Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 539

 

 

А.Батсуурьт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Энх-Оюун,

ялтан А.Батсуурийн өмгөөлөгч Б.Оюунбилэг,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Батсуурийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлоор А.Батсуурьт холбогдох 2016 2601 2720 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Их Тугчин овогт Амартүвшингийн Батсуурь, 1977 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны Өндөрхааны 5 дугаар гудамжны 3 тоотод оршин суудаг, /РД:УБ77043032/;

А.Батсуурь нь 2016 оны 11 дүгээр сарын 10 ны өдрийн 18 цагийн орчимд согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгон, Өндөрхааны 5 дугаар гудамжны 3 тоотод төрсөн охин 8 настай Б.Алдармааг “мах хэрчиж чадсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн 2 удаа шидэж, бие махбодид нь “баруун хөлийн шилбэнд шарх, баруун өвдөг, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журам зөрчин догшин авирлаж, зэвсэг хэргэлэн танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Батсуурийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Их тугчин овогт Амартүвшингийн Батсуурийг танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч А.Батсуурийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52.5-д зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т тус тус зааснаар А.Батсуурийн урьдчилан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А.Батсуурь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан А.Батсуурийн өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. А.Батсуурь нь эхнэртэйгээ хувийн таарамжгүй харилцаанаас үүсэн уураа гэртээ гаргаж, охин Б.Алдармааг “мах хэрчиж хоолоо хий” гэхэд мах хэрчих гэж оролдож байхад нь “мах хэрчиж чадсангүй” гэж загнаж, “ингэж хэрчдэг юм” гэж өөрөө хэрчиж байгаад хутгаа ширээ рүү хаях үед уг хутга нь ширээн дээрээс гулгаж унахдаа Б.Алдармаагийн хөл рүү унаж шарх үүсгэн түүнд хөнгөн гэмтэл учруулсан байдаг. Гэтэл прокурор нь А.Батсуурийн энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зэвсэг хэрэглэн танхайрсан үйлдлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх нь зүйл хэсэг тохирсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.

2. Батсуурийг насанд хүрээгүй хүүхдэд уурлан түүнд гэмтэл учруулсан нь хувийн таарамжгүй харилцаанд орохгүй гэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан гэх хутгыг хураан авсан тэмдэглэл үйлдэгдсэн байх боловч уг хутга нь ямар нэг шалтгаангүйгээр алга болсон. Шүүхэд эд мөрийн баримтаар ирүүлээгүй хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн танхайн үйлдэл болгон, мөн хохирогч Алдармаад хөнгөн гэмтэл учруулсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан ч тухайн үед дуудлагаар ирсэн эмч “боох хэмжээний шарх байгаагүй учир ямар нэг арга хэмжээ аваагүй, бохир оруулахгүй байхыг зөвлөсөн” гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн үед А.Батсуурийн эхнэр Оюунгэрэл нь түүнтэй хувийн харилцаанаас үүдэлтэй согтуу байх үедээ маргасан шалтгаанаар цагдаа дуудахад ирсэн цагдаагийн ажилтан “нөхөр чинь гайгүй зүгээр л байна” гэж хэлээд гарч явах үед нь охин Алдармаа нь аав над руу хутга шидсэн гэхэд нь Оюунгэрэл цагдааг араас нь дуудаж, цагдаагийн ажилтан түүнийг авч явж Батсуурь 2 сарын хугацаагаар цагдан хоригдсон бөгөөд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар хэргийн нийгмийн хор аюул, гарсан хохирол, бодит нөхцөл байдалд тохироогүй ял оногдуулсан нь учир дутагдалтай.

3. Шүүхээс А.Батсуурийн гэр бүлийн хамтын амьдрал цаашид хэвийн үргэлжлэх нөхцөл байдлыг анхааралгүй түүнд хүнд зүйл хэсгээр ял халдаасныг анхаарч үзнэ үү.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянан үзэж, А.Батсуурьт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд зааснаар өөрчилж, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг анхаарч үзнэ үү гэв.

Өсвөр насны хохирогч Б.Алдармаагийн хууль ёсны төлөөлөгч Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдолтой холбогдуулан гаргах тайлбар байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэв.

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: А.Батсуурийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байна. Эд мөрийн баримтаар хураан авсан хутга мөрдөн байцаалтын явцад Цагдаагийн байгууллагад хадгалагдаж байгаад алга болсон. Энэ талаар прокуророос албан бичиг холбогдох албан тушаалтанд хүргүүлж арга хэмжээг авахуулсан. Эд мөрийн баримт байхгүй ч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ гэмт хэрэг хангалттай нотлогдож байна гэж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр хэлэлцэж шийдвэрлэсэн. Анх хохирогчийн эхийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байсан. Энэ нь гэр бүлийн хооронд үүссэн маргаантай асуудал тул ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж хуулийн байгууллагын ажилтан Б.Байгалмаагаар хууль ёсны төлөөлөгчийг өөрчлөн тогтоож, мөрдөн байцаалтын ажиллагааг хийсэн. Хэргийн нөхцөл байдлаас энэ гэр бүлд гэр бүлийн хүчирхийлэл байгаа нь харагддаг. Учир нь анх хохирогчийн эцэг, эх хоорондоо маргалдаад гэртээ очхоор зодох байх гэдэг үндэслэлээр эх нь Цагдаагийн байгууллагад хандаж цагдаагийн ажилтан дагуулж очсон байдаг. Гэтэл нөхөр нь агсан тавиагүй мах хэрчиж байхаар нь цагдаагийн ажилтан “нөхөр чинь зүгээр байна” гээд гарч явахад нь охин нь гадаа зогсож байгаад “ээжээ аав над руу хутга шидэж гэмтээсэн” гэж хэлээд гэмт хэрэг илэрсэн. Иймд энэ гэр бүлд гэр бүлийн хүчирхийлэл, айдас байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон, эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

А.Батсуурь нь согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэхээр заналхийлэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгон, Өндөрхааны 5 дугаар гудамжны 3 тоотод өөрийн төрсөн охин 8 настай Б.Алдармааг “мах хэрчиж чадсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн 2 удаа шидэж, бие махбодид нь “баруун хөлийн шилбэнд шарх, баруун өвдөг, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, зэвсэг хэрэглэн  танхайрсан гэх үйл баримт мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан А.Батсуурь /хх-72-74, 78, 182/, өсвөр насны хохирогч О.Алдармаа /хх-25-26, 106-107/, мөрдөн байцаалтад гэрч Э.Санжаа /хх-30/, Б.Сэргэлэнбаатар /хх-108/, Ц.Оюунгэрэл /хх-113/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15537 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-39/, шинжээч эмч Т.Чимэд-Очир /хх-119/ нарын өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Ялтан А.Батсуурийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан “...Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд зааснаар өөрчилж, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг анхаарч үзэн хэргийг шийдвэрлүүлэх” тухай давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйл /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/ гэсэн зүйл хэсэг нэмэгдсэн бөгөөд ялтан А.Батсуурьт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн ял шийтгэл оногдуулсан бол хэргийн жинхэнэ байдалд нийцэх, ялтны эрх зүйн байдал дээрдэхээр нөхцөл байдалд хүргэснийг ч үгүйсгэх боломжгүй байна.

Гэвч 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар дээрх гэмт хэргүүдэд холбогдуулан ялтан А.Батсуурийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах боломжгүй ба Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэжээ.

Ялтан А. Батсуурьт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “бусдыг илтэд үл хүндэтгэж хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийн “догшин авирлан”, “зэвсэг хэрэглэж” үйлдсэн гэх ердийн болон хүндрүүлэх, онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн дүйцэх 20.16  дугаар зүйл /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/-д тусгагдаагүй байна,

Иймд ялтан А.Батсуурьт холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /бусдад хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн/ зааснаар зүйлчилж,  түүнийг нэг мянга зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.650.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар А.Батсуурийн цагдан хоригдсон 110 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.650.000 /нэг сая зургаан тавин мянган/ төгрөгөөр тооцож, эдлэх ялаас 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийг хасаж, түүнийг торгох ял биелэгдсэнд тооцохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнийг нэн даруй суллах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолынтогтоох хэсгийн

 1 дэх заалтын “Их тугчин овогт Амартүвшингийн Батсуурийг танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг 

“Их тугчин овогт Амартүвшингийн Батсуурийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч А.Батсуурийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг

“Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Батсуурийг нэг мянга зургаан зуун тавин нэгж буюу 1.650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т тус тус зааснаар А. Батсуурийн урьдчилан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэснийг

 “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар А.Батсуурийн цагдан хоригдсон 110 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.650.000 /нэг сая зургаан тавин мянган/ төгрөгөөр тооцож, эдлэх ялаас 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийг хасаж, түүнийг торгох ял биелэгдсэнд тооцсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, Амартүвшингийн Батсуурийг нэн даруй сулласугай.

3.Ялтан А.Батсуурийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4.Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                Д.ГАНСҮХ