Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 458

 

М.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/00139 дугаар шийдвэртэй, М.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Бм”ХХК болон С.Г нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 165 472 000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагч, хариуцагч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Г болон “Бм”ХХК нь нэхэмжлэгч М.С-эс барилга угсралтын үйл ажиллагаанд зориулах 62 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлж, 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээ нь С.Г М.Снарын хооронд байгуулагдсан бөгөөд тэрээр “Бм”ХХК-ийн хувьцаа эзэмшигч тул компанийнхаа үйл ажиллагаанд зориулж зээл авсан.

Зээлийн гэрээний хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 2 сараар сунгаж, “Бм”ХХК-ийг төлөөлөн хамтран үүрэг гүйцэтгэхээр болсон. Хугацаа сунгах нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан. Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу С.Г нь 62 000 000 төгрөгийг гэрээний дагуу бэлнээр хүлээж авсан боловч барилгын ажлын төлбөрүүд огт орж ирэхгүй байна гэх үндэслэлээр хугацааг харилцан тохиролцож 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл дахин сунгасан.

Хариуцагч нь зээлийн хүүг сар бүр төлөх үүргээ биелүүлээгүй, 2014 оны 12 дугаар сараас хойш огт төлөлт хийгээгүй, зээлийн төлбөрөөс 12 000 000 төгрөг л төлсөн. Улмаар зээлийн гэрээ болон хугацаа сунгасан гэрээг үндэслэн зээл, зээлийн хүү, алданги зэргийг тооцон хариуцагч нараас 162 050 000 төгрөг төлүүлэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Хариуцагч удаа дараа шүүх хурлыг хойшлуулсны эцэст 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжилсэн төлбөрийг барагдуулах санал тавьж, 2 тал төлбөр барагдуулах хэлцэл хийсний үндсэн дээр 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд хүсэлт гаргаж, нэхэмжлэлээ татан авсан.

Талууд харилцан тохиролцож төлбөр төлөх нөхцлийг бүрэн биелүүлсэн тохиолдолд төлбөрөөс 42 050 000 төгрөгийг хасч, 120 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон ч хариуцагч тал уг гэрээний үүргээ огт биелүүлээгүй зээл болон зээлийн хүүгээс төлөлгүй, элдэв ажил гүйцэтгэх гэрээ үзүүлж хойшлуулсаар байсан. Нэхэмжлэгчийн зүгээс С.Гоос 50 хувь, хариуцагч “Бм”ХХК-иас 50 хувийг тус тус гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг хүсч байна.

Сүүлийн тооцооллыг бодохдоо төлөгдсөн үнийн дүнгээс бодсон. 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр үндсэн зээлээс 12 000 000 төгрөгийг төлж, үндсэн зээл 50 000 000 төгрөг болсон. Үүнээс зээлийн хүүг тооцож хасаад, 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл тооцсон. Төлбөр барагдуулах хэлцэл хүртэл хугацаанд зээлийн хүүг тооцоогүй. Алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн үндсэн зээлээс тооцсон. Иймээс үндсэн төлбөрийн үлдэгдэл 118 000 000 төгрөг, төлөгдөөгүй хүү 38 686 684 төгрөг, алданги 35 975 000 төгрөг, нийт 192 661 684 төгрөгийг иргэн С.Г болон “Бм”ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндэслэлээ тайлбарлахдаа: Зээлийн гэрээний хугацааг сунгаснаас хойш хариуцагч 6 удаагийн хүүгийн төлөлт хийсэн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг байгуулж, гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, алдангийн төлбөрийг нэгтгэн дүгнэж, зээлийн нийт төлбөрийг 162 050 000 төгрөг болохыг тогтоож, төлбөр төлөх хуваарийг тохирч, хугацаанд нь зохих ёсоор төлбөр төлөх үүргээ биелүүлсэн нөхцөлд 120 000 000 төгрөгийн хэмжээнд төлбөр тооцоог дуусгах, уг мөнгөнөөс 3 хувийн хүү тооцохоор болсон.

Дээрх тохиролцоог талууд харилцан зөвшөөрсөн боловч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь заалтад нийцүүлэн нэхэмжлэгчид төлбөл зохих зээлийн төлбөрийг зөвтгөн тооцоход хариуцагч С.Г болон хамтран зээлдэгч “Бм”ХХК нь үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүү 90 472 000 төгрөг, алдангид 25 000 000 төгрөг, нийт 165 472 000 төгрөг төлөхөөр байна. Хариуцагч нарын төлбөл зохих хүүгийн төлбөрийг тооцохдоо 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд төлсөн нийт 67 672 000 төгрөгийн төлбөрийг хасч тооцсон болно.

Иймд хариуцагч С.Г болон “Бм”ХХК-иудаас нийт 165 472 000 төгрөгийн төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариу тайлбарыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дэлгэрэнгүй хэлэх болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Г болон “Бм”ХХК-иас нийт 165 472 000 /нэг зуун жаран таван сая дөрвөн зуун далан хоёр мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.С-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 121 259 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 985 310 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тэмдэглэх хэсэгт хариуцагч миний биеийн байцаалтын талаар тодорхой тусгаагүй. Шүүх хуралдааны даргалагч зөвхөн нэхэмжлэгч талын хүсэлт, тайлбарыг тусгаснаар миний эрхийг хязгаарлаж хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт шүүх хуралдааны ирцийг нарийн бичгийн дарга бүртгэж, ирээгүй этгээдэд мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг даргалагчид илтгэн танилцуулна гэж заасан.

Гэтэл миний шүүхэд хүргүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн эмнэлгийн магадлагаа актууд нь Эрүүл мэндийн Сайдын 1999 оны А/243 дугаартай хавсралтаар баталсан журмын дагуу эмчлэгч эмчийн тамга дарагдаж, гарын үсгээр баталгаажсан байхад шүүх хүсэлтийг хүлээн авч хэлэлцээгүй. Ямар үндэслэлээр хуурамч, хүчингүй гэж тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгч эмнэлгийн магадлагааг шүүх шинжилгээний үндэсний төвөөр шинжээч томилуулж хуурамч, хүчингүй гэдгийг тогтоох шаардлагатай. Мөн шүүхэд бичгээр гаргасан “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбар гаргах болно” гэсэн эрхийг зөрчин нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж заасан боловч тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсанд “...Г овогтой “Бм”ХХК таныг хүрэлцэн ирэхийг мэдэгдье...” гэж дурдсан нь процесс алдаа гаргасан гэж үзнэ .

Энэхүү иргэний хэрэгт “Бм”ХХК хамааралгүй нь иргэн М.С-, С.Г нарын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээгээр нотлогдож байна. Шүүх шийдвэртээ зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад гэж бичсэн боловч хэргийн баримттай танилцаагүй нь тодорхой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-д зааснаар шүүх хуралдаанд миний бие С.Г биечлэн оролцох эрхийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нэхэмжлэгч М.С нь хариуцагч “Бм” ХХК, С.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 165 472 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Г болон “Бм”ХХК-иас нийт 165 472 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.С-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шийдвэрт хариуцагч тал давж заалдах гомдол гаргасныг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид маргаж буй зүйлийн талаар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 165 472 000 төгрөгийн хэмжээнд дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Үүнд: “...Хариуцагчаас гаргасан санал болох 129 250 000 төгрөгийг доорх хугацаанд буюу уг эвлэрлийн гэрээний 1.1-д зааснаар 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор 9 250 000 төгрөг,

1.2-т мөн оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10 000 000 төгрөг,

1.3-т 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор 20 000 000 төгрөг,

1.4-т 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 20 000 000 төгрөг,

1.5-д 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 20 000 000 төгрөг,

1.6-д 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 20 000 000 төгрөг,

1.7-д 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 20 000 000 төгрөг,

1.8-д 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10 000 000 төгрөг төлөхийг нэхэмжлэгч тал хүлээн авсан.

Гэрээний 1.1-д заасан хуваарь буюу 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор 9 250 000 төгрөгийг төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд энэхүү эвлэрлийг баталсан шүүхийн Магадлалыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлнэ. Талууд эвлэрэн хэлэлцсэн нь бусад гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй болно. Талуудын хэн аль нь энэхүү “Эвлэрлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй” гэж харилцан тохиролцож бичгээр гэрээг байгуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин нь нэхэмжлэгч М.С-эс олгогдсон “эвлэрлийн гэрээ хэлцэлд нэхэмжлэгчийг төлөөлж гарын үсэг зурах” эрхийн дагуу гарын үсэг зурж, С.Г нь өөрөө хариуцагч болохын хувьд, түүнчлэн хариуцагч “Бм”ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийн хүрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна./хх30,52/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид маргаж буй зүйлийн талаар эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд уг эрхээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгжүүлэх бүрэн боломжтой байдаг.

 

Талуудын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, зохигч талууд болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас зохигчдын эвлэрлийг баталж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/00139 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

 Нэхэмжлэгч М.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч талтай харилцан тохиролцож 129 250 000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 15-ны өдөрт багтаан дараах хуваарийн дагуу төлөх,

1.1. 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор 9 250 000 төгрөг,

1.2. 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10 000 000 төгрөг,

1.3. 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор 20 000 000 төгрөг,

1.4. 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 20 000 000 төгрөг,

1.5. 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 20 000 000 төгрөг,

1.6. 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 20 000 000 төгрөг,

1.7. 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 20 000 000 төгрөг,

1.8. 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулах, гэрээний 1.1-д заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэхээр зохигчид эвлэрснийг баталж, М.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Г болон “Бм”ХХК-д тус тус холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 985 310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ

                                                           

                                      ШҮҮГЧИД                             Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА