Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
Хэргийн индекс | 182/2019/00095/И |
Дугаар | 182/ШШ2019/01418 |
Огноо | 2019-08-19 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2019/01418
2019 оны 08 сарын 19 өдөр Дугаар 182/ШШ2019/01418 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ш-т холбогдох,
“Нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Уранчимэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Уранчимэгийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Уранчимэгийн гуйлтаар 2012 оны 06 дугаар сарын 22-нд түүнд өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 46 тоот орон сууцаа банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэл олгосон билээ.
Гэтэл Б.Уранчимэг нь миний олгосон итгэмжлэлийг зөрчиж, надаас зөвшөөрөл авалгүйгээр, миний орон сууцыг нотариатч Б.Штай хуйвалдаж, иргэн Н.Уранчимэгээс 66,000,000 төгрөгийг зээлсэн зээлийн барьцаанд тавьж, итгэмжлэлийг зөрчсөн байна. Би байраа банкны барьцаанд тавихыг зөвшөөрсөн болохоос бус мөнгө хүүлэгч хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлэх, зээлийн барьцаанд тавих итгэмжлэл олгоогүй билээ.
Нотариатч Б.Ш нь итгэмжлэл банкны барьцаанд тавихыг зөвшөөрсөн байхад, иргэнээс авах зээлийн барьцаанд тавихаар ирж байгаа нь итгэмжлэлийн агуулга илт зөрчилтэй зөрүүтэй байхад, намайг дуудаж ирүүлж, магадлахгүйгээр барьцааны гэрээг баталсан байна.
Ингэж нотариатч Б.Ш нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 21.2.1, 21.3.3, 21.2.5, 7.3 дахь заалтуудыг зөрчиж хууль бусаар нотариатын үйлдэл хийснээс болж миний байр хууль бусаар зээлийн барьцаанд бүртгэгдсэн, үүнээс болж би орон сууцаа захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирч байна.
Н.Уранчимэг, Б.Уранчимэг нарын хооронд 2012 оны 06 дугаар сарын 22-нд байгуулсан барьцааны гэрээг баталсан Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.Шын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг үйлдлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яагаад банкны зээлийн барьцаанд тавих талаар тусгайлан заасан бэ гэхээр банкнаас авах зээлийн хэмжээ нь хуучин байранд бага хэмжээгээр олгогддог.
Хоёрдугаарт зээлийн хүү нь банк бус санхүүгийн байгууллага, ломбард, хувь хүнээс зээлснээс бага байна.
Гуравдугаарт банк зээл олгохдоо зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн чадвар, орлого, боломжийг судалж байж зээл олгодог учраас зээлийн эргэн төлөх боломжтой байна гэж үзэж байсан учраас заавал банкны барьцаанд тавих гэсэн итгэмжлэл олгосон.
Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хэмжээнд түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй гэрээ, хэлцэл хийх бөгөөд төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийн хүрээнд эрх эдэлнэ гэж заасан байдаг.
Тэгэхээр төлөөлүүлэгчийн олгосон эрхээс гадуур хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
Өөрөөр бол нотариатч нь итгэмжлэлд олгосон эрхийг шалгахгүйгээр барьцааны гэрээг баталсан.
2012 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Н.Уранчимэг, Б.Уранчимэг нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг гэрчилсэн Чингэлтэй дүүргийн нотариат Б.Шын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Б.Шын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлд “... 21.1.3.шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдийг дуудан ирүүлэх” гэжээ.
Уг заалт нь эрх олгосон хэм хэмжээ ба нотариатчийг эрхээ эдлээгүй хэмээн буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Ер нь бол эрхээ эдэлсэнгүй хэмээн бусдын үйлдэлд хариуцлага тооцох боломжгүй юм.
Нэхэмжлэлд “21.2.1.үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх” гэжээ.
Уг үүргээ нотариатч биелүүлж, Н.Уранчимэг, Б.Уранчимэг нарт эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгсөн тул түүнийг буруутгах үндэслэл байхгүй.
Нэхэмжлэлд “21.3.3.нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийх” гэжээ.
Энэ нь хориглосон хэм хэмжээ ба уг хэм хэмжээг зөрчөөгүй. Учир нь ямар ч нөхцөлийг нуун дарагдуулаагүй ба нуун дарагдуулсан гэх нөхцөлийн талаар нэхэмжлэлд бичээгүй байх тул тайлбар хийх боломжгүй байна.
Нэхэмжлэлд “21.2.5.нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах” гэжээ.
Уг үүргээ нотариатч биелүүлж, холбогдох баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянаж, нягталсан байна.
Нэхэмжлэлд “7.3.Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцэл болон өвлөх эрхтэй холбогдсон баримт бичгийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ” гэжээ.
Энэ нь эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан хэм хэмжээ байх бөгөөд нотариатч нь барьцааны гэрээг гэрчилсэн тул уг заалтыг зөрчөөгүй юм” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...бичиг баримтын үнэн зөв байхыг шалгана гэж байгаа. Гэтэл яг энэ барьцааны гэрээнд байгаа зүйлийн аль хэсэг нь худлаа гэдгийг нэхэмжлэгч тал тайлбарлахгүй байна. Тиймээс энэ тайлбар нь үндэслэлгүй юм.
Хоёрдугаарт энэ барьцааны гэрээ нь зээлийн гэрээг дагаж гарсан бөгөөд зээлийн гэрээ нь 1 сарын хугацаатай буюу 2012 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дуусах гэрээ байдаг.
Өөрөөр бол 7 дугаар сарын 22-ны өдрөөс хойш шаардах эрх үүсэж байгаа. Тэгээд үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байдаг. Өөрөөр бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэлийн хууль хэрэглээ нь үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь уг нотариатын үйлдлийг хууль бус гэж байгаа боловч яг үйлдэл нь юуг зөрчсөн гэдэг нь тодорхойгүй ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ маш олон заалт хэлж байгаа боловч яг зөрчигдсөн зүйл байхгүй” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ зээлийн гэрээг анх яагаад Н.Уранчимэг гэдэг хүнээс авах болсон бэ гэхээр Н.Уранчимэг эгч өөрийнхөө объектыг зарна гэсэн зар өгсөн байсан. Үүний дагуу очиж уулзаж банкны зээлээр таны объектыг худалдаж авъя гэсэн. Гэтэл ингэхэд урьдчилгаа мөнгө, банкинд байршуулах мөнгө хэрэгтэй болсон бөгөөд банкинд мөнгө байршуулдаг хүмүүсээр байршуулах гэхээр өдрийн хүү нь өндөр байсан. Энэ талаар хэлэхэд Н.Уранчимэг эгч чамд барьцаа байвал би зээл олгож өгье гэсэн. Ингээд би Г.Быг таньдаг байсан бөгөөд ийм зээл байна, хамтран ажиллаж чамд өгье гэж санал болгосон. Тэгсэн чинь надад итгэмжлэл хийж өгье гээд зөвхөн банкны барьцаанд тавина шүү гэсэн итгэмжлэл хийж өгсөн. Ингээд Н.Уранчимэг эгч дээр очиж уулзахад энд манай нотариат байгаа ороод гэрээгээ гэрчлүүлчих гэсэн. Гэтэл Б.Ш нотариатч нь энэ чинь банкны барьцаанд тавина гэж байна шүү дээ гээд гэрчилж өгөөгүй. Гэрчилж өгөхгүй байгаа талаар Н.Уранчимэг эгчид хэлэхэд өөрөө ирээд хамт байж байгаад гэрчлүүлсэн.” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Уранчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтамир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г.Б нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж уг хэлцлийг хийсэн бөгөөд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасны дагуу итгэмжлэл олгож, түүний үндсэн дээр Б.Уранчимэг зээл авсан байгаа.
Нэхэмжлэгч Г.Б нь өөрийн зөвшөөрлөөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 46 тоот орон сууцыг Зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл олгосноо нэхэмжлэл дээрээ дурдсан байна.
Иймд нэхэмжлэл нь хууль бус, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн нэхэмжлэгч Г.Б нь Б.Уранчимэгээс урамшуулал болон мөнгө авч итгэмжлэл хийж өгснөө эрүүгийн хэргийн шүүх хуралд мэдүүлж байсан.” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Шт холбогдуулан “Нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Н.Уранчимэг, Б.Уранчимэг нарын хооронд 2012 оны 06 дугаар сарын 22-нд хийгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 46 тоот орон сууцыг барьцаалуулсан барьцааны гэрээг баталсан нотариатч Б.Шын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг үйлдлийг хүчингүй болгож өгнө үү” гэж тодруулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэлээр Г.Б нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 46 тоот орон сууцны зориулалттай 39 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг банкны зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээнд намайг төлөөлөн гарын үсэг зурах, Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа авах, барьцааны гэрээ бүртгүүлэх хүлээн авах эрхийг Б.Уранчимэгт олгож, уг итгэмжлэлийн дагуу барьцаалагч Б.Уранчимэг барьцаалуулагч Н.Уранчимэг нарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны” гэрээ”-г Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.Ш гэрчилсэн болох нь хэрэгт авагдсан 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Итгэмжлэл”, 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 11, 12, 13 дугаар тал/
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...банкны барьцаанд тавихыг зөвшөөрсөн болохоос бус мөнгө хүүлэгч хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлэх, зээлийн барьцаанд тавих итгэмжлэл олгоогүй билээ.
Нотариатч Б.Ш нь итгэмжлэл банкны барьцаанд тавихыг зөвшөөрсөн байхад, иргэнээс авах зээлийн барьцаанд тавихаар ирж байгаа нь итгэмжлэлийн агуулга илт зөрчилтэй зөрүүтэй байхад, намайг дуудаж ирүүлж, магадлахгүйгээр барьцааны гэрээг баталсан байна.
Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хэмжээнд түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй гэрээ, хэлцэл хийх бөгөөд төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийн хүрээнд эрх эдэлнэ гэж заасан байдаг.
Тэгэхээр төлөөлүүлэгчийн олгосон эрхээс гадуур хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3., 21.2.1., 21.3.3, 21.2.5, 7.3 дахь заалтуудыг зөрчиж хууль бусаар нотариатын үйлдэл хийснээс болж миний байр хууль бусаар зээлийн барьцаанд бүртгэгдсэн, үүнээс болж би орон сууцаа захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирч байна.” гэж тайлбарлажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...21.1.3 заалт нь эрх олгосон хэм хэмжээ ба нотариатчийг эрхээ эдлээгүй хэмээн буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Ер нь бол эрхээ эдэлсэнгүй хэмээн бусдын үйлдэлд хариуцлага тооцох боломжгүй юм.
21.2.1-т үүргээ нотариатч биелүүлж, Н.Уранчимэг, Б.Уранчимэг нарт эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгсөн тул түүнийг буруутгах үндэслэл байхгүй.
21.3.3 Энэ нь хориглосон хэм хэмжээ ба уг хэм хэмжээг зөрчөөгүй. Учир нь ямар ч нөхцөлийг нуун дарагдуулаагүй ба нуун дарагдуулсан гэх нөхцөлийн талаар нэхэмжлэлд бичээгүй байх тул тайлбар хийх боломжгүй байна.
21.2.5 Уг үүргээ нотариатч биелүүлж, холбогдох баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянаж, нягталсан байна.
7.3.-т Энэ нь эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан хэм хэмжээ байх бөгөөд нотариатч нь барьцааны гэрээг гэрчилсэн тул уг заалтыг зөрчөөгүй юм” гэж маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Уранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн талд оролцсон болно.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Уранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа хариуцагчийн талд оролцсон болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Уранчимэг 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Б.Уранчимэгтэй зээлийн гэрээ байгуулж, түүнд 66,000,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлэхээр тохирчээ /хх-ийн 9-10 дугаар тал/.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талууд энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар нэхэмжлэгч Г.Бын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 46 тоот хаягт байрлах Ү-2201007833 тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 39 м.кв талбайтай орон сууцыг барьцаалуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ /хх-ийн 11, 13 дугаар тал/.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар барьцааны зүйл болох уг орон сууцыг өмчлөгч Г.Баас зээлдэгч Б.Уранчимэгт итгэмжлэл олгож, түүнд барьцааны гэрээ, хэлэлцээрт төлөөлөхийг зөвшөөрсөн байна. Тодруулбал, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.-д “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно” гэж, мөн 62.3.-д “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж тус тус зааснаар энэхүү итгэмжлэлийн үндсэн дээр барьцаалагч, барьцаалуулагч нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан байна /хх-ийн 12 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр төлөөлөгч Б.Уранчимэг нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч этгээд болсон бол, харин тус барьцааны гэрээний хувьд барьцаалуулагч этгээд биш, гагцхүү өмчлөгчдийн хүсэл зоригийн дагуу тэдгээрийг гэрээ, хэлэлцээр байгуулахад төлөөлсөн төлөөлөгч этгээд юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж заасны дагуу барьцааны гэрээний эрх, үүрэг, хариуцлагыг нэхэмжлэгч Г.Б хүлээнэ.
Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэлд төлөөлүүлэгчийн зүгээс зээлдүүлэгч буюу барьцаалагч этгээдийг “банк” хэмээн тодорхойлж, төлөөлөгчийг дурын этгээдтэй бус зөвхөн итгэмжлэлд нэр заасан субъекттэй барьцааны гэрээ байгуулахыг зөвшөөрсөн бүрэн эрхийг олгосон агуулгатай байна. /хх-ийн 12 дугаар тал/
Тодруулбал, Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж зааснаар барьцааны гэрээ нь түүнийг үүсгэх суурь үндэслэл болсон зээлийн гэрээгүйгээр дангаар бие даан оршихгүй бөгөөд зээлдүүлэгч болон барьцаалагч этгээд тус тусдаа буюу өөр өөр этгээд байх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, аль эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасныг үзвэл зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч, эсхүл барьцаалуулагч тал ийнхүү өөр өөр этгээд байж болох ба, харин Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгч барьцаагаар хангагдах шаардлагыг гуравдагч этгээдэд шилжүүлэхэд барьцааны эрх шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжинэ” гэж, 172 дугаар зүйлийн 172.1.-д “Ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь гагцхүү энэ хуулийн 87.1-д заасны дагуу өөр этгээдэд нэгэн зэрэг хамтдаа шилжиж болно” гэж тус тус зааснаар барьцаалагч нь гагцхүү зээлдэгч байх, зээлдэгч нь барьцаалагч байх гэсэн утгыг илэрхийлж байна.
Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэл дэх өмчлөгчийн хүсэл зоригийг тайлбарлавал тэрээр зээлдүүлэгч буюу барьцаалагч этгээдийг аль нэгэн “банк”-ийг байхаар тодорхойлсон байхад нотариатч болох хариуцагч Б.Ш нь төлөөлөгч Б.Уранчимэгийг иргэнтэй буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Уранчимэгтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах тухай барьцааны гэрээг уг итгэмжлэлийг үндэслэн гэрчилсэн байна. /хх-ийн 11, 12 дугаар тал/
Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “тэгш эрхийг хангах” гэж, мөн 46 дугаар зүйлийн 46.1-д “Нотариатч хуульд заасан болон үйлчлүүлэгчийн хүсэлт гаргасан хуульд харшлаагүй дараахь гэрээ, хэлцлийг гэрчилнэ” гэж, мөн түүнчлэн 46 дугаар зүйлийн 46.2.3-т “агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх” гэж, 46.4-т “Гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална”, 46.6-д “Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулна” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, нотариатч нь үйлчлүүлэгчдийн тэгш эрхийг хангаж, тэдгээрийн хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах гэрээ, хэлэлцээр байгуулахдаа илэрхийлсэн хүсэл зориг хэрхэн зөв гэрээнд тусгагдсаныг нягтлан шалгах, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож буй бүрэн эрх нь түүний жинхэнэ хүсэл зориг мөн эсэх, итгэмжлэл дэх бичвэрт нийцэж байгааг тус тус тодруулах ёстой.
Хэдийгээр нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар түүнд анхнаасаа өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулах хүсэл зориг байсан боловч зээлдүүлэгч буюу барьцаалагчийг “банк” хэмээн тодорхойлох болсон шаардлага, үндэслэл нь банкны зээлийн бүтээгдэхүүний гол нөхцөлтэй /хүү бага, хугацаа урт, зээлийн зарцуулалтыг хянадаг, зээлийг олгохдоо санхүүгийн чадвар, сахилга батыг судалдаг гэх мэт/ холбоотойгоос гадна хэрэв үүрэг зөрчигдсөн тохиолдолд барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ их, бага байх зэрэгтэй шууд холбоотой юм.
Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т “Төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ” гэж, мөн 65.3-т “Хэлцлийн нөгөө талд хэнтэй хэлцэл хийж байгаа нь ач холбогдолгүй байсан бол энэ хуулийн 65.2 нэгэн адил хамаарна” гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ямар субъекттэй барьцааны гэрээ байгуулах нь түүнд ач холбогдолгүй байсан тохиолдолд тус хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасан хэлцлийн үр дагавар тэдэнд үүсэх бөгөөд харин гэрээ, хэлцэл байгуулагч нөгөө тал ийнхүү ач холбогдолтой байх тохиолдолд төлөөлөгчийн үйлдлийг хүлээн зөвшөөрөх эсэхийг бие даан шийдвэрлэнэ.
Г.Баас Б.Уранчимэгт итгэмжлэл олгохдоо хэлцэл хийх нөгөө талыг “банк” гэсэн байхад хариуцагч Б.Ш нь иргэнтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар төлөөлөгчийн хийсэн барьцааны гэрээг гэрчилсэн нь үндэслэлгүй байна.
Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6, 31.3-т заасны дагуу нотариатч хуульд заасан бусад тохиолдолд нотариатч үйлдэл хийхээс татгалзах үүрэгтэй бөгөөд уг үүргээ зөрчиж хийсэн үйлдлийг шүүх хүчингүй болгох зохицуулалттай байна.
Иймд 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б.Уранчимэг, Н.Уранчимэг нарын хооронд байгуулагдсан “Барьцааны гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б.Уранчимэг, Н.Уранчимэг нарын хооронд байгуулагдсан “Барьцааны гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Шаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС