Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2018/00753

 

 

 

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2018/00753

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р.Т УТҮГ /РД:................/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо,

Хариуцагч: У.Ц ТӨХК /РД:........./,

Хариуцагч: УБЦТС ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд тус тус холбогдох

Цахилгаан эрчим хүчний төлбөрт илүү төлсөн 829 586 615 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, дутуу төлөгдсөн 100 581 152 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч К.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагч У.Ц ТӨХК-ийн төлөөлөгч Г.Н, Ц.Э, Б.Т, Н.Т, өмгөөлөгч С.Н, Ч.Ө, хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны төлөөлөгч, Н.Б, Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын Хонхорын радио нэвтрүүлэх төв станц нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг ба У.Ц ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр үйлчлүүлдэг. Манай байгууллага 2013 онд өөрийн хэрэглэж байгаа техникийг хүчин чадлаар нь тооцож үзэхэд цахилгаан эрчим хүчний төлбөр нь 2.1 дахин их гарсан. Бид энэ асуудлыг хөндөн шаардлага тавихад 2013 оны 12 сард шалгаж үзээд зөрүүтэй байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Нэгэнт илүү төлбөр төлсөн нь тодорхой болсон учир манай байгууллагад учирсан хохирлыг барагдуулах талаар 2014 оны 1 сарын 23-ны өдөр шаардлага бүхий албан тоот өгсөн боловч тодорхой арга хэмжээ аваагүй. Иймд цахилгаан эрчим хүчний илүү төлбөр 1,000,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Хонхорын радио нэвтрүүлэх станцын РП-19 станцад хангагч талаас С фазад тавигдсан байсан ТПЛ-10 маркын №1125 дугаартай 100/5 коеффицент бүхий гүйдлийн трансформатор стандартын шаардлага хангахгүй, баталгаагүй трансформатор, баталгаагүй тоолуурыг ашиглуулсны улмаас нийлүүлэгчээс нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний төлбөрт нэхэмжлэгчийн зүгээс 2009 оны 1-12 сард 138,092,429.16 төгрөг, 2010 оны 1-12 сард 146,991,597.30 төгрөг, 2011 оны 1-12 сард 155,491,686.98 төгрөг, 2012 оны 1-12 сард 192,050,541.76 төгрөг, 2013 оны 1-12 сард 196,960,360.70 төгрөг, нийт 829,586,615.89 төгрөгийг илүү төлсөн байх тул хариуцагч У.Ц ТӨХК-аас 829,586,615.89 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хамтран хариуцагчаар татсан байсан Эрчим хүчний зохицуулах хороо, У.Ц ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. гэв.

Хариуцагч У.Ц ТӨХК, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хонхорын радио нэвтрүүлэх төв станцын 35/6 кв-ын цахилгаан дэд станц нь Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын өөрийнх нь өмчлөл, ашиглалтад байдаг тул Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7, 30.1.8, 30.1.10 болон Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор батлагдсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 25 дугаар зүйлийн 25.3, Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 1.1.2, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д заасныг тус тус Радио телевизийн сүлжээ УТҮГ нь биелүүлж ажиллах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Радио телевизийн сүлжээ УТҮГ нь Хонхор 35/6 кВ-ын дэд станц, 6 кВ-ын хүчдлийн РП-19 хуваарилах байгууламжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд байнгын хяналт тавиагүй, жил бүрийн их ба урсгал засвар үйлчилгээ, хэмжилт туршилт, зүгшрүүлэлтийг техник ашиглалтын дүрэм, аюулгүй ажиллагааны дүрэмд заасан хугацаанд хийлгэж байгаагүйгээс техникийн зөрчил үүссэн нь тоног төхөөрөмж өмчлөгчийн өөрийнх нь буруутай ажиллагаа гэж үзэж байна. Энэ талаар Улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 06/111/157 дугаар дүгнэлт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 3/159 дугаар албан бичигт тодорхой заасан байгаа. У.Ц ТӨХК нь Радио телевизийн сүлжээ УТҮГ-тай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж цахилгаанаар хангадаг хангагч байгууллага бөгөөд хэрэглэгчийн өмчлөлд зөвхөн хэрэглэгчийн хүсэлтээр үзлэг үйлчилгээ төлбөртэйгөөр гүйцэтгэдэг. Эсвэл хэрэглэгчтэй байгуулсан ашиглалтын гэрээний үндсэн дээр цахилгаан тоноглолын ашиглалтад хангагч хяналт тавих эрхтэй. Хэрэглэгч өөрөө хүсэлт тавьж цахилгаан тоноглолоо шалгуулаагүй байхад тоноглолоос шалтгаалсан зөрчлийг хангагч байгууллага мэдэх боломжгүй. Радио телевизийн сүлжээ УТҮГ нь 2013 оны 12 сар, 2014 оны 1 сард хүсэлт гаргасан, энэ хугацаанаас эхлэн манай байгууллага өөрийн зүгээс авах ёстой шаардлагатай бүх арга хэмжээг авч Радио телевизийн сүлжээ УТҮГ-тай хамтарч асуудлыг шийдвэрлэхээр олон талаас судалж хариуг албан ёсоор өгсөн. 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр компанийн Хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн инженер Г.Магсаржалам, Борлуулалтын бодлогын хэлтсийн инженер н.Сарантуяа нар газар дээр очиж шалгасан. 2013 оны 12 сарын 18-ны өдөр тоолуурын хэлтсийн инженер Г.Норжмаа, монтёр Г.Жамбалсүрэн, Борлуулалтын бодлогын хэлтсийн инженер н.Сарантуяа нар газар дээр нь очиж, тоолуур хэмжих хэрэгслийг шалгах ажлыг гүйцэтгэхдээ Улаанбаатар цахилгаан түгээс сүлжээ ТӨХК-ийн хэмжүүрийн инженер Б.Золбоо, инженер Ж.Хосбаяр, Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын дарга н.Ганхуяг, дотоод хяналт хөдөлмөр хамгааллын хэлтсийн дарга н.Нямгэрэл, ахлах инженер н.Мэндбаяр, инженер н.Бөхбат нарыг байлцуулж хэмжилт хийн шалгаж протокол үйлдсэн. Энэ хэмжилтээр тоолуурын холболт болон ажиллагаанаас шалтгаалсан зөрчил илрээгүй хэвийн байсан ба, харин гүйдлийн трансформаторыг лабораторид шалгуулах нь зүйтэй байна гэж дүгнэсэн. У.Ц ТӨХК 2014 оны 1 сарын 21-нд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д 3/122 тоот албан бичгээр хүсэлт гарган гүйдлийн трансформаторыг мэргэжлийн зүгээс хэмжилт хийж туслалцаа үзүүлэхийг хүссэний дагуу маргааш нь дахин газар дээр компанийн Хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн улсын байцаагч Г.Магсаржалам, тоолуурын хэлтсийн монтёр Г.Жамбалсүрэн, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн тоолуурын инженер Ж.Хосбаяр, хэмжүүрийн инженер Б.Золбоо нар очиж Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын талаас цахилгааны инженер н.Бөхбатыг байлцуулж хэмжилт хийсэн. Хэмжилтийн дүнгээр гүйдлийн трансформатор /№1125, 100/5 коэф/ нь стандартын шаардлага хангахгүй, мөн тоолуурын С фазын гүйдэл нь А фазын гүйдпийн утаснаас 2 дахин бага байсан. Энэ нь цахилгааныг дутуу тоолох нөхцөл бүрдүүлсэн байсан. Энэ нь кабел нь дундаа нэвчилттэй, хуучирсан байснаас болсон гэж дүгнэлтэд тусгагдсан байгаа болно. Радио телевизийн сүлжээ УТҮГ 2013 оны 3 сард механик тоолуурыг электрон тоолуураар солиулах хүсэлт гаргаснаар манай компани 2013 оны 4 сарын 13-нд тоолуурыг сольж хэмжилт хийхэд Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын ажилтан н.Хишигжаргал байлцсан. хэмжилтийн дүнгээр тоолуур дээрх хоёрдогч хэлхээний гүйдлийн утгууд болон тоолуурын ажиллагаа хэвийн байсан тул протокол үйлдэж талууд гарын үсэг зурсан. Иймд, хангагч байгууллагын зүгээс авах шаардлагатай бүх талын арга хэмжээг өөрийн санаачилгаар авч асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэсэн. Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор баталсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 11 дүгээр зүйлийн 39 дүгээр зүйлд тооцооны тоолуур, хэмжих хэрэгсэл нь дүрмийн 27 ба 32-т заасан шаардлагыг хангаагүй нь хэрэглэгчээс шалтгаалаагүй, тооцооны хэмжих хэрэгслийг шалгаж засварлахаар сүлжээнээс тасалсан тохиолдолд түрүүчийн 3 сарын хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний дунджийг баримтлан төлбөрийн тооцоо хийнэ гэж заасныг үндэслэн хэрэглээг хасаж тооцсон. Иймд өөрийн эзэмшлийн цахилгаан тоноглолын хуучирч элэгдсэн байдал, шаардлага хангахгүй болсноос шалтгаалсан цахилгаан хэрэглээний тооцоог олон жилээр илүү төлж байсан мэт асуудлыг тавьж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. 2014 оны 4 сарын 3-нд У.Ц ТӨХК-ийн байранд 2 тал уулзалт, харилцан ярилцлага хийж асуудлыг ойлголцон Радио телевизийн сүлжээ УТҮГ нь төлөөгүй байгаа төлбөрийн үлдэгдлээ 5 сард багтаан хэсэгчлэн төлөхөөр зөвшөөрсөн. Энэ уулзалтаар талууд бие биенээ ойлгож асуудлыг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байтал тохиролцсоноо зөрчин шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй бөгөөд энэ нь зөвхөн төлбөр төлөх хугацааг удаашруулж саатуулах зорилготой эрх зүйн ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл байна. Хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгааны төлбөр нь У.Ц ТӨХК-ийн дансанд ордоггүй бөгөөд ямар дансанд төвлөрүүлэх талаар Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний төрийн өмчит хувьцаат компаниудын хувь нийлүүлэгчдийн нэгдсэн хурлын 2002 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл Эрчим хүчний төлбөрийн мөнгө нь У.Ц ТӨХК-ийн дансанд биш цахилгаан эрчим хүч түгээх хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэрэглэгчдийн хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг төвлөрүүлэхээр арилжааны банкинд тусгайлан нээсэн дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дансанд ордог гэсэн үг. Иймд Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын нэхэмжилж буй шаардлага У.Ц ТӨХК-ийн дансанд ороогүй, эргүүлж төлөх эрх зүйн боломжгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч У.Ц ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Засгийн газрын 2001 оны 253 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн 8.45 дахь заалтад Цахилгаан эрчим хүчний тооцоог хэрэглэгч буруу гэж үзвэл энэ тухай хангагчид албан ёсоор мэдэгдэнэ. Хангагч мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор маргааныг шийдвэрлэнэ. Хэрэглэгч хангагчийн шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд хандана, 6.35 дахь заалтад Хангагч болон хэрэглэгчийн хооронд тооцооны хэмжих хэрэгслийн ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Стандартчилал хэмжил зүйн газар буюу эрх бүхий улсын байцаагч шийдвэрлэнэ гэж тус тус заасан байдаг. Дээрх заалтын дагуу Радио телевизийн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газраас Эрчим хүчний зохицуулах хороонд 2013 оны 12 сарын 5-ны өдрийн 380 тоот албан бичгээр хүргүүлсэн гомдлыг тус хороо хянаж үзээд 2013 оны 12 сарын 10-ны өдөр манай компанид асуудлыг судалж шийдвэрлэн, хариуг ирүүлэх тухай албан бичгийн дагуу манай компанийн ажлын хэсэг гарч, газар дээр нь үзлэг шалгалт хийх, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хэмжүүрийн инженер Б.Золбоо, тоолуурын инженер Ж.Хосбаяр нараар 2013 оны 12 сарын 18, 2014 оны 1 сарын 22-ны өдрүүдэд хэмжилт хийлгэснээр Төр хурх фидерийн С Фазад суурилуулсан ТПЛ-100/5А маркын гүйдлийн трансформаторын нарийвчлал стандартын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтийг үндэслэн Радио телевизийн сүлжээ газар нь 2013 оны 3 сард механик тоолуурыг электрон тоолуураар солиулах хүсэлт гаргаснаар 2013 оны 4 сарын 13-ны өдөр САЗУ маркийн 955962 дугаар бүхий механик тоолуур дутуу тоолж байсныг илрүүлж, ЕА-05- С-3 маркийн №01104329 дугаартай бүрэн электрон тоолуураар сольж хэмжилт хийхэд Радио телевизийн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын ажилтан Хишигжаргал байлцсан, хэмжилтийн дүнгээр тоолуур дээрх хоёрдогч хэлхээний утгууд болон тоолуурын ажиллагаа хэвийн байсан тул протокол үйлдэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Тоолуур солих үйлчилгээг тоолуур хэмжих хэрэгслийн ажилтнууд гүйцэтгэсэн. Хэмжилтийн үр дүнг үндэслэн уг гүйдлийн трансформаторыг сольж, хэвийн болгосон байна. Эдгээр ажлуудыг гүйцэтгэх явцад манай компани хамтарсан протокол үйлддэг. Манай Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажиллагсдын ажил үүргийн хуваарьт Радио телевизийн сүлжээний тоолуурыг, хэмжих, туршилт хийх эрх байхгүйг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор баталсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн 11 дүгээр зүйлийн 39 дүгээр зүйлд тооцооны тоолуур, хэмжих хэрэгсэл нь энэ дүрмийн 27 ба 32 заасан шаардлагыг хангаагүй нь хэрэглэгчээс шалтгаалаагүй, тооцооны хэмжих хэрэгслийг засварлахад сүлжээнээс тасалсан тохиолдолд өмнөх 3 сарын хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний дундаж хэрэглээгээр тооцоо хийнэ гэсэн заалтыг үндэслэл болгон Төр хурх фидерийн сүүлийн 3 сарын нийт 922 м.кВт.ц цахилгаан эрчим хүчний 33,3 хувь буюу 307,3 м.кВт.ц цахилгаан эрчим хүчний хэрэглээг хасч тооцох шийдвэр гарсныг У.Ц ТӨХК-ийн 2014 оны 1 сарын 29-ны өдрийн 1/223 тоот албан бичгээр мэдэгдсэн төдийгүй, Хонхорын станцын 2014 оны 1 сарын хэрэглээнээс 35,7 сая төгрөгийг хассан. Радио телевизийн сүлжээ улсын үйлдвэрийн газар нь нэхэмжлэлдээ нэгэнт илүү төлбөр төлсөн нь тодорхой тул манай байгууллагад учирсан хохирлыг барагдуулах талаар 2014 оны 1 сарын 23-ны өдөр шаардлага бүхий албан тоот өгсөн боловч тодорхой арга хэмжээ аваагүй болно гэсэн нь үндэслэлгүй болох нь 5102345 кодтой хэрэглэгчийн дэлгэрэнгүй хуулгаас харахад 2014 оны 2 сарын 21-ний өдөр 1 дүгээр сарын хэрэглээнээс бичилтийн залруулга хийж, 35,695,968 төгрөгийг хасч тооцсон байгаа нь нэхэмжлэлдээ тодорхой арга хэмжээ аваагүй гэж бичсэнийг үгүйсгэж байна. Иймд цахилгаан эрчим хүчний илүү төлбөр болох нэг тэрбум төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлдээ тусгаж өгсөн нь ямар нотлох баримтаар, яаж тооцож гаргасан нь тодорхойгүй нэхэмжлэл байгаа нь ямар ч эрх зүйн үндэслэлгүй байна. гэжээ.

Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай Хороо нь Эрчим хүчний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн тарифыг хянаж батлах, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүрээнд шударга өрсөлдөөнийг бий болгох нөхцөлийг бүрдүүлэх үндсэн зорилгын хүрээнд эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага тул Радио телевизийн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын төлбөр буцаан гаргуулах тухай нэхэмжлэлд хариуцагчаар оролцох үндэслэлгүй юм. Цахилгаан, дулаан түгээх, эрчим хүчээр зохицуулалттай хангах үйл ажиллагаа буюу хэрэглэгчийг түгээх сүлжээнд холбох, эрчим хүчний төлбөр тооцоо, борлуулалт хийх, эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан цахилгаан, дулааны тоолуураар хэрэглэгчийг хангах, тоолуурыг холболтын цэгт суурилуулах зэрэг үйл ажиллагаа нь Эрчим хүчний тухай хуулийн 16,17 дугаар зүйлүүдэд заасан тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд хамааралтай бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь У.Ц ТӨХК юм. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заасан бөгөөд мөн хуулийн 29, 30 дугаар зүйлүүдэд хангагч хэрэглэгчийн эрх, үүргийг тодорхой зааж өгсөн байна. Тодруулбал, цахилгаан эрчим хүчний төлбөр, тооцооны асуудлууд нь хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулагдаж түүнээс үүдэн гарсан аливаа эрх зүйн үр дагавар нь уг гэрээний талуудад хамааралтай байдаг. Гэтэл хангагч, хэрэглэгч хоорондын харилцаа буюу тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд бие даасан тал болон оролцдоггүй, хууль тогтоомжид заасан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлж буй манай Хороог хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байна. Түүнчлэн Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолыг 1 дүгээр хавсралтаар батлагдсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн 8.45 дахь заалтад Цахилгаан эрчим хүчний тооцоог хэрэглэгч буруу гэж үзвэл энэ тухай хангагчид албан ёсоор мэдэгдэнэ. Хангагч мэдэгдэл хүлээн авснаас хойш 7- хоногийн дотор маргааныг шийдвэрлэнэ. Хэрэглэгч хангагчийн шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд хандана, 6.35 дахь заалтад Хангагч болон хэрэглэгчийн хооронд тооцооны хэмжих хэрэгслийн ажиллагаатай холбогдон гарсан маргааныг хэмжил зүйн эрх бүхий улсын байцаагч шийдвэрлэнэ гэж тус тус заасан. Дээрх заалтын дагуу Радио телевизийн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газраас манай Хороонд 2013 оны 12 сарын 5-ны өдрийн 380 тоот албан бичгээр радио нэвтрүүлэх станцын тоног төхөөрөмжийн ажиллах цагийг багасгасан, нэмж тоног төхөөрөмж тавиагүй, станцын ачааллыг 50 хувиар бууруулж байхад цахилгаан эрчим хүчний төлбөр өссөн, Төр хурх, Төмөр замын шугамд урьдчилж мэдэгдэлгүй хэрэглэгч нэмж холбосон нь 2013 оны 9, 10, 11 саруудын төлбөрийг өсгөсөн, алдагдлын коэффициентыг өөр өөр тооцож байгаа тухай ирүүлсэн гомдлыг хүлээн авч хянаж үзээд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр У.Ц ТӨХК-д асуудлыг судалж шийдвэрлэн, хариуг ирүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичгийн дагуу У.Ц ТӨХК-аас ажлын хэсэг гарч, газар дээр нь үзлэг шалгалт хийх, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хэмжүүрийн инженер Б.Золбоо, тоолуурын инженер Ж.Хосбаяр нараар 2013 оны 12 сарын 18, 2014 оны 1 сарын 22-ны өдрүүдэд хэмжилт хийлгэснээр Төр хурх фидерийн С фазад суурилуулсан ТПЛ-100/5А маркын гүйдлийн трансформаторын нарийвчлал стандартын шаардлага хангахгүй, ЕА-05-03 маркийн N01104329 дугаар бүхий тоолуур нь дутуу тоолж байсныг илрүүлж, хэмжилтийн үр дүнг үндэслэн уг гүйдлийн трансформаторыг сольж хэвийн болгосон байна. Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 39 дэх заалтын дагуу Төр хурх фидерийн сүүлийн 3 сарын нийт 922 мянган кВт/ц цахилгаан эрчим хүчний 25 хувь буюу 307,3 мянган кВт/ц цахилгаан эрчим хүчний хэрэглээг хасч тооцох шийдвэр гарсныг У.Ц ТӨХК-ийн 2014 оны 1 сарын 29-ний өдрийн 1/223 тоот албан бичгээр мэдэгдсэн төдийгүй, Хонхорын станцын 2014 оны 1 сарын хэрэглээнээс 35,7 сая төгрөгийг хассан дэлгэрэнгүй тайланг манай Хороонд ирүүлсэн. Иймд Эрчим хүчний зохицуулах хороо энэ хэргийн жинхэнэ хариуцагчаар оролцох үндэслэлгүй юм гэжээ.

Хариуцагч У.Ц ТӨХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Радио телевизийн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газар нь У.Ц төрийн өмчит хувьцаат компанитай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан. Гэрээний 4.9-д Хэрэглэгч нь хангагчийн төлбөрийн нэхэмжлэл банкинд хүргэгдсэнээс хойш гэрээнд заасан хугацаанд нэхэмжилсэн төлбөрийг төлөх бөгөөд энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3 хувийн алданги төлнө гэж заасан. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 30.1.2-д зааснаар хэрэглэгч нь хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэгтэй. Радио телевизийн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газар нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаагүйгээс тус компанид 100,581,152.60 төгрөгийн хохирол учруулсан. Энэ төлбөр нь 2013 оны 12 сарын үлдэгдэл 20,413,081 төгрөг, 2014 оны 2 сарын 46,529,166 төгрөг, 3 сарын 1,000,000 төгрөг, 4 сарын 1,667,736 төгрөг, нийт 100,581,152 төгрөг болсныг Радио телевизийн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газраас гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Радио телевизийн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газар уг төлбөрөөс зохих хэмжээнд төлөлт хийж үлдэгдэл нь 71,222,059 төгрөг болсон байгаа тул Радио телевизийн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газраас 71,222,059 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Радио телевизийн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын төлөөлөгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлээр 71 сая төгрөг нэхээд байгаа нь хэзээний төлбөрийн тооцоо болох нь тодорхойгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Радио телевизийн сүлжээ УТҮГ нь хариуцагч У.Ц ТӨХК, У.Ц ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв, Эрчим хүчний зохицуулах хороо нарт холбогдуулан цахилгаан эрчим хүчний төлбөрт илүү төлсөн 1,000,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 829,586,615.89 болгон багасгасан, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хариуцагч У.Ц ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв, Эрчим хүчний зохицуулах хороо нарт холбогдох шаардлагаас татгалзаж, 829,586,615.89 төгрөгийг хариуцагч У.Ц ТӨХК-аас нэхэмжилсэн.

Хариуцагч У.Ц ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд цахилгаан эрчим хүчний төлбөрт дутуу төлөгдсөн 100,581,152 төгрөгийг нэхэмжлэгч Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг 71,222,059 төгрөг болгон багасгаж байна.

Нэхэмжлэгч Радио телевизийн сүлжээ УТҮГ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Радио телевизийн сүлжээ УТҮГ нь У.Ц ТӨХК-тай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ нэртэй гэрээ байгуулж, гэрээний дагуу цахилгаан эрчим хүчээр хангуулах, холбогдох төлбөрийн төлөхөөр харилцан тохиролцсон байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2005 оны 5 сарын 16, 2008 оны 3 сарын 15, 2013 оны 10 сарын 30-ны өдрийн огноо бүхий гэрээний хуулбарууд /хэргийн 1 хавтас 167-178 тал/-аар тогтоогдож байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэйгээр талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтад Хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Радио телевизийн сүлжээ УТҮГ нь У.Ц ТӨХК-д өөрийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь Хонхорын радио нэвтрүүлэх станцын РП-19 станцад тавигдсан байсан ТПЛ-10 загварын 1125 дугаартай, 100/5 коэффицент бүхий гүйдлийн трансформатор стандартын шаардлага хангахгүй баталгаагүй байсан, мөн ашиглаж байсан тоолуур баталгаагүй байсны улмаас цахилгаан эрчим хүчний төлбөрт илүү төлбөр төлсөн гэх үндэслэлээр 829,586,615.89 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.

ТПЛ-10 загварын 1125 дугаартай, 100/5 коэффицент бүхий гүйдлийн трансформатор нь улсын баталгааны гэрчилгээ, лац, тэмдэггүй, тооцоонд ашиглах боломжгүй, стандартын шаардлага хангахгүй, кабел нь дундаа нэвчилттэй хуучирсан байсны улмаас цахилгаан эрчим хүчний хэрэглээг буруу хэмжиж байсан болох нь 2014 оны 7 сарын 18-ны өдрийн огноо бүхий шинжээчийн дүгнэлт /хэргийн 1 хавтас, 68-72 тал/, 2014 оны 1 сарын 23-ний өдрийн огноо бүхий Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Хонхорын РТС-ний РП-19 станцад хэмжилт хийсэн ажлын дүгнэлт /хэргийн 1 хавтас, 123-126 тал/, 2014 оны 12 сарын 31-ний өдрийн огноо бүхий Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 2 хавтас 319,320 тал/ зэргээр тогтоогдож байх бөгөөд РП-19 станц буюу хуваарилах байгууламж нь 1960 онд ашиглалтад орсон, хуучнаар Монголын радио телевизийн хэрэг эрхлэх газар буюу одоогийн Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын өмч болох нь Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас ирүүлсэн тооллогын баримт /хэргийн 3 хавтас 209-219 тал/-аар тогтоогдсон.

Гүйдлийн трансформатор нь Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/384 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан  Улсын баталгаажуулалтад заавал хамруулах хэмжих хэрэгслийн жагсаалт-ын 15-д заасан хэмжих хэрэгсэлд хамаарч байх ба Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6 дахь заалтад баталгаагүй хэмжих хэрэгслийг ашиглахыг хориглоно гэж заасан байна.

Гүйдлийн трансформатор нь стандартын шаардлага хангахгүй, улсын баталгааны гэрчилгээ, лац, тэмдэггүй, тооцоонд ашиглах боломжгүй трансформатор байсан, кабел нь дундаа нэвчилттэй хуучирсан байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хугацааны буюу 2009 оны 1 сараас 2013 оны 12 сарыг дуусталх хугацааны цахилгаан эрчим хүчний хэмжилтийг үнэн зөв гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс гүйдлийн трансформаторыг 2014 оны 1 сард сольсноос хойшхи хугацааны буюу 2014 оны 2,3,4,5 сарын цахилгаан эрчим хүчний хэрэглээний дунджаар тооцон нэг сарын цахилгаан эрчим хүчний хэрэглээг 350,287.48 квт/ц-аар тооцон гаргасан нь Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тооцооны хэмжих хэрэгсэл гэж хэрэглээг тооцох цэг дээр төлбөрийг тооцох зорилгоор тавьсан цахилгааны тоолуур, чадлын хэмжүүр, тэдгээрт холбогдсон хэмжүүрийн трансформатор болон холболтын хэрэгслийг ойлгоно, мөн дүрмийн 39-д ...тооцооны хэмжих хэрэгслийг шалгаж засварлахаар сүлжээнээс тасалсан тохиолдолд түрүүчийн 3 сард хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний дунджийг баримтлан төлбөрийн тооцоог хийнэ гэж заасантай буюу гүйдлийн трансформаторыг сүлжээнээс тасалсан тохиолдолд төлбөр тооцоог тооцох зарчимтай нийцсэн байна.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс шүүхэд гаргаж өгсөн Акпар аудит ХХК-ийн хийсэн тооцоолол /хэргийн 1 хавтас 99,100 тал/-д дурдагдсан маргаан бүхий хугацаанд хамаарах У.Ц ТӨХК-ийн нэхэмжлэлд бичигдсэн квт/ц-ийн хэмжээг нягталж үзэхэд нэхэмжлэгчийн тооцоогоор 2009 оны 1-12 сарын нийт квт/ц-ийн хэмжээг 6,049,605.23 квт/ц гэж тооцоолсон, хариуцагчаас гаргаж өгсөн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хэргийн 1 хавтас 189-224 тал/-гаас үзэхэд 2009 оны 1 сараас 12 сарын квт/ц-ийн тооцоо 6,661156 квт/ц, нэхэмжлэгчийн тооцоогоор 2010 оны 1-12 сарын нийт квт/ц-ийн хэмжээг 5,899,624,01 квт/ц гэж тооцоолсон, хариуцагчаас гаргаж өгсөн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаас үзэхэд 2010 оны 1 сараас 12 сарын квт/ц-ийн тооцоо 5,956,087 квт/ц, нэхэмжлэгчийн тооцоогоор 2011 оны 1-12 сарын нийт квт/ц-ийн хэмжээг 5,876,276,90 квт/ц гэж тооцоолсон, хариуцагчаас гаргаж өгсөн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаас үзэхэд 2011 оны 1 сараас 12 сарын квт/ц-ийн тооцоо 5,876,277 квт/ц, нэхэмжлэгчийн тооцоогоор 2012 оны 1-12 сарын нийт квт/ц-ийн хэмжээг 6,187,442,96 квт/ц гэж тооцоолсон, хариуцагчаас гаргаж өгсөн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаас үзэхэд 2012 оны 1 сараас 12 сарын квт/ц-ийн тооцоо 6,187,443 квт/ц, нэхэмжлэгчийн тооцоогоор 2013 оны 1-12 сарын нийт квт/ц-ийн хэмжээг 6,104,106.93 квт/ц гэж тооцоолсон, хариуцагчаас гаргаж өгсөн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаас үзэхэд 2013 оны 1 сараас 12 сарын квт/ц-ийн тооцоо 6,104,107 квт/ц байх тул нэхэмжлэгчийн тооцоололд дурдагдсан маргаан бүхий хугацаанд хамаарах У.Ц ТӨХК-ийн нэхэмжлэлд бичигдсэн квт/ц-ийн хэмжээг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй байх ба уг хугацаанд хамаарах 1 квт/ц-ийн үнэ тарифын хэмжээ үнэн зөв эсэх талаар хариуцагч маргаагүй тул уг тооцоололд бичигдсэн квт/ц-аас нэхэмжлэгчийн нэг сарын дундаж хэрэглээг хасч тооцон илүү нэхэмжилсэн квт/ц-ийн хэмжээг гаргаж, үүнийг тухайн үеийн үнэ тарифаар тооцож үзэхэд нэхэмжлэгч талаас гаргасан тооцоололтой таарсан, тооцоолол алдаагүй байсан болно.

Иймд стандартын шаардлага хангахгүй, улсын баталгааны гэрчилгээ, лац, тэмдэггүй, тооцоонд ашиглах боломжгүй хэмжих хэрэгсэл буюу гүйдлийн трансформатор .ашиглагдаж байсан, кабел нь дундаа нэвчилттэй хуучирсан байсны улмаас хариуцагч нь нэхэмжлэгчээс цахилгаан эрчим хүчний төлбөрт 829,586,615.89 төгрөгийн төлбөрийг илүү авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дахь заалтад Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас цахилгаан эрчим хүчний төлбөрт илүү төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй байна.

Стандартын шаардлага хангахгүй, улсын баталгааны гэрчилгээ, лац, тэмдэггүй, тооцоонд ашиглах боломжгүй хэмжих хэрэгсэл буюу гүйдлийн трансформатор, дундаа нэвчилттэй хуучирсан кабел нь нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 дахь заалтад заасан өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, баталгаагүй хэмжих хэрэгсэл ашиглаж байсан байдал нь эрчим хүчний төлбөрт илүү төлбөр төлөх нөхцөл байдлыг бүрдүүлсэн байдлыг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дахь заалтад Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасныг төсөөтэй хэрэглэн хариуцагч У.Ц ТӨХК-аас цахилгаан эрчим хүчний төлбөрт илүү төлсөн төлбөрт 414,793,307.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Радио телевизийн сүлжээ УТҮГ-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 414,793,307.9 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч У.Ц ТӨХК нь нэхэмжлэгч Радио телевизийн сүлжээ УТҮГ-т холбогдуулан цахилгаан эрчим хүчний төлбөрт дутуу төлөгдсөн 100,581,152 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд 2017 оны 10 сарын 24-ний өдөр нэхэмжилсэн дүнгээс төлбөр төлөгдсөн гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 77,222,058 төгрөг болгон багасгасан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хэргийн 4 хавтас 4-9 тал/-гаар 2017 оны 10 сарын 13-ний өдрийн байдлаар Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын 2013 оны 12 сарын 23-ний өдрөөс 2014 оны 3 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл 77,222,058.10 төгрөг байгаа болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч уг төлбөрийн тооцооллыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч дээр дурдсан 77,222,058 төгрөгөөс төлбөр төлөгдөж үлдэгдэл нь 71,222,059 төгрөг байгаа гэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг 71,222,059 төгрөг болгож дахин багасгасан, нэхэмжлэгч уг төлбөрийг хэзээний төлбөрийн тооцоолол болох нь ойлгомжгүй гэж маргасан.

Сөрөг нэхэмжлэлээр шаардаж буй төлбөрт хамаарах хугацаа буюу 2013 оны 12 сарын 23-ний өдрөөс 2014 оны 3 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаа нь улсын баталгааны гэрчилгээ, лац, тэмдэггүй, тооцоонд ашиглах боломжгүй, стандартын шаардлага хангахгүй байсан ТПЛ-10 загварын 1125 дугаартай, 100/5 коэффицент бүхий гүйдлийн трансформаторыг сольсноос хойшхи хугацааны төлбөр бөгөөд шинээр сольж суурилуулсан гүйдлийн трансформатор нь төлбөр тооцоонд ашиглах боломжгүй, стандартын шаардлага хангахгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тухайн хугацааны төлбөрийн тооцооллыг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй.

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтад зааснаар хэрэглэгч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө бүрэн төлөх үүрэгтэй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас 2013 оны 12 сарын 23-ний өдрөөс 2014 оны 3 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цахилгаан эрчим хүчний төлбөрт 71,222,059 төгрөгийг гаргуулан хариуцагч У.Ц ТӨХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар шүүхээс шинжээчээр томилогдсон Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооноос шинжээчийн зардалд 54,000,000 төгрөгийн зардал нэхэмжилсэн, шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтад Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж заасныг баримтлан шинжээчийн зардлыг зохигч нар тэнцүү хэмжээгээр хариуцуулав.

Хариуцагч гүйдлийн трансформаторын алдаа нь зөвшөөрөгдөх хэмжээнд байсан гэж маргаж байх боловч шинжээчийн дүгнэлтээр тооцоонд ашиглагдах боломжгүй, стандартын шаардлага хангахгүй гэж дүгнэгдсэн гүйдлийн трансформаторын алдааны хэмжилтийг зөвшөөрөгдөх хэмжээнд байсан гэж үзэх боломжгүй гэж, Акпар аудит ХХК-ийн гаргасан тооцоололд аудитор гарын үсэг зураагүй, хэн гэж аудитор гаргасан болох нь тодорхой бус, ямар нэг гэрээгүйгээр аудитын ажил гүйцэтгэсэн нь Аудитын тухай хууль зөрчсөн гэж маргасан боловч шүүх уг хуулийн этгээдийг шинжээчээр томилоогүй, зөвхөн гаргасан тооцооллын үнэн зөв эсэхэд дүгнэлт хийсэн тул дээрх татгалзлыг үндэслэлгүй гэж шүүх үзсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч У.Ц ТӨХК-аас 414,793,307.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Радио телевизийн сүлжээ УТҮГ-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 414,793,307.9 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас 71,222,059 төгрөгийг гаргуулан хариуцагч У.Ц ТӨХК-д олгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Радио телевизийн сүлжээ УТҮГ нь хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо, У.Ц ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.    Нэхэмжлэгч Радио телевизийн сүлжээ УТҮГ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч У.Ц ТӨХК-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 660,866 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас 660,866 төгрөгийг гаргуулан хариуцагч У.Ц ТӨХК-д олгож, хариуцагч У.Ц ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,231,916 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, шинжээчийн зардалд 27,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас, 27,000,000 төгрөгийг хариуцагч У.Ц ТӨХК-аас тус тус гаргуулж Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоонд олгосугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд   гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР