Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2018/01931

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2018/01931

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Д.Ц /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  УН /РД:/-д Ханхолбогдох

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.С, хариуцагчийн төлөөлөгч Г.ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц нь тус байгууллагад 2003 онд номын санчаар ажилд ороод ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй. Хамт олны саналаар байгууллагынхаа Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байгаа болно. Гэтэл шинэ захирал солигдож ирснээс хойш Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга учраас захиргааны дарамт байнга үзүүлэх болсон. 2018 оны 4 сарын 2-ны өдөр тооллогын комисст томилогдоод ажиллаж байхад буюу 2018 оны 4 сарын 17-ны Мягмар гарагт Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн Нийтийн уншлагын танхимд ажил хүлээлцэх номын тооллого хэвийн явагдаж байх үед цайны цаг /13:00-14:00/ болсон ч манай байгууллагын хоёр ахмад настан хоол цайтай ирнэ гэсэн болохоор цайндаа оролгүй ажлаа хийж байсан. 14 цаг 30 минутын орчимд өндөр настан Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа нар 3 кг бууз, чихэр болон 1 шил архи, ундаа авч ирсэн. Хоолны дараа цүнхнээсээ авчирсан архиа гарган задалж, ойр зуур ярилцангаа тэнд байсан бүх хүнд хундагалан өгснөөс амсах нь амсаж, уруулдаа хүргэх нь хүргээд өгсөн. Ахмад хүн юм өгөөд байхад гээд байсан болно. Тэнд Б.Батбаяр, Ц.Цэрэннадмид, Ц.Бямбаа, н.Энхмаа, Л.Шинэцэцэг, Э.Энхбаатар, Э.Тайванжаргал, Д.Энхтуяа, Д.Ц, О.Долгорсүрэн, Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа нар байсан. Ингээд сууж байтал 16 цаг орчимд Хан-Уул дүүрэг дэх салбарын эрхлэгч Б.Батбаяр гарч утсаар ярьснаа Төв рүү уншигчаас архи ууж байна гэсэн мэдээлэл очсон гэж хүний нөөц Ж.Золбоо утсаар ярьж байна, одоо очлоо гэж байна гэсээр орж ирсэн. Дундаас дээш шил архийг 2 ахмад цүнхлээд явсан. Ингээд ажлаа хэвийн хийж байтал Хүний нөөц Ж.Зорж ирэн ямар нэг үг ярилгүй гарсан ба харин Хан-Уул дүүрэг дэх салбарын эрхлэгч Б.Батбаярын өрөөнд орж архи уусан хүний нэр бичиж өг гэж тулгаж байсан. Маргааш өдөр нь цайны цагийн дараа Хан-Уул дүүрэг дэх салбарын эрхлэгч Б.Б фондод орж ирсэн Ц.Ц/Хан-Уул дүүрэг дэх салбарын номын санч/, Л.Ш /тус салбарын үйлчлэгч/, н.Энхмаа /тус салбарын үйлчлэгч/ нарыг нэр цохон дуудаж байна, явж уулзаад ирье гэсэн. Тэр өдөр Л.Ш байгаагүй тул түүний оронд тус салбарын номын санч Ц.Б тэдэнтэй хамт явсан. Хэсэг хугацааны дараа Ц.Б ном бүрдүүлэгч Э.Дийн утсаар залгаж Д.Э ярьж, И та нарыг бүгдийг чинь ажлаас хална гэж байна. Тэнд болсон зүйлийг бичиж өг гээд загнаад байна. Би юу гэж бичих юм бэ? гэж сандарч айсан шинжтэй хоолой чичрүүлэн ярьсан. Түүний яриаг чанга яригч дээр тавьж бүгдэд нь сонсгоод бүгдээрээ болсон үйл явдлыг үнэнээр нь бич гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Ц.Б дахин залгаад Тдарга, Ц эгч та гурвыг голлож асуугаад байна, миний ойлгосноор гол зорилго нь та гурав юм шиг байна гэсэн. Бүгдээрээ ярилцаад бидний эсрэг баримт бүрдүүлж байгаа юм байна гэж ойлгон очиж уулзаж учраа ололцъё гээд 17 цаг 30 минутын үед төв номын сан дээр ирсэн. Биднийг очиход нарийн бичгийн өрөөний үүд, захирлын өрөөний үүд хоёулаа нээлттэй байсан /дараа нь биднийг хаалга өшиглөж орж ирсэн гэж буруутгасан/ бөгөөд захирал Д.Индра хүний нөөцийн өрөөнөөс гарч ирэхэд нь тантай уулзъя гэхэд ажлын цаг дууссан учраас биднийг хүлээж авахгүй гэсэн. Араас нь дагаж өрөөнд нь орвол У манаачаа дуудаад эд нарыг хөөж гарга гэсэн. Нарийн бичиг жижүүр рүү ярьж дуудсан боловч жижүүр биднийг хараад буцаад явсан. Захирал Д.И нарийн бичиг Эн дуудаж биднийг ирэхээс өмнө Б.Б, Ц.Цэрэннадмид, Ц.Б Э нараар бичүүлсэн бичгээ авч бидэнд холоос харуулан та нартай архи уусан, сөнг чинь түшиж өгсөн, уусныг чинь харсан хүмүүсийн бичиж өгсөн зүйл энэ байна. Энэ бол баримт. Та нар үгүй гэх үү гэсэн. Б.Батбаяр, Ц.Цэ Ц.Б, Э нарын өөрсдийн бичсэнээс гадна урьдчилан бичиж бэлдсэн бичиг дээр гарын үсэг зурахыг шаардаж хоёроор нь /Ц.Ц, Э/ зуруулж авсан. Мөн 4 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүрэг дэх салбарын үйлчлэгч Л.Шинэцэцэгийг дуудан гараар бичсэн болон компьютерт шивж урьдчилан бэлдсэн 2 бичиг дээр гарын үсэг зуруулсан бөгөөд гараар бичсэн бичгийг нь Д.Индра захирал надаар уншуулалгүй зуруулсан гэж бидэнд хэлсэн. Бид ахмад настнаа хүндлээд хөөгөөд явуулж болоогүй ээ гээд учраа хэлж, яагаад биднийг бүгдийг нь дуудаж асуухгүй, дөрвийг нь дуудаж, бидний эсрэг юм бичүүлж байгаа юм бэ гэхэд би уугаагүйг нь дуудаж асуусан гэх мэтээр маргалдсан. Тэнд байсан 10 хүний гурав нь /Э.Э, Д.Э, н.Т/ ажлаас халагдаж, гурав нь /нэхэмжлэгч миний бие, Ц.Ба, О.Д/ гурван сар цалингийн 20 хувийг хасах сахилгын шийтгэл авч, дөрөв нь /Б.Б, Ц.Ц Э, Л.Ш/ ямар ч шийтгэлгүй үлдсэнд гомдолтой байсан тул манай байгууллага дээр Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул миний бие 2014 оны 4 сарын 25-ны өдрийн Б/22 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг 2018 оны 5 сарын 13-ны өдөр Нийслэлийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд хандсан боловч тус хорооноос 2018 оны 5 сарын 23-ны өдөр 12 тоот зөвлөмжөөр тус холбоонд хандах 10 хоног өнгөрсөн байна гээд шүүхэд ханд гэсэн байна. Иймд сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны 4 сарын 25-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв номын сангийн харьяа Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санч Дүйнхэржавын Цэцэгмаа албан үүргээ гүйцэтгэж байх үедээ архидан согтуурсан сахилгын зөрчил гаргасан нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон тул хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн захирлын 2018 оны 4 сарын 25-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар гурван сар цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан. Бусдад үлгэр, дууриалал болох ёстой удирдах албан тушаалтан нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа буюу 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Д.Ц нь цахим сүлжээнд Номын сангаа аваръя групп байгуулж, уг группдээ байгууллагын бүх номын санчдыг оруулж үүнийхээ дараа оройн 18 цаг 06 минутад Д.Индра миний нэр төрд халдаж, гүтгэн доромжилсон, 5 дугаар сарын 25-ны өдөр ажилчдын нэгдсэн дотоод цахим сүлжээнд нийт ажиллагсдыг өдөөн турхирсан зүйл бичиж оруулсан тул 2018 оны 6 сарын 5-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар ажлаас нь халах шийдвэр гаргасан. Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн нийтийн уншлагын танхимын номын тооллогыг захирлын 2018 оны 4 сарын 2-ны өдрийн А/05 дугаар тушаалаар 4 сарын 2-ны өдрөөс 4 сарын 30-ны өдрийн хооронд зохион байгуулах комисс томилсон. 2018 оны 4 сарын 17-ны өдөр 16 цагийн үед номын сангийн архив, бичиг хэргийн ажилтны өрөөний 70115700 дугаартай суурин утас руу Хан-Уул дүүрэг дэх салбар номын санд ажилтнууд нь ажлын цагаар дотроо архидаад байна гэсэн иргэн гомдол мэдээлсэн. Ирсэн гомдлын дагуу хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Золбоог шалгалтаар очиход Э.Т, Д.Э, Д.Ц, О.Д, Э.Эр, номын сангаас тэтгэвэрт гарсан номын санчид болох Ж.Ц, Ж.Э нар архи уусан байдалтай байсан. Хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Зийн бичсэн зөрчлийн тодорхойлолттой танилцаж, гэрч болсон ажилчдыг дуудаж тайлбар бичүүлж авсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч УНд холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хүчингүй болгуулах, шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 6 сарын 19-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх шаардлагыг нэмж гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Ц нь УНд 2003 оны 9 сарын 4-ний өдрөөс эхлэн Эрх зүйн мэдээллийн төвийн номын санчийн ажлын байранд ажиллаж эхэлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Улаанбаатар хотын төв номын сангийн захирлын 2003 оны 9 сарын 4-ний өдрийн 36 дугаартай тушаалын хуулбар /хх-32 тал/-аар тогтоогдож байх ба 2017 оны 2 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын төв номын сан болон Д.Ц нарын хооронд Ахлах номын санчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ /хх-106,107 тал/ байгуулагдсан байна.

УНгийн захирлын 2018 оны 4 сарын 25-ны өдрийн Б/22 дугаартай Д.Цд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх-103 тал/-аар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтыг баримтлан УНгийн харьяа Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санч Д.Ц нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, ажлын байранд сахилгын зөрчил гаргасан нь шалгалтаар тогтоогдсон гэх үндэслэлээр үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, улмаар УНгийн захирлын 2018 оны 6 сарын 5-ны өдрийн Б/37 дугаартай Д.Цг ажлаас халах тухай тушаал /хх-36 тал/-аар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг баримтлан УНгийн харьяа Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санч Д.Ц нь удирдах дээд албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, тавьсан шаардлагыг эсэргүүцэн хамт олны нэгдмэл уур амьсгалыг эвдэн сөрөг мэдээлэл ухуулгыг удаа дараа хийсэн гэх үндэслэлээр 2018 оны 6 сарын 5-ны өдрөөр тасалбар болгон Д.Цг ажлаас халсан байна.

Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай гомдлыг 2018 оны 5 сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтад заасан хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах хугацааг хэтрүүлээгүй, нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдлыг 2018 оны 6 сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж тус тус үзнэ.

Д.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь ахлах номын санчийн ажлын байранд байгуулагдсан атлаа УНгийн харьяа Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санчийн ажлаас халсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ талаар зохигч талуудаас шүүх хуралдаанд тодруулахад Д.Ц нь ахлах номын санчийн ажлын байранд ажиллаж байгаад УНгийн харьяа Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санчийн ажилд томилогдсон, Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санчийн ажлын байранд ажил олгогчийн зүгээс Д.Цтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан гэсэн тайлбарыг төлөөлөгч нар гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын талаар тодруулахад УНгийн харьяа Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан гэж шаардлагаа тодруулсан.

Нэхэмжлэгч Д.Цгийн ажиллаж байсан УНгийн харьяа Хан-Уул дүүрэг дэх салбар номын санд 2018 оны 4 сарын 2-ны өдөр ажлын цагаар өндөр настан Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа нар 3 кг бууз, чихэр болон 1 шил архи, ундаа авч ирсэн, хоолны дараа архи задалж тэнд байсан Б.Батбаяр, Ц.Цэрэннадмид, Ц.Бямбаа, н.Энхмаа, Л.Шинэцэцэг, Э.Энхбаатар, Э.Тайванжаргал, Д.Энхтуяа, Д.Ц, О.Долгорсүрэн, Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа нарт хундагалан өгсөн үйл баримт нь зохигчдын тайлбар, сахилгын зөрчлийг шалгасан тодорхойлолт /хх-109 тал/, гэрч Ц.Бямбаа, Э.Энхбаатар, Ж.Энхтуяа, Д.Энхтуяа, Э.Тайванжаргал нарын мэдүүлэг /хх-85-98 тал/-ээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн сахилгын зөрчил гэдэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дахь заалтад зааснаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн  зөрчлийг ойлгох ба УНгийн хөдөлмөрийн дотоод журам /хх-14-19 тал/-ын 12 дугаар зүйлийн 12.4.3 дахь заалтад Ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, танхайрсан, хэрэгслэсэн үедээ ажлын байранд ирсэн, бусдыг уриалан дуудсан, архидан согтуурах нөхцлөөр хангасан бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан байна.

Нэхэмжлэгч Д.Ц нь УНгийн харьяа Хан-Уул дүүрэг дэх салбар номын санд 2018 оны 4 сарын 2-ны өдөр ажлын цагаар өндөр настан Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа нарын авчирсан архинаас амссан явдал нь хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.4.3 дахь заалтад заасан ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчилд тооцогдох бөгөөд ажил олгогчийн зүгээс уг зөрчилд үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтад нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан 2018 оны 4 сарын 25-ны өдрийн Б/22 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, цалин бууруулсан хугацааны цалингийн зөрүүтэй холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь 2018 оны 6 сарын 5-ны өдрийн Б/37 дугаартай Д.Цг ажлаас халах тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.4.4, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтуудыг тус тус үндэслэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтыг үндэслэн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтад заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа болохыг тушаалд тодорхой заасан байхыг шаардах бөгөөд Д.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд дээрх үндэслэлийн талаар тодорхой заагаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтад нийцээгүй байна.

Нөгөө талаар Д.Цтай УНгийн харьяа Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтад заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Д.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтад заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр цуцалж байгаа тохиолдолд  ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох ба зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байхыг шаардана.

Д.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд Д.Ц нь удирдах дээд албан тушаалтны үүрэг даалгаврыг биелүүлээгүй, тавьсан шаардлагыг эсэргүүцэн хамт олны нэгдмэл уур амьсгалыг эвдэн сөрөг мэдээлэл, ухуулгыг удаа дараа хийсэн гэх үндэслэлийг дурдсан байх боловч удирдах дээд албан тушаалтнаас өгсөн ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй, тавьсан ямар шаардлагыг эсэргүүцсэн, хамт олны уур амьсгалыг эвдсэн ямар сөрөг мэдээлэл, ухуулгыг хийсэн талаар хариуцагч нотлоогүй, дээр дурдсан зөрчил тус бүрийг тогтоосон байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч УН нь нэхэмжлэгч Д.Цг ажлаас буруу халсан гэж үзэж, Д.Цг УНгийн Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтад зааснаар ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,918,240 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж шаардлагын хэмжээг шүүх хуралдаанд тодруулсан.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу Д.Цгийн нийгмийн даатгалын дэвтэр /хх-37-39 тал/-т бичигдэн баталгаажсан сүүлийн гурван сарын цалин хөлс буюу 2018 оны 3 сарын цалин хөлс 764,287 төгрөг, 2018 оны 4 сарын цалин хөлс болох 660,497 төгрөг, 2018 оны 5 сарын цалин хөлс болох 647,927 төгрөг, нийт 2,072,711 төгрөгөөс тооцож үзэхэд нэг сарын дундаж цалин хөлс нь 690,903 төгрөг болж байна.

Үүнийг сарын ажлын 21.5 өдөрт хуваахад нэг өдрийн дундаж цалин хөлс нь 32,135 төгрөг болж байна.

Нэг өдрийн дундаж цалин хөлс болох 32,135 төгрөгийг хөдөлмөрийн гэрээг тасалбар болгон цуцалсан 2018 оны 6 сарын 5-ны өдрөөс шүүх хуралдаан болсон 2018 оны 9 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны 80 хоногоор тооцож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,570,800 төгрөгийг хариуцагч УНгаас гаргуулан нэхэмжлэгч Д.Цд олгож, нэхэмжлэгчийн гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагаас 347,440 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Д.Цгийн ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч УНд даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Цг УНгийн Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч УНгаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,570,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цд олгож, нэхэмжлэгчийн гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагаас 347,440 төгрөгийн шаардлага болон 2018 оны 4 сарын 25-ны өдрийн Б/22 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, цалин бууруулсан хугацааны цалингийн зөрүүтэй холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Д.Цгийн болон хариуцагч УНгийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг УНд даалгасугай.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч УНгаас улсын тэмдэгтийн хураамжид 56,083 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР