Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2019/00777

 

А.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/02554 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 259 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч А.М-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НТТТ-д холбогдох,

6 425 542 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-гийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч А.М- миний бие тус байгууллагад түргэн тусламжийн их эмчээр ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан бөгөөд эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ингээд давж заалдах шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Мөн хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн.

Хариуцагч Улсын Дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өөр Б/174 тушаалаар намайг ажилд эгүүлэн томилсон. 

...Миний бие ажлаа хийгээд арван сарын урьдчилгаа цалинг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр авсан.

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тушаалаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол, 2017 оны 12 дугаар сард Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Төрийн албан хаагч нарт олгож байсан 300 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаа 134 өдөр буюу нэг өдрийн 45 713 төгрөгөөр тооцоход 6 125 542 төгрөг, төрийн албан хаагч нарт олгосон 300 000 төгрөг, нийт 6 425 542 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэн баталгаажуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Нэхэмжлэгч нь 2017 онд ажлаас үндэслэлгүй халагдсан талаар Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхээс түүнийг тус төвийн эмчийн ажилд эгүүлэн тогтоосон ба уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж, Улсын Дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Нэхэмжлэгч А.М- нь түүнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийн дагуу ажилд орох хүсэлтээ 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гаргасан ба манай байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж, түүнийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажилд авсан болно. 

...А.М- нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 639 тоот магадлал гарсан үеэс хойш ажилгүй байсан хугацааны цалин гэж нэхэмжилсэн байх ба энэ үед уг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан болно. Мөн А.М- нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар  сарын 06-ны өдрийн шийдвэрээр төрийн албан хаагч нарт олгож байсан 300 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. Иймд А.М-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/02554 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг тус тус баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,125,542 төгрөг, хохиролд 300,000 төгрөг, нийт 6,425,542 төгрөгийг хариуцагч НТТТ- УТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч А.М-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч А.М-гийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч НТТТ- УТҮГ-т даалгаж,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 259 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/02554 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс НТТТ-ийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/174 тоот тушаал, 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол зэрэг баримтуудыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тэмдгээр баталгаажуулан ирүүлсэн байхад шүүх уг алдааг залруулалгүйгээр шүүхийн нэгдсэн цахим санд хадгалагдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүхэд эхээр, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт хэргийн оролцогч “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх “ үүргийг хуульчлан өгсөн бөгөөд нэхэмжлэгч А.М- нь хуулиар хүлээсэн энэ үүргээ биелүүлээгүй асуудлыг анхан шатны шүүхийн алдаа гэж дүгнэсэн нь хууль бус болсон байна.

... давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчийн эрх ашгийг илүүд үзэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн оролцогч болох нэхэмжлэгчийн үүргийг шүүх хүлээх ёстой мэтээр дүгнэх хууль, эрх зүйн үндэслэл байхгүй байна.

Иймд гомдолд дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 259 тоот магадлал, анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 181\ШШ2018\02554 тоот шийдвэрийг хянан үзэж шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй болсон байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч А.М- нь хариуцагч НТТТ-” УТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч НТТТ- нь шаардлагыг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, хэрэг давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж байсан үеийн цалингийн нөхөх олговрыг төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч А.М- “НТТТ-” УТҮГ-ын захирлын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б\108 дугаар тушаалаар их эмчийн ажлаас халагдсан бөгөөд түүний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181\ШШ2018\00053 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон бол Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 639 дүгээр магадлалаар А.М-г “НТТТ-” УТҮГ-ын их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажлаас халагдсан өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэлх 9 сар 10 хоногийн хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 9 314 837 төгрөгийг “НТТТ-” УТҮГ-аас гаргуулж, А.М-д олгохоор шийдвэрлэсэн байна. Улсын Дээд шүүх хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 001\ХТ2018\01085 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээжээ.

Ажил олгогч “НТТТ-” УТҮГ нь захирлын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б\174 дүгээр тушаалаар нэхэмжлэгч А.М-г их эмчийн ажилд эгүүлэн тогтоожээ.

Нэхэмжлэгч А.М- нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон ажил олгогчийн тушаал гарсан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг шаардсан байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Шүүх ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг ажил олгогч олгох үүрэгтэй болно. Хуульд заасан “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт эрх зүйн маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байсан үе ч мөн хамаарах учиртай.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаахдаа зохигчийн хооронд ажлаас халагдсан асуудлаар үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн дээрх шийдвэр, магадлал, тогтоол эхээрээ, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэлбэрээр авагдаагүй гэж үзжээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэмдгээр баталгаажсан байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангаагүй баримтыг шүүхийн цахим сан дахь мэдээлэлтэй харьцуулан шийдвэрийн үндэслэл болгосныг буруу гэж дүгнэсэн байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтад тавигдах хэлбэрийн шаардлагыг хэргийн оролцогчид баримтлах үүрэгтэй, шүүх энэ байдалд хяналт тавьж, нотлох баримтын зөвшөөрөгдсөн байдлыг хангуулах ёстой. Энэ утгаараа давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Харин анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийн улмаас хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь эрх зүйн маргааны оролцогчдын эрх ашигт муугаар нөлөөлөх, хэн алины хохирлын хэмжээг нэмэгдүүлэх уршигтайгаас гадна шүүн таслах ажиллагааны шуурхай байдлын, үр ашгийн, хэмнэлтийн зарчимд нийцэхгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Зохигчийн хоорондох хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэж, хүчин төгөлдөр болсон гурван шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын талаар талууд маргаагүй, шүүхэд гаргасан хуулбар хувийн үнэн зөв байдалд эргэлзээ төрөөгүй, хэрэгт авагдсан шийдвэрүүдийн хувь нь шүүхийн шийдвэрийн цахим санд байгаа хувиас зөрүүгүй байгаа тохиолдолд дээрх зөрчлийг шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах зайлшгүй үндэслэл гэж үзэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоос анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах хэсгийг хангах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 259 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/02554 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

         ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН