, хууль, дүрэм журмыг заалтыг буруу тайлбарлаж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх шүүхийн шийдвэртээ хариуцагч талыг хууль болон гэрээний үүргээ зөрчсөн байна гэж үзлээ гэсэн байх мөртлөө хуулийн ямар зүйл заалт, гэрээний ямар зүйл заалтыг зөрчсөн талаар үндэслэлтэйгээр тайлбарлаагүй төдийгүй даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд даатгуулагч нас барсан байх бөгөөд тус гэрээ нь Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон СЗХ-ны Ипотекийн үйл ажиллагааны журмыг зөрчиж хийсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбар мэтгэлцээнээр тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагч талаас энэхүү журмын дагуу даатгуулагчийг гэнэтийн ослын эрсдлээс хамгаалахааар гэрээгээр тохиролцсон, даатгуулагч ослын улмаас бус өвчний улмаас нас барсан тул нөхөн төлбөр олгох боломжгүй гэдгийг тайлбарласан боловч шүүх хүлээн аваагүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан №13Г3155105023 тоот даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийг шууд тулган хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 45 235 082 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/02347 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч Ч.Б- нь хариуцагч “М Д-” ХК-д холбогдуулан, даатгалын нөхөн төлбөр 45 235 082 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ч.Б-ий эх /талийгаач/ Ч.Г- нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Голомт банктай Орон сууцны зээлийн ЗГ3155105023 дугаартай гэрээг, мөн Ипотекийн ЗБ3155105023 дугаартай гэрээг тус тус байгуулан орон сууц худалдан авах зориулалтаар, 51 000 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/ Энгельс гудамж 27 дугаар байрны 44 тоотод байршилтай 46.7 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан ба уг орон сууцыг “М Д-” ХК-д даатгуулж, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 1 жилийн хугацаатай даатгалын гэрээ байгуулан орон сууцны үнэлгээг 76 000 000 төгрөгөөр тохирч, 152 400 төгрөгийн хураамжийг төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй байна. /хэргийн 13-18, 85 дугаар тал/  

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд даатгалын гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дуусч, шинээр 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2027 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулж, даатгалын хураамжийг гэрээний эхний жил амь нас, эрүүл мэндийн даатгалд 45 544 төгрөг, барьцаа хөрөнгийн даатгалд 91 200 төгрөг, нийт 136 744 төгрөгийн хураамжийг төлүүлсэн байх боловч даатгуулагч Ч.Г-д уг гэрээний агуулгыг танилцуулж гарын үсэг зуруулаагүй болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 85-86 дугаар зүйл/

            Иймд даатгуулагч Ч.Г- нь даатгалын төлбөрийг төлсөн учраас Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчтай даатгалын гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

            “М Д-” ХК-ийн зүгээс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний маягтыг урьдчилан хэвлэж, бэлэн болгосон, гэрээний нөхцөлийг нөгөө талтай нэг бүрчлэн харилцан тохиролцсон болох нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзнэ. 

 

Даатгуулагч Ч.Г- 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барж даатгалын тохиолдол үүссэнээр нэхэмжлэгч Ц.Б- хариуцагч “М Д-” ХК-д хандаж 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нөхөн төлбөр олгох тухай өргөдөл гаргасан боловч 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу өгснөөр, нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хороонд хандаж, улмаар хариуцагч байгууллагад Санхүүгийн зохицуулах хорооноос 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 9/1481 дугаар, мөн оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 9/2680 дугаар Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийг олгож, биелэлтийг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус Хороонд мэдэгдэх, цаашид “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг үүрэг болгожээ./хэргийн 9-12 дугаар тал/ Хариуцагч байгууллагаас үүнийг үгүйсгэсэн тайлбар, баримтыг гаргаагүй байна.

 

            Иймээс Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 5.4-т зааснаар өмнөх гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ. Тодруулбал, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар даатгуулагч гэнэтийн осол, өвчний улмаас нас барсан бол даатгалын тохиолдолд хамаарч байсан. Өөрөөр хэлбэл, өвчний улмаас нас барахад ердийн болон архаг өвчний улмаас нас барсан бол даатгалын төлбөр олгохгүй байх нөхцөл гэж гэрээнд тусгайлан заагдаагүй байжээ.

 

            Харин стандарт нөхцөл бүхий гэрээний онцлог нь гэрээний шударга байдлыг хангах, гэрээний нөгөө талд гэрээний нөхцөлийг ил тодоор танилцуулах, үүсэх үр дагаврын талаар ойлгомжтой, тодорхой томьёолсон байхыг шаарддаг. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар талуудын харилцан итгэлцэж, шударга ёсны зарчимд үл нийцэх агуулгатай нөхцөл заасан бол тухайн стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бус гэж үздэг.

 

Хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан бичиг, анх байгуулагдсан гэрээний нөхцөлд байхгүй буюу аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдвал даатгалын тохиолдолд хамруулахгүй тухай заалтыг сүүлийн гэрээний нөхцөлд нэмж оруулсныг даатгуулагчид нэг бүрчлэн танилцуулсан эсэхийг хариуцагч тал нотлоогүй. Өөрөөр хэлбэл, энгийн болон архаг өвчний улмаас нас барах нь даатгалын тохиолдолд хамаарахгүй, даатгалын төлбөр төлөхгүй болсон гэрээний нөхцөлийг өөрчилсөн нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт стандарт нөхцөлийг харилцан итгэлцэл, шударга ёсны зарчмыг зөрчиж, нөгөө талдаа хохиролтой тусгасан хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэхүү хүчин төгөлдөр бус гэрээний заалтыг үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг хариуцагч олгохоос татгалзах эрхгүй.

 

            Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2.2.2-т “Урт хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт” гэсэн даатгалын эрсдэлд даатгуулагч Ч.Г-гийн амь насаа алдсан эрсдэл хамаарах ба 2018 оны Даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2 а-д “Даатгуулагч амь насаа алдсан...тохиолдолд зээлийн үлдэгдэл дүн”-гээр нөхөн төлбөрийг олгохоор заажээ.

 

            Иймд даатгуулагч Ч.Г-гийн нас барсан 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орон сууцны зээлийн үндсэн төлбөрийн эцсийн үлдэгдэл 45 235 082 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан хууль зүйн үндэслэлтэй.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/02347 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 384 130 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                  Б.НАРМАНДАХ

 

                                      С.ЭНХТӨР