Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2022/0134/З |
Дугаар | 128/ШШ2022/0717 |
Огноо | 2022-09-29 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2022/0717
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т************* ХХК,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Д*************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Т************* ХХК-ийн ашигт малтмалын ************* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ************* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч, хууль журамд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст даалгах” гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан илэрхийлсэн болно.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 67 дугаар шийдвэрээр Б************* ХХК-д Дорнод аймгийн ************* сумын нутагт орших Хайч нэртэй газар 443,55 гектар талбай ашигт малтмалын ************* дугаар зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгожээ[1].
2.2 Б************* ХХК-иас Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрөө 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлжээ.[2].
2.3 Б************* ХХК-иас өөрийн компанийн нэрийг өөрчилсөнтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т заасны төрийн захиргааны байгууллагад мэдэгдсэний дагуу “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нэрийн бүртгэлийг Т************* ХХК болгож өөрчлөн кадастрын системд 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэжээ[3].
2.4 Т************* ХХК 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ************* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай хүсэлт гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 8/1072 дугаар албан бичгээр “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас нэг сарын өмнө сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй” гэх үндэслэлээр хүсэлт шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдсэн[4] ч 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ************* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай хүсэлтээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн болох талаар баримтын хамт дахин гаргасан байна[5].
2.6 Гэвч урьдчилан шийдвэрлүүлэх байдлаар хандсан нэхэмжлэгчийн хүсэлтийг Ашигт малтмал газрын тосны газар шийдвэрлээгүй тул Т************* ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар: “...Т************* ХХК-ийн захирал Ө.О*************- нэн хүнд хэлбэрээр 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ковид-19 өвчнөөр өвдөн 2022 оны 01 дүгээр сарын 04-нд маш хүнд хэлбэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 02 дугаар сарын 15-нд эмнэлгээс гарсан. Татварын ерөнхий хуулийн 6.1.41-д “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хүнд өвчтэй гэдэг нь эмнэлгийн акт болон картаар нотлогдож байгаа тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ, Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тайлбарын 28-д хүндэтгэн үзэх шалтгааныг хүнд өвчтэйг ойлгоно гэж тус тус тайлбарладаг.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой байтал Ашигт малтмал газрын тосны газраас уг хүсэлтээ 1 сарын өмнө гаргах ёстой байсан учраас хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...” гэжээ.
3.2 Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасан. Үүний дагуу нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнө хүсэлтээ гаргах ёстой байсан. Нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ковид-19 өвчнөөр өвдөж 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр маш хүнд хэлбэрээр эмнэлэгт хэвтсэн байсан. Нэхэмжлэгч компанийн хувьд нэг сарын өмнө өгнө гэж зааснаас биш бүрдүүлнэ гэсэн зүйл байхгүй. Ашигт малтмал газрын тосны газрын зүгээс тус хүсэлтийг хэн ч гаргаж өгөх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.
4.2. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах”, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэжээ.
4.3. Маргааны үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Т************* ХХК нь өөрийн ...... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдлийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнө ирүүлэхээр байна.
4.4. Гэвч нэхэмжлэгчээс уг хугацааг хэтрүүлэн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ************* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай хүсэлтээ гаргасан ба хугацааг хэтрүүлсэн үндэслэлээ хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар тайлбарлан маргаж, өөрийн тайлбарыг дэмжин Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн О************* 2022 оны 01 дүгээр сарын 04-2022 оны 02 дугаар сарын 15-г хүртэл ажлаас чөлөөлсөн тухай магадалгаа,[6] 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ө.О*************-гээс эмчилгээний төлбөр төлсөн “Орлогын ордерын тасалбар”[7], 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15:16 цагт нээсэн Өвчний түүх[8], эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас[9] нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4.5. Хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгч Т************* ХХК Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ************* дугаар гэрчилгээнд 2020 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар эцсийн өмчлөгч 1, Ө************* овогтой О*************-г гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлтэй байна[10].
4.6. Дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Ө.О*************- нь шинэ коронавируст халдвар авч, хүнд хэлбэрээр өвдөн, ...амьсгалын дутагдал, уушгины хатгалгаа оноштойгоор Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 42 хоног хэвтэн эмчлүүлж, эмчилгээ хийлгэсэн болох нь тогтоогдож байна.
4.7. Эдгээр нотлох баримтад тулгуурлан хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэхийг нягтлан үзэхэд Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.”a”-д заасан “эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” гэх хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохоор байна.
4.8. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд эрх, хууль ёсны сонирхлыг хамгаалах үүднээс ************* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг (маягт К-11) бөглөн, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-22.1.4-т заасан баримтыг бүрдүүлэн биечлэн өгөх боломжгүй байжээ.
4.9. Гэтэл хариуцагчаас Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3-д “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх” нийтлэг үүргээ биелүүлэлгүй Т************* ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ************* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг нотлох баримтад үндэслэн шийдэхгүй байгаа эс үйлдэхүйг гаргасан байна.
4.10. Хэдийгээр Ашигт малтмалын тухай тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй тохиолдолд хэрхэхийг уг хуулиар зохицуулаагүй ч хариуцагчийн хувьд захиргааны байгууллагын үйл ажиллагааг ерөнхийлөн зохицуулсан хууль болох Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” заасан үүргийг хэрэгжүүлэх боломжтой юм.
4.11. Учир нь Ковид-19 цар тахлын хор нөлөө, тархалт нь иргэний Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 2-т “...эрүүл, аюулгүй орчинд амьдрах...” эрхэд нөлөөлөх бусад хуульд хүндэтгэн үзэх шалтгаан зэргийг тодруулалгүйгээр “ нэхэмжлэгч Т************* ХХК-ийн ашигт малтмалын .......дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлэх үүргээ хариуцагч захиргааны байгууллага бодитоор биелүүлэлгүй, захиргааны идэвхгүй хууль бус үйл ажиллагаа буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан “эс үйлдэхүй” гаргасан гэж дүгнэлээ.
4.12. Захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасантай нийцнэ.
Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.3-д “захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” зааснаар ************* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч, хууль журамд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Т************* ХХК-ийн ашигт малтмалын ************* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ************* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч, хууль журамд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР