Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01694

 

“Р” УТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/00753 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1339 дүгээр магадлалтай,

Р УТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв, Эрчим хүчний зохицуулах хороонд тус тус холбогдох,

Цахилгаан эрчим хүчний төлбөрт илүү төлсөн 829.586.615 төгрөг гаргуулах тухай үндсэн,

71.222.059 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Мэндбаяр, өмгөөлөгч Ж.Батзоригт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төрболд, Ц.Энхсайхан, Г.Норжмаа, Б.Төрсайхан, өмгөөлөгч Ч.Өнөржаргал, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Р” УТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус байгууллагын Хонхорын радио нэвтрүүлэх төв станц нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг ба Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр үйлчлүүлдэг. 2013 оны 12 дугаар сард шалгаж үзээд зөрүүтэй байсан талаар хүлээн зөвшөөрсөн. Илүү төлбөр төлсөн нь тодорхой болсон учир байгууллагад учирсан хохирлыг барагдуулах талаар 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр албан тоот өгсөн боловч тодорхой арга хэмжээ аваагүй. Иймд цахилгаан эрчим хүчний илүү төлбөр 1.000.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хонхорын радио нэвтрүүлэх станцын РП-19 станцад хангагч талаас С фазад тавигдсан байсан ТПЛ-10 маркын №1125 дугаартай 100/5 коеффицент бүхий гүйдлийн трансформатор стандартын шаардлага хангахгүй, баталгаагүй трансформатор, тоолуурыг ашиглуулсны улмаас нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний төлбөрт нэхэмжлэгчийн зүгээс 2009 оны 1-12 сард 138.092.429 төгрөг, 2010 оны 1-12 сард 146.991.597 төгрөг, 2011 оны 1-12 сард 155.491.686 төгрөг, 2012 оны 1-12 сард 192.050.541 төгрөг, 2013 оны 1-12 сард 196.960.360 төгрөг илүү төлсөн байна. ИЙмд хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас 829.586.615 төгрөгийг гаргуулж өгнө үү. Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд холобгдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК шүүхэд гаргасан тайлбартаа: Хонхорын радио нэвтрүүлэх төв станцын 35/6 кв-ын цахилгаан дэд станц нь Р УТҮГ-ын өөрийнх нь өмчлөл, ашиглалтад байдаг. Нэхэмжлэгч нь Хонхор 35/6 кВ-ын дэд станц, 6 кВ-ын хүчдэлийн РП-19 хуваарилах байгууламжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд байнгын хяналт тавиагүй, жил бүрийн их ба урсгал засвар үйлчилгээ, хэмжилт туршилт, зүгшрүүлэлтийг техник ашиглалтын дүрэм, аюулгүй ажиллагааны дүрэмд заасан хугацаанд хийлгэж байгаагүйгээс техникийн зөрчил үүссэн нь тоног төхөөрөмж өмчлөгчийн өөрийнх нь буруутай ажиллагаа гэж үзэж байна.

Хэрэглэгч өөрөө хүсэлт тавьж цахилгаан тоноглолоо шалгуулаагүй байхад тоноглолоос шалтгаалсан зөрчлийг хангагч байгууллага мэдэх боломжгүй. Р УТҮГ нь 2013 оны 12 сар, 2014 оны 01 дүгээр сард хүсэлт гаргасан, энэ хугацаанаас эхлэн манай байгууллага өөрийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч асуудлыг шийдвэрлэхээр олон талаас судалж хариуг албан ёсоор өгсөн. 2013 оны 12 сарын 18-ны өдөр тоолуурын хэлтсийн инженер газар дээр нь очиж, тоолуур хэмжих хэрэгслийг хэмжилт хийн шалгаж протокол үйлдсэн. Энэ хэмжилтээр тоолуурын холболт болон ажиллагаанаас шалтгаалсан зөрчил илрээгүй хэвийн байсан ба, харин гүйдлийн трансформаторыг лабораторид шалгуулах нь зүйтэй байна гэж дүгнэсэн.

2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3/122 тоот албан бичгийн дагуу маргааш нь дахин газар дээр хэмжилт хийсэн. Хэмжилтийн дүнгээр гүйдлийн трансформатор /№1125, 100/5 коэф/ нь стандартын шаардлага хангахгүй, мөн тоолуурын С фазын гүйдэл нь А фазын гүйдлийн утаснаас 2 дахин бага байсан. Энэ нь цахилгааныг дутуу тоолох нөхцөл бүрдүүлсэн, кабел нь дундаа нэвчилттэй, хуучирсан байснаас болсон гэж дүгнэлтэд тусгагдсан байгаа болно.

Р УТҮГ 2013 оны 03 дугаар сард механик тоолуурыг электрон тоолуураар солиулах хүсэлт гаргаснаар манай компани 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тоолуурыг сольж хэмжилт хийхэд нэхэмжлэгч байгууллагын ажилтан байлцсан. Хэмжилтийн дүнгээр тоолуур дээрх хоёрдогч хэлхээний гүйдлийн утгууд болон тоолуурын ажиллагаа хэвийн байсан тул протокол үйлдэж талууд гарын үсэг зурсан.

Эрчим хүчний төлбөрийн мөнгө нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн дансанд биш цахилгаан эрчим хүч түгээх хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэрэглэгчдийн хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг төвлөрүүлэхээр арилжааны банкинд тусгайлан нээсэн дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дансанд ордог. Иймд Р УТҮГ-ын нэхэмжилж буй шаардлага Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн дансанд ороогүй, эргүүлж төлөх эрх зүйн боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв шүүхэд гаргасан тайлбартаа: Р УТҮГ-аас Эрчим хүчний зохицуулах хороонд 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 380 тоот албан бичгээр хүргүүлсэн гомдлыг тус хороо хянаж үзээд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр асуудлыг судалж шийдвэрлэн, 2013 оны 12 сарын 18, 2014 оны 1 сарын 22-ны өдрүүдэд хэмжилт хийлгэсэн. Төр хурх фидерийн С Фазад суурилуулсан ТПЛ-100/5А маркын гүйдлийн трансформаторын нарийвчлал стандартын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтийг үндэслэн Р газар нь 2013 оны 3 сард механик тоолуурыг электрон тоолуураар солиулах хүсэлт гаргаснаар 2013 оны 4 сарын 13-ны өдөр САЗУ маркийн 955962 дугаар бүхий механик тоолуур дутуу тоолж байсныг илрүүлж, ЕА-05- С-3 маркийн №01104329 дугаартай бүрэн электрон тоолуураар сольж хэмжилт хийхэд тус газрын ажилтан Хишигжаргал байлцсан, хэмжилтийн дүнгээр тоолуур дээрх хоёрдогч хэлхээний утгууд болон тоолуурын ажиллагаа хэвийн байсан тул протокол үйлдэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Тоолуур солих үйлчилгээг тоолуур хэмжих хэрэгслийн ажилтнууд гүйцэтгэсэн. Хэмжилтийн үр дүнг үндэслэн уг гүйдлийн трансформаторыг сольж, хэвийн болгосон байна. Эдгээр ажлуудыг гүйцэтгэх явцад хамтарсан протокол үйлддэг. Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажил үүргийн хуваарьт Рний тоолуурыг, хэмжих, туршилт хийх эрх байхгүйг дурдах нь зүйтэй. Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор баталсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн 11 дүгээр зүйлийн 39 дүгээр зүйлд тооцооны тоолуур, хэмжих хэрэгсэл нь энэ дүрмийн 27 ба 32-д заасан шаардлагыг хангаагүй нь хэрэглэгчээс шалтгаалаагүй, тооцооны хэмжих хэрэгслийг засварлахад сүлжээнээс тасалсан тохиолдолд өмнөх 3 сарын хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний дундаж хэрэглээгээр тооцоо хийнэ гэсэн заалтыг үндэслэл болгон Төр хурх фидерийн сүүлийн 3 сарын нийт 922 м.кВт.ц цахилгаан эрчим хүчний 33.3 хувь буюу 307,3 м.кВт.ц цахилгаан эрчим хүчний хэрэглээг хасч тооцох шийдвэр гарсныг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2014 оны 1 сарын 29-ны өдрийн 1/223 тоот албан бичгээр мэдэгдсэн төдийгүй, Хонхорын станцын 2014 оны 1 сарын хэрэглээнээс 35,7 сая төгрөгийг хассан. 5102345 кодтой хэрэглэгчийн дэлгэрэнгүй хуулгаас харахад 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1 дүгээр сарын хэрэглээнээс бичилтийн залруулга хийж, 35.695.968 төгрөгийг хасч тооцсон байгаа нь нэхэмжлэлдээ тодорхой арга хэмжээ аваагүй гэж бичсэнийг үгүйсгэж байна. Иймд нэхэмжлэл ямар нотлох баримтаар, яаж тооцож гаргасан нь тодорхойгүй тул эрх зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо шүүхэд гаргасан тайлбартаа: Цахилгаан, дулаан түгээх, эрчим хүчээр зохицуулалттай хангах үйл ажиллагаа буюу хэрэглэгчийг түгээх сүлжээнд холбох, эрчим хүчний төлбөр тооцоо, борлуулалт хийх, эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан цахилгаан, дулааны тоолуураар хэрэглэгчийг хангах, тоолуурыг холболтын цэгт суурилуулах зэрэг үйл ажиллагаа нь Эрчим хүчний тухай хуулийн 16,17 дугаар зүйлүүдэд заасан тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд хамааралтай бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК юм. Гэтэл хангагч, хэрэглэгч хоорондын харилцаа буюу тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд бие даасан тал болон оролцдоггүй, хууль тогтоомжид заасан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлж буй манай Хороог хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байна.

Тус Хороонд 2013 оны 12 сарын 5-ны өдөр ирсэн 380 тоот албан бичгийг хянаж үзээд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д асуудлыг судалж шийдвэрлэн, хариуг ирүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичгийн дагуу Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас ажлын хэсэг гарч, газар дээр нь үзлэг шалгалт хийж хэвийн болгосон байна. Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 39 дэх заалтын дагуу Төр хурх фидерийн сүүлийн 3 сарын нийт 922 мянган кВт/ц цахилгаан эрчим хүчний 25 хувь буюу 307,3 мянган кВт/ц цахилгаан эрчим хүчний хэрэглээг хасч тооцох шийдвэр гарсныг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2014 оны 1 сарын 29-ний өдрийн 1/223 тоот албан бичгээр мэдэгдсэн төдийгүй, Хонхорын станцын 2014 оны 1 сарын хэрэглээнээс 35,7 сая төгрөгийг хассан дэлгэрэнгүй тайланг манай Хороонд ирүүлсэн. Эрчим хүчний зохицуулах хороо энэ хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлгүй юм гэжээ.

Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Р УТҮГ нь тус компанитай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан. Гэрээний 4.9-д хэрэглэгч нь хангагчийн төлбөрийн нэхэмжлэл банканд хүргэгдсэнээс хойш гэрээнд заасан хугацаанд нэхэмжилсэн төлбөрийг төлөх бөгөөд энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3 хувийн алданги төлнө гэж заасан.

Р улсын төсөвт үйлдвэрийн газар нь 2013 оны 12 дугаар сарын үлдэгдэл 20.413.081 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 46.529.166 төгрөг, 3 сарын 1.000.000 төгрөг, 4 сарын 1.667.736 төгрөг, нийт 100.581.152 төгрөг төлөөгүй тул гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохих хэмжээнд төлөлт хийсэн тул үлдэх 71.222.059 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Р УТҮГ сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: хэзээний төлбөрийн тооцоо болох нь тодорхойгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/00753 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас 414,793,307.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р УТҮГ-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 414,793,307.9 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Р УТҮГ-аас 71,222,059 төгрөгийг гаргуулан хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Р УТҮГ нь хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч Р УТҮГ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх Сүлжээ ТӨХК-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 660,866 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Р УТҮГ-аас 660,866 төгрөгийг гаргуулан хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх Сүлжээ ТӨХК-д олгож, хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,231,916 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, шинжээчийн зардалд 27,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Р УТҮГ-аас, 27,000,000 төгрөгийг хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх Сүлжээ ТӨХК-аас тус тус гаргуулж Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1339 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/00753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.231.920 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 181/ШШ2018/00753 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1339 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймээс дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Шүүхийн практикт шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримтаас илүүд үзэх хандлага түгээмэл байдаг. 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 68-72/ нь нотлох баримтын цахилгааны төлбөрийн илүү төлөлттэй холбоотой маргааны шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гэдэг нь гарцаагүй бөгөөд ойлгомжтой юм. Гэвч 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэд заасан цахилгааны төлбөрийн илүү төлөлттэй холбоотой маргаанд хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ны үйл ажиллагаа буруутай байсан эсэх үйл баримтыг нотолж, тогтоож чадаагүй бөгөөд харин ч үгүйсгэсэн байдаг юм.

Шинжээчийн дүгнэлт нь 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гарсан бөгөөд дүгнэлт гарсан өдрөөс дүгнэлтэд заасан нөхцөл байдал бий болсон эсэх эсхүл дүгнэлт гарсан өдрөөс ямар цаг хугацаанд үүссэн нь тодорхойгүй тул нэхэмжлэгчийн цахилгааны төлбөрт илүү төлсөн гэх төлбөрийг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сар хүртэлх хугацааг хамаарна гэж үзэх тогтоосон зүйл байхгүй юм. Хэдийгээр С фазад улсын баталгаагүй, стандартын шаардлага хангаагүй гэх асуудал дээрх 2 шинжээчийн дүгнэлтээр нотлогдоогүй боловч уг трансформаторийг хэн, хэзээ суурилуулсан, түүний өмчлөгч, өмчлөгчийн үүргээ хэрхэн биелүүлсэн эсэх асуудал яригдах юм. Хэргийг шийдвэрлэхэд трансформаторын өмчлөгч нь ямар байгууллага болохыг тогтоох хамгийн ач холбогдолтой бөгөөд энэ талаар өмнө нь хэргийг шийдвэрлэж байсан шүүхийн магадлал, тогтоолоос тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл “Р” УТҮГ нь өөрийн өмч болох трансформаторын бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээг хийлгээгүй нь өмчлөгчийн буруу үйлдэл гэж ойлгогдож байгаа юм. Гэтэл анхан шүүх трансформатор нь стандартын шаардлага хангахгүй, улсын баталгааны гэрчилгээ, лац, тэмдэггүй, тооцоонд ашиглах боломжгүй трансформатор байсан, кабель нь дундаа нэвчилттэй хуучирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хугацааны буюу 2009 оны 1 сараас 2013 оны 12 сарыг дуустал хугацааны цахилгаан эрчим хүчний хэмжилтийг үнэн зөв гэж үзэх боломжгүй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй юм.

2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтэд зөвхөн хэмжих хэрэгслийн нэг хэсэг болох гүйдлийн трансформатор нь техникийн талаасаа шаардлага хангахгүй гэж үзсэн ч трансформаторыг 2009 оны 1 дүгээр сараас 2013 оны 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд эвдрэлтэй байсан гэх нөхцөл байдал ямар ч шинжээчийн дүгнэлтэд байхгүй юм.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан цахилгааны тоолуурыг холболтын цэгт суурилуулах бөгөөд уг тоолуур нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмч байж болдог юм. 01104329 дугаартай улсын баталгаажуулалтын гэрчилгээ бүхий тоолуур нь манай байгууллагын өмч юм. Харин С фазын гүйдлийн трансформатор нь манай өмч биш бөгөөд энэ УБЦТС ТӨХК-ийн өмчид бүртгэлгүй гэх албан бичиг болон Архивын ерөнхий газраас ирүүлсэн болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичгүүдээр нотлогдож байгаа юм. “Р” УТҮГ нь РП-19 байгууламж бүхий С фазын гүйдлийн трансформатор нь өөрийн өмчид бүртгэлтэй эсэхийг мэдэхгүйгээс 2 байгууллагын хооронд үл ойлголцол үүсээд даруй 4 гаруй жил өнгөрөөд байгаа гэж ойлгож байгаа болно. Иймээс тоолуур, трансформатор, хэмжих хэрэгслийн талаар нарийвчлан, эрх Зүйн бичиг баримт, Цахилгаан эрчим хүч хэрэглэх гэрээ зэрэг ч хэрхэн нарийвчлан тодорхойлсныг дахин тайлбарлах нь шүүх нотлох баримтыг хэрхэн үнэлж буруу шийдвэр гаргасныг харуулах болно. Өөрөөр хэлбэл тооцооны хэмжих хэрэгсэл үнэн, зөв, хэвийн ажиллахад цахилгаан эрчим хүчээр хангах болон хэрэглэгч байгууллагын өмчлөлийн тоног төхөөрөмжөөс шалтгаалахыг тодорхойлсон байна. Хэдийгээр анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа тоолуурын гэрчилгээгүй гэдэг асуудлыг үндэслээгүй боловч 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Шинжээчийн дүгнэлт нь олон талаар эргэлзээтэй, хэрэгт авагдсан нотлох баримтаар дээр дурдсанчлан үгүйсгэгдэж байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эзэмшлийн заагаар тогтоогдсон тоолуур, трансформатор зэрэг тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, алдагдал зэргийг эзэмшигч хүлээхээр гэрээгээр тохиролцсон. Баталгаажуулсан тоолуур ашиглаж байсан тул хангагчийн хувьд хууль зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байгаа бөгөөд харин маргааны зүйл болоод байгаа трансформаторын өмчлөгчийн хувьд “Р” УТҮГ нь Эрчим хүчний тухай хууль, болон гэрээнд заасны дагуу үүрэг гүйцэтгэх учиртай гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2013 оны 4 дүгээр сарын 13-ны байдлаар хэмжих хэрэгсэл хэвийн ажиллаж байсан нь тогтоогдож байхад 2014 оны 2.3.4.5 дугаар сарын хэрэглээний дунджаар тооцон 2009 оны 1 дүгээр сараас 2013 оны 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны илүү төлөлт гэх төлбөрийг нэхэмжлэх ямар ч хууль зүйн боломжгүй гэж үзэж байна. Хариуцагч нь дээрх тооцоог хийхдээ цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 39-д “тооцооны тоолуур, хэмжих хэрэгсэл нь энэ дүрмийн 27 ба 32-т заасан шаардлагыг хангаагүй нь хэрэглэгчээс шалтгаалаагүй тооцооны хэмжих хэрэгслийг шалгахаар сүлжээнээс тасалсан тохиолдолд түрүүчийн 3 сарын хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний дунджийг баримтлан төлбөрийн тооцоо хийнэ.” гэсэн заалтыг үндэслэл болгожээ. Давж заалдах шатны шүүх /1хх-гийн 94-96 дугаар тал/ уг тооцоог шүүх үндэслэсэн нь буруу биш гэж үзнэ. Түүнчлэн шүүх тооцоог хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланг үндэслэсэн ба энэ баримтаас харахад нэхэмжлэгчийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийн дүн 2009 оноос өсөлттэй, өмнөх үеийнхээс өндөр гарч байжээ.” гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байгаа юм. Учир нь /1хх-гийн 94-96 дугаар тал/ байгаа баримтад дундаж төлбөр 74.8 буюу 26,201,478.82 төгрөг гэдэг тоог гаргаж ирсэн байх бөгөөд уг тооцооллыг эвдэрхий тоолуураар тооцсон гэх томьёоллоор/ хүснэгтэд тэгж заасан байна/ эрчим хүчний хэрэглээний кВ/ц -аар тооцож гаргасан нь тодорхой харагдаж байна. Анхан шатны шүүх нь “Акбар аудит" ХХК-ийн 390 дугаартай дүгнэлт нь тухайн үед мөрдөгдөж байсан буюу 1997 оны Аудитын хуулийн хүрээнд хийгдэх ёстой байтал зөрчиж үйлдсэн "Акбар аудит” ХХК-ийн хараат бус аудиторын 390 дугаартай дүгнэлтэд дурдсан үнийн дүнг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд: Уг дүгнэлтэд “хараат бус аудиторын дүгнэлт" гэх боловч хэн гэдэг аудитор дүгнэлт гаргасан нь тодорхойгүй, дүгнэлт гаргасан аудитор нь хувийн тэмдэг дардсаа дараагүй, мөн хуулийн 10 дугаар зүйлд “Аудит хийх талаар үйлчлүүлэгч болон аудитын байгууллага бичгээр гэрээ байгуулна." гэж заасан байхад гэрээ байгуулахгүйгээр 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 398 тоот албан хүсэлтээр дүгнэлт гаргасан нь хууль бус байна. Хараат бус аудитор нь зөвхөн санхүүгийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлтээ гаргах ёстой байдал 390 дугаартай дүгнэлтдээ техникийн нөхцөл байдалд үндэслэн дүгнэлт гаргасан байдаг. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 181/32016/08188 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны шинжээчийн дүгнэлтийн 5-д “Акбар аудит” ХХК-ны дүгнэлтийг үндэслэлгүй гаргасан талаар тодорхой дурдсан байхад шүүх тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж чадсангүй. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 181/32016/08188 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооноос томилогдсон шинжээч М.Оюунбатын 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн дүгнэлтийг /Зхх-гийн 139-144/ огт үнэлээгүй бөгөөд энэ талаар дүгнэлт өгөөгүй болно. М.Оюунбат шинжээчийн дүгнэлтэд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг техник, эдийн засаг, Эрчим хүчний тухай хууль тогтоомжийг тайлбарлан дүгнэлт гаргасан байдаг юм.

Нэхэмжлэгч тал шүүхээр Эрчим хүчний инженерүүдийн холбооны гишүүн байгууллагуудын тоонд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК ордог талаарх баримтыг нотлох баримтаар гаргуулсан байдаг. Гэвч хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын дүгнэлтийг үнэлэхгүй байх тухай ямар нэг хүсэлт гаргаагүй болно. Анхан шатны шүүх “Акпар аудит” ХХК-ийн дүгнэлт нь Аудитын хуульд нийцсэн эсэх асуудлыг шийдвэрлээгүй байж, дүгнэлтэд дурдсан тооцооллыг үнэн зөв үзэх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзээд нэхэмжлэгчийн төлбөрийн зөрүүг тооцсон тооцоог няцаасан, үгүйсгэсэн баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй, хэрэгт энэ талаар баримт байхгүй болно гэж дүгнэсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн иргэн ий хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 181/32016/08188 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийн ажлын хөлс нь тооцсон аргачлал нь /Зхх-гийн 133-137/ нь бодит байдалд нийцэхгүй, хэт өндөр тоогдсон байна. Тиймээс шүүхээс томилсон шинжээчийн ажлын хөлсийг хэргийг шийдвэрлэхэд хамтатган шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж байна. Иргэний хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн зардлыг заавал хамтатган шийдвэрлэх талаар заагаагүй буюу энэ иргэний эрх зүйн чөлөөт байдлын зарчимтай нийцэж байгаа тул шинжилгээ хийсэн байгууллага нь шүүхийн шинжилгээ хийсэн ажлын хөлс 54.000.000 төгрөг болсон тухай баримтаа бүрдүүлэн үндсэн нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэснээр хамааран нэхэмжлэгч, хариуцагчийн аль нэгнээс нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 181/ШШ2018/00753 дугаартай шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.                                                           

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

1.Нэхэмжлэгч “Р” УТҮГ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-с 829.586.615 төгрөг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч улмаар 2013 оны 12 дугаар сарын 23-с 2014 оны 3 дугаар сарын 25-ний өдөр хүртэл хугацааны цахилгаан эрчим хүчний төлбөрт 71.222.059 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг “...РП-19 станцад хангагч талаас С фазад тавигдсан байсан ТПЛ маркийн №1125 дугаартай 100/5 коэффицент бүхий гүйдлийн трансформатор стандартын шаардлага хангахгүй, баталгаагүй, мөн баталгаагүй тоолуур ашигласны улмаас 2009 оны 1 сараас 2013 оны 12 сарыг дуустал хугацаанд илүү төлбөр төлсөн тул буцаан гаргуулна” гэжээ /хэргийн 4 дүгээр хавтас 95 дугаар тал/. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...трансформатор нь нэхэмжлэгчийн өмч учраас техник ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд байнгын хяналт тавих, их ба урсгал засвар үйлчилгээ хийх, баталгаажуулах үүрэгтэй, ...хангагч байгууллагын хувьд стандартын шаардлага хангасан, эрх бүхий этгээдээр баталгаажуулсан тоолуур ашигладаг...” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Зохигч талууд шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа тодорхой тусгасан байх тул хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан энэхүү шаардлага, үндэслэлийн хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай Монгол улсын хуулиар /2005/ Радио телевизийн хэрэг эрхлэх газрын эзэмшилд байгаа дамжуулах, дахин дамжуулах техник, станц болон үндэсний радио телевизийн архивыг төрийн өмчид хэвээр үлдээж, тус газрын эзэмшилд байгаа 5.521.063.029 төгрөгийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийг шинээр байгуулагдах Олон нийтийн радио телевизийн өмчлөлд шилжүүлжээ.

Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2009 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн 152 дугаар тогтоолоор Рний газрыг “Р” УТҮГ болгон өөрчлөн байгуулсан, маргааны зүйл болж буй Хонхорын РП-9 хуваарилах байгууламж нь тус газрын өмчид бүртгэгджээ.

Зохигчийн хооронд 2005, 2007, 2008, 2013, 2014-2016 онуудад цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан, уг гэрээний үндсэн дээр эрчим хүч нийлүүлж, төлбөр тооцоог гүйцэтгэж байжээ.

Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-т зааснаар эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулах ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, энэ талаар маргаагүй байна.

Харин трансформатор, тоолуур стандартын шаардлага хангасан эсэх, нэхэмжлэлд дурдсан хугацаанд хэрэглэгч буюу нэхэмжлэгч илүү төлбөр төлсөн гэж үзэх эсэх нь маргааны зүйл болжээ.

2. Эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станц болон технологийн зориулалттай бусад байгууламж нь эрчим хүчний барилга байгууламжид хамаарахаар Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9.-т заасан, Хонхорын РП-19 хуваарилах байгууламж нь 35/6 кВ-ын дэд станц байна.

Нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийхийн өмнө уг дэд станц ямар тоноглолоос бүрддэг, тэдгээрийн чиг үүргийг тодорхойлох шаардлагатай.

Хэрэгт авагдсан 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...Төрхурх фидрийн 6000 вольтын өндөр хүчдлийн ячеек дотор А ба С фазад суурилуулсан гүйдлийн трансформатор нь 100 ампер гүйдлийг 5 ампер хүртэл бууруулж, гүйдлийн утгыг тоолуураар хэмжих боломж олгож байгаа гүйдлийн хувьсгуур юм, ...тоолуур нь ячеек №1-д байрладаг бөгөөд 6000 вольтын өндөр хүчдэлийн хэлхээнд гүйдлийн болон хүчдэлийн трансформатороор дамжин холбогдоно. ...6000 вольтын өндөр хүчдэлийг 100 вольт болгож тоолуурын хүчдэлийн ороомогт холбогдож, цахилгаан эрчим хүчний хэрэглээний чадлын утгыг хэмжих зориулалттай тоноглолыг хүчдлийн трансформатор” гэж тодорхойлжээ. Трансформатор болон тоолуурын үүрэг, ажиллах зарчмыг тодорхойлсон шинжээчийн энэхүү дүгнэлтийг талууд үгүйсгээгүй байна.

Хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэйг Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8.-т заасан. Иймд маргааны зүйл болох трансформатор, тоолуурын өмчлөгч, эзэмшигчийг тодорхойлох нь нэхэмжлэлийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Маргаан бүхий ТПЛ-10 маркийн, 100/5 коэф бүхий гүйдлийн трансформатор байрлаж буй РП-19 хуваарилах байгууламж нь Р УТҮГ-ын өмчид бүртгэгдсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.  

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4/-т тухайн хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгааг эрх бүхий хэмжил зүйн байгууллагаас тогтоож, батлах ажиллагааг хэмжих хэрэгслийн баталгаажуулалт гэж тодорхойлсон ба мөн хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар аж ахуйн нэгж, байгууллага нь хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг загварын туршилт, улсын баталгаажуулалтад хамруулах үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь трансформаторыг баталгаажуулах үүргийг хуулиар хүлээсэн байх тул хариуцагч баталгаагүй трансформатор ашигласан гэх тайлбар үндэслэлгүй.

3. Хэрэгт дараах шинжээчийн дүгнэлтүүд авагджээ. Үүнд:  

3.1.Нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 9558 дугаар захирамжаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилсон.  Тус газрын хэмжилзүйн хяналтын улсын байцаагч Г.Отгонсүрэн шинжээчийн дүгнэлтдээ “...Р УТҮГ-ын төлбөр тооцоог гүйцэтгэж байсан гүйдлийн трансформатор нь улсын баталгааны гэрчилгээ, лац, тэмдэггүй, цахилгаанаас салгасан ТПЛ-10 загварын 7723 дугаартай /коэффициент 100/5/, хажуу талд нь Х гэж зурсан трансформатор байсан ба энэхүү чагт /Х/ тэмдэглэгээг хэзээ хэн тавьсан, суурилуулсан нь тодорхойгүй байлаа. ...УБЦТС ТӨХК-с сольсон Төр хурхын электрон тоолуур, трансформатор нь улсын баталгааны гэрчилгээгүй, РТС УТҮГ-ын цахилгааны төлбөр тооцоог гүйцэтгэдэг 9 тоолуурын 4-ийн баталгааны хугацаа 2008 онд дууссан байна, ...2013 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр механик тоолуурыг ЕАО5Т загварын 01104329 дугаартай электрон тоолуураар сольсон, энэ тоолуур улсын баталгааны гэрчилгээгүй, дотоод тооцоонд хэрэглэгдэх хэмжих хэрэгсэлд олгодог гэрчилгээтэй, 2014 оны 1 сард сольсон трансформатор нь ямарч бичиг баримтгүй, баталгаагүй...” гэжээ /хэргийн 1 дүгээр хавтас 68-72 дугаар тал/.

3.2. Шинжээчийн дээрх дүгнэлтийг шүүх тодорхой бус гэж үзэж, шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 18509 дүгээр захирамжаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХК-г шинжээчээр томилж, урд хэрэглэж байгаад салгасан, Х тэмдэглэгээтэй трансформатор эрчим хүчний цаг, хэмжилтийг үнэн зөв хийж байгаа эсэхэд туршилт хийж дүгнэлт гаргахыг даалгажээ.

Шүүх шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор шинэ нөхцөл байдал бий болсон гэж үзэж өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3.-г зөрчөөгүй байна. 

Дээрх захирамжаар томилогдсон шинжээч 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр  дүгнэлт гаргахдаа гүйдлийн трансформаторыг шалгах арга хэрэгслийн улсын MNS 3019-99 стандарттай харьцуулан үзэж, “...хэмжилтээр ТПЛ-маркийн №7723 дугаартай, 100/5 итгэлцүүртэй, 10ВА чадал бүхий ЗХУ-д үйлдвэрлэгдсэн тус гүйдлийн трансформаторын алдаа нь ачааллын 5%-д -1.46% буюу хэвийн,  20%-д -0,93 % буюу  зөвшөөрөгдөх, +/-0,75 гэсэн  утгаас -0.18%-р хэтэрсэн, 100%-ийн  ачаалалд -0.5% хувь буюу зөвшөөрөх утганд байна, тухайн трансформаторын нарийвчлал нь 0.5% бөгөөд энэ нь 100 хувийн ачаалал дээр +-0,5% ба түүн дотор байх ёстой гэсэн стандарт үзүүлэлт юм...” гэжээ /хэргийн 2 дугаар хавтас 319-320 дугаар тал/.

3.3. Шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 6-ний өдрийн 8188 дугаар захирамжаар хариуцагчийн хүсэлтийг хангаж, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоог шинжээчээр томилжээ. Тус холбооноос томилогдсон шинжээч М.Оюунбат 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр захирамжид заасан асуултуудад хариулж дүгнэлтээ бичгээр гаргажээ /хэргийн 3 дугаар хавтас 139-144 дүгээр тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга, журмаар гаргуулсан шинжээчийн дүгнэлт нь нотолгооны хэрэгслийн нэг бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан үнэлэх учиртай.

Шүүх 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн эсэх нь тодорхой бусаас гадна дээрх шинжээчийн дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулан үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40..2, 116 дугаар зүйлийн 116.3., 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй гэж үзнэ.

4. ”Р” УТҮГ нь 2013 оны 12 дугаар сарын 5, 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдрүүдэд Улаанбаатар цахилгааны сүлжээ ТӨХК-д хандаж ашиглах боломжгүй техникийн шаардлага хангахгүй гүйдлийн трансформаторыг сольсон, ...сүүлийн 5 жилийн дундаж тооцоогоор тэрбум гаруй төгрөг хэрэглээгүй эрчим хүчний төлбөрт төлсөн талаар дурдаад, хохирлыг барагдуулахыг хүсчээ /хэргийн 1 дүгээр хавтас 4, 9 дүгээр тал/.

Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан ажил, үүргийн шаардлагаар хэрэглэгчийн эрчим хүчний тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийх, энэ зорилгоор орон байранд нэвтрэхээр Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.-т заасан, хариуцагч нь нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг үндэслэн хэмжилт хийсэн, энэ үйл ажиллагаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч байлцжээ. Тухайлбал, 2013 оны 12 дугаар сарын 26, 2013 оны 12 дугаар сарын 18-ний өдөр хэмжилт хийхэд зөрчил илрээгүй талаар протоколд тусгагдсан. Мөн 2014.1.23-ний өдөр РП-19 станцад хэмжилт хийсэн тэмдэглэлд “... хуучин байсан А фазын 100/5 коэф бүхий ТПФМ-10 маягийн гүйдлийн трансформатор хэвийн, харин С фазад тавигдсан байсан №1125 дугаартай трансформатор стандартын шаардлага хангахгүй, мөн тоолуурын С фазын үйлдэл А фазын гүйдлийн утгаас 2 дахин бага байсан нь кабель дундаа нэвчилттэй, хуучирсан байснаас болсон, шинээр тавигдсан 2 ш гүйдлийн трансформаторт хэмжилт хийхэд алдаа 0.5 гэсэн нарийвчлалыг хангаж байна гэжээ /хэргийн 1 хавтас 123, 135, 183-184, 187 дугаар тал/.

Нэхэмжлэгч өмнө нь маргаан бүхий трансформатортай холбоотой гомдол хүсэлтийг гаргаж байсан эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй нөхцөлд хариуцагчийг үзлэг шалгалтыг хийгээгүй гэж буруутгах боломжгүй.

Түүнчлэн хуучин байсан 100/5 коэф бүхий трансформаторын алдаа нь зөвшөөрөгдөх утганд байсан нь дээрх баримтуудаар тогтоогдсоныг нэхэмжлэгч үгйүсгэж чадаагүйгээс гадна  трансформаторыг баталгаажуулах үүрэгтэй болно.

4.1.“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-с 2013 оны 12 сарын 26-ний өдөр Төр хурх фидерийн 6кВ-ын ЦДАШ-д олон улсын стандартын шаардлага хангасан алдагдал багатай, 400кВА чадалтай 6/0.4кВ-ын трансформатор бүхий КТПН суурилуулах техникийн нөхцөл олгосны дагуу 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Хонхорын РП-19 станцад өмнө байсан трансформаторыг 150/5 коэф бүхий ТПФМ-10 маркийн 2 ш гүйдлийн трансформатороор сольжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 122, 2 дугаар хавтас 264 дүгээр тал/.

4.2.Дамжуулагч, түгээгч, хангагч болон хэрэглэгчийн цахилгаан дамжуулах түгээх сүлжээг өмчлөлийн буюу эзэмшлийн харьяаллаар нь хуваан зааглаж байгаа цэгийг эзэмшлийн зааг гэж ойлгохоор  Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн нэгийн 2-ийн 1/-т заасан.

Зохигчийн хооронд байгуулсан цахилгаан эрчим   хангах гэрээний 4.3-т “тооцооны хэмжих хэрэгслийг хангагч хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн эзэмшлийн зааг дээр тавина. Эзэмшлийн зааг дээр тоолуур тавиагүй тохиолдолд эзэмшлийн заагаас хэрэглээг тооцох цэг хүртэлх шугам болон трансформатор дах алдагдлыг шугам сүлжээг эзэмшигч хүлээнэ” гэжээ /хэргийн 2 дугаар хавтас 167-178 дугаар тал/.

Түүнчлэн гэрээнд эзэмшлийн заагийг схем буюу бичгэн хэлбэрээр тодорхой тусгасан байх ба 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...ашиглалт үйлчилгээний зааг нь Хонхорын 35/6 кв дэд станцын 6 кв талын шинийн холбоосоор гэж талууд хүлээн зөвшөөрсөн. ...маргаан бүхий тоноглол бүхий РП-19 бүхэлдээ Р УТҮГ-ын өмчлөлд байна” гэснийг талууд үгүйсгээгүй байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь трансформаторын алдагдлыг хариуцахаар гэрээнд заажээ.

4.3.Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 2014 оны 1 дүгээр сарын 23-ний өдрийн дүгнэлтэд “...кабель дундаа нэвчилттэй, хуучирсан байсан...” талаар дурдсаныг нэхэмжлэгч шаардлагын үндэслэлд дурджээ.

Гүйдлийн трансформаторын хоёрдогч ороомгийн төгсгөлийн үзүүрийг Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрмийн 5.9.22-т зааснаар хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны нөхцлөөр заавал газардуулж өгдөг талаар шинжээч М.Оюунбат дүгнэлтдээ дурдсан.

Дээрх 2 баримтаас өөр баримт хэрэгт авагдаагүй тохиолдолд кабель нэвчилттэй байсан гэж үзэх боломжгүй. 

5. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.-т “хэмжил гүйцэтгэхэд ашиглаж байгаа хэмжилзүйн тогтоосон үзүүлэлт бүхий техник хэрэгслийг хэмжих хэрэгсэл” гэж тодорхойлсон.

РП-19 хуваарилах байгууламжид буй хэмжих хэрэгсэл өөрийнх нь өмч болохыг хариуцагч үгүйсгээгүй тул Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7.-т зааснаар тоолуур, хэмжүүрийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй.

“Р” УТҮГ-ын гаргасан хүсэлтээр УБЦТС ТӨХК нь 2013 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр Төр хурхын механик тоолуурыг ЕАО5ТС-3 маркийн 01104329 дугаар бүхий электрон тоолуураар сольсон байх ба уг тоолуурыг 2013 оны 3 дугаар сарын 25-ний өдөр Стандарт хэмжил зүйн газар баталгаажуулж, гэрчилгээ олгосон, энэ үйл ажиллагаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч оролцож ажлын гүйцэтгэлийн баримт үйлдэж гарын үсэг зуржээ /хэргийн 1 дүгээр хавтас 88, 163 дугаар тал/.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд маргаан үүсэхээс жил гаруйн өмнө хариуцагч  тоолуурыг солихдоо эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан байна.

Түүнчлэн хариуцагч нь уг дэд станцын бусад хэрэглэгчийг тооцдог ЕАО5RL загварын 01097091, 01097127, 01097121, 01097117, 01017110 дугаарын тоолууруудыг улсын баталгаажуулалтад оруулж гэрчилгээ авсан нь тогтоогдсон байна.  

Хэрэгт авагдсан Стандарт хэмжил зүйн газрын 2018 оны 3 дугаар сарын 7-ний өдрийн 09/213 тоот албан бичигт “...эрчим хүчний тооцоонд ашиглах зориулалттай ЕАО5RL загварын 01097091, 01097127, 01097121, 01097117, 01017110 дугаартай цахилгааны тоолуурууд нь 2004 онд үйлдвэрлэгдэж, 2005 оноос УБЦТС ТӨХК-ийн бүртгэлд хамрагдаж ашиглаж эхэлсэн, электрон тоолууруудын баталгаажуулалт хоорондын хугацаа 8 жил байдаг, тоолууруудыг 2015 онд ээлжит баталгаажуулалтад хамруулсан” гэжээ.

“...01104329 тоолуурыг улсын баталгаажуулалтад хамруулаагүй” гэх шинжээч Г.Отгонсүрэнгийн дүгнэлт, мөн “...ЕАО5RL загварын 01097091, 01097127, 01097121, 01097117 дугаартай тоолууруудын улсын баталгаажуулалтын хугацаа 2008 онд дууссан” талаарх Улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 3 дугаар сарын 10-ний өдрийн  06/111/057  тоот дүгнэлт дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байгааг шүүх анхаараагүй байна.

Өмнөх механик тоолуурыг хэдэн оноос хойш ашигласан, стандартын шаардлага хангасан эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй гэж үзнэ.

Дээр дурдсанаас үзвэл хэмжих хэрэгслийг баталгаажуулаагүй талаарх нэхэмжлэгчийн тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

6. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр бичгээр хүсэлт гаргасны дагуу Акпар аудит ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр “...сарын дундаж хэрэглээг эвдэрхий трансформатор, тоолуурыг сольсноос хойших эхний 4 сард буюу 2014 оны 2 сараас 6 сар хүртэлх хугацаанд зарцуулсан эрчим хүчний дунджаар тооцоход сард 350.287 Квт/ц” гэсэн дүгнэлт гаргажээ.

Нэхэмжлэгч дээрх дүгнэлтийг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагаа тооцоолохдоо Хонхор дэд станцын бүх хэрэглээг ашиглаж, 2009 оны 1 сараас 2013 оны 12 дугаар сарын дуустал хугацаанд цахилгааны төлбөрт 829.586.615 төгрөг илүү төлсөн гэж үзжээ.

Аудиторын энэхүү дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-т заасан бичмэл нотлох баримт тул шүүх бусад баримттай харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх учиртай.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1/223 дугаар албан бичигт “...2014 оны 1 дүгээр сарын 22-ний өдөр хэмжилт хийхэд Төр хурх фидерийн С фазад суурилуулсан №1125 дугаартай ТПЛ-100/5А маркийн гүйдлийн трансформаторын нарийвчлал 0.5-ын шаардлага хангахгүй байсан тул ...ТПФМ-150/5А маягийн 2 ш гүйдлийн трансформатороор, мөн хэлхээний монтажийн утсыг шинээр сольсон” талаар дурдаад 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 1 сарын нийт 922 м.кВт.ц цахилгаан эрчим хүчний 25 хувь буюу 307.3 м.кВт.цаг цахилгаан эрчим хүчний хэрэглээг 1 дүгээр сарын хэрэглээнээс хасч тооцохоор шийдвэрлэхдээ Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 39-т заасан “...тооцооны хэмжих хэрэгслийг шалгахаар сүлжээнээс тасалсан тохиолдолд сүүлийн 3 сарын хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний дунджийг баримтлан төлбөрийн тооцоо хийнэ” гэснийг үндэслэл болгожээ /хэргийн 1 дүгээр хавиас 160-162 дугаар тал/.

Өөрөөр хэлбэл, хариуцагч гүйдлийн трансформаторыг солих үеийн төлбөрийг тооцохдоо өмнөх 3 сарын дундаж хэрэглээгээр тооцсоныг буруутгах боломжгүй юм.

Анхан шатны шүүх стандартын шаардлага хангахгүй, улсын баталгааны гэрчилгээ, лац тэмдэггүй, тооцоонд ашиглах боломжгүй хэмжих хэрэгсэл буюу гүйдлийн трансформатор, дундаа нэвчилттэй хуучирсан кабель нь нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгө гэж үзсэн атлаа уг эд хөрөнгийг сольсны дараах буюу 2014 оны 2, 3, 4, 5 дугаар сарын цахилгааны эрчим хүчний хэрэглээний дунджаар тооцон, хариуцагч нь нэхэмжлэгчээс 2009-2013 онуудад эрчим хүчний төлбөрт 829.586.615 төгрөг илүү авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь ойлгомжгүй, хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийжээ. Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн гэм бурууг харгалзан төлбөрийн хэмжээг 50 хувиар багасгажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг тал хувиар бууруулж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн боловч “...хариуцагчаас гаргаж өгсөн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаас харахад нэхэмжлэгчийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийн дүн 2009 оноос өсөлттэй, өмнөх үеийнхээс өндөр гарсан, ...хэрэглэгч төлбөрөө төлж зөрүү гарсан, хангагч авах ёсгүй зүйлийг авсан, төлөгдөх ёстой дүнгээс илүү төлсөн мөнгийг буцааж төлөх үүрэгтэй” гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т нийцээгүй байна.

РП-19 хуваарилах байгууламжийн гүйдлийн трансформатор, кабелийн утас нэхэмжлэгчийн өмч тул тэрээр түүний баталгаажуулалт, ашиглалт хамгаалалтыг хариуцах үүрэгтэй бөгөөд трансформатор, хэмжих хэрэгслийг сольсноос хойш хугацааны төлбөрийн дунджаар өмнө хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг тооцох боломжгүйг шүүх анхаараагүй байна.

7.Хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байх, өөрөөр хэлбэл хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг үүсгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон байх шаардлагатай.

Талуудын хооронд байгуулагдсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг гэрээний дагуу төлсөн нөхцөлд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ тохиолдолд үндсэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

8.”Р” УТҮГ нь 2013 оны 12 дугаар сарын 23-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 25-ний өдөр хүртэл хугацааны эрчим хүчний төлбөр 71.222.059 төгрөгийг төлөөгүй болох хэргийн баримтаар тогтоогдсон, шүүх сөрөг нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т нийцжээ.

9.Шинжээчийн ажлын хөлс нь шүүхийн зардалд хамаарах бөгөөд энэхүү зардлыг гүйцэтгэлийн баримтад заасан хэмжээгээр нөхөн төлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.4-т тус тус заасан.

Шинжээч Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо нь шинжээчийн ажлын хөлс 54.000.000 төгрөг нэхэмжилснийг шүүх зохигчоос хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэжээ.

Шинжээч нь ажлын хөлсний задаргаа гэх баримтыг ирүүлсэн боловч хөлсийг хэрхэн тооцсонтой холбоотой баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх зардлыг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нийцээгүй гэж үзнэ.

Шинжээч нь ажлын хөлстэй холбоотой нэхэмжлэлээ холбогдох баримтыг бүрдүүлэн жич нэхэмжлэхэд энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1339 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/00753 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-с 414,793,307.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р УТҮГ-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 414,793,307.9 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ...” гэснийг “...хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-с 829.586.615 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Р” УТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,...” гэж, 3 дах заалтын “...хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,231,916 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, шинжээчийн зардалд 27,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Р УТҮГ-аас, 27,000,000 төгрөгийг хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх Сүлжээ ТӨХК-аас тус тус гаргуулж Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоонд олгосугай” гэснийг хасч, “...үлдээж. гэснийг “...үлдээсүгэй.” гэж тус тус өөрчлөн, “Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо нь шинжээчийн зардал 54.000.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай”. гэсэн 4 дэх заалт нэмж, 4, 5 дах заалтыг 5, 6 гэж дугаарлан шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 2.231.920 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ