Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 456

 

Д.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/00071 дугаар шийдвэртэй, Д.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Т Б” ХХК-д холбогдох, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, А.Энхсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т- нь “Т Б” ХХК-ийн 00000 тооцооны төвийн захирлаар ажиллаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/196 тоот тушаалаар ажлаас халагдан, гомдол гарган, анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 29-ний өдрийн 1224 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 сарын 21-ний өдрийн 1695 дугаар тогтоолоор ажилдаа эгүүлэн тогтоогдсон.

Гүйцэтгэх захирлын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/692 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон боловч хариуцагч “Т Б” ХХК нь Д.Т-ыг ажилд нь эгүүлэн томилсноос хойш шалтгаангүйгээр салбарын захирлын зээлийн эрхийг нь түдгэлзүүлж, ажлаа хүлээлгээд өгчих, өөрийн хүсэлтээр халагдаж өргөдлөө бичээд ажилд томилсон өдрийг хүртэлх цалингаа ав гэх зэргээр дарамт шахалт үзүүлэн улмаар 2018 оны 10  дугаар сарын 09-ний өдөр захирлын Б/1639 тоот тушаалаар ажлаас нь дахин үндэслэлгүйгээр халсан байна.

Захирлын тушаалын үндэслэл нь “Төрийн банкны ажилтны Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын дүгнэлтээр мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх боловч бодит байдалд Д.Т- ажилдаа эгүүлэн тогтоогдсон үеэс салбарынхаа үзүүлэлтийг ахиулсан байдаг.

“Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт”-ын товыг Д.Т- мэдсэн боловч шалгалт болох үед буюу 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдрүүдэд өвчтэй, эмчийн магадлагаатай байсан. 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр н.Пүрэвжаргалд магадлагааг өгч явуулсан бөгөөд нягтлан бодогч н.Оюунчимэгт мөн и-мэйлээр өвчтэй болохыг нотолсон баримтаа явуулсан.

Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 дугаар тушаалаар баталсан Төв банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар түвшин тогтоох ажиллагаанд эмнэлгийн чөлөөтэй, ээлжийн амралттай зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдах боломжгүй ажилтныг комиссын шийдвэрт үндэслэн нөхөн хамруулна, 4 дүгээр зүйлийн 4.2-т ажилтан өөрийн үнэлгээг зөвшөөрөхгүй тохиолдолд үнэлгээтэй танилцсан өдрөөс хойш 3 хоногийн дотор гомдлоо комисст гаргаж болно гэж заасан.

Иймд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн захирлын Б/1639 тоот тушаал нь үндэслэлгүй тул ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т- нь “Т Б” ХХК-ийн 00000 тооцооны төвийн захирлын албан тушаалд 2018 оны 4 сарын 27-ны өдөр томилогдож, “Т Б” ХХК-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/1639 тоот тушаалаар ажлаас халагдсан. Тушаалын үндэслэл нь Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс-ын дүгнэлтээр мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн.

Төв банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр болохыг мэдэгдэхэд тэрээр хүлээн аваагүй, улмаар 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шалгалтанд ирээгүй. Шалгалт болохыг мэдсээр байж, яг шалгалт болох өдөр эмнэлгийн магадлагаа авсан байдаг. Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 дугаар тушаалаар баталсан Төв банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтнуудын жагсаалтанд нэр нь багтсан ажилтан комиссоос товлосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хамрагдаагүй тохиолдолд тэнцээгүйд тооцно гэж заасан.

Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.15-д зааснаар ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цагаар болон нэг буюу түүнээс дээш өдрөөр чөлөө авах тохиолдолд өөрийн шууд удирдлагад заавал урьдчилан мэдэгдсэн байх, урьдчилан мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцно гэж заасан. Д.Т- шалгалт болох үед өөрийн шууд удирдлага болон шалгалтын комисст өөрөө энэ талаар мэдэгдээгүй бөгөөд дараа өдөр нь цахим хаягаар нягтлан бодогчид мэдэгдсэн. Түүнд хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон хүний нөөцийн хорооны шийдвэрийг танилцуулж, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдэл өгсөн. Иймд “Т Б” ХХК-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/1639 тоот шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Д.Т-ыг “Т Б” ХХК-ийн 00000 тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т Б” ХХК-иас 4 372 222 төгрөгийг гаргуулж Д.Т-т олгон, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Т-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид нийт 84 906 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор заасан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...Улсын дээд шүүхийн “Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2006 оны 33 дугаар Тогтоолд комисс гүйцэтгэж шийдвэр гаргаж байхыг заасан байна. Гэтэл банкны гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан Мэргэжил ур чадварын түвшин тогтоох журамд “түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтан комиссоос товлосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хамрагдаагүй тохиолдолд тэнцээгүйд тооцно гэж заасныг” комисс шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Энэ нь комисс биш банкны Гүйцэтгэх захирал ажилтныг ажилдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэж дүгнэснээр ойлгогдож байна...” гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д хууль тогтоомж, банкны дүрэмд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, “Т Б” ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.13-д банкны үйл ажиллагаатай холбогдох асуудлаар тушаал гаргаж биелэлтийг хангах, 9.2.20-д ажилтнуудын ажил үүргийн хуваарийг тогтоох, ажилтны ажилд авах, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, дуусгавар болгох гэж заасны дагуу “Т Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Банкны тухай хууль, Төрийн банкны дүрэм, Улсын Дээд шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2006 оны 33 дугаар Тогтоолд заасны дагуу “Мэргэжил ур чадварын түвшин тогтоох” комиссыг холбогдох эрхийн хүрээнд хуулийн дагуу байгуулсан.  

“Мэргэжил ур чадварын түвшин тогтоох” комиссын 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн комиссын дүгнэлт болон 5 дугаар шийдвэр, Хүний нөөцийн хорооны 42/02 дугаартай хурлын шийдвэрийг тус тус баталж Гүйцэтгэх захирал тушаал гаргасан болно. Шүүхээс гүйцэтгэх захирал ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэж дүгнэсэн гэж үзэж байгаа нь нотлох баримтыг үнэн зөв үнэлж, дүгнэлт өгч шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч өөрийнх нь мэргэжил, ур чадварын байдалд эргэлзэх нөхцөл байгаагүй, харин ч урьдын шүүхийн шийдвэрийн дагуу дахин томилогдсоноос хойш ажлын үзүүлэлт урьд байснаас ахисан гэж тооцооны төвүүдийн 2018 оны 1, 2 дугаар улирлын ажлын байр эзлүүлэлтийн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн байх ба “00000” тооцооны төв ажлын үзүүлэлтээр 2018 оны 1 дүгээр улиралд 71 тооцооны төвөөс 51 дүгээрт, 2 дугаар улиралд 48 дугаарт орсон байдал харагдаж байна” гэжээ. Дээрх үзүүлэлтийг нэхэмжлэгч дахин томилогдсонтой холбож ойлгох нь учир дутагдалтай. Мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалт нь тухайн ажилтан мэргэжлийн хувьд тус ажлын байранд тэнцэхүйц нэгэн мөн эсэхийг шалгах үүднээс зохион байгуулагдсан.

Нэхэмжлэгчийн хувьд Авилгатай тэмцэх газрын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 05/2632 тоот, 2018 оны 6 дугаар сарын 29-ний А/18-217 тоот албан бичгийг эх хувиар нь АТГ-аас нотлох баримтын шаардлага хангаснаар буюу нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргасныг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Авлигатай тэмцэх газрын нотлох баримтын шаардлага хангаагүй албан тоотыг хэргийг шийдвэрлэхэд үнэлж, дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт Д.Т- 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Тэгш дүүрэн хүслэн нөхөрлөл” буюу эмнэлгийн эмчид үзүүлж, мөн өдрөөс 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл өвчний учир эмчийн магадлагаатай байсан нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр А.Пүрэвжаргалд эмчийн магадлагааг өгч явуулсан, “Т Б” ХХК-ийн нягтлан бодогч Н.Оюунчимэгт цахим шуудангаар магадлагаа явуулсныг тайлбарладаг гэжээ.

Д.Т- нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өглөө өөрийн биеэр 00000 тооцооны төвийн ахлах теллер А.Пүрэвжаргалд, салбарын нягтлан бодогч Н.Оюунчимэгт цахим шууданаар тус тус эмчийн магадлагааг явуулсан. Нэхэмжлэгч нь удирдах албан тушаалтан бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу Сүхбаатар дүүрэг салбарын захиралд шууд харьяалагдах албан тушаал эрхэлдэг боловч харьяалагдах салбарын захиралд эмчийн магадлагааны талаар мэдэгдээгүй бөгөөд салбарын захирал шалгалтын өдөр Д.Т-т шууд харьяалах захирлын үнэлгээг шалгалт явагдаж буй байранд ирж өгсөн. Хэрэв салбарын захирал тус өдөр өвчтэй байгааг мэдсэн бол холбогдох шалгалтын тэмдэглэлд тусгагдах байсан.

Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр шалгалтын талаар мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурахаас шалтгаангүйгээр татгалзсан. Тэрээр шалгалтад орохоос зайлсхийж, зориудаар өвчний магадлагааг шалгалт болох өдөр комисст бус салбарын нягтлан бодогчид явуулсан үйл баримт тогтоогдож байх тул нотлох баримтыг үнэн зөв үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийж энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагааны оролцогчдоор гарын үсэг зуруулна гэж заасан. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Тэгш дүүрэн хүслэн нөхөрлөл” өрхийн эмнэлэгт шүүгчийн туслах Б.Энхболор, нэхэмжлэгч Д.Т-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа нар үзлэг хийсэн бөгөөд Д.Т-т эмчийн магадлагаа олгосон эмч С.Заяасайхан тус өдөр буюу 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 10-ны өдөр хүртэл акттай, эмч байхгүй тул үзлэг хийх боломжгүй гэж эмнэлгийн дарга Ё.Сугарбаяр тайлбар өгсөн.

Захирамжийн дагуу “эмчийн үзлэгийн бүртгэлийн дэвтэр”, “Е-health цахим эрүүл мэндийн программ”-д үзлэг хийх эрхтэй, эмнэлгийн дарга та үзлэг хийхэд туслалцаа үзүүлнэ үү гэхэд Ё.Сугарбаяр дарга би халамж руу явах ажилтай, боломжгүй гээд явсан. С.Заяасайхан эмчийн сувилагч Л.Энхбаярт учраа хэлээд эмчийн үзлэгийн бүртгэлийн дэвтэр, бүртгэлийн программд үзлэг хийж программын зургийг авах гэж байтал халамж руу явсан Ё.Сугарбаяр нь С.Заяасайхан эмчийн өрөөнд орж ирээд компьютерийн дэлгэцийг унтрааж, эмч байхгүй, бид хүний компьютерт орж болохгүй гээд зураг авахыг зөвшөөрөөгүй. Эмчийн үзлэгийн бүртгэлийн дэвтэрт Д.Т-ын нэр байгаа ч уг дэвтэр нь ар нуруугаар салдаг бөгөөд хуудсыг нөхөн хийж, бичилт хийх боломжтой байсан. Мөн бүртгэлийн цахим эрүүл мэндийн программд бичилт хийсэн талаар илэрц олдоогүй ба уг өдөр эмнэлэгт үзүүлээгүй гэж нотлохгүй гэж шүүгч үзсэн нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үгүйсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасантай зөрчилдөж байна.

Дээрх программын зориулалт нь эмнэлэгээр үйлчлүүлж байгаа иргэдийг бүртгэлжүүлж, эмч нарыг хариуцлагажуулж, өвчтөний түүхийг хадгалах зориулалттайгаар эмнэлгийн системд нэвтэрсэн. Дурдсан үйл явдалд шүүгч өөрийн биеэр өрхийн эмнэлэгт үзлэг хийхэд оролцсон бол эмчийн магадлагааг хууль ёсных гэж шүүгч үнэлэх байсан нь эргэлзээтэй. Шалгалтын тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зураагүй, шалгалттай өдөр эмчийн магадлагаа авсан, эмчийн магадлагаанд үзлэг хийхээр очиход үзсэн эмч нь акттай ажилдаа ирээгүй, үзлэгийн явцад Шүүгчийн захирамжийг үл тоож компьютерийн дэлгэцийг унтрааж үзлэг хийх боломжгүй гэж саад учруулсан эмнэлгийн даргын үйлдэл нь уг эмчийн магадлагааг хууль ёсны гэж үнэлэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан ...урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж хуульчилсан байтал шүүгч эмнэлгийн магадлагааг хэргийг шийдвэрлэхэд гол баримт болгож байгаа нь дээрх хуулийн заалттай зөрчилдөж байна.

Шүүх хариуцагчаас гаргасан нотлох баримтыг үнэлээгүй, үзлэгийг өөрийн биеэр хийгээгүй, нэг талын эрх ашгийг хангасан шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Т- нь хариуцагч “Т Б” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн  даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал хэргийн оролцогчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан эрхийн дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай буюу нэхэмжлэгч Д.Т- нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн эсэхийг тогтоох зорилгоор “Тэгш дүүрэн хүслэн нөхөрлөл” өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийн бүртгэлийн дэвтэр, программ дахь бүртгэлд үзлэг хийлгэх” хүсэлт гаргасныг шүүх 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 182/ШЗ2018/11264 дугаар шүүгчийн захирамжаар  хангаж шийдвэрлэсэн байна. /хх178-179,180-181/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэгийг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрч байлцуулан, хэргийн оролцогчдыг оролцуулан хийж, энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулахаар зохицуулжээ. Шүүх дээрх хүсэлтийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Үзлэг хийсэн тухай тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд үзлэгийг шүүн таслах эрхгүй этгээд буюу шүүгчийн туслах хийж, шүүгч гарын үсэг зурсан байна. /хх192,193/ Мөн хөндлөнгийн 2 гэрч байлцсан талаар тэмдэглэгдэж, Ж.Гэрэлчулуун, Т.Болор-Эрдэнэ гэх гарын үсэг зурагдсан /хх192-193/ байгааг дээрх ажиллагаанд биечлэн оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үгүйсгэсэн гомдол гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг тайлбарыг нь няцаагаагүй болно.

 

Иймд үзлэгийг хуулиар тогтоосон журмын дагуу хийгдсэн гэж үзэхгүй  бөгөөд Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. Монгол улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг шүүх гэж ойлгоно. Мөн Шүүхийн захиргааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2. шүүгчийн туслах нь хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг зохицуулах чиг үүрэгтэй байхаар зохицуулсан байна.

 

Дээрхээс дүгнэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч өөрөө биечлэн хэрэгжүүлэх бөгөөд шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдал, гүйцэтгэх чиг үүрэг, зохион байгуулалтын асуудлыг зохицуулсан Шүүхийн захиргааны тухай хуулийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журамд хамааруулан хэрэглэх боломжгүй юм.

Нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хуульд заасан дээрх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчигдсөн тохиолдолд уг үзлэгээр илэрсэн нөхцөл байдлын талаар шүүх дүгнэлт хийж, шийдвэрийн үндэслэлээ болгосон нь буруу байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Тухайн зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт буюу нэхэмжлэгч мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй байсны улмаас ажлаас чөлөөлсөн эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/00071 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т Б” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 906 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ                                                            

                                          ШҮҮГЧИД                         Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА