Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 846

 

Б.Батзаяагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00397 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Батзаяа,

Хариуцагч ‘’Түгээмэл шуурхай шуудан’’ ХХК, ‘’Мега бренд’’ ХХК нарт холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажиллаж байсан хугацааны болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б. Батзаяа,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буян,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Б.Адалбек шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ‘’Түгээмэл шуурхай шуудан’’ ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж менежерийн албан тушаалд ажилд орсон. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр захирал дуудаж, дахин хамтран ажиллах боломжгүй гэж тайлбарлан гэнэт ажлаас чөлөөлсөн. Тухайн үед ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тодорхой мэдэж чадаагүй бөгөөд сүүлд 11 дүгээр сарын 14-ний өдөр тушаалтайгаа танилцахад энэ ажлыг хийх чадваргүй гэсэн тушаал гарсан байсан. Тус компанид ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, “Мега бренд’’ ХХК-ийн менежерийн ажилд  эгүүлэн томилуулах, ажиллаж байсан хугацааны цалин 250 000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1 600 000 төгрөг гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар болон тэдгээрийн төлөөлөгч Г. Баттөр нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Батзаяа нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Түгээмэл шуурхай шуудан’’ ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж тус компанийн захирлын мэдлийн “Мега бренд’’ ХХК-иас эрхлэн гаргадаг хүүхдийн “Алтан түлхүүр’’ сэтгүүлийн менежерийн ажлыг хариуцан ажиллахаар тохиролцсон. Үндсэн ажил үүргийн хувьд сэтгүүлийг сар бүр тохирсон тооноос бууруулахгүйгээр борлуулах, ‘’Алтан түлхүүр’’ хүүхдийн нэвтрүүлгийн ивээн тэтгэгч, реклам олох, сайтыг бараажуулах ажил байсан.

‘’Алтан түлхүүр’’ сэтгүүл нь сар бүр дунджаар 10 000 орчим хэвлэгддэг сэтгүүл бөгөөд менежер Б.Батзаяа нь Сонгинохайрхан дүүрэг, Говь-Алтай, Говьсүмбэр, Баянхонгор, Төв аймгуудыг бүхэлд нь хариуцаж, сар бүр 1 500 хувиас дээш борлуулалт хийж нэмэгдэл цалин авах болзолтой, багадаа сар бүр 1 000 сэтгүүл борлуулах төлөвлөгөөтэй ажилласан боловч эхний сард 249 сэтгүүл, дараагийн сард 12 сэтгүүлийн борлуулалт хийсэн байна. Мөн нийт ажиллах хугацаандаа хүүхдийн нэвтрүүлгийн реклам, ивээн тэтгэгчээр нэг ч байгууллага олоогүй, сайтыг бараажуулах ажлаар нэг ч байгууллагатай гэрээ байгуулаагүй.

Тухайн ажлыг авснаас хойш менежерүүдийн ажлыг долоо хоног тутам дүгнэн хуралдаж байхад Б.Батзаяад ажилдаа хариуцлагагүй хандаж, ажил үүргээ хангалттай биелүүлээгүй, төлөвлөгөөндөө хүрч ажиллаж чадахгүй байсан тул сануулга өгч байсан. Тэрээр ажилд ороод сар ч болоогүй байхдаа би энэ ажлыг ер нь хийж чадахгүй байна гэх шалтгаан тоочиж өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ амаар тавьж байсан бөгөөд компанийн удирдлагын зүгээс түүнийг төлөвлөгөөндөө хүрч ажиллаж чадаагүй, хариуцлагагүй ажилласанд нь хариуцлага хүлээлгэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-т заасныг үндэслэн үндсэн цалингаас 20 хувиар хасах арга хэмжээ авч ахин нэг боломж олгож, үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан. Гэвч түүнээс хойш захиалгын тоог нэмэгдүүлэх талаар дорвитой ажил хийгээгүй. Гэтэл захирал Г.Баттөр миний бие 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлаар Замын-Үүд чиглэлд явахдаа “Алтан түлхүүр’’ сэтгүүлээ авч яван замын аймгуудаар борлуулалт хийхэд Б.Батзаяагийн хариуцсан Говьсүмбэр аймгийн төвийн сургуулиуд, Шивээ говь суманд нийт 500 орчим сэтгүүл, мөн 10 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт очиж аймгийн төвийн сургуулиудад нийт 1000 сэтгүүл борлуулсан бөгөөд менежер нь хариуцсан аймагтаа мэдээллээ дутуу түгээсэн, төлөвлөгөөг зөвхөн нэг аймгаас хийх боломж байсаар байхад огт зүтгэл гаргаагүй зэргээс үндэслэн энэ хүнийг ажлаа хийхгүй байна гэх дүгнэлтэнд хүрсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасны дагуу түүнийг ажилдаа идэвх санаачлагатай ажиллах, төлөвлөгөөндөө хүрч ажиллахыг сануулж байсан, төлөвлөгөөндөө хүрээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн тус ажилтан мэргэжил, ур чадварын хувьд тус ажилд тэнцэхгүй гэж үзэн мөн тус хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасны дагуу ажлаас халах арга хэмжээ авсан болно.

Менежер Б.Батзаяа нь ажилд ороод бүтэн нэг сар болоогүй байхдаа ажлаа хариуцлагагүй хийж өөрийгөө энэ ажлыг цаашид хийх чадамжгүй гэдгээ тодорхойлж байсан, мөн тухайн сарын цалин дээрээ цалингийн 20 хувийн арга хэмжээ авхуулсан байдал зэрэг хүчин зүйлүүдээс хамаараад компанийн удирдлага нийгмийн даатгалд хамруулалгүй түр хүлээж байсан болно. Гэсэн хэдий ч тухайн менежер нь өөрөө нийгмийн даатгалаа төлье гэсэн хүсэлтийг мөн адил гаргаагүй болно. Үлдэгдэл цалинтай холбоотой асуудал нь менежерийн тухайн саруудад хийсэн ажлын орлогыг бүрэн орсны дараа холбогдох тооцоог хийж дуусгахыг санхүүд даалгасан бөгөөд тухайн менежерийн борлуулсан сэтгүүлийн орлого одоо болтол бүрэн ороогүй хүлээгдэж байгаа болно гэжээ.

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Батзаяаг хариуцагч “Мега бренд’’ ХХК-ийн “Алтан түлхүүр’’ сэтгүүлийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1 600 000 төгрөг болон ажилласан хугацааны цалин хөлс 196 724 төгрөгийг тус тус ‘’Мега бренд’’ ХХК-иас гаргуулан Б. Батзаяад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг “Мега бренд” ХХК-д даалгаж, үлдэх 53 276 төгрөгт холбогдох шаардлага болон “Түгээмэл шуурхай шуудан” ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч ‘’Мега бренд’’ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 43 968 төгрөгийг гаргуулан улсын  төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буян давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг баримтлан хэрэглэх ёсгүй хуулийн зүйл заалтыг хэрэглэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. 

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Б.Батзаяа нь хөдөлмөрийн гэрээний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ‘’Мега бренд’’ ХХК-ийн эрхэлдэг ‘’Алтан түлхүүр’’ сэтгүүлийн менежерийн ажил, албан тушаалд томилогдон ажилд орсон гэж дүгнэсэн атлаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхийг дүгнэж үзээгүй. Мөн шүүх үндэслэх хэсэгтээ Б.Батзаяа нь эхний сард 249 сэтгүүл, дараагийн сард 12 сэтгүүл борлуулж, борлуулалтын төлөвлөгөөгөө биелүүлээгүй, реклам зар сурталчилгааны гэрээ байгуулаагүй гэх үйл баримтын талаар маргадаггүй гэж дүгнэжээ.

Шүүхийн ингэж дүгнэсэн нь нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан албан үүргээ биелүүлээгүй болохыг зөвшөөрч байгааг харуулж байна. Бизнесийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хувьд ашиг орлогоо нэмэгдүүлэх ажил нь тухайн байгууллагын оршин тогтнох үндэс нь байдаг бөгөөд тийм ч учраас гэрээний үүргийн биелэлтийг нэн тэргүүнд шаарддаг. Тухайн гэрээний үүргийн биелэлтийг хангалтгүй биелүүлсэн тохиолдолд байгууллага өөрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд хуулиар эрх зүйн хамгаалалтын арга хэрэглэх шаардлагатай байдаг. Тийм ч учраас Хөдөлмөрийн тухай хуульд заагдсан сахилгын арга хэмжээ нь эрх зүйн хамгаалалтын нэг хэрэгсэл юм.

“Мега бренд’’ ХХК-ийн зүгээс сануулах болон цалингийн 20 хувийг хасах хүртэл сахилгын арга хэмжээ авсан нь ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ удаа дараа биелүүлээгүй болохыг харуулж байна. Б.Эрдэнэбилэг нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул сахилгын арга хэмжээг шат дараатайгаар авсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан тул “Мега бренд” ХХК-ийн захирал Г.Баттөрийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №2016/009 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүх үндэслэх хэсэгтээ Б.Батзаяа нь ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, сард 1000-1500 ширхэгийн борлуулалт хийх төлөвлөгөөтэй байтал эхний сард 249 сэтгүүл борлуулсан учир сахилгын арга хэмжээ авсан, дараагийн сард 12 сэтгүүл борлуулсан, нэг ч реклам зар сурталчилгааны гэрээ байгуулаагүй учир ажилтан мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр чөлөөлсөн гэж тайлбарладаг гэж дүгнэсэн.

            Энэхүү дүгнэлтээс үзэхэд хариуцагчийн шүүх хуралд гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэх хэсэгтээ тусгаагүй мөн шийдвэрээ гаргахдаа хэт нэг талыг барьж зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрээ гаргасан байна. Учир нь, шүүх хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх гэж байгаа бол ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан албан тушаалын үндсэн үүргээ биелүүлсэн эсэхийг тогтоох шаадлагатай. Харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч албан тушаалын үүргээ биелүүлээгүй болохыг хангалттай нотлох баримтаар нотолж байхад нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна.

             Мөн шүүх Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод дүрэм журам, хөдөлмөрийн гэрээнд заагдсан сахилгын арга хэмжээнүүд авагдсанд дүн шинжилгээ хийгээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан’’ бол хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох үндэслэл байхад хуулийг буруу хэрэглэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

              “Мега бренд’’ ХХК-ийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2016/009 тоот  “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд  “Мега бренд’’ ХХК-ийн менежерүүд нь ажилд орсноос хойш өөрийн хариуцсан ажилд хариуцлагагүй хандаж төлөвлөгөөгөө дараалан биелүүлж чадахгүй байгаа...” гэж үзэн менежерүүдийг ажлаас чөлөөлсөн байхад шүүх ажлаас халах тушаалдаа ажлаас халсан үндэслэлээ тусгаагүй гэж үзсэн байна. анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэх шаардлагыг хангаагүй байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Батзаяа нь хариуцагч ‘’Түгээмэл шуурхай шуудан’’ ХХК, ‘’Мега бренд’’ ХХК нарт холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажиллаж байсан хугацааны болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Батзаяа нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Мега бренд” ХХК-ийн захирал Г.Баттөртэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, /хх 7-8/ мөн оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 09/008 дугаар тушаалаар /хх 22/ “Алтан түлхүүр” сэтгүүлийн менежерийн албан тушаалд томилогдсон ба ажил олгогч 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2016/009 дүгээр тушаалаар /хх 25/ ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн аль үндэслэлээр шийдвэрлэж байгааг тушаалд заагаагүй байна.

Хариуцагч ‘’Мега бренд’’ ХХК-иас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ажилтан мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар шүүхэд бичгээр гаргасан тайлбарт дурджээ. Мөн шүүх хуралдааны шатанд уг тайлбараа дэмжсэн байна.

Мөн ажлаас чөлөөлөх тушаалд заагаагүй үндэслэлээр гаргасан хариуцагчийн тайлбарыг үндэслэн ажил олгогчийн тушаалын хууль зүйн үндэслэлийг дүгнэх боломжгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг хугацаанаас мөн цуцлах бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Гэвч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх бөгөөд ажилтны хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол хариуцагчийн буруутай ажиллагааны улмаас зөрчигдсөн гэж үзнэ.

Иймд шүүх зохигчдын тайлбар, хэргийн баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг зөрчөөгүй байх ба нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар Б.Батзаяаг халсан тул мөн хуулийн 40.5 дахь хэсгийг зөрчөөгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэлээр зохигчид анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй, шүүх энэ үндэслэлээр шийдвэр гаргаагүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх хангах үндэслэлгүй болно.

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Батзаяад өмнө нь 20 хувийн цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан, зөрчил давтан гаргасан гэж шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Арга хэмжээ авах тухай” 10/008 дугаар тушаалыг шүүхэд баримтаар гаргасан нь ажлаас үндэслэлгүй халсныг зөвтгөх үндэслэл болохгүй.

Мөн шүүх ажилтны урьд авч байсан дундаж цалин хөлсийг хөдөлмөрийн гэрээ болон тушаалд заасныг үндэслэн 500 000 төгрөгөөр тооцож, 70 хоногийн ажилгүй байсан хугацааны олговор 1 704 545 төгрөг болсныг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүн 1 600 000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх нь хариуцагч байгууллагын үүрэг тул нэхэмжлэгчийг ажлаа хариуцлагагүй хийсэнтэй холбогдуулж нийгмийн даатгалд хамааруулаагүй байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00397 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 43 698 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ