Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1095

 

“Кода” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/00629 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Кода” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “Кода” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00009 дүгээр захирамжаар "Кода" ХХК-иас 222 141 172 төгрөгийг гаргуулж "Монгол микрон капитал" ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа Үндсэн хууль, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудыг зөрчиж, "Кода" ХХК-ийн нэр дээрх Баянгол дүүрэг, 20-р хороонд байрлалтай, 32а буюу 3,456 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан байхад түүнд хамааралгүй бусад 1,584 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн 4,140 м.кв талбайтай газар эзэмших эрх зэрэг бүх хөрөнгийг битүүмжилсэн. Үүнээс болоод бүх хөрөнгө зарж борлуулах боломжгүй болоод байна. Мөн түүнчлэн барьцаалж битүүмжилсэн хөрөнгийн цэвэр өөрийн зардал өртөг нь 1 600 000  төгрөгөөс давсан байхад анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулахдаа үл хөдлөх эд хөрөнгийг мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгээгүй нь манай компанийн эрх ашгийг илт хохироож байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа бидний их хэмжээний зардал хөрөнгө оруулж босгосон Баянгол дүүргийн 20-р хороо 32а тоот үл хөдлөх хөрөнгийг анхны үнээс, хоёр дахь дуудлага худалдаанд 50 %-иар үнийг буулгаж, хэт багаар буюу 600 000 000 төгрөгөөр дур мэдэн үнэлж 2016 оны 12 сарын 28-ны өдөр дуудлага худалдааг явуулахаар мэдэгдэл өгсөн ажиллагаа нь хууль бус юм. Мөн Баянгол дүүргийн 20-р хороонд байрлалтай 4,140 м.кв талбай бүхий газрыг бусдад худалдахаар болоод газрын албанд очтол мөн л шийдвэр гүйцэтгэлээс битүүмжилсэн байх тул бас л төлбөрөө төлөх аргагүй болж мухардалд ороод байна. Иймд Шийдвэр гүйцэтгэх албанаас Баянгол дүүргийн 20-р хороо 32а тоот хаягт байгаа 3,168 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 50 %-иар буулгаж, хэт доогуур буюу 600 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь хууль зөрчсөн тул уг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа "Кода" ХХК-ийн өмчлөлд байгаа 2 үл хөдлөх эд хөрөнгийн нэгийг л барьцаалсан байхад барьцаалагдаагүй үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийг битүүмжилсэн.  Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан "өмчлөгч өөрийн өмч хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй" гэснийг зөрчиж байна. Иймээс 2016 оны 03 сарын 20-ны өдрийн "Кода" ХХК-ийн  барьцаалаагүй хөрөнгө болох Баянгол дүүргийн 20-р хороо, Эрчим хүчний гудамжинд байршилтай 4,140 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, 3,548 м.кв талбай бүхий, үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шүүхэд гаргасан тайлбарт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00009 дүгээр захирамжаар "Кода” ХХК-иас 222 141 172 төгрөгийг гаргуулж "Монгол микрон капитал" ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч "Кода" ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж, 32а тоот хаягт байршилтай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй 3,168 м.кв үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, харилцан тохиролцсон 1 200 000 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 70 хувь буюу 840 000 000 төгрөгөөр тооцон анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу төлбөр төлөгчид 2016 oны 11 capын 03-ны өдөр мэдэгдсэн. Тус албанаас 2016 oны 11 сарын 25-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгө орсон боловч үнийн санал ирээгүй бөгөөд хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2016 oны 12 сарын 28-ны өдөр орсон боловч үнийн санал ирээгүй байна. Албадан дуудлага худалдааны мэдэгдэл болон тогтоолуудыг төлбөр төлөгч "Кода" ХХК-ийн захирал Д.Болдбаатарт тухай бүр мэдэгдэж байсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, хоёр дахь албадан дуудлага худалдаанд Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж, 32а тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 600 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, үүргийн гүйцэтгэлд барьцаалаагүй эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2 дахь албадан дуудлага худалдааны үнийг хэт доогуур тогтоосон нь өмчлөгчийн эрх ашигт илтэд хохиролтойгоос гадна үндсэн хуульд заасан шудрага ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ББСБ-гаас өндөр хүүтэй зээл авч хүүнд гэхэд л үндсэн зээлийн 50 %-иас давсан мөнгийг төлсөн атлаа дахин мөнгө хүүлэгчид хөрөнгөө шилжүүлэх болоод байгаа явдал нь шудрага бус гэдгийг харуулж байна.

Төрөөс ямар ч дэмжлэг байхгүй атлаа өөрсдийн хүч хөдөлмөрөөр бүх нөөц бололцоогоо дайчлан олон хүнийг ажлын байраар хангаж, шинэ санаа сэдэж, хөдөлмөрлөснийхээ хариуд хувийн хэвшлийн компани болох "Кода" ХХК-ийн их хэмжээний хөрөнгө оруулалт хийж босгосон үл хөдлөх хөрөнгөө зээлийн хүүний дарамтад орж, алдахад хүрээд байгааг шүүх анхаарахгүйгээр шийдвэрлэсэн нь шудрага ёсны зарчмыг зөрчиж байна. Улмаар огт хөдөлмөрлөхгүйгээр мөнгөө өсгөж суудаг ББСБ болон хүмүүст үнэтэй үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж, зөрүү мөнгө ч олгогдохгүй гэдэг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаагийн нэг хэлбэр юм.

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагч талд шилжүүлэх барьцааны үл хөдлөх хөрөнгийн доорх газар нь Эрдэнэбаатар гэдэг зээлдүүлэгчид 100 000 000 төгрөгийн барьцаанд байгааг хэлсээр байхад харгалзан үзээгүй болно. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа илт нэг талын эрх ашгийг хамгаалсан байхад 2 дахь албадан дуудлага худалдааны үнийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөнийг тогтоогоогүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчиж байгааг харуулж байна. Эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэрийг дахин тал бүрээс нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч "Кода" ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг, эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00009 дүгээр захирамжаар "Монгол микрон капитал" ББСБ-ын нэхэмжилсэн 221 502 175 төгрөгийг "Кода" ХХК нь төлөхөөр эвлэрснийг баталгаажуулж шийдвэрлэсэн байна. /хх-21-22/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүрэг, 20-р хороо, Эрчим хүчний гудамж, 32а тоот хаягт байршилтай 70 хувийн гүйцэтгэлтэй үйлдвэр, агуулах, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 06 сарын 02-ны өдрийн 146/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 oны 08 сарын З0-ны өдрийн 146/02 тоот тогтоолоор хураажээ. /хх-23, 24/

 

Хэргийн 25, 26 дугаар талд төлбөр төлөгч "Кода" ХХК-ийн захирал Д.Болдбаатараас дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авахад 1 200 000 000 төгрөгөөр үнэлэх саналаа бичгээр өгсөн байх ба уг үнийн саналыг төлбөр авагч "Монгол микрон капитал ББСБ" ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрсөн тухай нотлох баримт авагдсан байх тул үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцсон гэж үзнэ.

 

Талуудын харилцан тохиролцсон үнэлгээний 70 хувиар тооцож анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 840 000 000 төгрөгөөр тогтоосон, мөн үнийн 50 хувиар тооцож хоёр дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 600 000 000 төгрөгөөр тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1,177.4 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, эс барьцаалсан зэргээс үл хамааран тухайн төлбөр төлөгчид эд хөрөнгө байгаа эсэх талаар мэдэлэл олж авах, эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг явуулах эрхийг шийдвэр гүйцэтгэгчид олгосон байдаг тул барьцаалаагүй үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг битүүмжилснийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Мөн хэрэгт үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн тогтоол авагдаагүй байгаа болно.

 

Шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийг дур мэдэн хэт багаар үнэлсэн, хууль бусаар битүүмжилсэн гэх тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч "Кода" ХХК нь нэхэмжлэл, гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах журам, хугацааг зөрчжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/00629 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                             Б.НАРМАНДАХ