Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2019/00071

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Нэхэмжлэгч: Д. Т 

 

Хариуцагч: ТБХХК 

 

ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа, Н.Байгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд түүний төлөөлөгч гаргасан тайлбартаа: Д.Т нь ТБны “ШУТИС” тооцооны төвийн захирлаар ажиллаж байгаад 2016 оны 04 сарын 25-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/196 тоот тушаалаар ажлаас халагдан, гомдол гарган, анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 29-ний өдрийн 1224 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 сарын 21-ний өдрийн 1695 дугаар тогтоолоор ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Гүйцэтгэх захирлын 2018 оны 04 сарын 27-ны өдрийн Б/692 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон боловч хариуцагч “ТБ” ХХК нь Д.Тыг ажилд нь эгүүлэн томилсноос хойш шалтгаангүйгээр салбарын захирлын зээлийн эрхийг нь түдгэлзүүлж, “Ажлаа хүлээлгээд өгчих, өөрийн хүсэлтээр халагдаж өргөдлөө бичээд ажилд томилсон өдрийг хүртэлх цалингаа ав” гэх зэргээр дарамт шахалт үзүүлэн улмаар 2018 оны 10 сарын 09-ний өдөр захирлын Б/1639 тоот тушаалаар ажлаас нь дахин үндэслэлгүйгээр халсан байна. Захирлын тушаалын үндэслэл нь ТБны ажилтны “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын дүгнэлтээр мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх боловч бодит байдалд Д.Т ажилдаа эгүүлэн тогтоогдсоноос хойш салбарынхаа үзүүлэлтийг ахиулсан болох нь харагддаг. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт-ын товыг Д.Т нь мэдсэн боловч шалгалт болох үед буюу 2018 оны 08 сарын 13-ны өдрөөс 14-ний өдрүүдэд өвчтэй, эмчийн магадлагаатай байсан. 2018 оны 08 сарын 14-ний өдөр н.Пүрэвжаргалд магадлагаагаа өгч явуулсан бөгөөд, “ТБ” ХХК-ийн нягтлан бодогч н.Оюунчимэгт мөн мэйлээр өвчтэй болохыг нотолсон баримтаа явуулсан байдаг.

ТБны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 дугаар тушаалаар баталсан Төв банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар түвшин тогтоох ажиллагаанд эмнэлгийн чөлөөтэй, ээлжийн амралттай зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдах боломжгүй ажилтныг комиссын шийдвэрт үндэслэн нөхөн хамруулна гэж, 4 дүгээр зүйлийн 4.2-д ажилтан өөрийн үнэлгээг зөвшөөрөхгүй тохиолдолд үнэлгээтэй танилцсан өдрөөс хойш 3 хоногийн дотор гомдлоо комисст гаргаж болно гэж заасан байдаг.

Иймд 2018 оны 10 сарын 09-ний өдрийн захирлын Б/1639 тоот тушаал нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Д.Тыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд түүний төлөөлөгч нар гаргасан тайлбартаа: Д.Т нь “ТБ” ХХК-ийн “ШУТИС” тооцооны төвийн захирлын албан тушаалд 2018 оны 04 сарын 27-ны өдөр томилогдож “ТБ” ХХК-ийн захирлын 2018 оны 10 сарын 09-ний өдрийн Б/1639 тоот тушаалаар ажлаас халагдсан. Түүний  ажлаас халсан тушаалын үндэслэл нь “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын дүгнэлтээр мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн. Төв банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт болохыг түүнд 2018 оны 08 сарын 07-ны өдөх болохыг мэдэгдэхэд тэрээр хүлээн аваагүй, улмаар 2018 оны 08 сарын 13-ны өдөр шалгалтанд ирээгүй. Шалгалт болохыг мэдсээр байж, яг шалгалт болох өдөр эмнэлгийн магадлагаа авсан байдаг.

 ТБны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 дугаар тушаалаар баталсан Төв банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтнуудын жагсаалтанд нэр нь багтсан ажилтан комиссоос товлосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хамрагдаагүй тохиолдолд тэнцээгүйд тооцно гэж заасан. Мөн түүнчлэн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйл 9.15-д зааснаар ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цагаар болон нэг буюу түүнээс дээш өдрөөр чөлөө авах тохиолдолд өөрийн шууд удирдлагад заавал урьдчилан мэдэгдсэн байх ба урьдчилан мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцно гэж заасан. Д.Т нь шалгалт болох үед өөрийн шууд удирдлагад, шалгалтын комисст өөрөө энэ талаар мэдэгдээгүй бөгөөд шалгалтын дараа өдөр нь цахим хаягаар нягтлан бодогчид мэдэгдсэн байдаг. Түүнд хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон хүний нөөцийн хорооны шийдвэрийг танилцуулж, 2018 оны 09 сарын 03-ны өдөр мэдэгдэл өгсөн. “ТБ” ХХК-ийн захирлын 2018 оны 10 сарын 09-ний өдрийн Б/1639 тоот шийдвэр нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх нэхэмжлэл, хөдөлмөрийн гэрээ, компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирлын тушаал, ажил хүлээлцсэн акт, ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны журам, “ТБ” ХХК-ийн “ШУТИС” тооцооны төвийн 2018 оны 1,2 дугаар улирлын байр эзлэлтийн дүн, ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамж, ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журам, түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны нэрсийн жагсаалт, шалгалтын явцын тэмдэглэл, ажилтнуудыг үнэлэх үнэлгээний хуудас, үнэлгээ хийх явцын тэмдэглэл, комиссын шийдвэр, комиссын дүгнэлт, хүний нөөцийн хорооны хурлын шийдвэр зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Д.Т нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           

Д.Т нь ТБХХК-д “ШУТИС” тооцооны төвийн захирлаар ажиллаж байгаад банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/1639 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан буюу мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны журамд заасанчлан Д.Т нь эмнэлгийн чөлөөтэй байсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан комиссын шийдвэрээр нөхөн хамруулах ёстой байсан боловч шалгалтанд нөхөн хамруулалгүй, шалгалтанд тэнцээгүй гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Хариуцагч эмнэлгийн магадлагаа зөрүүтэй, комисст хүндэтгэн үзэх шалтгаанаа хэлээгүй, шалгалтын дараа өдөр магадлагаагаа явуулсан тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалтанд хамрагдаагүй, түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтнуудын жагсаалтанд нэр нь багтсан ажилтан комиссоос товлосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хамрагдаагүй тохиолдолд тэнцээгүйд тооцно гэж заасны дагуу түүнийг тэнцээгүй дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг үндэслэн түүнийг ажлаас халсан шийдвэр нь үндэслэлтэй гэж маргаж байна.

 

ТБХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалыг үндэслэн ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2018 оны 08 сарын 06-ны өдрийн 3 дугаартай шийдвэрээр ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг 2018 оны 08 сарын 13-ны өдрийн 11 цагт Төв банкинд явуулахаар шийдвэрлэжээ.

ТБХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 сарын 02-ны өдрийн А-305 дугаар тушаалаар ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны нэрсийн жагсаалтыг баталсан бөгөөд уг нэрсийн жагсаалтанд “ШУТИС” тооцооны төвийн захирал Д.Т багтсан байна.

Журмын дагуу ажилтнуудын мэргэжил, ур чадварыг харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, Мэдлэг ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт/-ын үнэлгээ, Оролцоо, чанарын үнэлгээ гэсэн 3 арга хэмжээний үнэлгээгээр дүгнэх, нийт 60-аас дээш оноо авсан бол Тэнцсэн, 60 хүртэлх оноо авсан бол Тэнцээгүй гэсэн дүгнэлтийг ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс гаргах, Тэнцсэн дүгнэлт гарсан ажилтныг цалингийн шатлалыг ахиулан тогтоох, сургалтанд хамруулах, шилжүүлэн ажиллуулах , Тэнцээгүй гэсэн дүгнэлт гарсан ажилтны Хөдөлмөрийн гэрээ цуцлах зэрэг үр дүн үзүүлэх байдлаар зохицуулжээ.

Журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтнуудын жагсаалтанд нэр нь багтсан ажилтан комиссоос товлосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хамрагдаагүй тохиолдолд тэнцээгүйд тооцно гэж,  3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар түвшин тогтоох ажиллагаанд эмнэлгийн чөлөөтэй, ээлжийн амралттай зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдах боломжгүй ажилтныг комиссын шийдвэрт үндэслэн нөхөн хамруулна гэж, 4 дүгээр зүйлийн 4.2-д ажилтан өөрийн үнэлгээг зөвшөөрөхгүй тохиолдолд үнэлгээтэй танилцсан өдрөөс хойш 3 хоногийн дотор гомдлоо комисст гаргаж болно гэж тус тус заажээ.

 

Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаа 2018 оны 08 сарын 13-ны өдрийн 11 цагт Төв банкны байранд болох, түүнд Д.Т хамрагдах болсон тухай болон шалгалтын товыг Д.Тт ажил олгогч 2018 оны 08 сарын 07-ны өдөр мэдэгдсэн байх боловч Д.Т дээрх ажиллагаанд  шалгалт болох өдөр буюу 2018 оны 08 сарын 13-ны өдөр өвчтэй гэсэн шалтгаанаар оролцоогүй байна. Ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2018 оны 08 сарын 25-ны өдрийн шийдвэрээр Д.Тыг “Ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шалгалтанд тэнцээгүйд тооцжээ. Энэ нь ажил олгогч Д.Тыг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон байна.

 

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.

 

Ажилтан мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэж буйг тодорхойлох нь цогц ажиллагаа байдаг бөгөөд үүнийг Улсын Дээд шүүхийн “Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 2006 оны 33 дугаар тогтоолд комисс гүйцэтгэж, шийдвэр гаргаж байхыг заасан байна. Гэтэл банкны Гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-д “түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтан комиссоос товлосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хамрагдаагүй тохиолдолд тэнцээгүйд тооцно” гэж заасныг комисс шийдвэрийнхээ үндэслэл болгосон байх ба энэ нь комисс биш банкны Гүйцэтгэх захирал ажилтныг ажилдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэж дүгнэснээр ойлгогдож байна.

 

Д.Т 2018 оны 08 сарын 13-ны өдөр “Тэгш дүүрэн хүслэн” нөхөрлөл буюу өрхийн эмнэлгийн эмчид үзүүлж, мөн өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл өвчний учир эмчийн магадлагаатай байсан нь тогтоогдож байна. Д.Т 2018 оны 08 сарын 14-ний өдөр н.Пүрэвжаргалд эмчийн магадлагааг өгч ажил руугаа явуулсан, “ТБ” ХХК-ийн нягтлан бодогч н.Оюунчимэгт имэйлээр магадлагаагаа явуулсныг тайлбарладаг ба үүнийг хариуцагч эсэргүүцэхгүй байна.

 

Хариуцагчийн хүсэлтээр шүүх өрхийн эмнэлгийн эмчийн үзлэгийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийхэд нэхэмжлэгч 2018 оны 08 сарын 13-ны өдөр тус эмнэлэгт үзүүлж, 3 хоногийн акт олгогдсон тухай дэвтэрт тэмдэглэгдсэн байна. Харин цахим программд 2018 оны 08 сарын 13-ны өдрийн үзлэгийн бүртгэлийн илэрц байхгүй байсан нь Д.Тыг уг өдөр уг эмнэлэгт үзүүлээгүй гэж нотлохгүй юм. Мөн түүнчлэн хариуцагчид  явуулсан магадлагаа ажилтанд өөрт нь байгаагаас өөр байна гэж хариуцагч тайлбарлах боловч нэхэмжлэгч өөртөө үлдээх зорилгоор магадлагааг дахин 1 хувь хийлгэж авсан гэдэг ба магадлагаануудын он сар өдөр, өвчний онош ижил, зөвхөн тамга 2 өөр газарт дарагдсан байх бөгөөд энд хэргийн шийдвэрлэлтэнд нөлөөлөх нөхцөл алга байна. Нэхэмжлэгч эмчид үзүүлсний маргааш өдөр магадлагаагаа ажил олгогчид хүргүүлсэн байх ба шалгалтын комисст хүргүүлэх ёстой байсан гэж түүнийг буруутгах боломжгүй юм. Түүнчлэн комиссын шийдвэр гарахаас 11 хоногийн өмнө ажилтан ажил олгогчид энэ талаар мэдэгджээ.

 

Банкны Гүйцэтгэх захирал 2016 онд тушаал гаргаж мөн онд ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг явуулж байсан байх ба дахин 2018 онд явуулах ямар шаардлага үүссэн нь тодорхойгүй байх ба энэ талаар ямар журам тогтоосон нь аль нэг эрхийн актаар зохицуулагдаагүй байна. Хариуцагч Авилгатай тэмцэх газраас 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 05/2632, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/18-217 дугаар албан бичгүүд ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг      явуулах нэг үндэслэл болсон гэж тайлбарладаг ба эхний албан бичиг нь Д.Тыг “ШУТИС” тооцооны төвийн захирлаар томилогдохоор нэр дэвшүүлсэнд өгсөн хариу (ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл үгүй гэсэн), нөгөө нь байгууллагын боловсон хүчин, хүний нөөц, томилгооны асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлж ажиллах талаар байгууллагад зөвлөмжийн агуулгатай байна. Ер нь Авилгатай тэмцэх газар нь нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлыг хянах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бөгөөд дээрх албан бичгүүд ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлснийг зөвтгөх баримт бичиг биш байна.

Нэхэмжлэгч өөрийнх нь мэргэжил, ур чадварын байдалд эргэлзэх нөхцөл байгаагүй, харин ч урьдын шүүхийн шийдвэрийн дагуу дахин томилогдсоноос хойш ажлын үзүүлэлт урьд байснаас ахьсан гэж тооцооны төвүүдийн 2018 оны 1, 2 дугаар улирлын ажлын байр эзлүүлэлтийн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн байх ба “ШУТИС” тооцооны төв ажлын үзүүлэлтээр 2018 оны 1 улиралд 71 тооцооны төвөөс 51 дүгээрт, мөн оны 2 дугаар улиралд 48 дугаарт орсон байсан байдал харагдаж байна.

 

 Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 64 өдрийн цалинтай тэнцэх олговор 4.372.222 ((1.577.400+1.563.600+1.367.854):3:22х64) төгрөг болж байна.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ НЬ:

 

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Д.Тыг “ТБ” ХХК-ийн “ШУТИС” тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан “ТБ” ХХК-аас 4.372.222 төгрөгийг гаргуулж Д.Тт олгон, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-ыг баримтлан Д.Тын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

  1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 84.906 төгрөг гаргуулж улсад олгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                         

                               ДАРГАЛАГЧ                                           С.БУД