Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00958

 

ТЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/02460 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 507 дугаар магадлалтай, 

ТЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй

АМГТГ-т холбогдох, 

Цацраг идэвхт ашигт малтмал болох ураны хайгуулын тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хураамжид төлсөн 5.000.000 төгрөг, тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрт урьдчилан төлсөн 14.942.718.25 төгрөг, гэм хорын хохиролд 10.000.000 төгрөг, нийт 29.942.718.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч ТЗ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай компаниас 2011 оны 4 дүгээр сард Цөмийн энергийн газарт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Аргалант уул, Бүрдэнгийн хөндий, Ухаа толгой зэрэг газруудад цацраг идэвхт ашигт малтмал болох ураны хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн өргөдөл гаргаж 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тус бүр 5.000.000 төгрөгөөр нийт 3 өргөдөлд буюу үйлчилгээний хураамжид 15.000.000 төгрөг төлж, мөн жилийн төлбөрт 14.942.718.26 төгрөг, нийт 29.942.718.25 төгрөг урьдчилан төлсөн. Гэтэл Цөмийн энергийн газраас манай тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9 дэх хэсэгт заасан 1-3 сарын дотор шийдвэрлээгүй тул зохих захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн дагуу Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэр гарч, Цөмийн энергийн газрын эс үйлдэхүй буюу гэм бурууг тогтоон, манай компанийн өргөдлийг хүлээн авч зохих захиргааны акт гаргахыг Цөмийн энергийн газарт даалгасан. Ийнхүү 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 07 тоот Цөмийн энергийн газрын даргын шийдвэрээр Дорноговь аймгийн Эрдэнэ, Улаанбадрах сумын Аргалант уул нэртэй газарт, Бүрдэнгийн хөндийн нэртэй газарт буюу нийт тусгай зөвшөөрөл хүсч төлбөр төлсөн 3 газрын 2-т нь тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн ч шийдвэрээ буцаагаад цуцалсан. Тусгай зөвшөөрөл олгоогүй үлдсэн нэг газарт холбогдуулан гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй, мөн төлсөн 5.000.000 төгрөгийг олгоогүй. Ингээд шат дараалан шүүхэд хандсанаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 207 дугаар шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 9563 дугаар захирамж, тус шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19 өдрийн 528 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 638 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 441 дүгээр тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6414 дүгээр захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 793 дугаар тогтоол тус тус гарч эцэст нь "ТЗ" ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэж шийдсэн. Нэгэнт АМГТГ-аас манай компанийн дээрх өргөдлийг шийдвэрлэхгүй, уг тусгай зөвшөөрлүүдийг сэргээхгүй болгосон, мөн манай компанийн зүгээс уг үйлчилгээг авахгүй болсон, тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй тул цацраг идэвхт ашигт малтмал болох ураны хайгуулын тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хураамжид урьдчилан төлсөн 15.000.000 төгрөг болон тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрт мөн урьдчилан төлсөн 14.942.718.25 төгрөг, нийт 29.942.718.25 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч АМГТГ-ын төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...ТЗ ХХК нь 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Цөмийн энергийн газарт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан бөгөөд Цөмийн энергийн газрыг хуулийн хугацаанд асуудлыг шийдвэрлэсэнгүй гэж үзэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэрээр "Цацраг идэвхт ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулахаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Цөмийн энергийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон уг өргөдлийг хууль тогтоомжид нийцүүлэн зохих ёсоор шийдвэрлэхийг Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтэст" даалгасан. Цөмийн энергийн газар шүүхийн шийдвэрийг биелүүлж тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авч, бүртгэсэн бөгөөд улмаар Цөмийн энергийн газрын дарга /Д.Энхбат/-ын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар тушаалаар ТЗ ХХК-д Ц-020Х, Ц-021Х дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181 дүгээр зарлиг гарсантай холбогдуулан Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжав Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Н/35 дугаар чиглэл өгөх тухай албан бичгийг үндэслэн Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/26, А/27, А/28, А/29, А/30 дугаар тушаалуудаар 5 компанийн буюу ТЗ ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Энэхүү тушаалыг эс зөвшөөрч нэр бүхий 5 компани шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хянаад хэвээр үлдээж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Цөмийн энергийн тухай хууль /2009 онд батлагдсан/-ийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 15.1.5-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хууль /2009 онд батлагдсан/-ийн 32.2 дахь хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлнө", 20.4-д "энэ хуулийн 20.2, 20.3.1-д заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хууль /2009 онд батлагдсан/-ийн 34 дүгээр зүйлд заасны дагуу төлнө", 20.5 дахь хэсэгт энэ хуулийн 20.2, 20.3.1-д заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хууль /2009 онд батлагдсан/-ийн 59 дүгээр зүйлд заасны дагуу хуваарилна" гэж заасан байна. 2009 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу тус компанийн төлсөн ээлжит жилийн төлбөр нь улсын төсөвт хуваарилагдсан. ТЗ ХХК-д Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.5, 11.6.8, 15 дугаар зүйлийн 15.1.5-д заасныг тус тус үндэслэн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн дагуу төрийн захиргааны байгууллагаас ТЗ ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэснээр тус компанид үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн Цөмийн энергийн тухай хуулиар нэгэнт олгосон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн дагуу энэ хууль болон Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлж ажиллах ёстой бөгөөд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хураамж, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлж ажиллах ёстой. Гэтэл дээрх хуульд заасан тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй, мөн түүний эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэлээр цуцалсан байтал төлбөр хураамжийг буцаан төрөөс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Харин улсын тэмдэгтийн хураамжид 5.000.000 төгрөг төлсөн болохыг зөвшөөрч байна. Иймд ТЗ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/02460 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч АМГТГ-аас 19 942 718.25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "ТЗ" ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ТЗ ХХК-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 307 664 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч АМГТГ-аас 257 663 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "ТЗ" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 507 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/02460 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч АМГТГ-аас 19 942 718.25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТЗ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч АМГТГ- нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Х-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ холбогдох хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсзн, мөн нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч компанид хариуцагч АМГТГ-ын гэм буруутай үйлдлийн улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлж хохирсон гэх үйл баримт тогтоогдоогүй, эдгээрийн хооронд ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй байна. Гэм хорыг арилгах үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо, гэм буруу тогтоогдсон байхыг шаарддаг бөгөөд нэхэмжлэгчээс хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл авахад шаардагдах баримтыг бүрдүүлэх, бүрдүүлбэрийг хангах, тусгай зөвшөөрөл авах зорилгоор Цөмийн энергийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд тус тус заасны дагуу төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгох боломжтой тухай шийдвэрээ мэдэгдсэн мэдэгдлийг хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т Энэ хуулийн 20.3-д заасны дагуу мэдэгдлийг хүргүүлсэн өдрөөс хойш энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийг авах боломжгүй тухайгаа мэдэгдсэн, эсхүл сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүү, эхний жилийн төлбөрийг төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.1.1, 20.1.2-т заасан мэдэгдлийг хүчингүй болгож, хүсэлт гаргасан хуулийн этгээдэд энэ тухай бичгээр мэдэгдэнэ...” заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх эсэх нь тухайн компанийн эрхийн асуудал бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгогддог тул төрийн захиргааны байгууллагын зүгээс хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлснөөр нэхэмжлэгч хайгуулын үйл ажиллагаа явуулах эрх үүсэж, 2012 оны 1-3 сарын хооронд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд тухайн тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох мэдээллийг олж авч, тодорхой ажлууд хийгдэж, төрийн захиргааны байгууллагын холбогдох чиг үүргийг хэрэгжүүлдэг нэгжүүдээр хянагдсан нь тусгай зөвшөөрлийн төлбөрийн зохих хэсгийг нэхэмжлэгч нь дээрх хугацаанд эзэмшсэн тул хувь тэнцүүлэн шийдвэрлэх боломжтой байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181 дүгээр зарлиг гарсантай холбогдуулан Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжав Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Н/35 дугаар чиглэл өгөх тухай албан бичгийг үндэслэн Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/26, А/27, А/28, А/29, А/30 дугаар тушаалуудаар 5 компанийн буюу үүн дотор ТЗ ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх заалтуудыг хамааруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээрх хуулийн зохицуулалт нь Иргэний эрх зүйн хүрээнд байгуулагдсан гэрээний үндсэн дээр үүссэн гэм хорын хариуцлага мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дах хэсэг “...тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; “...75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна...” гэж заасан хугацааг нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Учир нь Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар ТЗ ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. ТЗ ХХК-д Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.5, 11.6.8, 15 дугаар зүйлийн 15.1.5 дахь хэсгүүдийг үндэслэн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн дагуу төрийн захиргааны байгууллагаас ТЗ ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэснээр тус компанид үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн Цөмийн энергийн тухай хуулиар нэгэнт олгосон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн дагуу энэ хууль болон Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлж ажиллаж ёстой бөгөөд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хураамж, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлж ажиллах ёстой. Гэтэл дээрх хуульд заасан тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй, мөн түүний эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэлээр цуцалсан байтал төлбөр хураамжийг буцаан төрөөс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч АМГТГ-аас 19.942.718.25 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ТЗ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 507 дугаартай магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ТЗ ХХК нь хариуцагч АМГТГ-аас 29.942.718 төгрөг нэхэмжилж, үндэслэлээ “...тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжид 15.000.000 төгрөг, тусгай зөвшөөрлийн 1 дэх жилийн төлбөрт 14.942.718.25 төгрөг төлснийг гаргуулах” гэж тодорхойлжээ. Хариуцагч “...тусгай зөвшөөрөл хүчингүй болсонд гэм буруу байхгүй...” гэж нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч ТЗ ХХК нь шаардлага гаргасан хууль зүйн зүйн үндэслэлийг, “...шийдвэрлэгдээгүй өргөдөлд төлсөн 5.000.000 төгрөгийн хураамж, тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явагдаагүй тул жилийн төлбөрт төлсөн 14.942.718.25 төгрөг, нийт 19.942.718.25 төгрөгийг “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс буцаан гаргуулах” гэж, тусгай зөвшөөрөл олгогдож төлсний 10.000.000 төгрөгийн хураамжийг, хожим шийдвэрээ цуцалснаас учирсан гэм хорын хохирол гэж тодорхойлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйг давж заалдах шатны шүүх залруулаагүйгээс гадна шийдвэрт хууль хэрэглэх асуудлаар өөрчлөлт оруулсан нь учир дутагдалтай байна.

Иймд магадлалыг хүчингүй болгов.

Шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзвэл дараах байдал тогтоогджээ.

ТЗ ХХК нь 2011 оны 4 дүгээр сард Цөмийн Энергийн газарт хандаж,  Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Аргалант уул, Бүрдэнгийн хөндий, Ухаа толгой зэрэг газруудад цацраг идэвхт ашигт малтмал болох ураны хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, тусгай зөвшөөрөл тус бүрт 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн байна.

Хуульд заасан хугацаанд өргөдлийг шийдвэрлээгүй гэх үндэслэлээр Цөмийн Энергийн газрыг хариуцагчаар татаж, нэхэмжлэгч “ТЗ” ХХК нь Нийслэл дэх  Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 511 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, “...өргөдлийг хууль тогтоомжид нийцүүлэн зохих ёсоор шийдвэрлэхийг Цөмийн энергийн газарт даалгаж” шийдвэрлэжээ.

Цөмийн энергийн газрын дарга 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар тушаал гаргаж, ТЗ ХХК-ийн өргөдлийг шийдвэрлэн Дорноговь аймгийн Эрдэнэ, Улаанбадрах сумын нутаг Аргалант уул, Бүрдэнгийн хөндий гэх газарт хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгосны дагуу нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн 1 дэх жилийн төлбөрт нийт 14.942.718.25 төгрөг төлсөн байна.

Гэвч Цөмийн энергийн газрын дарга 2012 оны 3 дугаар сарын 13-ний өдөр А/30 дугаар тушаалаар ТЗ ХХК-д олгосон дээрх шийдвэрийг хүчингүй болгохдоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181 дүгээр зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 35 тоот албан бичгийг үндэслэл болгожээ. 

Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна.

...Ухаа толгой гэх газарт тусгай зөвшөөрөл хүссэн нэхэмжлэгч “ТЗ“ ХХК-ийн өргөдлийг хариуцагч Цөмийн энергийн газар хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүйг зохигч маргаагүй тул уг өргөдөл гаргахад төлсөн хураамж 5.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Учир нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-т “төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж” гэж тодорхойлоод, үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан тохиолдолд тэмдэгтийн хураамжийг буцаан олгохыг  мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-т заасан байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон нөхцөлд буцаан шаардах эрхтэй. Иймээс дээрх нэхэмжлэлийг хангасан нь хууль зөрчөөгүй гэж үзэв.

Аргалант уул, Бүрдэнгийн хөндий гэх газруудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн нэхэмжлэгч ТЗ ХХК-ийн өргөдлийг Цөмийн энергийн газар шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэрлэж, зөвшөөрөл олгож тушаал гаргаснаар нэхэмжлэгч эрх бүхий байгууллагаас үйлчилгээ авсан гэж үзэж, хураамжид төлсөн 10.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцжээ.

Харин хайгуулын тусгай зөвшөөрөл олгосны дараа хуульд заасны дагуу 1 жилийн төлбөрт нэхэмжлэгч 14.942.718.25 төгрөг төлснийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүйг шүүх анхаараагүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д -д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан байна. Гэм хорыг хариуцахын тулд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, гэм буруу, гэм хор болон гэм буруутай үйлдлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх шаардлагатай.

Дээрх төлбөр нь хуульд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан  төлбөл зохих төлбөр бөгөөд энэхүү орлого нь улсын төсөвт хуваарилагдахыг Ашигт малтмалын тухай хуульд заасан байна.

Тодорхой үндэслэл, журмын дагуу эрх бүхий этгээд шаардсаны дагуу нэхэмжлэгчид олгосон тусгай зөвшөөрлийг цуцалсанд хариуцагч АМГТГ- гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөний улмаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар төлбөрийг буцаан төлөх үүрэг хариуцагчид үүсээгүй байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагчаас 5.000.000 төгрөг гаргуулж, үлдэх 24.942.718.25 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 507 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/02460 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “19.942.718.25” гэснийг “5.000.000” гэж, “10.000.000” гэснийг “24.942.718.25” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтад “257.663” гэснийг “94.950” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

      ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ