Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2018/01899

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2018/01899

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Ө /РД/-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г /РД:/-д холбогдох

6,060,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гтай 2015 оны 9 сарын 3-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 5,850,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 30 хоногт 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, уг өдрөө бэлнээр олгосон билээ. Тухайн үед нөхрийгөө ирэхээр 1 сарын дараа буцаан өгөхөөр амлаж байсан. Гэвч одоог хүртэл зээлдүүлсэн мөнгөө Гаас авч чадаагүй байгаа буюу утсаа салгасан. Гэрээний 2.1, 3.1, 4.1 дэх заалтуудыг зөрчин үүргээ огт биелүүлээгүй өнөөдрийг хүрч иргэн намайг хохироосон тул энэхүү зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүний нийт төлбөр болох 6,060,600 төгрөгийг Гаас бүрэн гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Г миний бие иргэн С.Өтай 2015 оны 9 сарын 3-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 5,850,000 төгрөгийг авсан хэмээн гарын үсэг зурсан юм. Үнэн хэрэгтээ энэ зээлсэн гэх 5,850,000 төгрөгийг би нэхэмжлэгч С.Өы байшингийн дээврийн материалыг авсан болно. С.Ө нь миний нөхөр Г.Ганбаттай 2015 оны 7 сарын 3-ны өдөр Амины орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба нөхөр Г.Ганбат нь С.Өы амины орон сууцыг барьсан болно. Уг барилгын ажлаа хийж дуусаагүй барилгын дээвэр хийх дутуу байхад нөхөр Г.Ганбат нь хийгээгүй хэргийнхээ төлөө урьдчилан цагдан хорих төвд 1 сар хоригдсон бөгөөд одоо уг хэрэг нь цагаатгагдсан болно. Энэ нэг сарын хугацаанд С. нь гэртээ хүүхдээ асраад байж байсан нялх биетэй намайг янз бүрээр дарамталж надаас мөнгө зээлсэн болгож, хүчээр гарын үсэг зуруулж тэр мөнгөөрөө өөрийнхөө амины орон сууцныхаа дээврийг барьсан болно. Би зээлсэн гэх мөнгөнөөс нэг ч төгрөг өөртөө хэрэглээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Ө нь хариуцагч Гад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,060,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2015 оны 9 сарын 3-ны өдөр С.Ө, Г нарын хооронд Зээлийн гэрээ нэртэй гэрээ /хх-2 тал/ байгуулагдсан байх ба гэрээгээр С.Ө нь Гад 5,850,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 30 хоногт 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн биелүүлээгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн зээлийг төлж дуустал төлөгдөөгүй үлдсэн зээлийн үндсэн хүү болон түүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад заасан зээлийн гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу С.Ө нь Гын өмчлөлд 5,850,000 төгрөгийг шилжүүлэх, Г нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг С.Өд тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ.

Талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дахь заалтад зээлийг 30 хоногт 3 хувийн хүүтэй байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтад заасан хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах шаардлагад нийцсэн, харин гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дахь заалтад зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн зээлийг төлж дуустал төлөгдөөгүй үлдсэн зээлийн үндсэн хүү болон түүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дахь заалтад заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зээлдэгчийн хариуцлагын зохицуулалтад хамаарч байх бөгөөд иргэд хоорондын зээлийн гэрээнд Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дахь заалтад заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргын талаар тохиролцолгүй банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зээлдэгчийн хариуцлагын зохицуулалтыг хэрэглэсэн нь хуульд нийцээгүй байна.

Зээлийн гэрээний арын нүүрэнд 2015.09.03 5,850,000-хүлээн авсан гэсэн агуулгатай тэмдэглэгээ хийгдэж, гарын үсэг зурагдсан байх ба уг гарын үсэг нь хариуцагч Гын гарын үсэг мөн гэдэгт хариуцагч маргахгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо нь хуульд нийцээгүй байх боловч үндсэн зээл, түүний хүүгийн талаарх тохиролцоо нь хуульд нийцсэн, С.Ө нь Гад 5,850,000 төгрөгийг 2015 оны 9 сарын 3-ны өдөр бэлнээр шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байгаа байдал нь С.Өд зээл, түүний хүүг буцаан шаардах эрхийг үүсгэж байгаа мэт боловч С.Ө нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн гэх 5,850,000 төгрөгийг Гын өмчлөлд шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул С.Ө нь Гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй байна.

Учир нь талуудын хооронд 2015 оны 9 сарын 3-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу С.Өаас Гад шилжүүлэн өгсөн гэх 5,850,000 төгрөгийн 5,681,000 төгрөгөөр Г нь С.Өы бусдаар бариулж байсан зуслангийн байшингийн дээврийн материалыг С.Өы өөрийн сонголтын дагуу худалдан авсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Бараа материалын зарлагын падаан нэртэй баримт /хх-21 тал/, Зарлагын баримт нэртэй баримт /хх-51 тал/, Харилцагчийн гүйлгээ нэртэй баримт /хх-52 тал/, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх ба үлдэх 169,000 төгрөгөөр нь С.Өы зуслангийн байшингийн барилгын ажилд зориулан хөөс худалдан авсан, хөөс худалдан авахад баримт аваагүй гэсэн тайлбарыг Г гаргасан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дахь заалтад Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд зээлийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн гэх 5,850,000 төгрөгийг Г нь өөрийн хэрэгцээнд зориулан С.Өаас зээлж аваагүй, зээлийн мөнгийг С.Өы зуслангийн байшингийн барилгын ажлын материалын худалдан авалтад зарцуулсан болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул С.Өыг Гын өмчлөлд 5,850,000 төгрөгийг бодитоор шилжүүлсэн гэж үзэхгүй, С.Ө болон Г нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохгүй, С.Ө нь Гаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй байна.

Иймд нэхэмжлэгч С.Өы хариуцагч Гад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,060,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч асууж, үзлэг хийсэн боловч гэрчийн мэдүүлэг болон үзлэгээр тогтоосон байдлууд нь С.Ө болон Г.Ганбат нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаатай холбоотой байсныг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч С.Өы хариуцагч Гад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,060,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 3,370 төгрөг, 2018 оны 6 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 108,500 төгрөг, нийт 111,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 49.6 төгрөгийг нэхэмжлэгч С.Өаас нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР