Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2018/02554

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2018/02554

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.М /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Н УТҮГ /РД:/-д холбогдох

6,425,542 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.С, хариуцагчийн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.М нь тус байгууллагад түргэн тусламжийн их эмчээр ажиллаж байгаад 2017 оны 5 сарын 22-ны өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй тул тус дүүргийн шүүхэд 2017 оны 5 сарын 22-ны өдрийн Б/108 тоот тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гарган шийдвэрлүүлсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Үүнийг ажил олгогч хүлээн зөвшөөрөхгүй гээд Улсын дээд шүүхэд хяналтаар гомдол гаргасан боловч тус шүүхээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ажил олгогч дээд шүүхийн шийдвэр 2018 оны 6 сарын 26-ны өдөр гараад байхад үүнээс хойш биелүүлээгүй явсаар 2018 оны 9 сарын 20-ны өдөр б/174 тоот тушаалаар эгүүлэн ажилд авсан болно. Тушаалын эх хувиа нэхэхээр өгөхгүй шүүхээр гаргуулж ав гээд хуулбарыг өгсөн болно. А.М нь ажлаа хийгээд арван сарын урьдчилгаа цалинг 2018 оны 10 сарын 8-ны өдөр авсан болно. А.М нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2018 оны 3 сарын 7-ны өдрөөс хойш ажилд эгүүлэн авсан тушаал гарсан 2018 оны 9 сарын 20-ны өдрийн хоорондох хугацаа буюу нийт ажлын 134 өдрөөр тооцон магадлалд дурдсан нэг өдрийн цалин болох 45,713 төгрөгөөр тооцож нийт 6,125,542 төгрөгийг, мөн ажилдаа эгүүлэн томилогдсон тул Их хурлын 2017 оны 11 сарын 9-ний өдрийн 67 дугаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол, 2017 оны 12 сард Засгийн газрын 2017 оны 12 сарын 6-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Төрийн албан хаагч нарт олгож байсан 300,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Дээрх хугацаагаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэн баталгаажуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд манай эмч А.Мгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч доорх тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь 2017 онд ажлаас үндэслэлгүй халагдсан талаар Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхээс түүнийг тус төвийн эмчийн ажилд эгүүлэн тогтоосон ба уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж, Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 сарын 26-ны өдрийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Нэхэмжлэгч А.М нь түүнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийн дагуу ажилд орох хүсэлтээ 2018 оны 8 сарын 9-ний өдөр гаргасан ба манай байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж, түүнийг 2018 оны 9 сарын 20-ны өдөр ажилд авсан болно. Түүний нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа учир нь тэрээр түүний нэхэмжлэлтэй иргэний хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үеийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 сарын 7-ны өдрийн 639 тоот магадлал гарсан үеэс хойш ажилгүй байсан хугацааны цалин гэж нэхэмжилсэн байх ба энэ үед уг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан болно. Мөн А.М нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 сарын 6-ны өдрийн шийдвэрээр төрийн албан хаагч нарт олгож байсан 300,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. Иймд А.Мгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг хариуцагчаас гаргаж байсан. 2018 оны 6 сарын 26-ны өдөр Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч ажилдаа оръё гэж ирээгүй бөгөөд 9 сард ирж уулзсан байдаг. 7-8 сард ажил хийх хүсэл сонирхол нэхэмжлэгчид байгаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмжид нийт 2,116,798 төгрөгийг авсан байдаг. Бидний зүгээс тооцоо гаргаж үзэхэд түүнд олгох цалин хөлсний хэмжээ нь 3,950,000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс ажилгүйдлийн тэтгэмжид авсан 2,116,798 төгрөгийг хасч тооцоход 1,833,202 төгрөг болж байгаа тул уг зөрүүг олгоход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Н УТҮГ-т холбогдуулан шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон 2018 оны 3 сарын 7-ны өдрөөс түүнийг ажилд буцаан томилсон 2018 оны 9 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,125,542 төгрөг,  төрийн албан хаагч нарт нэгдсэн журмаар олгосон 300,000 төгрөгийн урамшуулал, нийт 6,425,542 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байсан ба хариуцагчийн төлөөлөгч нь өөрсдийн гаргасан тооцоогоор А.Мд олгох цалин хөлсний хэмжээ 3,950,000 төгрөг болж байгаа, үүнээс ажилгүйдлийн тэтгэмжид авсан 2,116,798 төгрөгийг хасч тооцоход 1,833,202 төгрөгийг олгож болно, нэхэмжлэлийн бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.М нь Н УТҮГ-т их эмчээр ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөн, улмаар шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 сарын 8-ны өдрийн 181/ШШ2018/00053 дугаартай шийдвэрээр А.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гарч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 639 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч А.Мг Н УТҮГ-ын их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Н УТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,314,837 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Мд олгож, нэхэмжлэгч А.Мгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, Улсын дээд шүүхийн 2018 оны 6 сарын 26-ны өдрийн 1085 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн гэх тайлбарыг нэхэмжлэгч тал гаргадаг ба хариуцагч тал дээрх үйл баримтад мөн маргадаггүй.

Нэхэмжлэгчийн зүгээс дээр дурдсан үйл баримтыг нотлох баримт болгож анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг баримтууд нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тэмдгээр баталгаажуулсан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан бөгөөд Монгол Улсын шүүхийн цахим сан буюу http://new.shuukh.mn/irgenhyanalt/4119/view вэб сайтад А.Мгийн нэхэмжлэлтэй Н УТҮГ-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол хадгалагдсан байна.

Н УТҮГ-ын захирлын 2018 оны 9 сарын 20-ны өдрийн Б/174 дугаартай А.Мтай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал /хх-49 тал/-аар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу Амгалангийн Мөнхнасанг 2018 оны 9 сарын 20-ны өдрөөс их эмчээр ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дахь заалтад Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасны дагуу А.Мг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг түүний ажил олгогч буюу Н УТҮГ заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажилтныг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарна.

Иймд нэхэмжлэгч А.Мг ажилд эгүүлэн тогтоосон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 сарын 7-ны өдрийн 639 дүгээр магадлал гарсан өдрөөс Н УГҮГ-ийн захирлын 2018 оны 9 сарын 20-ны өдрийн Б/174 дүгээр тушаал гарсан өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагч буюу Н УТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч А.Мд олгох бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 сарын 7-ны өдрийн 639 дугаартай магадлалаар тогтоосон нэг өдрийн дундаж цалин хөлс болох 45,713 төгрөгийг нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон 2018 оны 3 сарын 7-ны өдрөөс ажил олгогч ажилд нь эгүүлэн томилсон 2018 оны 9 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд буюу нийт ажлын 143 хоногт тооцоход ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээ нь 6,536,959 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,125,542 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хариуцагч Н УТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,125,542 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Мд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Их хурлын 2017 оны 11 сарын 19-ний өдрийн 67 дугаартай Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2017 оны төсвийн жилд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчид 300,000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгох-оор заасан, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас буруу халаагүй байсан бол нэхэмжлэгч нь уг урамшууллыг авах хууль зүйн боломжтой байсан тул ажил олгогчийн буруутай шийдвэрийн улмаас ажилтанд учирсан хохиролд тооцон Н УТҮГ-аас 300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Мд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч А.Мгийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Н УТҮГ-т даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг тус тус баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,125,542 төгрөг, хохиролд 300,000 төгрөг, нийт 6,425,542 төгрөгийг хариуцагч Н УТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч А.Мд олгосугай.

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч А.Мгийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Н УТҮГ-т даалгасугай.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 117,760 төгрөгийн 117,758 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 төгрөгийг улсын орлогоос, 117,758 төгрөгийг хариуцагч Н УТҮГ-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Мд олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР