Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2018/02460

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн гудамж-8, МонГМ ХХК-ийн байранд оршин байрлах, Том зам ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 5384605/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Барилагчдын талбай 3, Засгийн газрын XII байрны баруун жигүүр оршин байрлах, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох,

Цацраг идэвхт ашигт малтмал болох ураны хайгуулын тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хураамжид төлсөн 5,000,000 төгрөг, тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрт урьдчилан төлсөн 14,942,718.25 төгрөг, гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг, нийт 29,942,718.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунаа, Б.Бадамгарав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Том зам ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Том Зам ХХК-иас 2011 оны 04 дүгээр сард Цөмийн энергийн газарт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Аргалант уул, Бүрдэнгийн хөндий, Ухаа толгой зэрэг газруудад цацраг идэвхт ашигт малтмал болох ураны хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн өргөдөл гаргаж 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус бүр 5,000,000 төгрөгөөр нийт 3 өргөдөлд буюу үйлчилгээний хураамжид 15,000,000 төгрөг төлж, мөн жилийн төлбөрт төгрөг буюу нийт 14,942,718.26 төгрөгийг урьдчилан төлсөн.

Гэтэл Цөмийн энергийн газраас манай тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9-д заасан 1-3 сарын дотор шийдвэрлээгүй тул зохих захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн дагуу Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэр гарч Цөмийн энергийн газрын эс үйлдэхүй буюу гэм бурууг тогтоон манай компанийн өргөдлийг хүлээн авч зохих захиргааны акт гаргахыг Цөмийн энергийн газарт даалгасан.

Ийнхүү 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 07 тоот Цөмийн энергийн газрын даргын шийдвэрээр Дорноговь аймгийн Эрдэнэ, Улаанбадрах сумын Аргалант уул нэртэй газарт, Бүрдэнгийн хөндийн нэртэй газарт буюу нийт тусгай зөвшөөрөл хүсэж төлбөр төлсөн 3 газрын 2-т нь тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн ч шийдвэрээ буцаагаад цуцалсан.

Тусгай зөвшөөрөл олгоогүй үлдсэн нэг газарт холбогдуулан гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй, мөн төлсөн 5,000,000 төгрөгийг ч эргүүлэн олгоогүй.

Ингээд шат дараалан шүүхэд хандсанаар 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2017 дугаар шийдвэр, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 9563 дугаар шүүгчийн захирамж, 2016 оны 07 дугаар сарын 19 өдрийн 528 дугаар шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0638 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 441 дугаар тогтоол, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/Ш32017/6414 дугаар шүүгчийн захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/ШТ2017/0793 дугаар тогтоол тус тус гарч эцэст нь Том зам ХХК-д цацраг идэвхт ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулахаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэж шийдсэн.

Нэгэнт Ашигт малтмал, газрын тосны газраас манай компанийн дээрх өргөдлийг шийдвэрлэхгүй, уг тусгай зөвшөөрлүүдийг сэргээхгүй болгосон, мөн манай компанийн зүгээс уг үйлчилгээг авахгүй болсон, тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй тул цацраг идэвхт ашигт малтмал болох ураны хайгуулын тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хураамжид урьдчилан төлсөн 15,000,000 төгрөг болон тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрт мөн урьдчилан төлсөн 14,942,718.25 төгрөг, нийт 29,942,718.25 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Том зам ХХК-ийн нэхэмжилсэн цацраг идэвхт ашигт малтмал болох ураны хайгуулын тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хураамжид төлсөн 15,000,000 төгрөг болон жилийн төлбөрт төлсөн 14,942,718.25 төгрөг, нийт 29,942,718.25 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Том зам ХХК нь 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Цөмийн энергийн газарт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан бөгөөд Цөмийн энергийн газрыг хуулийн хугацаанд асуудлыг шийдвэрлэсэнгүй гэж үзэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэрээр цацраг идэвхт ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулахаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Цөмийн энергийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон уг өргөдлийг хууль тогтоомжид нийцүүлэн зохих ёсоор шийдвэрлэхийг Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтэст даалгасан байна.

Цөмийн энергийн газар шүүхийн шийдвэрийг биелүүлж тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авч, бүртгэсэн бөгөөд улмаар Цөмийн энергийн газрын дарга /Д.Энхбат/-ын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар тушаалаар Том зам ХХК-д Ц-020Х, Ц-021Х дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181 дүгээр зарлиг гарсантай холбогдуулан Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжав Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Н/35 дугаар чиглэл өгөх тухай албан бичгийг үндэслэн Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/26, А/27, А/28, А/29, А/30 дугаар тушаалуудаар 5 компанийн буюу Том зам ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Энэхүү тушаалыг эс зөвшөөрч нэр бүхий 5 компани шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хянаад хэвээр үлдээж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

Цөмийн энергийн тухай хууль /2009 онд батлагдсан/-ийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт Энэ хуулийн 15.1.5-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хууль /2009 онд батлагдсан/-ийн 32.2-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлнө, 20.4-д энэ хуулийн 20.2, 20.3.1-д заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хууль /2009 онд батлагдсан/-ийн 34 дүгээр зүйлд заасны дагуу төлнө, 20.5-д энэ хуулийн 20.2, 20.3.1-д заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хууль /2009 онд батлагдсан/ -ийн 59 дүгээр зүйлд заасны дагуу хуваарилна гэж заасан байна.

2009 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу тус компанийн төлсөн ээлжит жилийн төлбөр нь улсын төсөвт хуваарилагдсан байна.

Том зам ХХК-д Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.5, 11.6.8, 15 дугаар зүйлийн 15.1.5 дахь хэсгүүдийг үндэслэн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн дагуу төрийн захиргааны байгууллагаас Том зам ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэснээр тус компанид үйлчилгээ үзүүлсэн байна.

Түүнчлэн Цөмийн энергийн тухай хуулиар нэгэнт олгосон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн дагуу энэ хууль болон Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлж ажиллаж ёстой бөгөөд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хураамж, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлж ажиллах ёстой. Гэтэл дээрх хуульд заасан тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй, мөн түүний эзэмшиж байсан тусгай Зөвшөөрлийг хуульд заасан үндэслэлээр цуцалсан байтал төлбөр хураамжийг буцаан төрөөс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Том зам ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмал болох ураны хайгуулын тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хураамжид төлсөн 15,000,000 төгрөг болон жилийн төлбөрт төлсөн 14,942,718.25 төгрөг, нийт 29,942,718.25 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Харин нэг тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хариу өгөөгүй улсын тэмдэгтийн хураамжид 5,000,000 төгрөг төлсөн болохыг зөвшөөрч байна. гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Том зам ХХК нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулж Цацраг идэвхт ашигт малтмал болох ураны хайгуулын тусгай зөвшөөрлийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан учир түүний хураамжид төлсөн 5,000,000 төгрөгийг, тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрт урьдчилан төлсөн 14,942,718.25 төгрөгийг тус тус үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр, Цацраг идэвхт ашигт малтмал болох ураны хайгуулын тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хураамжид төлсөн 10,000,000 төгрөгийг гэм хорын хохиролд, нийт 29,942,718.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг цацраг идэвхт ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, мөн олгогдсон тусгай зөвшөөрөл нь нэхэмжлэгчийн буруу биш шалтгаанаар цуцлагдаж, төрийн байгууллагын хууль бус ажиллагааны улмаас гэм хор учирсан, мөн нэг тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй орхигдуулсан үүнд хариуцагч гэм буруутай гэж тайлбарлав.

Харин хариуцагч тал дээрх нэхэмжлэлийг үл зөвшөөрч, бид анхнаасаа өргөдлийг хүлээн аваад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх чиглэл өгсөн бөгөөд Улсын их хурлаас тодорхой шийдвэр гартал түр хугацаагаар хүлээж байх талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч өөрсдөө шүүхэд хандсан, шүүхийн шийдвэрийн дагуу бид тусгай зөвшөөрлийг олгосон, тусгай зөвшөөрлийг цуцалсан асуудлын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, үүнд манай байгууллагын гэм буруу байхгүй, нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу үйлчилгээний хураамж төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлсэн учир хохирсон гэж үзэхгүй, уг төлсөн хураамж, төлбөр нь улсын төсөвт хуваарилагдсан гэж тайлбарлан мэтгэлцсэн.

Нэхэмжлэгч Том зам ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 25, Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дугаартай албан бичгээр Цөмийн энергийн газарт хандаж Дорноговь аймгийн Өргөн, Эрдэнэ сумдын Бүрдэнгийн хөндий нэртэй газрын 82449.85 гектар талбай, Дорноговь аймгийн Эрдэнэ, Улаанбадрах сумдын Аргалант уул нэртэй газрын 27415 гектар талбай, Дорноговь аймгийн Сайншанд сумын Ухаа толгой нэртэй талбайнуудад хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хүсэж, үйлчилгээний хөлсөнд тусгай зөвшөөрлийн тоо тус бүрээр 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөгөөр гурван удаа нийт 15,000,000 төгрөгийг төлсөн байна. /хх-ийн 21, 22 дугаар тал/

Цөмийн энергийн газраас 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6/1708 дугаартай албан бичгээр Улсын их хурлаас тодорхой шийдвэр гартал тусгай зөвшөөрөл олгох асуудлыг түр хугацаагаар зогсоосон болохыг мэдэгдсэн байна. Үүнийг Том зам ХХК эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Цөмийн энергийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон уг өргөдлийг хууль тогтоомжид нийцүүлэн зохих ёсоор шийдвэрлэхийг Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 23-27 дугаар тал/

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Том зам ХХК-д Дорноговь аймгийн Эрдэнэ, Улаанбадрах сумдын Аргалант Уул нэртэй 27415 га талбайд Ц-020Х гэрчилгээ олгож, Дорноговь аймгийн Өргөн, Эрдэнэ сумын Бүрдэнгийн хөндий нэртэй 82449,85 га талбайд Ц-021Х гэрчилгээ олгож, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ. /хх-ийн 10, 11-15, 16-18 дугаар тал/

Нэхэмжлэгч Том зам ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйл, Цөмийн энергийн тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар Ц-021Х дугаартай Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дагуу 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тусгай зөвшөөрлийн 1 дэх жилийн төлбөрт 11,214,004.10 төгрөг, Ц-020Х дугаартай Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дагуу 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 3,728,714.15 төгрөгийг хариуцагчид тус тус төлсөн болох нь шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 19-20 дугаар тал/

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181 дүгээр зарлигаар Үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөө үзүүлэх уран, газрын ховор элементийн хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрлийг олгох, эрх шилжүүлэх... асуудлаар шийдвэр гаргахын өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж байхыг холбогдох төрийн байгууллагуудын удирдлагад үүрэг болгосон зарлиг гарсантай холбогдуулан Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжав Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Н/35 дугаар чиглэл өгөх тухай албан бичгийг үндэслэн буюу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлээгүй гэж Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/26, А/27, А/28, А/29, А/30 дугаар тушаалуудаар 5 компанийн буюу Том зам ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Цөмийн энергийн газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч шүүхэд хандсан боловч Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хайгуулын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч дахин хянан шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах шаардлага гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн шүүх 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 528 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн байх боловч энэ асуудлыг шүүх урьд шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0638 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 441 дүгээр тогтоолоор захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Тусгай зөвшөөрлийг олгох эсэх асуудлыг төрийн байгууллагын зүгээс хуульд заасан хугацаандаа буюу 3 сарын дотор шийдвэрлээгүйгээс Монгол улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181 дүгээр зарлиг гарч, дээрх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлага гарсан, хэлэлцүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруу биш гэж нэхэмжлэгч тайлбарлах боловч Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 тушаалаар нэхэмжлэгчид Дорноговь аймгийн Эрдэнэ, Улаанбадрах сумдын нутагт Аргалант уул нэртэй 27415 га талбайд Ц-020Х тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай, мөн Дорноговь аймгийн Өргөн, Эрдэнэ сумдын нутагт Бүрдэнгийн хөндий нэртэй 82449.85 га талбайд Ц-021Х тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон, мөн даргын 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/29 дугаар тушаалаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргасан боловч захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй хариуцагчийн үйлдэл болон үйлчилгээний хураамжид төлж хохирсон гэх 10.000.000 төгрөгийн хохирлын хооронд шалтгаант холбоо харагдахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл гэм хорыг арилгах үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо, гэм буруу тогтоогдсон байхыг шаарддаг бөгөөд нэхэмжлэгчээс хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл авахад шаардагдах баримтыг бүрдүүлэх, бүрдүүлбэрийг хангах зорилгоор үйлчилгээний хураамж төлсөнд хариуцагч байгууллагын хууль зөрчсөн гэм буруутай үйл ажиллагаа хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Түүнчлэн Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/29 тоот тушаалаар нэхэмжлэгч Том зам ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн гурван талбайн хоёрт нь Ц-020Х, Ц-021Х дугаартай тусгай зөвшөөрөл олгосны дараа Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаартай шийдвэрийг хүчингүй болгосон тус газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/29 тоот тушаалыг хууль зөрчөөгүй болохыг тогтоосон Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 207 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр байх тул уг шийдвэрт дурдсан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй болно.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Том зам ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т заасан шаардлагын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах зорилгоор 1 талбайн үйлчилгээний хөлс 5,000,000 төгрөг, нийт 3 талбайн үйлчилгээний хөлсөнд 15,000,000 төгрөг төлж, Цөмийн энергийн газраас зохих үйлчилгээг авч, түүнээс хоёр талбайд тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон байх тул 10,000,000 төгрөгийн хувьд хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж дээрх хэмжээгээр хохирсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Цөмийн энергийн газраас нэхэмжлэгч Том зам ХХК-ийн хоёр талбайд Ц-020Х, Ц-021Х дугаартай тусгай зөвшөөрөл олгосон үйлчилгээний хөлс болох 10,000,000 төгрөгийн хувьд Иргэний хуулийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дугаар шийдвэрийг биелүүлж тусгай зөвшөөрөл олгон, нэгэнт үйлчилгээ үзүүлсэн байх тул уг 10,000,000 төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газар хариуцан төлөх үүрэггүй болно.

Уг олгогдсон тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 53, 56 дугаар зүйл, Цөмийн энергийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болж, цуцлагдаагүй хэдий ч Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/29 тоот тушаалыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх буруу гэж үзээгүй тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрыг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Том зам ХХК-д Дорноговь аймгийн Сайншанд, Эрдэнэ сумдын Ухаа толгой нэртэй газрын хувьд тусгай зөвшөөрөл эзэмших гэрчилгээ олгогдоогүй буюу шийдвэрлээгүй, нэхэмжлэгчээс уг тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хөлсөнд 5,000,000 төгрөг төлсөн талаар хариуцагч тал зөвшөөрч, маргаагүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар нэхэмжлэгч Том зам ХХК-иас төлсөн дээрх 5,000,000 төгрөг нь тэмдэгтийн хураамжид хамаарч байх бөгөөд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар уг өргөдлийг шийдвэрлээгүй, үйлчилгээ үзүүлээгүй байдал нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-т заасан үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан бол тэмдэгтийн хураамжийг буцаан олгох үндэслэлд хамаарч байхад Ашигт малтмал, газрын тосны газар нь үйлчилгээний хөлс болох 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Том зам ХХК-д буцаан олгоогүй байна.

Нэхэмжлэгч Том зам ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйл, Цөмийн энергийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр төлөх үүргийнхээ хүрээнд Ц-021Х дугаартай тусгай зөвшөөрлийн 1 дэх жилийн хураамжид 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 11,214,044.10 төгрөг, Ц-020Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 1 дэх жилийн хураамжид 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 3,718,714 төгрөг, нийт 14,942,718.25 төгрөгийн төлбөр төлсөн байх боловч олгогдсон тусгай зөвшөөрлүүд хүчингүй болсноор нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газрын өмнө хүлээх тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр төлөх үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч Том зам ХХК-д дээрх тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүчингүй болсны улмаас нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий талбайг бодит байдлаар ашиглан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон үйл баримт хэргийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд талууд төлбөрийн хэмжээний талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ.

Үүнээс үзэхэд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь олгогдоогүй буюу үйлчилгээ үзүүлээгүй тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хөлсөнд 5,000,000 төгрөг, хүчингүй болсон тусгай зөвшөөрлүүдийн 1 дэх жилийн төлбөрт урьдчилан төлсөн 14,942,718.25 төгрөгийн хэмжээгээр тус тус үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

Иймд хариуцагч талын нэхэмжлэгч Том зам ХХК-иас төлсөн үйлчилгээний хөлс, төлбөр нь улсын төсөвт хуваарилагдаад явсан, буцаан олгох боломжгүй гэсэн нэхэмжлэлийг татгалзсан тайлбар үндэслэлгүй байна.

Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч Том зам ХХК нь олгогдоогүй үлдсэн тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хөлсөнд төлсөн 5,000,000 төгрөг, Ц-020Х дугаартай тусгай зөвшөөрлийн 1 дэх жилийн төлбөр 3,728,714.15 төгрөг, Ц-021Х дугаартай тусгай зөвшөөрлийн 1 дэх жилийн төлбөр 11,214,004.10 төгрөг, нийт 19,942,718.25 төгрөгийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь 19,942,718.25 төгрөгийг нэхэмжлэгч Том зам ХХК-д буцаан төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 19,942,718.25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Том зам ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Цөмийн энергийн газар нь Монгол улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаартай тогтоолоор татан буугдсан байх бөгөөд Газрын тосны газар болсон, Газрын тосны газар нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор Ашигт малтмал, газрын тосны газар болсныг тэмдэглэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 19,942,718.25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Том зам ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Том зам ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 307,664 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 257,663 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Том зам ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС

ШҮҮГЧИД Х.ДАШДЭЧМАА

Т.ЭНХТУЯА