Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2017/00629

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2017/00629

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  "К" ХХК ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГА-нд холбогдох

 

Үнэлгээг хүчингүй болгуулах, эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Р.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00009 дүгээр захирамжаар КХХК-иас 222,141,172 төгрөгийг гаргуулж ММК ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. *******наас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа Үндсэн хууль, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудыг зөрчиж, К ХХК-ийн нэр дээрх Баянгол дүүрэг, 20-р хороонд байрлалтай, 32а буюу 3,456 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө болох объектыг зээлийн барьцаанд тавьсан байхад, түүнд хамааралгүй бусад 1,584 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн 4,140 м.кв талбайтай газар эзэмших эрх зэрэг бүх хөрөнгийг битүүмжилсэн байгаа. Үүнээс болоод шүүхийн шийдвэр биелүүлэх гэхээр бүх хөрөнгө битүүмжлэгдсэн учраас зарж борлуулах боломжгүй болоод байна. Мөн түүнчлэн барьцаалж битүүмжилсэн хөрөнгийн цэвэр өөрийн зардал өртөг нь 1,600,000 төгрөгнөөс давсан байхад анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулахдаа үл хөдлөх эд хөрөнгийг мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгээгүй нь манай компанийн эрх ашгийг илт хохироож байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа бидний маш их зардал хөрөнгө оруулж босгосон Баянгол дүүргийн 20-р хороонд байрлалтай 32а тоот үл хөдлөх хөрөнгийг анхны үнээс, хоёр дахь дуудлага худалдаанд 50%-иар үнийг буулгаж, хэт багаар буюу 600,000,000 төгрөгөөр дур мэдэн үнэлж 2016 оны 12 сарын 28-ны өдөр дуудлага худалдааг явуулахаар мэдэгдэл өгсөн ажиллагаа нь хууль бус юм. Мөн Баянгол дүүргийн 20-р хороонд байрлалтай 4,140 м.кв талбай бүхий газрыг бусдад худалдахаар болоод газрын албанд очитол мөн л шийдвэр гүйцэтгэлээс битүүмжилсэн байх тул бас л төлбөрөө төлөх арга зам мухардалд ороод байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн албанаас Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах 32а тоот хаягт байгаа 3,168 м.кв талбайтай Ү-2205048975, Г-000298364 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 50%-иар буулгаж, хэт доогуур буюу 600,000,000 төгрөгөөр дур мэдэн үнэлсэн үнэлгээ нь хууль зөрчсөн тул 600,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа К ХХК-ийн өмчлөлд байгаа 2 үл хөдлөх эд хөрөнгийн нэгийг л барьцаалсан байхад барьцаалагдаагүй үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийг битүүмжилсэн байгаа. К ХХК нь иргэн н.Э-с 2014 онд 100,000,000 төгрөг зээлж, гэрээ байгуулж, ... гудамжинд байршилтай 4,140 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаалсан юм. Дээр дурдсан зээлийн гэрээний дагуу н.Э-н нэхэмжлэлийг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 01 сарын 12-ны өдөр шүүгчийн 102/ШШ2017/00209 захирамж гарсан бөгөөд 2017 оны 02 сарын 20-ны дотор барьцаа болох дээр дурдсан газар эзэмших эрхийг шилжүүлэхээр байгаа. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөгч өөрийн өмч хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй гэснийг зөрчиж байна. Иймээс 2016 оны 3 сарын 20-ны өдрийн К ХХК-ийн хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон барьцаалаагүй ... байршилтай 4,140 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, 3,548 м.кв талбай бүхий, Ү-... улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00009 дүгээр захирамжаар К ХХК-иас 222,141,172 төгрөгийг гаргуулж ММК ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч К ХХК-ийн өмчлөлийн ... тоот хаягт байршилтай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй 3,168 м.кв үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилэн хурааж, харилцан тохиролцсон 1,200,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 70 хувь буюу 840,000,000 төгрөгөөр тооцон анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу төлбөр төлөгчид 2016 оны 11 сарын 03-ны өдөр мэдэгдсэн. Тус албанаас 2016 оны 11 сарын 25-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгө орсон боловч үнийн санал ирээгүй бөгөөд хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 12 сарын 28-ны өдөр орсон боловч үнийн санал ирээгүй байна. Албадан дуудлага худалдаанд мэдэгдэл болон тогтоолуудыг төлбөр төлөгч К ХХК-ийн захирал Д.Б-т тухай бүр мэдэгдэж байсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К ХХК нь хоёр дахь албадан дуудлага худалдаанд ... тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 600,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, үүргийн гүйцэтгэлд барьцаалаагүй эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгч К ХХК нь өөрийн шаардлага, түүний үндэслэлээ 1,600,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь дуудлага худалдаанд үнийг дур мэдэн хэт багаар буюу 600,000,000 төгрөгөөр үнэлсэн, мөн К ХХК-ийн нэр дээрх ... байрлалтай, 32а буюу 3,456 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө болох объектыг зээлийн барьцаанд тавьсан байхад, түүнд хамааралгүй бусад 1,584 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн 4,140 м.кв талбайтай газар эзэмших эрхийг битүүмжилсэн нь хууль бус гэж тайлбарладаг.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00009 дүгээр захирамжаар хариуцагч К ХХК-иас 222,141,172 төгрөгийг гаргуулан ММК ББСБ ХХК-д олгон шийдвэрлэжээ. /хх-21-22х/

 

а/. Үл хөдлөх эд хөрөнгийг 600,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд,

 

*******наас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ... тоот хаягт байршилтай 70 хувийн гүйцэтгэлтэй үйлдвэр, агуулах, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 6 сарын 02-ны өдрийн 146/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 8 сарын 30-ны өдрийн 146/02 тоот тогтоолоор хураажээ. /хх-23х, 24х/

 

Улмаар, төлбөр төлөгч К ХХК-ийн захирал Д.Б-с үнийн санал авахад 1,200,000,000 төгрөгөөр үнэлэх саналаа бичгээр өгсөн байх ба уг үнийн саналыг төлбөр авагч ММК ББСБ ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрсөн байна. /хх-25х, 26х/

 

Иймд талуудын харилцан тохиролцсон үнэлгээний 70 хувиар тооцож анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 840,000,000 төгрөгөөр тогтоосон, талуудын харилцан тохиролцсон үнэлгээний 50 хувиар тооцож хоёр дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 600,000,000 төгрөгөөр тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн... 70 хувиар тооцон тогтооно., 177.4-т Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон... үнийн 50 хувиар тооцон тогтооно гэж заасантай нийцсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахдаа санал болгох доод үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу 600,000,000 төгрөгөөр тогтоосон байх тул дур мэдэн хэт багаар үнэлсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

б/. Үүргийн гүйцэтгэлд барьцаалаагүй үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах шаардлагын тухайд,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Шийдвэр гүйцэтгэгч дараах үйл ажиллагаа явуулж болно гээд 34.1.1-д төлбөр төлөгчид эд хөрөнгө байгаа эсэх талаар хуульд заасан журмаар мэдээлэл олж авах, ... эд хөрөнгийг битүүмжлэх, ... гэж заасан байдаг.

 

Тодруулбал, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, эс барьцаалсан зэргээс үл хамааран тухайн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэх эрхийг шийдвэр гүйцэтгэгчид хуулиар олгосон байна.

 

Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалаагүй үл хөдлөх эл хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг битүүмжилсэн нь хууль бус гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр *******нд холбогдох К ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч К ХХК нь шүүхэд анх үнэлгээтэй холбоотой шаардлага гаргаж, улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг баримтлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

в/. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Н нь 2017 оны 02 сарын 13-ний өдрийн шүүх хуралдаанд оролцож, улмаар 2017 оны 2 сарын 24-ний өдөр болох шүүх хуралдааны товыг мэдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтанд гарын үсэг зурсан байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан *******нд холбогдох, хоёр дахь албадан дуудлага худалдаанд ... тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 600,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, үүргийн гүйцэтгэлд барьцаалаагүй эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР