Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2019/00121

 

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2019/00121

 

 

Б.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/02403 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монголын төмөр зам ТӨХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Мөнхбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Баянзул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Эрдэнэбаяр нь Монголын төмөр зам ТӨХК-д дэд захирал албан тушаалд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажилд орсон. Монголын төмөр зам ТӨХК нь Б.Эрдэнбаяртай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй явсаар 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 17/01 тоот дэд захирал албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулсан болно.

Гүйцэтгэх захирал 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа мэдэгдлийг танилцуулж улмаар тэр өдрөө Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/132 тоот хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал гаргасан. Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэсэн байсан.

Улмаар 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б/142 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг дахин гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт зааснаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан. Б.Эрдэнэбаярын хөдөлмөрийн гэрээг 2 өөр үндэслэлээр 2 удаа цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд Монголын төмөр зам ТӨХК-ийн Суурь бүтцийн албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Эрдэнэбаярыг Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугааар сарын 09-ний өдрийн Б/96 дугаар тушаалаар дэд захирлын албан тушаалд 2 жилийн хугацаатай томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3-д заасныг үндэслэл болгож Б.Эрдэнэбаяртай дэд захирлын албан тушаалд байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 09 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болгож гүйцэтгэх захирал 2017 оны Б/132 дугаар тушаал гаргасан. 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Б.Эрдэнэбаяр хэлтсийн дарга нартай хамтарч ажиллах боломжгүй тул ажлаас чөлөөлөх өгөх тухай өргөдөл гаргасныг компани шийдвэрлээгүй байсан. 2017 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр Б.Эрдэнэбаяр тус компанид үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой тул ямар нэгэн ажилд томилж өгөх тухай өргөдөл гаргасныг хүлээн авч түүнтэй харилцан тохиролцоод дахин 3 сарын хугацаатай дэд захирлын албан тушаалд түр томилж, гүйцэтгэх захирлын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/133 дугаар тушаал гаргуулсан. Гэвч хоёр хоногийн дараа буюу 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Б.Эрдэнэбаяр нь гүйцэтгэх удирдлагын хэмжээнд ойлголцож чадахгүй тул өөрийн сайн дураар ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан.

Ажилтан өөрөө хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилга гаргаж, тэдгээрийг Захиргааны зүгээс хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болгосон нь хуульд нийцнэ. Б.Эрдэнэбаярт өмнөх Суурь бүтцийн албаны менежерийн ажилд эгүүлэн томилуулах тухай хүсэлт гаргах боломж байсан. Нэхэмжлэгч нь дэд захирлын албан тушаалд ажиллах хугацаанд ч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахдаа ч, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг байгуулах үед суурь бүтцийн албаны менежерийн албан тушаалд эргэж ажиллана гэж хүсэл зоригоо илэрхийлэх, гэрээний агуулгыг өөрөө тодорхойлох эрх нь нээлттэй, чөлөөтэй байсан боловч үүнийгээ хэрэгжүүлээгүй, хүсэлт гаргаагүй.

Б.Эрдэнэбаяр ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ижил төрөл, чанарын өөр ажил санал болгох, ажиллуулах үүрэгтэй, мөн хасагдсан орон тоо 3 сарын дотор дахин бий болгосон бол Ажил олгогч тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох мөн үүрэг хүлээдэг. Эдгээр тохиолдлууд үүсээгүй тул Хөдөлмөрийн дотоод журмын 4.6-д заасан Түр шилжүүлэн ажиллуулах хугацаа дууссанаар ажилтныг үндсэн ажилд эгүүлэн ажиллуулна гэж үзэх боломжгүй байна. Б.Эрдэнэбаярыг дэд захиралд томилсноор түүнтэй өмнөх албан тушаалд байгуулсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүд болох Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан ажлын байр, албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг /удирдах, эрх бүхий албан тушаалтан/, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг хөдөлмөрийн гэрээнд тусгах ёстой гол нөхцөлүүд нь бүхэлдээ өөрчлөгдсөн.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг тус тус баримтлан Б.Эрдэнэбаярыг Монголын төмөр зам ТӨХК-ийн Хөгжлийн хэлтсийн Суурь бүтцийн албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 46 581 300 төгрөгийг хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярын болон хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 390 856 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярыг "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Хөгжлийн хэлтсийн Суурь бүтцийн албаны менежерийн ажилд эргүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Гэтэл Хөгжлийн хэлтэс нь одоогийн "Монголыг төмөр зам" ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцэд байхгүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаар тогтоолоор "Монголын төмөр зам" ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж Хөгжлийн хэлтсийг байхгүй болгож, Иймд "Монголын төмөр зам" ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцэд байхгүй Хөгжлийн хэлтэс, нэгжийн албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэж, олговрыг 46 581 300 төгрөгөөр тогтоож, Дэд захирлын цалин хөлсөөр тооцсон нь буруу байна. Учир нь Суурь бүтцийн албаны менежерт эгүүлэн ажиллуулаагүй гэж шүүх үзсэн бол ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг энэхүү менежерийн цалин хөлсөөр тооцох ёстой. Суурь бүтцийн албаны менежерийн сарын дундаж цалин хөлс 2 307 000 төгрөг байна. Нэг өдрийн цалин 107 302 325 төгрөг, үүнийг дэд захирлын ажлаас чөлөөлсөн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс шүүхээр маргааныг хянан шийдвэрлэсэн 2018 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт ажлын 300 хоногт тооцоход ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээ нь 32 190 697.5 төгрөг байхаар тооцоо гарч байна.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбаяр нь сайн дураар ажлаас чөлөөлөгдөх тухай удаа дараа өргөдөл гаргасан. Энэ нь маргаан хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, эрх зүйн үр дагавар үүсгэсэн, эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх нотлох баримт юм.

Б.Эрдэнэбаяр нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр "хэлтсийн даргатай хамтран ажиллаж ажлыг хэвийн явуулах боломжгүй" гэж ажлаа сайн дураар өгөх өргөдөл гаргасан. Зарчмын хувьд Б.Эрдэнэбаяр нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар удирдах болон гүйцэтгэх ажилтныг удирдан зохион байгуулах, тэдгээрийн ажил үүргийн биелэлт, хууль тогтоомж, дүрэм, журмын биелэлтэд хяналт тавих үүрэг хүлээхийн зэрэгцээ удирдах албан тушаалтны хувьд үүрэг даалгавар өгөх, шаардлага тавих, хариуцлага тооцох эрхтэй.

Компанийн удирдлага Б.Эрдэнэбаярын гаргасан өргөдөлд тухайн үед хариу өгөөгүй, түүнийг шийдвэрлээгүй, харин үргэлжлүүлэн ажиллуулсан. Б.Эрдэнэбаяр өргөдлөө өгсөн өдрөөс хойш хуульд заасан хугацаа өнгөрмөгц Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар ажлын байраа орхих эрх нь байсан. Б.Эрдэнэбаяр дэд захирлын ажлаас чөлөөлөгдсөн даруйдаа 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан өргөдөлд тус компанид ажиллах сонирхолтой тул өөр ажилд томилж өгнө үү гэсэн нь Хөгжлийн хэлтэс, түүний нэгж, албан тушаал байхгүй болсон, үүнийг сайн мэдэж байсан учраас өөр ажил сонирхжээ гэдгийг илэрхийлж байна.

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн Захиргаа хөдөлмөрлөх эрхийг Б.Эрдэнэбаярт хангаж, дахин Дэд захирлын ажлыг нь санал болгож, тушаал, шийдвэр гаргасан байтал 2 хоногийн дараа "Миний бие компанийн гүйцэтгэх удирдлагын хэмжээнд ойлголцож чадахгүй байгаа тул өөрийн сайн дураар чөлөөлөгдөх хүсэлтэй байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү" гэж өргөдөл гаргасан.

Б.Эрдэнэбаяр нь компанийн гүйцэтгэх удирдлага болон хэлтсийн даргатай хамтран ажиллах боломжгүй гээд ажлаас гарах асуудал дээрээ бат зогсож, цаашид ямар ажил, албан тушаал эрхлэх боломжтой тухайгаа Захиргааны хэлтэст санаа, бодлоо илэрхийлээгүй. Хүссэн үедээ, таарамжгүй л бол ажлаас чөлөөлж өгөх өргөдлөө гаргаад байгаа Б.Эрдэнэбаяр эргээд "Монголын төмөр зам" ТӨХК-д гүйцэтгэх болон хэлтэс, нэгжийн удирдлагатай яаж ойлголцож, тохиролцож хамтран ажиллах, тогтвор суурьшилтай ажиллаж чадах эсэх нь эргэлзээтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ба уг зөрчлийн давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбаяр нь хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд дахь олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/96 тоот тушаалаар Б.Эрдэнэбаярыг Хөгжлийн хэлтсийн суурь бүтцийн албаны менежерийн үүрэгт ажлаас чөлөөлж дэд захирлын албан тушаалд түр томилсон, мөн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/133 тоот тушаалаар Б.Эрдэнэбаярыг дэд захирлын албан тушаалд 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд түр томилсон үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

 

Б.Эрдэнэбаярыг Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/142 тоот тушаалаар дэд захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

 

Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван дөрөв дүгээр бүлэгт заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх бөгөөд хэрэгт ач холбогдолтой баримтыг бүрдсэн эсэхийг шүүх тодруулах шаардлагатай.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх боловч түүний ажилгүй байсан хугацааны олговрыг буруу тооцсон байна. Өөрөөр хэлбэл, ажилтныг хариуцагч байгууллагын Хөгжлийн хэлтсийн суурь бүтцийн албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоож байгаа бол уг албан тушаалд авах цалингийн хэмжээгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг тооцох нь хуульд нийцнэ.

 

Ажилтан дэд захирлын албан тушаалд ажиллах байсан тэр хэмжээгээр олговрыг анхан шатны шүүх тооцсон нь буруу болжээ. Ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн саруудын цалин нь дэд захирлаар ажиллаж байсан үед авч байсан цалинг тодорхойлж байх тул энэ хэмжээгээр олговрыг тогтоох боломжгүй юм. Мөн суурь бүтцийн албаны менежерийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох баримт байхгүй тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулах боломжгүй. Хэргийн нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хууль хэрэглээний талаар дүгнэлт өгөх үндэслэлгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/02403 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 856 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Э.ЗОЛЗАЯА