Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2018/02403

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2018/02403

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ТӨХК /РД:/-д Ханхолбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Мт, хариуцагчийн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э нь М ТӨХК-д дэд захирал албан тушаалд 2015 оны 10 сарын 9-ний өдөр ажилд орсон болно. М ТӨХК нь Б.Эрдэнбаяртай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй явсаар 2017 оны 6 сарын 7-ны өдөр 17/01 тоот дэд захирал албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулсан болно. 2017 оны 9 сарын 18-ны өдөр гүйцэтгэх захирал Х.Хэрлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар тантай байгуулсан 2017 оны 6 сарын 7-ны өдөр байгуулсан 17/01 тоот хөдөлмөрийн гэрээ 2017 оны 9 сарын 18-ны өдрөөр дуусгавар болгосныг үүгээр мэдэгдэж байна. гэсэн мэдэгдлийг танилцуулж улмаар тэр өдрөө М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/132 тоот хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал гаргасан. Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэсэн байсан. Улмаар 2017 оны 9 сарын 26-ны өдөр Б/142 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг дахин гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт зааснаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан болно. Б.Эын хөдөлмөрийн гэрээг 2 өөр үндэслэлээр 2 удаа цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч тодруулсан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Эыг 2015 оны 10 сарын 9-ний өдрийн Б/96 тоот тушаалаар М ТӨХК-ийн дэд захирлын албан тушаалд, П.Бат-Эрдэнийг ажилд эргэн орох хүртэлх хугацаагаар түр томилсон байна. Ингэхдээ Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлд заасны дагуу түр шилжүүлэн томилсон байна. 2017 оны 9 сарын 18-ны өдөр Б.Этай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал гаргахдаа Б.Эын өмнө нь ажиллаж байсан Суурь бүтцийн албаны менежерийн ажилд эгүүлэн томилоогүй тул ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Суурь бүтцийн албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох гэж тодруулсан. Хариуцагч нь Б.Эыг дэд захирлын ажилд П.Бат-Эрдэнийг ажилд эргэн орох хүртэлх хугацаагаар түр томилсны дараа Ж.Энхбаярыг Б.Эын ажиллаж байсан Суурь бүтцийн албаны менежерээр түр томилсон байдаг ба хөдөлмөрийн гэрээг нь мөн адил хугацаатай буюу Б.Эыг ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ажилтны ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг нь хэвээр хадгалах нөхцөл байдал үүссэн байсан. Гэтэл 2017 оны 9 сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтад заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэл зааж тушаал гаргасан. М ТӨХК-ийн дүрэмд дэд захирлыг томилж, чөлөөлөх асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөнө гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл дэд захирлыг чөлөөлөх шийдвэрийг Гүйцэтгэх захирал гаргах уу Төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөж гаргах уу гэдэг асуудал байсан. Төлөөлөн удирдах зөвлөлөөс ямар ч шийдвэр гараагүй. 2017 оны 9 сарын 19-ний Б.Э компанид асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Гүйцэтгэх захирал мөн л өөрийн дураар Б.Эыг 3 сарын хугацаатайгаар дэд захирлын ажилд томилсон. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх асуудлын хувьд зөвхөн дэд захирлын ажлаас л чөлөөлөгдөх хүсэлт байсан. Хариуцагч нь нэхэмжлэгчийг Суурь бүтцийн албаны менежерийн ажилд буцаан ажиллуулах байтал ажлаас бүрмөсөн чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.Эыг М ТӨХК-ийн Суурь бүтцийн албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ТӨХК-д холбогдох иргэн Б.Эын нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгч дэд захирлын албан тушаалд түр томилсон, Суурь бүтцийн албаны менежерийн ажилд эгүүлэн томилох үүрэгтэй гэж шаардлагаа тодруулжээ. Иймд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөж санал авч дэмжүүлсний үндсэн дээр Б.Эыг М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 10 сарын 9-ний өдрийн Б/96 дугаар тушаалаар дэд захирлын албан тушаалд 2 жилийн хугацаатай томилсон билээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3-д заасныг үндэслэл болгож Б.Этай дэд захирлын албан тушаалд байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 9 сарын 18-ны өдрөөр дуусгавар болгож гүйцэтгэх захирал 2017 оны Б/132 дугаар тушаал гаргасан. Энэ нь дараах шалтгаантай. Үүнд: Өмнө нь буюу 2017 оны 7 сарын 24-ний өдөр Б.Э хэлтсийн дарга нартай хамтарч ажиллах боломжгүй тул ажлаас чөлөөлөх өгөх тухай өргөдөл гаргасан байсныг Компанийн удирдлага, захиргаа ямар нэгэн хариу өгөлгүй, дангаар шийдэж Б.Эыг үргэлжлүүлэн ажиллуулсантай холбоотой. Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоож өгсөн эзгүй байгаа үүрэгт ажил, албан тушаал хаших, гүйцэтгүүлэх талуудын харилцан тохиролцсон хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т талууд харилцан тохиролцсоноор хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулахаар заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, зөвлөж, хөдөлмөрийн гэрээнд талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зайлшгүй тодорхой тусгасан байхаар заасан байна. Үүнтэй зэрэгцэн 2017 оны 9 сарын 18-ний өдөр Б.Э тус компанид үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой тул ямар нэгэн ажилд томилж өгөх тухай өргөдөл гаргасан. Компанийн удирдлага, захиргаа Б.Эын хүсэлтийг нь хүлээн авч түүнтэй харилцан тохиролцоод дахин 3 сарын хугацаатай дэд захирлын албан тушаалд түр томилж, гүйцэтгэх захирлын 2017 оны 9 сарын 19-ний өдрийн Б/133 дугаар тушаал гаргуулсан. Гэвч хоёр хоногийн дараа буюу 2017 оны 9 сарын 21-ний өдөр Б.Э нь гүйцэтгэх удирдлагын хэмжээнд ойлголцож чадахгүй тул өөрийн сайн дураар ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 14-д Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэж ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гаргасан бичгийн хүсэлтийг ойлгохоор заасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д ажилтны өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг зохицуулсан байна. Ажилтан өөрөө хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачлага гаргаж, тэдгээрийг Захиргааны зүгээс хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болгосон нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэсэн шаардлагад нийцнэ. Б.Эт өмнөх Суурь бүтцийн албаны менежерийн ажилд эгүүлэн томилуулах тухай хүсэлт гаргах боломж байсан. Нэхэмжлэгч нь дэд захирлын албан тушаалд ажиллах хугацаанд ч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахдаа ч, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг байгуулах үед суурь бүтцийн албаны менежерийн албан тушаалд эргэж ажиллана гэж хүсэл зоригоо илэрхийлэх, гэрээний агуулгыг өөрөө тодорхойлох эрх нь нээлттэй, чөлөөтэй байсан боловч үүнийгээ хэрэгжүүлээгүй, хүсэлт гаргаагүй. Улсын дээд шүүхийн 2012 оны 6 сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зөвлөмжийн 1.7-д зааснаар ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан асуудалд шүүх анхаарал хандуулах учиртай.

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 14-д Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл нь ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүй байх гэж заасан байна. М ТӨХК-ийн удирдлага, захиргаа Б.Эт ямар нэгэн байдлаар шахалт үзүүлээгүй, хууль бусаар нөлөөлсөн зүйлгүй, харин ч Захиргааны зүгээс Төлөөлөн удирдах зөвлөлд санал оруулж, түүнийг Дэд захирлын албан тушаалд нэг мөр томилон ажиллуулахаар бэлтгэл ажил хангах хугацаанд тэрээр сайн дураар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Б.Э нь яагаад удаа дараа ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргаад байсан нь ойлгомжгүй байна. Ажлын ачаалал, үүрэг, хариуцлага өндөр байсан уу, эсхүл Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ажиж, буулгах терминалын хамт төрийн өмчит өмчид шилжүүлэн авах ажил, Өмнөговь аймаг дахь тус компанийн балансад бүртгэлтэй эд хөрөнгө хүлээн авах ажлын хэсгийг ахалж ажилласан, тэдгээр нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа нь нөлөөлсөн үү. Б.Э нь түүнийг томилохыг зөвшөөрч санал ирүүлсэн Төлөөлөн удирдах зөвлөл, түүнийг дэмжсэн, компанийн эрх бүхий албан тушаалтны хувьд ажлын гүйцэтгэлд дүгнэлт гаргах эрх бүхий нэр дэвшүүлэх хороонд гомдол гаргах боломжтой байсан. Нэхэмжлэгч Б.Э хөдөлмөрийн гэрээг 2 өөр үндэслэлээр 2 удаа цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ. Гүйцэтгэх захирлын тушаал нь нэг хүнд чиглэсэн ч хоёр өөр тохиолдолд, үйл явдлыг зохицуулж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч тодруулахдаа Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлд заасны дагуу түр шилжүүлэн томилсон гэж дурдсан. М ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан зохицуулалт нь ажилтан өөрийн үндсэн ажил үүргийн зэрэгцээ ажлын зайлшгүй үед эзгүй байгаа өөр ажилтны ажил үүргийг хавсран буюу түр орлон гүйцэтгүүлж болоход чиглэсэн байна. Харин ажилтныг түр шилжүүлэх тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлд заасан гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах, байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд 45 хүртэл хоногийн хугацаатай, сул зогсолтын үед, ажилтныг эрүүл мэндийн шалтгаанаар шилжүүлэх болохоор зохицуулж өгсөн.

Иймд Б.Э нь өөрийн үндсэн ажил, үүргийн зэрэгцээ түр орлон гүйцэтгээгүй, хавсран ажиллаагүй, шилжүүлээгүй, тодруулгад заасан Хөдөлмөрийн дотоод журмын зүйл, заалт нь нэхэмжлэгчийн гаргасан шаардлагад хамааралтай гэж үзэхгүй байна. Суурь бүтцийн албаны менежерийн ажилд эгүүлэн томилох үүрэгтэй гэсэн шаардлагын хувьд хэрэв Б.Э ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ижил төрөл, чанарын өөр ажил санал болгох, ажиллуулах үүрэгтэй, мөн хасагдсан орон тоо 3 сарын дотор дахин бий болгосон бол Ажил олгогч тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох мөн үүрэг хүлээдэг. Эдгээр тохиолдлууд үүсээгүй тул Хөдөлмөрийн дотоод журмын 4.6-д заасан Түр шилжүүлэн ажиллуулах хугацаа дууссанаар ажилтныг үндсэн ажилд эгүүлэн ажиллуулна гэж үзэх боломжгүй байна. Улсын дээд шүүхийн 2012 оны 6 сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зөвлөмжид ажилтны ажлын байр өөрчлөгдөх тохиолдолд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүд нэгэн адил өөрчлөгддөг тул өмнөх хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, шинэ ажлын байранд дахин хөдөлмөрийн гэрээ байгуулагдана заасан байна. Б.Эыг дэд захиралд томилсноор түүнтэй өмнөх албан тушаалд байгуулсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүд болох Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан ажлын байр, албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг /удирдах, эрх бүхий албан тушаалтан/, үндсэн цалингийн хэмжээ /3 сая төгрөг/, хөдөлмөрийн нөхцөл зэрэг хөдөлмөрийн гэрээнд тусгах ёстой гол нөхцөлүүд нь бүхэлдээ өөрчлөгдсөн.

Иймд Б.Этай байгуулсан өмнөх хөдөлмөрийн гэрээ цуцалж, дэд захирлын ажил, албан тушаалд томилж, гэрээ байгуулсан. Б.Э нь нэхэмжлэлдээ хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй явсаар 2017 оны 6 сарын 7-ны өдөр 17/01 хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж дурдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй бол ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж заасантай нийцүүлэн тухайн үед Б.Э эрх мэдэл бүхий удирдах албан тушаалтны хувьд гэрээ байгуулах шаардах эрх нь нээлттэй байсан. Мөн Б.Этай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч түүгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн. Түүний эрх зүйн байдал нь албан тушаалд томилсон шийдвэрээр тодорхойлогдож, хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтантай нэгэн адил үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхээс иргэн Б.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Э нь Монголын төмөр зөм ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба 2018 оны 10 сарын 29-ний өдөр ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг Монголын төмөр зөм ТӨХК-ийн Суурь бүтцийн албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох гэж тодруулсан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Б.Э нь М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 9 сарын 26-ны өдрийн В/142 дугаартай Б.Эыг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-29 тал/-аар компанийн дэд захирлын ажлаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.Э нь М ТӨХК-ийн дэд захирлын ажилд түр томилогдсон байсан ба дэд захирлын ажлаас чөлөөлөгдсөн явдалд маргахгүй бөгөөд харин хариуцагч М ТӨХК нь Б.Эыг түр томилогдсон байсан дэд захирлын ажлаас чөлөөлсөн тохиолдолд өмнө ажиллаж байсан тус компанийн Суурь бүтцийн албаны менежерийн ажилд эгүүлэн томилох ёстой байсан, эгүүлэн томилолгүй ажлаас шууд чөлөөлсөн тул ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж М ТӨХК-ийн Суурь бүтцийн албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Хэрэгт Б.Э болон М ТӨХК нарын хооронд тус компанийн Суурь бүтцийн албаны менежерийн ажлын байранд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нотлох баримтаар авагдаагүй, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын 000103823 дугаартай дэвтрийн хуулбар /хх-4 тал/-т Суурь бүтцийн албаны менежерийн ажилд томилсон болон чөлөөлсөн тэмдэглэгээ байхгүй байх хэдий ч Б.Э нь М ТӨХК-ийн Хөгжлийн хэлтсийн Суурь бүтцийн албаны менежерийн ажлын байранд ажиллаж байгаад тус компанийн дэд захирлаар томилогдсон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2015 оны 10 сарын 8-ны өдрийн 16 дугаартай Дэд захирал томилох тухай тогтоолын хуулбар /хх-24 тал/, М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 10 сарын 9-ний өдрийн Б/96 дугаартай Ажилд түр томилох тухай тушаалын хуулбар /хх-25 тал/ зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг М ТӨХК-ийн Хөгжлийн хэлтсийн Суурь бүтцийн албаны менежерийн ажлын байранд ажиллаж байгаад тус компанийн дэд захирлын ажилд томилогдсон үйл баримтад маргадаггүй.

М ТӨХК нь Б.Эыг тус компанийн дэд захирлын ажилд тус компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 10 сарын 9-ний өдрийн Б/96 дугаартай тушаалаар томилохдоо 2015 оны 10 сарын 9-ний өдрөөс эхлэн түр томилсон байх ба дэд захирлын ажлын байранд Б.Этай 2017 оны 6 сарын 7-ны өдөр 17/01 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-5-7 тал/-г тус ажлын байранд өмнө ажиллаж байсан П.Бат-Эрдэнийг ажил албан тушаалдаа эргэн орох хүртэл хугацаагаар байгуулсан, улмаар П.Бат-Эрдэнэд олгосон захиргааны чөлөөний хугацаа дуусгавар болсон тул уг албан тушаалд түр томилогдон ажиллаж буй Б.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэх агуулга бүхий мэдэгдэл /хх-10 тал/-ийг Б.Эт өгч, М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 9 сарын 18-ны өдрийн Б/132 дугаартай Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал /хх-27 тал/-аар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг баримтлан Б.Этай 2017 оны 6 сарын 7-ны өдөр байгуулсан 17/01 дугаартай хөдөлмөрийн гэрээг 2017 оны 9 сарын 18-ны өдрөөр дуусгавар болгожээ.

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосны дараа Б.Э тус компанид үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан гэх үндэслэлээр М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 9 сарын 19-ний өдрийн Б/133 дугаартай Ажилд түр томилох тухай тушаал /хх-28 тал/-аар 2017 оны 9 сарын 19-ний өдөдрөөс эхлэн 3 сарын хугацаанд Б.Эыг дэд захирлын албан тушаалд түр томилохоор шийдвэрлэсэн, М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 9 сарын 26-ны өдрийн Б/142 дугаартай Б.Эыг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-29 тал/-аар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалтыг баримтлан Б.Эыг 2017 оны 9 сарын 26-ны өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь М ТӨХК нь Б.Эрдэнбаярыг дэд захирлын ажлаас чөлөөлсөн тохиолдолд тус компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.6-д Түр шилжүүлэн ажиллуулах хугацаа дууссанаар ажилтныг үндсэн ажилд эгүүлэн ажиллуулна гэж заасны дагуу өмнө ажиллаж байсан Суурь бүтцийн хэлтсийн менежерийн ажилд ажиллуулах байтал шууд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа бол хариуцагчийн төлөөлөгч нь Б.Эыг компанийн дэд захирлын ажилд түр шилжүүлэн ажиллуулаагүй, харин талуудын хооронд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан боловч Б.Э дахин хүсэлт гаргаснаар 3 сарын хугацаагаар дахин ажиллуулахаар шийдвэр гарсан хэдий ч өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн гэж маргасан.

М ТӨХК нь Б.Эрдэнбаяртай дэд захирлын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн гэрээний хугацааг П.Бат-Эрдэнийг ажил албан тушаалдаа эргэн орох хүртэл гэж заасан, Б.Эын ажиллаж байсан Суурь бүтцийн албаны менежерийн ажлын байранд Ж.Энхбаяртай хөдөлмөрийн гэрээ /хх-204 тал/ байгуулахдаа хөдөлмөрийн гэрээний хугацааг Б.Эыг ажил албан тушаалдаа эргэн орох хүртэл гэж заасан байгаагаас үзвэл М ТӨХК нь Б.Эыг тус компанийн дэд захирлын ажилд түр шилжүүлэн ажиллуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан М ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам /хх-51-62 тал/-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дахь заалтад Ажлын зайлшгүй шаардлагаар ажилтныг үндсэн ажил үүргийн зэрэгцээ эзгүй байгаа (эсхүл сул орон тоо) ажилтны ажил үүргийг хавсран буюу түр орлон гүйцэтгүүлж болно, 4.2.2 дахь заалтад эзгүй байгаа ажилтан гэдэгт энэ журамд заасан үндэслэлээр чөлөөтэй байгаа тохиолдлыг ойлгоно, 4.6 дахь заалтад Түр шилжүүлэн ажиллуулах хугацаа дууссанаар ажилтныг үндсэн ажилд эргүүлэн ажиллуулна гэж заасан байна.

Б.Эын ажиллаж байсан дэд захирлын албан тушаалд ажиллаж байгаад захиргааны чөлөө авсан П.Бат-Эрдэнэ ажил албан тушаалдаа эргэн ороогүй байгаа гэх боловч Б.Э өөрөө дэд захирлын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тохиолдолд түүний дэд захирлын ажилд түр ажиллах хугацаа дуусгавар болох бөгөөд энэ тохиолдолд М ТӨХК нь Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь заалтад зааснаар Б.Эыг түүний үндсэн ажил болох Суурь бүтцийн албаны менежерийн ажилд эргүүлэн ажиллуулах үүрэгтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн дотоод журамд заасан түр шилжүүлэн ажиллуулах хугацаа дууссан ажилтныг үндсэн ажилд нь эргүүлэн ажиллуулах үүргээ биелүүлэлгүй, Б.Эыг дэд захирлын ажлаас чөлөөлсөн үндэслэлээр түүний үндсэн ажил болох Суурь бүтцийн албаны менежерийн ажил үүргийг гүйцэтгүүлээгүй үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь Б.Э өөрөө дэд захирлын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тус ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг ба нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э дэд захирлын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг ажил олгогчид гаргасан гэдэгт мөн маргадаггүй, Б.Э дэд захирлын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг өмнө ажиллаж байсан үндсэн ажил болох Суурь бүтцийн албаны менежерийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гэж үзэхгүй, Б.Э ийнхүү хүсэлт гаргасан нь М ТӨХК-ийг Б.Эыг үндсэн ажил болох Суурь бүтцийн албаны менежерийн ажилд эргүүлэн ажиллуулах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд хариуцагч М ТӨХК нь нэхэмжлэгч Б.Эыг Суурь бүтцийн албаны менежерийн ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж, Б.Эыг М ТӨХК-ийн Хөгжлийн хэлтсийн Суурь бүтцийн албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Э нь түр томилогдсон дэд захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн 2017 оны 9 сарын 26-ны өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2017 оны 10 сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан ажлаас буруу халсан тухай гомдлыг ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтад зааснаар ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.

Нэхэмжлэгч Б.Эт М ТӨХК-ийн дэд захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн 2017 оны 9 сарын 26-ны өдрөөс шүүхээр маргааныг хянан шийдвэрлэсэн 2018 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгоно.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр /хх-4 тал/-т бичигдэн баталгаажсан цалин хөлс буюу 2017 оны 6 сарын цалин хөлс 3,340,000 төгрөг, 2017 оны 7 сарын цалин хөлс 3,320,000 төгрөг, 2017 оны 8 сарын цалин хөлс болох 3,355,000 төгрөг, нийт 10,015,000 төгрөгөөс тооцож үзэхэд нэг сарын дундаж цалин хөлс нь 3,338,333 төгрөг, үүнийг сарын ажлын 21.5 өдөрт хуваахад нэг өдрийн дундаж цалин хөлс нь 155,271 төгрөг, үүнийг дэд захирлын ажлаас чөлөөлсөн 2017 оны 9 сарын 26-ны өдрөөс шүүхээр маргааныг хянан шийдвэрлэсэн 2018 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт ажлын 300 хоногт тооцоход ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээ нь 46,581,300 төгрөг болж байх тул хариуцагч М ТӨХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 46,581,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2017 оны 9 сарын 7,680,000 төгрөгийн цалин хөлс нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөнтэй холбоотой холбогдох тооцоог хийж олгосон цалин хөлс байх тул шүүх хэвийн байдлаар бодогдож тооцогдсон сүүлийн 3 сарын цалин хөлснөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээг тооцсон болохыг дурдах нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Б.Эын болон хариуцагч М ТӨХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч М ТӨХК-д даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг тус тус баримтлан Б.Эыг М ТӨХК-ийн Хөгжлийн хэлтсийн Суурь бүтцийн албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 46,581,300 төгрөгийг хариуцагч М ТӨХК-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгосугай.

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Б.Эын болон хариуцагч М ТӨХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч М ТӨХК-д даалгасугай.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч М ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 390,856.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР