Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюуш гудамж, 14-64 тоотод оршин суух, эмэгтэй, 45 настай, ХД73081865 регистртэй, Боржигон овогт Моломын Сэлэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 44Б дүгээр байрны 27 тоотод оршин суух, эрэгтэй, 44 настай, ИГ74071916 регистртэй, Дөвчинжав овогт Сандуйжавын Ганболд,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 81 дүгээр гудамжны 12 тоот хаягт байрлах, хуулийн этгээдийн 5106702 регистртэй Баянмарз ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 192,661,684 /нэг зуун ерэн хоёр сая зургаан зуун жаран нэгэн мянга зургаан зуун наян дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин, түүний өмгөөлөгч Д.Түвшинтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бямбадорж нэхэмжлэгч М.Сэлэнгээс олгогдсон итгэмжлэлийн дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн С.Ганболд болон Баянмарз ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаандаа зориулж 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 62,000,000 төгрөгийн зээлийн 12 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэрээний хугацаанд барилгын ажлын төлбөрүүд огт орж ирэхгүй байна гэсэн үндэслэлээр хариуцагч тал Зээлийн гэрээний хугацааг харилцан тохиролцож 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл сунгасан. Дээрх гэрээний хугацаанд зээлийн хүүгээ сар бүр төлөх үүргээ биелүүлээгүй, 2014 оны 12 дугаар сараас хойш огт хүү төлөөгүй, зээлийн төлбөрөөс 12,000,000 төгрөгийг төлсөн. Улмаар зээлийн гэрээ, зээлийн хугацаа сунгасан гэрээг үндэслэн зээл, зээлийн хүү, алданги зэргийг тооцон хариуцагч нараас 162,050,000 төгрөгийг төлүүлэхээр Баянгол дүүргийн ИХАШШ-д 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч удаа дараа шүүх хурлыг хойшлуулсны эцэст 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжилсэн төлбөрийг барагдуулах санал тавьж, 2 тал төлбөр барагдуулах хэлцэл хийсний үндсэн дээр 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд хүсэлт гаргаж, нэхэмжлэлээ татан авсан. Талуудын харилцан тохиролцсон нөхцлөөр төлбөр төлөх нөхцлийг бүрэн биелүүлсэн тохиолдолд төлбөрөөс 42,050,000 төгрөгийг хасч, 120,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон хэдий ч хариуцагч тал уг гэрээний үүргээ огт биелүүлээгүй зээл болон зээлийн хүүнээс төлөлгүй, элдэв ажил гүйцэтгэх гэрээ үзүүлэн шалтаг хэлэн итгэл эвдэн өнөөдрийг хүрлээ. Иймд үндсэн төлбөрийн үлдэгдэл 118,000,000 төгрөг, төлөгдөөгүй хүү 38,686,684 төгрөг, тооцсон алданги 35,975,000 төгрөгийг иргэн С.Ганболд болон Баянмарз ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж гаргасан нэмэлт тайлбартаа:

Зээлийн гэрээний хугацааг сунгаснаас хойш хариуцагч нь зөвхөн 6 удаагийн хүүгийн төлөлт хийсэн бөгөөд, нэхэмжлэгчээс удаа дараа шаардсан боловч Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл байгуулж, зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл, хуримтлагдсан хүү, алдангийн төлбөрийг нэгтгэн дүгнэсэн байдаг. Төлбөр барагдуулах гэрээгээр талууд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаарх зээлийн нийт өр төлбөрийг 162,050,000 төгрөг болохыг дүгнэж, төлбөр төлөх хуваарийг тохирон хуваарьт хугацаанд, зохих ёсоор төлбөр төлөх үүргээ биелүүлсэн нөхцөлд 120,000,000 төгрөгийн хэмжээнд төлбөр тооцоог дуусгахаар тохиролцсон байхаас гадна уг мөнгөнөөс 3 хувийн хүү тооцохоор тохиролцжээ. Хэдийгээр дээрх тохиролцоог талууд харилцан зөвшөөрсөн боловч Иргэний хуулийн 222.6, 282.1, 282.3 дахь заалтад нийцүүлэн нэхэмжлэгчид төлбөл зохих зээлийн төлбөрийг зөвтгөн тооцоолоход хариуцагч С.Ганболд болон хамтран зээлдэгч Баянмарз ХХК-иуд нь үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүүнд 90,472,000 төгрөг, алдангид 25,000,000 төгрөг, нийт 165,472,000 төгрөг төлөхөөр байна. Хариуцагч нарын төлбөл зохих хүүгийн төлбөрийг тооцохдоо 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд төлсөн нийт 67,672,000 төгрөгийн төлбөрийг хасч тооцсон болно. Иймд хариуцагч С.Ганболд болон Баянмарз ХХК-иудаас нийт 165,472,000 төгрөгийн төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин, өмгөөлөгч Д.Түвшинтамир нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Анхны зээлийн гэрээ С.Ганболд М.Сэлэнгэ нарын хооронд байгуулагдсан байдаг. Баянмарз ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь хариуцагч С.Ганболд юм. С.Ганболд компанийнхаа үйл ажиллагаанд зориулж 62,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээний хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 2 сарын хугацаатай сунгаж, Баянмарз ХХК-ийг төлөөлөн хамтран үүрэг гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн. Зээлийн хугацаа сунгах нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. Мөн Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу С.Ганболд нь 62,000,000 төгрөгийг гэрээний дагуу бэлнээр хүлээж авсан. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч шүүхэд хандсан. Тухайн үед С.Ганболд нь зээлийн төлбөр барагдуулахыг зөвшөөрч, талуудын хооронд 2017 онд Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Хэдийгээр төлбөрөө барагдуулна гэдэг боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс С.Ганболдоос 50 хувь, хариуцагч Баянмарз ХХК-иас 50 хувийг тус тус гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг хүсч байна. Сүүлийн тооцооллыг бодохдоо төлөгдсөн үнийн дүнгээс бодсон. 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр үндсэн зээлээс 12,000,000 төгрөгийг төлж, үндсэн зээл 50,000,000 төгрөг болсон. Үүнээс зээлийн хүүг тооцож хасаад, 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл тооцсон. Төлбөр барагдуулах хэлцэл хүртэл зээлийн хүүг тооцоогүй. Алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн үндсэн зээлээс тооцсон байгаа гэв.

Хариуцагч С.Ганболд шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариу тайлбарыг шүүх хурал дээр дэлгэрэнгүй хийх болно гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Сэлэнгэ нь хариуцагч С.Ганболд, Баянмар ХХК-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 118,000,000 төгрөг, төлөгдөөгүй хүү 38,686,684 төгрөг, алданги 35,975,000 төгрөг, нийт 192,661,684 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Сэлэнгээс олгогдсон итгэмжлэлийн дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин нь хариуцагч С.Ганболд болон Баянмарз ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 90,472,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 165,472,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийг багасгасан байна.

Хариуцагч Баянмарз ХХК-ийн захирал С.Ганболд нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариу тайлбараа ирүүлээгүй болно.

Харин хариуцагч, иргэн С.Ганболд өөрт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагад бичгээр хариу тайлбараа гарган шүүхэд ирүүлсэн бөгөөд, дэлгэрэнгүй тайлбарыг шүүх хуралдаанд гаргах талаар дурдсан боловч, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх дараахь үндэслэлээр М.Сэлэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

М.Сэлэнгэ, С.Ганболд нарын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу зээлдүүлэгч М.Сэлэнгэ 62,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай С.Ганболдод зээлдүүлж, зээлдэгч С.Ганболд гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүг төлөх, тийнхүү эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй үндсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцож байгуулсан байна. /хх 5/

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлд нийцсэн, хуульд заагдсан хэлбэрээр хийгдэж, талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна.

Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч С.Ганболд үндсэн зээлийн төлбөрөөс 12,000,000 төгрөгийн төлөлт хийсэн байх бөгөөд, гэрээний талууд харилцан тохиролцож 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээний хугацаа сунгах тухай нэмэлт гэрээ-г байгуулан, зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөгийг зээлийн хүүгийн хамт 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл төлж барагдуулах, энэхүү зээлдэгчийн үүргийг хамтран хариуцахаар Баянмарз ХХК хамтран үүрэг гүйцэтгэгчээр хүсэл зоригоо илэрхийлэн уг гэрээг байгуулжээ. /хх 6/

Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу 62,000,000 төгрөгийг зээлдэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн болох нь бичгээр байгуулагдсан Зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдох тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсгүүдэд зааснаар талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд, тийнхүү гэрээний дагуу хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийхээр зохицуулсан хуулийн шаардлагыг хангаж, Зээлийн гэрээнд зээлийн хүүгийн хэмжээг тусгасан байна.

Хариуцагч нар Зээлийн гэрээний хугацаа сунгах тухай нэмэлт гэрээний дагуу 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 6 удаагийн төлөлтөөр, нийт 27,000,000 төгрөгийн хүүгийн төлбөр төлжээ. /хх 7/

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн хүүг шаардахдаа 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээний хугацаа сунгах тухай нэмэлт гэрээний дагуу, уг гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны төлөгдөөгүй нийт 90,472,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй байх тул хариуцагч С.Ганболд, Баянмарз ХХК-иас шаардах эрхтэй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болон маргаан бүхий зээлийн гэрээний 5 дахь хэсэгт зааснаар зээлдэгчийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцон хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд, хуулийн дээрх зохицуулалтаар анзыг шаардвал гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэх тул, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн зээлдэгчийн гүйцэтгээгүй үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөгийн 50 хувь болох 25,000,000 төгрөгийг хариуцагч нараас шаардсан нь хуульд нийцсэн байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн хуулийн 242.2 дахь хэсэгт хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар ... үүснэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч С.Ганболд, Баянмарз ХХК нарын дундаас шаардах эрхтэй тул дээрх үндэслэлээр хариуцагч нараас нийт 165,472,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Сэлэнгэд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ганболд, Баянмарз ХХК-иас 165,472,000 /нэг зуун жаран таван сая дөрвөн зуун далан хоёр мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Сэлэнгэд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,121,259 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 985,310 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА