Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2019/00133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.А

Хариуцагч: Ж.М

Хариуцагч: Ж.Д

3000 евро буюу 8,694,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А

                                  нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А миний бие 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ж.М, Ж.Д нарт 3000 еврог бэлнээр өгөхөөр эгч Дийн хаягаар гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед Ж.М нь өөрийн нэр дээр Унгар улсын баталгаатай урилга гаргаж өгнө гэж надаас 3000 еврог шаардсаны дагуу уг мөнгийг түүний эгчид өгсөн. Гэтэл анх тохиролцсоноосоо буцаж, миний танихгүй Унгар хүний нэр дээр гэр бүлийн урилга ирүүлсэн. Ингээд визинд ороход уг урилга нь хуурамч болох нь элчингийн ярилцлагаар нотлогдсон болно. Энэ талаар өөрөөс нь лавлахад “Ахиад өөрийн нэр дээр баталгаатай урилга явуулна” гэж ярьсан. Холбогдох болгонд “одоо бүтэх гэж байна” гэж хэлсээр өдий хүрлээ. Иймд 3000 еврог бэлнээр хүлээн авсан Ж.М, түүний эгч Ж.Д нараас хохирол болох 3000 евро буюу 8694000 төгрөг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.Мгийн багын найз болох н.Б гэдэг хүнийг таньдаг юм. н.Б хот хооронд хүн тээвэр хийдэг, манай ээж тээврийн товчоонд диспетчер хийдэг байсан болохоор таньдаг юм. Б.Б бид хоёр уулзаад ярилцаж байхад Ж.Мг Франц улс руу хүн гаргадаг гэж яригдсан юм. Би тухайн үед Франц улс руу явах гээд хөөцөлдөж байсан учраас тэр хүн чинь хэр найдвартай хүн юм бэ гэхэд Б.Б хэлэхдээ “энэ хүн манай хүүхдийг явуулж өгсөн юмаа тийм учраас тэр хүн найдвартай өөрөө Унгар улсад оёдлын цех ажиллуулдаг 20 гаран жил болсон ийм хүн байгаа” гэж надад хэлсэн. Тэгээд би 2015 оны 10 сард Ж.Мд хандаж ажлын визний баталгаатай урилга гаргуулахаар тохиролцож 3000 евро буюу монгол мөнгөөр 8,694,000 төгрөгийг түүний эгч болох Ж.Дийн гэрийн хаягаар нь хүргэж өгсөн. Гэтэл анх тохиролцооноосоо буцаж миний танихгүй унгар хүний нэр дээр гэр бүлийн урилга ирүүлсэн. Ингээд визинд ороход уг урилга хуурамч болох нь элчингийн ярилцлагаар нотлогдсон юм. Энэ талаар өөрөөс нь лавлахад “дахиад өөрийн нэрээр баталгаатай урилга явуулна” гэж ярьсан. Холбогдох болгонд одоо бүтэх байхаа гэсээр өдийг хүрсэн юм. Ж.М би Б.Аод урилгыг нь өгч, үүргээ биелүүлсэн учраас буцаан мөнгийг нь өгөхгүй гэж тайлбарладаг. Хэлэлцэж тохиролцсоны дагуу Ж.М надад ажлын урилга өгөх ёстой байсан. Явуулсан гэх урилга нь өнгөтөөр хэвлэсэн цаас байсан. Уг явуулсан урилга нь цаад урьсан хүнийх нь мэдэгдэл төдий байсан. Явуулсан урилгыг баталгаажуулахын тулд урилга явуулсан хүнтэй нь холбогдож, урилга явуулсан эсэхийг тодруулж байж, тухайн хүнд виз олгодог. Гэтэл Ж.М урилга явуулсан хүний утасны дугаар болон холбоо барих мэдээлэл өгөөгүй. Тийм учраас элчин сайдын яам урилга явуулсан хүнтэйгээ холбоо барих дугаар өгнө үү. Бид урилга явуулсан эсэхийг тодруулна гэхэд нь надад хэлэх зүйл олдоогүй. Мөн урьсан хүний утасны дугаарыг өгөөгүй. Холбогдох ямар ч боломж өгөөгүй. Тийм учраас би буцааж мөнгөө авах ёстой гэж бодож байна. Ж.М “чи битгий ай, виз чинь бүтэхгүй бол би чамд мөнгийг чинь буцаан олгоно” гэж байсан. 1000 еврог ажлын хөлсөнд нь тооцож өгч, 2000 евро буюу 5,796,000 төгрөгийг буцаан нэхэмжилж байна. Мөн хариуцагч өөрөө нэг ч евро аваагүй гэж мэдүүлсэнд нь итгэхгүй байна. Ж.Дтэй бол ямар нэг тохиролцоо хийгээгүй, Ж.Д мөнгийг гардаж авсан, Ж.Д, Ж.М хоёр хэд хэдэн төгрөг авсныг би мэдэхгүй учраас энэ хоёр хүнээс 2000 еврогоо нэхэмжилж байна.

Хариуцагч Ж.М шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.М миний бие 2014 онд өөрийн багын найз Б.Бийн хүсэлтээр түүний төрсөн хүү Ванчиндоржид Унгар улсын иргэн Иштван гэдэг хүнээс Унгар улсад очин урилга авч өгсөн ба Ванчиндорж нь Унгар улсын элчин сайдын яаманд уг урилгаар виза авч Унгар улсад очин жил гаран байгаад буцаж ирсэн. Үүний дараа Б.Б надтай утсаар ярьж, миний найзын хүүд урилга хэрэгтэй байна гэж гуйгаад байхаар нь дахин Иштванд хандаж, Б.Аын нэрээр урилга гаргуулж өгсөн. Ингээд Б.А тодорхой хугацааны дараа надтай утсаар яриад материал дутуу гээд 14 хоногийн дараа дахиж бүрдүүлж ирэх материалын жагсаалт өгсөн гэж ярьсан. Тэр шаардсан материалд надаас шалтгаалах зүйл байхгүй байсан ба 14 хоногийн дараа дахин очихдоо шаардсан зүйлийн нэгийг бүрдүүлэхгүй ирсэн. Энэ хүн манай шаардлагыг биелүүлсэнгүй ээ, шаардлага хангаагүй гэсэн хариу өгсөн байсан. Үүний дараа найз Б.Б, Б.А нар одоо яах вэ гээд байн байн яриад байхаар нь оёдлын үйлдвэрт ажилчин авдаг хүмүүстэй ярьж үзье, оёдолчны үнэмлэх хэрэгтэй болно гэж хэлсэн. 12 сард багтаж үнэмлэх явуул гэж хэлсэн боловч бас л хугацаа хоцорч 1 сард явуулсан. Материал хоцорсон шалтгаанаар тэндээс урилга авч чадаагүй. Б.Аоос 3000 еврог эгч Ж.Дээр дамжуулан авсан. Энэ мөнгийг урилга /баталгаатай/ авч явуулахад зориулж аман тохиролцоогоор авсан. Би тохиролцооныхоо дагуу урилга явуулсан. Энэ хүн 2 удаа визанд орсон байсан, виз гараагүй. Шалтгаан нь өөрөөс нь болсон байсан. Б.А нь өөрөө гуйж Б.Бэр дамжуулж  урилга авсан. Би энэ хүнийг анх удаа Баянгол дүүргийн шүүх дээр харж байна. Намайг шаардаж байж мөнгө авсан мэтээр худал гүтгэж байна. Би энэ хүнд баталгаатай урилга явуулж чадна гэсэн болохоос виза гаргуулж өгнө гэж хэлээгүй. Миний эгч Ж.Д энэ хүнээс мөнгө авч дамжуулсан, өөр зүйлд хамаагүй болно. Нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүйн дээр би өөрийн зүгээс тохиролцсоны дагуу үйлчилгээгээ үзүүлсэн болно.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд хоорондоо харилцан тохиролцоод үүргийн гүйцэтгэл хийсэн гэж үзэж байна. Ж.М нь тохирсон ёсоор Унгар улсын иргэн Urmos Zoltan гэдэг хүний нэрээр урилга явуулсан байдаг харин түүний урилгыг Б.А авч элчингийн ярилцлагад ороод ярилцлагын шалгалтад тэнцсэнгүй гэдгээ Б.А өөрөө хэлж байна. Иймд урилгыг тохиролцсон ёсоор хүлээж авсан гэж үзэж байна. Хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд Ж.М “би эгчээсээ 3000 евро авсан” гэж шүүхэд мэдүүлсэн учраас дамжуулаад өгсөн нь гэрчийн мэдүүлгээс тодорхой болох байх. Энэ мөнгийг М би аваагүй гэдэггүй авсан гэдгээ хэлдэг. Иймд энэ мөнгөний асуудал Ж.Д гэдэг хүнд хамааралгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ж.М, Ж.Д нарт холбогдуулан 3000 евро буюу 8,694,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1000 евро буюу 2,898,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, 2000 евро буюу 5,796,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.  

Дээрх шаардлагын үндэслэлээ “Унгар улсад ажиллах ажлын урилга авахаар тохирсон боловч танихгүй хүний нэрээр гэр бүлийн урилга явуулсанаас виз гараагүй, урилга хуурамч буюу цаад хүнийх нь мэдэгдэл төдий цаас байсан, урилга явуулсан хүний талаарх мэдээллээ өгөөгүй, виз гарахгүй бол мөнгийг 100 хувь буцааж өгнө гэж тохирсон, Ж.Дэд мөнгийг өгсөн учраас шаардаж байна” гэж тайлбарлаж байх ба хариуцагч Ж.М нь “баталгаат урилга явуулах тохиролцоо хийсэн, урилга явуулсан, тохиролцсон ажлаа хийсэн, виз гараагүй нь өөрийнх нь буруу”, хариуцагч Ж.Д “мөнгийг авч дүү Ж.Мд өгсөн, энэ асуудал надад хамаагүй” гэж маргаж байна.  

Хариуцагч Ж.М нь Унгар улсын иргэн Urmos Zoltan-ны нэрээр нэхэмжлэгч Б.Аод урилга явуулж, тухайн урилгаар Б.А виз мэдүүлсэн боловч татгалзсан хариу авсан, нэхэмжлэгч нь Ж.Мтай тохирсон хөлс болох 3000 еврог хариуцагч Ж.Дэд хүлээлгэн өгсөн, урилгын талаар Б.А, Ж.Д нарын хооронд ямар нэг тохиролцоо хийгдээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдов. Иймд Б.А, Ж.М нарын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзэв.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч Б.А нь Унгар улсад зорчих виз мэдүүлэх зорилгоор хариуцагч Ж.Мтай Унгар улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон урилга /ажлын гэрээ/ авах, уг урилгын дагуу виз гараагүй тохиолдолд хөлсийг бүрэн буцааж өгөх тохиролцоог 2015 оны 10 дугаар сард хийсэн гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байна. Хариуцагч Ж.Мгийн Унгар улсын иргэн Urmos Zoltan-ны нэрээр явуулсан урилгыг Б.А хүлээн авахаас татгалзсан бол Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Ж.Мгийн хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болно. Гэтэл Б.А урилгыг хүлээн авч, уг урилгаар виз мэдүүлсэн байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар Ж.Мгийн хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч хүлээн авсан байна. Иймд хариуцагч Ж.Мг Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй зөрчсөн үндэслэлээр үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч хохирол шаардах эрхгүй байна. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа цаад хүнийх нь мэдэгдэл төдий хуурамч урилга ирсэн гэж тайлбарлаж байгаа боловч уг урилга нь Унгар улсын виз мэдүүлэхэд шаардлага хангахгүй байсан болохыг баримтаар нотлоогүй. Мөн нэхэмжлэгч тайлбартаа “визний татгалзсан хариугаа намайг харлах магадлалтай байна гэсэн” гэснээс дүгнэвэл урилгаас шалтгаалж Б.Аод виз олгохоос татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Мгаас ирүүлсэн урилга, уг урилгын дагуу Б.Аын мэдүүлсэн визний хариу, урилга хүчинтэй эсэх талаар лавлагааг Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас нотлох баримтаар гаргуулахаар шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШЗ2018/00397, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2018/02867 дугаар захирамжаар тус тус шийдвэрлэж, захирамжийг Монгол Улсын Дээд шүүхээр дамжуулан уламжилсан боловч нотлох баримтыг ирүүлээгүй ба уг нотлох баримтыг гаргуулах хүсэлтээсээ нэхэмжлэгч татгалзсанаар түүний хүсэлтээр 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн болохыг дурдах нь зүйтэй.

Зуучлалын үр дүн гараагүй буюу виз гараагүй бол хөлсийг буцаан төлөх тохиролцоо хийсэн гэж байгаа боловч ийм тохиролцоо хийгдсэн болохоо нэхэмжлэгч баримтаар нотлоогүй болно. Нэхэмжлэлийн үндэслэлтэйгээ холбогдуулан Б.Бэс гэрчийн мэдүүлэг авахуулсан ба гэрчийн мэдүүлэгт “Б.Аын ээж намайг хүүхдээ гаргасан хүнтэй холбож өгөөч гэсний дагуу холбож өгсөн, ямар журмаар гаргах гэж байсныг мэдэхгүй” гэсэн мэдээлэл авагджээ. Энэ гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч нь Ж.Мгаас ажлын урилга авах, уг урилгаар виз гарахгүй тохиолдолд хөлсийг буцаан авах тохиролцоо хийсэн болох нь нотлогдохгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Мд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Харин Б.А, Ж.Д нарын хооронд урилгын асуудлаар ямар нэг тохиролцоо хийгдээгүй боловч Ж.Дэд мөнгө өгсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг мөнгийг Ж.Мд шилжүүлээгүй, Ж.Д хэдэн еврог ашигласан болохыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй болно. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, тайлбараа нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагч Ж.Дийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Наранхүүд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар болон хариуцагчийн төлөөлөгчийн өмнө гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.     

     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.М,  Ж.Д нарт холбогдох 2000 евро буюу 5,796,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Ж.М,  Ж.Д нарт холбогдох 1000 евро буюу 2,898,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч Б.А татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНДИЙМАА