Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2017/00397

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2017/00397

Улаанбаатар хот

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Б.Б-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ТШШ  ХХК

 

Хариуцагч: М.Б ХХК нарт холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажиллаж байсан хугацааны болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.А, хариуцагч нарын төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 9 сарын 05-ны өдөр Түгээмэл шуурхай ******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийж менежерийн албан тушаалд ажилд орсон. Гэтэл 2016 оны 10 сарын 24-ний өдөр захирал дуудаж, дахин хамтран ажиллах боломжгүй гэж тайлбарлан гэнэт ажлаас чөлөөлсөн. Тухайн үед ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тодорхой мэдэж чадаагүй бөгөөд сүүлд 11 сарын 14-ний өдөр тушаалтайгаа танилцахад энэ ажлыг хийх чадваргүй гэсэн тушаал гарсан байсан. Тус компанид ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, *******-ийн менежерийн ажилд эгүүлэн томилуулах, ажиллаж байсан хугацааны цалин 250,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,600,000 төгрөг гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Б нь 2016 оны 9 сарын 05-ны өдөр Т ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж тус компанийн захирлын мэдлийн М ХХК-иас эрхлэн гаргадаг хүүхдийн Алтан түлхүүр сэтгүүлийн менежерийн ажлыг хариуцан ажиллахаар тохиролцсон. Үндсэн ажил үүргийн хувьд сэтгүүлийг сар бүр тохирсон тооноос бууруулахгүйгээр борлуулах, Алтан түлхүүр хүүхдийн нэвтрүүлгийн ивээн тэтгэгч, реклам олох, сайтыг бараажуулах ажил байсан. Алтан түлхүүр сэтгүүл нь үйл ажиллагаа явуулаад 6 жил болсон төдийгүй энэ хугацаанд нийт 90 дугаар гаргасан сар бүр дунджаар 10,000 орчим хэвлэгддэг олон нийтэд танигдсан сэтгүүл юм. Менежер ******* нь Сонгинохайрхан дүүрэг, Говь-Алтай, Говьсүмбэр, Баянхонгор, Төв аймгуудыг бүхэлд нь хариуцдаг борлуулалтын менежер бөгөөд сар бүр 1,500 хувиас дээш борлуулалт хийж нэмэгдэл цалин авах болзолтой хамгийн багадаа сар бүр 1,000 сэтгүүл борлуулах төлөвлөгөөтэй ажилласан боловч эхний сард 249 сэтгүүл, дараагийн сард 12 сэтгүүлийн борлуулалт хийсэн байна. Мөн нийт ажиллах хугацаандаа хүүхдийн нэвтрүүлгийн реклам, ивээн тэтгэгчээр нэг ч байгууллага олоогүй, сайтыг бараажуулах ажлаар нэг ч байгууллагатай гэрээ байгуулаагүй. Тухайн ажлыг авснаас хойш менежерүүдийн ажлыг долоо хоног тутам дүгнэн хуралдаж байхад ******* нь ажилдаа хариуцлагагүй хандаж, ажил үүргээ хангалттай биелүүлээгүй, төлөвлөгөөндөө хүрч ажиллаж чадахгүй байсан тул сануулга өгч байсан. Тэрээр ажилд ороод сар ч болоогүй байхдаа би энэ ажлыг ер нь хийж чадахгүй байна гэх шалтгаан тоочиж өөрийн хүсэлтээр ажилаас гарах хүсэлтээ амаар тавьж байсан бөгөөд компанийн удирдлагын зүгээс түүнийг төлөвлөгөөндөө хүрч ажиллаж чадаагүй хариуцлагагүй ажилласанд нь хариуцлага хүлээлгэж Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-г үндэслэн үндсэн цалингаас 20 хувиар хасах арга хэмжээ авч дахин нэг боломж олгож үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан. Гэвч түүнээс хойш захиалгын тоог нэмэгдүүлэх талаар дорвитой ажил хийгээгүй. Гэтэл захирал ******* миний бие 2016 оны 10 сарын 12-ны өдөр ажлаар Замын-Үүд чиглэлд явахдаа Алтан түлхүүр сэтгүүлээ авч яван замын аймгуудаар борлуулалт хийхэд *******гийн хариуцсан Говьсүмбэр аймгийн төвийн сургуулиуд, Шивээ говь суманд нийт 500 орчим сэтгүүл, мөн 10 сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт очиж аймгийн төвийн сургуулиудад нийт 1,000 сэтгүүлийг борлуулсан бөгөөд тухайн менежер маань хариуцсан аймагтаа мэдээллээ дутуу түгээсэн, төлөвлөгөөг зөвхөн нэг аймгаас хийх боломж байсаар байхад огт зүтгэл гаргаагүй зэргээс үндэслэн энэ хүний ажлаа хийхгүй байна гэх дүгнэлтэнд хүрсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасны дагуу түүний ажилдаа идэвх санаачлагатай ажиллах, төлөвлөгөөндөө хүрч ажиллахыг сануулж байсан, төлөвлөгөөндөө хүрээгүй тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т үндэслэн тус ажилтан мэргэжил ур чадварын хувьд тус ажилд тэнцэхгүй гэж үзэн, мөн тус хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасны дагуу ажлаас халах арга хэмжээ авсан болно гэжээ. Менежер ******* нь ажилд ороод бүтэн нэг сар болоогүй байхдаа ажлаа хариуцлагагүй хийж өөрийгөө энэ ажлыг цаашид хийх чадамжгүй гэдгээ тодорхойлж байсан, мөн тухайн сарын цалин дээрээ цалингийн 20 хувийн арга хэмжээ авахуулсан байдал нь зэрэг хүчин зүйлүүдээс хамаараад компанийн удирдлага Нийгмийн даатгалд хамруулалгүй түр хүлээж байсан болно. Гэсэн хэдий ч тухайн менежер нь өөрөө нийгмийн даатгалаа төлий гэсэн хүсэлтийг мөн адил гаргаагүй болно. Үлдэгдэл цалинтай холбоотой асуудал нь менежерийн тухайн саруудад хийсэн ажлын орлогыг бүрэн орсны дараа холбогдох тооцоог хийж дуусгахыг санхүүд даалгасан бөгөөд тухайн менежерийн борлуулсан сэтгүүлийн орлого одоо болтол бүрэн ороогүй хүлээгдэж байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, *******-ийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байсан хугацааны цалин хөлс 250,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,600,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Түгээмэл шуурхай ******* ХХК, ******* нар эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 9 сарын 05-ны өдөр Түгээмэл шуурхай ******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул Түгээмэл шуурхай ******* ХХК-ийг, ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаалыг *******-иас гаргасан, мөн *******-ийн эрхэлдэг Алтан түлхүүр сэтгүүлийн менежерээр ажиллаж байсан тул *******-ийг хариуцагчаар тус тус татсан гэж тайлбарладаг.

 

Хариуцагч нарын төлөөлөгч нь дээрх хоёр компанийн үүсгэн байгуулагч нь нэг хүн байдаг, боловсон хүчин андуураад Түгээмэл шуурхай ******* ХХК-ийн нэр дээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг, гэвч ******* нь *******-ийн эрхэлдэг Алтан түлхүүр сэтгүүлийн менежерээр ажиллаж байсан, Түгээмэл шуурхай ******* ХХК болон *******-иуд хөдөлмөрийн гэрээний нэг загвартай учир *******-ийн хөдөлмөрийн гэрээ гэж ойлгож болно гэж тайлбарладаг.

 

Талуудын тайлбар нийцэж байгаа тул ******* нь 2016 оны 9 сарын 05-ны өдөр *******-ийн эрхэлдэг Алтан түлхүүр сэтгүүлийн менежерийн ажил, албан тушаалд хөдөлмөрийн гэрээний дагуу томилогдсон байна гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч нар өөрийн татгалзал, түүний үндэслэлийг менежер ******* нь ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, сард 1,000 1,500 төгрөгийн борлуулалт хийх төлөвлөгөөтэй байтал эхний сард 249 сэтгүүл борлуулсан учир сахилгын арга хэмжээ авсан, дараагийн сард 12 сэтгүүл борлуулсан, нэг ч реклам зар сурталчилгааны гэрээ байгуулаагүй учир ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг.

 

Нэхэмжлэгч ******* нь эхний сард 249 сэтгүүл, дараагийн сард 12 сэтгүүл борлуулж, борлуулалтын төлөвлөгөөгөө биелүүлээгүй, реклам зар сурталчилгааны гэрээ байгуулаагүй гэх үйл баримтын талаар маргадаггүй.

 

Харин Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдээгүй, ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тушаалд тодорхой дурдаагүй гэж тайлбарлан маргадаг.

 

Нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Учир нь, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 - 40.1.7-д заасан чухам ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тухайгаа тушаалд тодорхой дурдах, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан үндэслэлийг тушаалд тодорхой дурдах нь ажилтан юуны учир ажлаас чөлөөлөгдсөн болохоо баттай сайн мэдэх, улмаар шүүхэд хандсан тохиолдолд ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлийн талаар маргах, мөн 40.5-д заасан тодорхой хугацааны өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэх нь ажилтан дараагийн ажилаа эрж хайх, ажлаас халагдсаны дараах эрх зүйн үр дагаварт бэлтгэх зэрэгт тус тус ач холбогдолтой байдаг учир хууль тогтоогч ажил олгогчийн үүрэг болгон хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан *******-ийн 2016 оны 10 сарын 24-ний өдрийн 2016/009 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 40.1.7-д заасан чухам ямар үндэслэлээр ажилаас чөлөөлсөн тухай тодорхой дурдаагүй буюу дээр дурдсан зүйл, заалтыг удирдлага болгоогүй байхаас гадна хэрэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан хугацааны өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд мэдэгдсэн тухай баримт авагдаагүй, ийнхүү мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар няцаагаагүй.

 

Иймд, нэхэмжлэгч *******г *******-ийн Алтан түлхүүр сэтгүүлийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,600,000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлж байгаагүй учир хөдөлмөрийн гэрээ болон ажилд авах тушаалд дурдагдсан үндсэн цалин 500,000 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нь зүйтэй байна.

 

Ажлаас чөлөөлсөн 2016 оны 10 сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нь 500,000 төгрөг : 22 ажлын хоног = 22,727 х 70 ажлын хоног = 1,704,545 төгрөг болж байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,600,000 төгрөгийн хэмжээнд хангах нь зүйтэй.

 

Ажиллаж байсан хугацааны цалин хөлс 250,000 төгрөгийн тухайд, нэхэмжлэгч нь хариуцагч талаас гаргаж өгсөн 2016 оны 10 сарын цалингийн хүснэгтэд дурдагдсан тооцооны талаар маргаагүй учир 196,724 төгрөгийг хангаж, үлдэх 53,276 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ийнхүү шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй юм.

 

Хариуцагчийн гаргасан Менежер ******* нь ажилд ороод бүтэн нэг сар болоогүй байхдаа ажлаа хариуцлагагүй хийж өөрийгөө энэ ажлыг цаашид хийх чадамжгүй гэдгээ тодорхойлж байсан, мөн тухайн сарын цалин дээрээ цалингийн 20 хувийн арга хэмжээ авахуулсан байдал нь зэрэг хүчин зүйлүүдээс хамаараад компанийн удирдлага Нийгмийн даатгалд хамруулалгүй түр хүлээж байсан болно гэсэн тайлбар нь үндэслэлгүй байх ба энэ нь хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч *******г хариуцагч *******-ийн Алтан түлхүүр сэтгүүлийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,600,000 төгрөг болон ажилласан хугацааны цалин хөлс 196,724 төгрөгийг тус тус *******-иас гаргуулан *******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг *******-д даалгаж, үлдэх 53,276 төгрөгт холбогдох шаардлага болон Түгээмэл шуурхай ******* ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 43,698 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР