Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 457

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/00133 дугаар шийдвэртэй, Б.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.М-, Ж.Д-нарт холбогдох, 3 000 евро буюу 8 694 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.М-гийн багын найз болох Б.Болд-Эрдэнэ гэдэг хүнийг таньдаг юм. Б.Болд-Эрдэнэ бид хоёр уулзаад ярилцаж байхад Ж.М-г Франц улс руу хүн гаргадаг гэж яригдсан. Тухайн үед Франц улс явах гээд хөөцөлдөж байсан учраас тэр хүний найдвартай эсэхийг асуухад Б.Болд-Эрдэнэ “энэ хүн манай хүүхдийг явуулж өгсөн юмаа, тийм учраас тэр хүн найдвартай, өөрөө Унгар улсад оёдлын цех ажиллуулдаг 20 гаруй жил болсон” гэж надад хэлсэн.

Иймд би 2015 оны 10 дугаар сард Ж.М-д хандаж ажлын визний баталгаатай урилга гаргуулахаар тохиролцож 3 000 евро буюу Монгол төгрөгөөр 8 694 000 төгрөгийг түүний эгч Ж.Д-ийн гэрийн хаягаар нь хүргэж өгсөн. Гэтэл анхны тохиролцооноос буцаж миний танихгүй Унгар хүний нэр дээр гэр бүлийн урилга ирүүлсэн.

Ж.М- “урилгыг нь өгч, үүргээ биелүүлсэн учраас буцаан мөнгийг нь өгөхгүй” гэж тайлбарладаг. Хэлэлцэж тохиролцсоны дагуу ажлын урилга өгөх ёстой байсан. Явуулсан гэх урилга нь өнгөтөөр хэвлэсэн цаас байсан. Уг явуулсан урилга нь цаад урьсан хүнийх нь мэдэгдэл төдий байсан. Урилгыг баталгаажуулахын тулд урилга явуулсан хүнтэй нь холбогдож, урилга явуулсан эсэхийг тодруулж байж, тухайн хүнд виз олгогддог.

Гэтэл Ж.М- урилга явуулсан хүний утасны дугаар болон холбоо барих мэдээлэл өгөөгүй учраас элчин сайдын яам “урилга явуулсан хүнтэйгээ холбоо барих дугаар өгнө үү. Бид урилга явуулсан эсэхийг тодруулна” гэхэд надад хэлэх зүйл олдоогүй. Мөн урьсан хүний утасны дугаарыг өгөөгүй. Холбогдох ямар ч боломж өгөөгүй учраас би өгсөн 3 000 евротой тэнцэх 8 694 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь Ж.М-гийн ажлын хөлсөнд 1 000 еврог тооцож, 2 000 евро буюу 5 796 000 төгрөгийг гаргуулна. Ж.Д-тэй бол ямар нэг тохиролцоо хийгээгүй, тэрээр мөнгийг гардаж авсан. Тэдний хэн нь хэд хэдэн төгрөг авсан талаар би мэдэхгүй учраас хамтад нь нэхэмжилсэн гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.М- миний бие 2014 онд өөрийн багын найз Б.Болд-Эрдэнийн хүсэлтээр түүний төрсөн хүү н.Ванчиндоржид Унгар улсын иргэн Иштван гэдэг хүнээс Унгар улсад очин урилга авч өгсөн ба н.Ванчиндорж нь Унгар улсын элчин сайдын яаманд уг урилгаар виз авч тус улсад очиж жил гаруйн дараа буцаж ирсэн.

Үүний дараа Б.Болд-Эрдэнэ надтай утсаар ярьж, миний найзын хүүд урилга хэрэгтэй байна гэж гуйгаад байхаар нь дахин Иштванд хандаж, Б.А-ын нэрээр урилга гаргуулж өгсөн. Б.А- тодорхой хугацааны дараа надтай утсаар яриад материал дутуу гээд 14 хоногийн дараа дахиж бүрдүүлж ирэх материалын жагсаалт өгсөн гэсэн. Тэр шаардсан материалд надаас шалтгаалах зүйл байхгүй байсан ба 14 хоногийн дараа дахин очихдоо нэг материал дутуу очсон.

Элчин сайдын яамнаас “энэ хүн манай шаардлагыг биелүүлсэнгүй ээ, шаардлага хангаагүй” гэсэн хариу өгсөн байсан. Дараа нь найз Б.Болд-Эрдэнэ, Б.А- нар “одоо яах вэ гээд байн байн яриад байхаар нь оёдлын үйлдвэрт ажилчин авдаг хүмүүстэй ярьж үзье, оёдолчны үнэмлэх хэрэгтэй болно” гэж хэлсэн. 12 дугаар сард багтаж үнэмлэх явуул гэж хэлсэн боловч бас л хугацаа хоцорч 1 дүгээр сард явуулсан. Материал хоцорсон шалтгаанаар тэндээс урилга авч чадаагүй.

Б.А-оос 3 000 еврог эгч Ж.Д-ээр дамжуулан авсан. Энэ мөнгийг урилга /баталгаатай/ авч явуулахад зориулж аман тохиролцоогоор авсан. Миний бие тохиролцсон ёсоор урилга явуулсан. Нэхэмжлэгч 2 удаа визэнд орсон байсан ч виз гараагүй, шалтгаан нь өөрөөс нь болсон. Б.А- өөрөө гуйж Б.Болд-Эрдэнээр дамжуулж урилга авсан.

Нэхэмжлэгчийг анх удаа шүүхэд харж байна. Намайг шаардаж байж мөнгө авсан мэтээр худал гүтгэж байна. Нэхэмжлэгчид баталгаатай урилга явуулж чадна гэсэн болохоос виз гаргуулж өгнө гэж хэлээгүй. Миний эгч Ж.Д-энэ хүнээс мөнгө авч дамжуулсан, өөр зүйлд хамаагүй болно. Өөрийн зүгээс тохиролцсоны дагуу үйлчилгээгээ үзүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь, талууд хоорондоо харилцан тохиролцоод үүргийн гүйцэтгэл хийсэн гэж үзэж байна. Ж.М- нь тохирсон ёсоор Унгар улсын иргэн Urmos Zoltan гэдэг хүний нэрээр урилга явуулсан. Харин түүний урилгыг Б.А- авч элчингийн ярилцлагад ороод ярилцлагын шалгалтад тэнцсэнгүй гэдгээ Б.А- өөрөө хэлж байна.

Иймд урилгыг тохиролцсон ёсоор хүлээж авсан гэж үзнэ. Хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд Ж.М- би эгчээсээ 3 000 евро авсан гэж шүүхэд мэдүүлсэн учраас дамжуулаад өгсөн нь гэрчийн мэдүүлгээс тодорхой болох байх. Энэ мөнгийг Ж.М- би аваагүй гэдэггүй, авсан гэдгээ хэлдэг. Иймд энэ мөнгөний асуудал Ж.Д-гэдэг хүнд хамааралгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.М-,  Ж..Дэлгэрмэнд нарт холбогдох 2 000 евро буюу 5 796 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 евро буюу 2 898 000 төгрөг гаргуулах хэсгээс татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх нь хариуцагчийн прокурорт өгсөн албан ёсны мэдүүлгийн агуулгыг ойлгоогүй, эсхүл танилцалгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд 500 евротой тэнцэх 1 440 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Ж.М-, Ж.Д-нарт холбогдуулан Унгар улсын визний урилга авах зорилгоор 3 000 евро буюу монгол төгрөгт хөрвүүлсэн дүнгээр 8 694 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэж тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 000 евро буюу 2 898 000 төгрөгөөс татгалзаж, нийт 2 000 евро буюу 5 796 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх, талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн байна. Уг гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нь Унгар улсад зорчих виз мэдүүлэх зорилгоор хариуцагч Ж.М-тай тохирсон ёсоор тухайн ажлын хөлсөнд 3 000 еврог түүний эгч Ж.Д-эд бэлнээр хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон талаар шүүх зөв дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Ж.Д-тэй дээрх урилгын асуудлаар ямар нэг тохиролцоо хийгээгүй, түүнд хүлээлгэн өгсөн мөнгөн хөрөнгийг хариуцагч Ж.М-д дамжуулах зорилгоор өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд үүнээс ямар хувь хэмжээгээр өөртөө авсан, ашигласан байдлыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ж.Д-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт, шийдвэр үндэслэлтэй.

 

Харин, шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг дутуу үнэлсний улмаас хариуцагч Ж.М-д холбогдох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа нотлох зорилгоор Баянзүрх дүүргийн Прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2504 дугаар бүхий “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нь хэргийн 5 дугаар талд авагджээ.

 

Дээрх тогтоолд энэхүү иргэний хэрэгт хамаарах үйл баримт буюу талуудын тохиролцооны талаарх хариуцагч нарын тайлбар, мэдүүлэг тусгагдсан байна. Тодруулбал, хариуцагч Ж.М- нь “...мөнгө шилжүүлдэг хүнээр 3 000 евро шилжүүлснийг нь би авч Иштванд 2 500 еврог өгч, өөрөө 500 евро авсан. Миний авсан 500 евроны 80 евро нь урилга баталгаажуулах төлбөр, үлдсэн 420 евро нь Б.А-ыг  Унгар улсад ирэхээс нь эхлэн тосч аваад ажилд оруулах хүртэл зуучлалын хөлс болох байсан...” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч Б.А- дээрх урилгаар Унгар улсын элчин сайдын яаманд тухайн улсад зорчих зорилгоор виз мэдүүлсэн нь тогтоогдсон тул хариуцагч Ж.М- нь 80 еврог урилга баталгаажуулахад зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Харин 420 еврог тус улсын хилээр нэвтэрсний дараа нэхэмжлэгчийг ирэхэд нь тосч авах, ажилд оруулах хүртэл зуучлалын хөлс болгон зарцуулах байсан нь хариуцагчийн дээрх мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд зорчих виз гараагүй учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар уг төлбөрийг хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан олгох боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах үеийн валютын ханш буюу нэг еврог төгрөгт харьцах ханш 2 898 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь зөв тул /2 898 *420/ нийт 1 217 160 төгрөгийг хариуцагч Ж.М-гаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэгт хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүх нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 154 100 төгрөгийг үнийн дүнг орхигдуулсан байгааг залруулж өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/00133 дугаар шийдвэрийн,

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ж.М-гаас 1 217 160 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-од олгож, нэхэмжлэлээс 4 578 840 төгрөг болон хариуцагч Ж.Д-эд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.М-гаас 33 762 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-од олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                                                           

                                         ШҮҮГЧИД                          Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА