Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 214

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Р.Энх-Оюун,

иргэдийн төлөөлөгч Б.Нарантуяа,

насанд хүрээгүй хохирогч Б.Алдармаа,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Байгалмаа,

насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Цэцэгмаа, 

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг,

шүүгдэгч А.Батсуурь нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт А.Батсуурийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626012720 дугаар 1 хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгон, Өндөрхааны 5 дугаар гудамж, 03 тоотод оршин суух, Их тугчин овогт Амартүвшингийн Батсуурь /РД:УБ77043032/.

А.Батсуурь нь согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэхээр заналхийлэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгон, Өндөрхааны 5 дугаар гудамж, 3 тоотод төрсөн охин 8 настай Алдармааг мах хэрчиж чадсангүй гэх үл ялих зүйлээр шалтаглан, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн 2 удаа шидэж, бие махбодид нь баруун хөлийн шилбэнд шарх, баруун өвдөг, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Батсуурь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 04-нд самарт яваад бууж ирсэн. Самраа хураалгачихаад найз нартайгаа 1 шил архи уусан. Цэцэрлэг тарах үеэр эхнэр рүү яриад хүүхдүүдээ аваарай гэтэл ажилтай гэсэн. Тэгээд цэцэрлэг дээр очтол эхнэр ирсэн байсан. Тэгэхээр нь би уурласан. Гэрлүүгээ хоёр хүүхдээ аваад явсан. Охин Алдармааг мах хөшиглө гэж хэлсэн. Ширээн дээр шидсэн хутга ойгоод охины хөлийг оносон. Мах хэрчиж чадсангүй гэхэд нь би холд гээд хутгатай гараараа ёворсон. Өөрийн буруугаас болж хүүхдүүдээ, гэр бүлээ айлгаж ичээсэн. Гэм буруугаа ойлгосон гэв.       

Насанд хүрээгүй хохирогч Б.Алдармаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Монгол Улсын Үндсэн хуульд заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг тэдний байдлыг хүндрүүлж болох тухай мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлээд шүүхэд мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Эрүүгийн 201626012720 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Насанд хүрээгүй хохирогч О.Алдармаагийн 2016.12.01-ний өдрийн мэдүүлэгт: 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө хичээлдээ явчихаад 13 цаг гээд тараад гудманд аавтай таараад гэрийн түлхүүрээ аваад гэртээ ганцаараа байж байсан. 18 цагийн үед аав Батсуурь гаднаас дүү Цэлмүүн, Тэлмүүн хоёртой орж ирээд намайг мах зороод байж бай гэсэн. Би махаа зорж чадахгүй хутга нь иргүй, мах нь хөлдүү байсан чинь аав надаас мах хутга хоёроо булааж аваад өөрөө махаа хэрчиж байгаад юмыг ингэж хийдэг юм гээд махаа хэрчиж байсан бор модон иштэй том хутгыг над руу шидсэн чинь миний баруун хөлний шилбийг оноод цус гарсан.

Тэгэхээр нь би гэрээ тойроод зугтсан чинь аав нөгөө хутгаа дахиж аваад зогсож бай гээд дахиад над руу шидсэн чинь миний зүүн өвдөг рүү ишээрээ оносон. Энэ үед цус гараагүй өвдөгний дээд тал, гуяны дотор тал хөхөрсөн байсан. Би ааваас зугтаад байж байсан чинь ээж Оюунгэрэл гаднаас цагдаа нартай орж ирсэн. ...Би ээжид аав над руу хутга шидсэн гэж хэлсэн чинь ээж буцаж гараад хамт ирсэн цагдаа нараа дагуулж орж ирээд аавыг авч явах гэсэн чинь аав явахгүй гэхээр нь хүчээр гарыг нь гавлаад аваад явсан. ...Аав хоёр дүүтэй гаднаас орж ирэхдээ архи уучихсан, нилээн согтуу байсан. Аав байнга архи уудаггүй, хааяа уудаг, уухаараа их ууртай болоод маргааш юу ч санадаггүй. Аав урьд нь намайг зодож байсан. Хэдэн удаа яаж зодсныг би санахгүй байна. Над руу хутга шиддэгийн өмнөх өдөр аав архи уучихсан аав, ээж хоёр хэрэлдээд ээжийг гараад явахаар нь би хойноос нь гарсан чинь намайг дуудсан. Намайг гэртээ орсон чинь над уруу яртай мод шидэхээр нь би бултаад оногдоогүй. Тэгээд дахиад гараад ээжтэй хамт манай гудамжны урд талд байдаг дэлгүүр дотор зогсож байсан чинь ээж рүү утсаар яриад уур гарчихлаа ороод ир гэж хэлсэн. Тэгээд ээж бид хоёр гэртээ ороод байж байсан чинь намайг ээжийгээ дагаж явлаа гээд над руу аяга шидэхээр нь би доошоо суугаад бултчихсан чинь гэрийн хана оноод аяга хагарсан. Аав хоёр дүүг хааяа зоддог, намайг арай их илүү зоддог. Аав архи уухаараа л ээжийг зоддог, галын үлээврээр цохиж байсан гэх мэдүүлэг /хх-24-26/,

2017.03.21-ний өдрийн мэдүүлэгт: ...Аав намайг хоолны мах хөргөгчнөөс гарга гэсэн. Би ууттай хөлдүү мах гаргасан. Намайг аав хөшиглөж бай гэсэн. Би аавд мах хөлдүү байна, би хөшиглөж дийлэхгүй байна гэсэн чинь аав уурлаад надаас хутга булааж аваад мах ингэж хөшиглөдөг юм гэж махаа хөшиглөж байгаад намайг мах хөшиглөж чадахгүй арчаагүй юм гээд гараа далайгаад хутгаа над уруу шидээд хутга нь миний баруун шилбийг хутганы үзүүрээр нь оносон. Тухайн үед хөлнөөс цус гарсан. Аав газар унасан хутгаа авахаар нь би гэрээ тойроод зугтсан чинь наанаа зогсож бай гээд дахиад над уруу хутгаа шидээд миний зүүн өвдөг рүү ишээрээ оносон. Тэгээд би ааваас зугтаад байж байсан чинь ээж гаднаас хоёр цагдаатай орж ирсэн... гэх мэдүүлэг /хх-104-107/,    

Гэрч Ц.Оюунгэрэлийн: ...Нөхөр Батсуурь бид хоёр нэг гэрт амьдраад 10 жил болсон. Батсуурь нь архи дарс уусан ч ямар нэгэн зан авир гаргаад байдаггүй байсан чинь 2016 оны хавар гэнэт над руу уурлаад миний нүүрэнд нэг удаа цохиж авсан. Тэгэхээр нь би урьд нь гар хүрдэггүй байсан байж гар хүрсэнд нь гомдож уурлаад уурандаа цагдаад дуудлага өгөөд өргөдөл өгсөн байсан. Тэгтэл цагдаа нар Батсуурийг хот руу аваачиж шүүхээр 30 хоног баривчлуулсан байсан. Батсуурь нь гэртээ хүүхдүүдтэйгээ тоглож наадаад эцэг хүн шиг л байдаг. Түүнээс загнаж аашлаад зодож, цохиод байдаггүй. Манай нөхөр Батсуурь архи уухаараа намайг болон хүүхдүүдээ дарамтлаад байдаггүй….

...Цагдаа нар манайд орж Батсууриас болсон үйл явдлын талаар асууж байгаад манайхаас гараад явах үед охин Алдармаа аав над уруу хутга шидсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад хэлж цагдаа нар Батсуурийг аваад явсан. ...Хүүхдүүдээ байнга зодож цохиод байдаггүй, уурласан үедээ ширүүхэн загнаж байдаг. ...Нэг өдөр Батсуурь бид хоёр хэрэлдээд би охин Алдармааг аваад гарсан. Тэр үед Батсуурь Алдармааг ээжийгээ дагаж явлаа гээд аяга шидэж байсан. Гэхдээ оноогүй, мод шидсэн эсэхийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-29, 112-113/,   

Гэрч Э.Санжаагийн: 2016 оны 11 дүгээр сарын 10-ны орой 23 цагийн үед Жаргалант тосгоны цагдаа нар манай эмнэлгийн дуудлагын утас руу Батсуурь гэх хүн хүүхэд рүүгээ хутга шидээд хөлийг нь гэмтээсэн байна гэсэн дуудлага өгсөн байсан. Дуудлагын дагуу би очоод 8 настай Алдармаа гэх охиныг үзэхэд уг хүүхдийн баруун хөлийн шилбэний дунд шинэ өнгөц шалбарсан байсан. Уг шарх нь боох хэмжээний шарх биш байсан тул шархаа бохирдуулалгүй өвчин намдаах эм уух талаар зөвлөгөө өгөөд явсан. Алдармаагийн биед шилбэний шархнаас өөр харагдах гэмтэл, шарх байгаагүй. ...Гэмтлийг хэн учруулсан талаар тодорхой зүйл яриагүй, би ч энэ талаар асууж тодруулаагүй гэх мэдүүлэг /хх-30-31/,

Гэрч Б.Сэргэлэнбаатарын: Би 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ...эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад иргэн Оюунгэрэл гудманд таараад нөхөр Батсуурь агсам тавиад намайг хөөгөөд байна гэсэн. ...Батсууриас болсон үйл явдлын талаар асуухад би агсам тавиагүй, наад авгай чинь өөрөө гараад явсан гэсэн. Тухайн үед Батсуурийн согтуурлын зэрэг гайгүй байсан. Тэгээд гараад явсан чинь бид нарын араас Алдармаа гарч ирээд ахаа та нарыг явахаар аав намайг дахиад зодно шүү дээ би айгаад байсан гэсэн. Тэгээд юу болсон тухай асуусан чинь аав над руу хутга шидсэн гээд нулимс нь гараад байсан. Гэрт нь байхад ааваасаа айгаад юм хэлж чадахгүй байсан. Тэгээд буцаж ороод Батсууриас хутга шидсэн талаар асуусан чинь би шкаф руу шидсэн чинь Алдармааг оночихсон гэж хэлж байсан. Би гэрт байсан модон иштэй 30 орчим сантиметр урттай хутга байсныг хураан авсан. Хутга хураан авсан тэмдэглэл, илтгэх хуудсын хамт тухайн өдөр гарч байсан жижүүрийн ахлагч цагдаагийн ахмад Ариунбаярт хүлээлгэн өгсөн… гэх мэдүүлэг /хх-108-109/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2016.11.16-ны өдрийн 15537 дугаар шинжилгээний дүгнэлтэд: 1. О.Алдармаагийн биед баруун хөлийн шилбэнд шарх, баруун өвдөг, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.5.Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. 8.9.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-39/,

Шинжээч эмч Т.Чимэд-Очирын: ...Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. О.Алдармаагийн баруун хөлний шилбэний шарх, баруун өвдөг, зүүн гуянд үүссэн цус хуралт нь өнгө хөхөлбөр ягаан өнгөтэй, шимэгдэж шаргал болон ногоон өнгөөр өөрчлөгдөөгүй, шархны тав нь хүрэн өнгөтэй байсан учраас шинэ гэмтэл гэж үзсэн. Би О.Алдармааг өөрөө үзэж дүгнэлт гаргасан гэх мэдүүлэг /хх-118-119/,   

Шүүгдэгч А.Батсуурийн сэжигтнээр өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн үед ...гэртээ 9 настай охин Алдармаагийн хамт байж байхад найз Өлзий, Насаа нар ирсэн. Тэгэхээр нь би дэлгүүр гарч 0.5 литрийн Ерөөл архи аваад хувааж уучихаад 16 цаг өнгөрч байхад Өлзий, Насаа нар явсан. Би орой 17 цагаас 116 дугаар цэцэрлэгээс өөрийн охин Цэлмүүн, хүү Тэлмүүн нарыг авах ёстой байсан бөгөөд эхнэр Оюунгэрэл рүү залгаад хөгшин жоохон уучихсан байна, чи цэцэрлэг ороод хоёр хүүхдээ авчих гэхэд үгүй, би амжихгүй чи гайгүй байлгүй дээ, чи өөрөө авчих гэсэн. Би 17 цаг болж байхад гэрээсээ гараад цэцэрлэг ороод 2 давхарт гарч охин Цэлмүүнийг аваад нэг давхарт байдаг хүү Тэлмүүний анги руу ороход эхнэр Оюунгэрэл ирсэн хүүг хувцаслаад сууж байсан. Тэгэхээр нь эхнэрт чи ирж хүүхдээ авах л байсан юм бол заавал намайг ирүүлж яах гэсэн юм бэ гэж уурлаад охин, хүү хоёрыг дагуулаад эхнэрийг орхиод гарсан. Гэртээ хариад хүүхдүүдийнхээ цэцэрлэгийн хувцсыг тайлчихаад хоол хийх санаатай мах хэрчээд сууж байхад гурил байхгүй болохоор нь эхнэр рүү залгаад чи ирэхдээ цуйвангийн хэрчсэн гурил аваад ирээрэй гээд бага зэрэг ууртай ярьчихсан. Гэтэл эхнэр чи ууртай байна, уурыг чинь гарахаар очъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлалгүй яадаг юм, чи хурдан хүрээд ир гэхэд эхнэр утсаа салгачихсан. Махаа хэрчээд сууж байхад охин Алдармаа бага хүү Тэлмүүнийг түлхээд унагачихсан. Тэгэхээр нь би Алдармааг чи яагаад дүүгээ орилуулаад байгаа юм бэ, гэрээ цэвэрлэ гэж хэлээд эхнэртэй хэрэлдсэн уур гараагүй байсан болохоор мах хэрчиж байсан хутгаа Алдармаа руу шидчихсэн. Гэтэл миний шидсэн хутга Алдармаагийн баруун талын өвдөгний дээд хэсэгт оночихсон. Тэр үед эхнэр Оюунгэрэл гаднаас цагдаа дагуулж орж ирээд намайг бариулсан. ...Би өмнө нь Алдармааг зодож цохиж байсан зүйл огт байхгүй. 2 удаа хутганы үзүүрээр цохисон зүйл байхгүй. Анх мэдүүлэг өгөхдөө айж сандраад тэгээд хэлчихсэн юм. Би өөрийн охин руугаа хутга шидэж зодсондоо маш их харамсаж байна… гэх мэдүүлэг /хх-72-74/,

Шүүгдэгч А.Батсуурийн яллагдагчаар өгсөн: Би надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би хүүхдийн яриад байгаа шиг хутгыг барьж байгаад охин руугаа шидээгүй. Тухайн үед би эхнэртэйгээ утсаар ярьж байгаад цуйвангийн хэрчсэн гурил аваад ир, мах хэрчээд сууж байна гэж хэлтэл эхнэр өөдөөс юун гурил би цагдаа дагуулаад очиж байна гэхээр нь юун цагдаа вэ гээд мах хэрчиж байсан хутгаа ширээ рүү шидсэн чинь хутга ширээн дээрээс ойгоод хажууд зогсож байсан охин Алдармаагийн хажууд унасан. Хутга унахдаа хүүхдийн хөлний шилбийг шүргэж газар унасан. ...Охин Алдармаа ээждээ аав над руу хутга шидсэн гэж хэлтэл, эхнэр буцаж гарч цагдаа нарт нөхөр хүүхэд рүү хутга шидсэн байна гэж хэлэхэд цагдаа нар манай гэрт орж ирээд намайг цагдаагийн хэлтэс рүү авч явж эрүүлжүүлсэн. Би анх тайлбар өгөхдөө хутганы үзүүрээр гэж хэлээгүй, хутгатай гараараа 2 удаа цохисон гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-78/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.02.17-ны өдрийн 169 дугаар дүгнэлтэд: 1. А.Батсуурь нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. А.Батсуурь нь хэрэг учрал болохын өмнө болон хойно болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. А.Батсуурь нь хэрэг хариуцах чадвартай байна. 4. А.Батсуурь нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. А.Батсуурьт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэжээ /хх-100-101/,

цагдаагийн байгууллагын сангийн мэдээлэл /хх-17-19/, насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-22/, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын хуудас, бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-32-35/, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ /хх-41-53/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-85/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-82/, гэрч А.Батбаярын мэдүүлэг /хх-36-37/, хорооны тодорхойлолт /хх-83/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 307 дугаар шийтгэвэр /хх-120/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.  

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч А.Батсуурь согтуурсан үедээ буюу 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгон, Өндөрхааны 5 дугаар гудамж, 03 тоотод байх гэртээ өөрийн төрсөн охин 8 настай О.Алдармааг мах хэрчиж чадсангүй гэх үл ялих зүйлээр шалтаглан, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн насанд хүрээгүй хохирогч уруу 2 удаа шидэж, бие махбодид нь баруун хөлийн шилбэнд шарх, баруун өвдөг, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан танхайрсан болох нь насанд хүрээгүй хохирогч О.Алдармаагийн мөрдөн байцаалтын шатанд тогтвортой өгсөн 2 удаагийн мэдүүлэг /хх-24-26, 104-107/, гэрч Б.Сэргэлэнбаатар, Э.Санжаа нарын мэдүүлэг /хх-108, 30/, шинжээчийн дүгнэлт /хх-39/, шинжээч эмч Т.Чимэд-Очирын мэдүүлэг /хх118/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Батсуурийг танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Батсуурь ...Ширээн дээр шидсэн хутга ойгоод охины хөлийг оносон гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч ...Шүүгдэгч эхнэртэйгээ муудалцсан уурандаа буюу хувийн таарамжгүй байдлаас болж хүүхдэдээ уураа гаргасан. Хэт нэг талыг барьж шалгасан тул тохирсон зүйл ангиар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн болно.   

Шүүгдэгч А.Батсуурийн өөрийн гэртээ үл ялих зүйлээр шалтаглан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн 8 настай, төрсөн охин О.Алдармаагийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирласан үйлдэл нь нийгэмд тогтсон хүний аюулгүй амьдрах болон аж төрөх ёсны наад захын хэм хэмжээг зөрчсөн, өөрийн шууд асрамжинд байдаг хүүхдийнхээ эсрэг бие, хүчний давуу байдлаа ашиглан тэднийг илтэд үл тоомсорлон үл ялих зүйлээр шалтаглан зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн хүч хэрэглэсэн санаатай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн үйлдсэн гэсэн бүрэлдэхүүнийг бүрэн агуулсан гэж үзнэ.

А.Батсуурийн танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч О.Алдармаагийн мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолж байгаа гэрч Ц.Оюунгэрэл, Э.Санжаа, Б.Сэргэлэнбаатар нарын мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн биед учирсан гэмтэл нь мохоо болон хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой талаарх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэрэг хэлэлцэх ажиллагааг явуулсан бөгөөд мөрдөн байцаалт, шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болсон, түүнчлэн тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан дээрх үндэслэл няцаагдан үгүйсгэгдэж байгаа тул хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.    

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Алдармаагийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан бөгөөд шүүгдэгч А.Батсууриас хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөн хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдолгүй гэснийг харгалзан түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.

Шүүх ял оногдуулахдаа ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдан бага насны хүүхдийн эсрэг, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулж, ял эдлүүлэх дэглэмийг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр хөнгөрүүлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Батсуурийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их тугчин овогт Амартүвшингийн Батсуурийг танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч А.Батсуурийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн зүйлийн 52.5-д зааснаар А.Батсуурьт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т тус тус зааснаар А.Батсуурийн урьдчилсан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Батсуурь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Батсуурьт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Батсуурьт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР

                                   

                                        ШҮҮГЧИД                              Т.АЛТАНТУЯА

                                      

                                                                                            Г.МӨНХЗУЛ