Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2019/01398

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 12 өдөр          Дугаар 182/ШШ2019/01398          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Т-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Б-д холбогдох,

 

“Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг, алданги 1,695,000 төгрөг, хохирол 1,000,000 төгрөг, нийт 5,695,000 төгрөг гаргуулах, орон сууцыг суллаж өгөхийг даалгах тухай” тухай  үндсэн нэхэмжлэлтэй,

 

“2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Хонгорзул нар оролцов.         

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Н.Б бид хоёр тохиролцоод 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулаад үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлж, улмаар Н.Б нь гэрээний дагуу амьдарч байгаа юм. Н.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлж, манай нөхөр болох М.Саруулхангайд орон сууцаа шилжүүлсэн юм. Би нөхрөөсөө бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг шилжүүлэн авч, тухайн байрны өмчлөгч болсон. Би Н.Бгийн хүсэлтийн дагуу өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч, Н.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай сарын 500,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Би 3,000,000 төгрөг нэхэж байгаа юм. Бид орон сууц хөлсөлсний төлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлөхөөр болсон. Би энэ орон сууцны хууль ёсны өмчлөгч учраас Н.Бгаас орон сууц хөлсөлсөн хугацааны төлбөрийг гаргуулах, орон сууцыг суллуулан авах хүсэлттэй байна. Бид зах зээлийн ханшаар түрээсийн төлбөр тогтоогоогүй. Бид нэг нэгнээ олон жилийн өмнөөс сайн мэднэ. Түрээсийн төлбөр нь 3,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сар хүртэл алданги 1,695,000 төгрөг, хохирол 1,000,000 төгрөг, нийт 5,695,000 төгрөгийг Н.Бгаас гаргуулж өгнө үү. Мөн дээрх орон сууцаа чөлөөлүүлмээр байна” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Т сөрөг нэхэмжлэл гаргасан хариу тайлбартаа: “сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангахгүй нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг түрээсийн гэрээ, Саруулхангай гэхийг Саруулсайхан гэх мэтээр үг үсэг, утгын алдаатай мөн он сар, өдөр байхгүй байна.

Мөн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага харилцан хамааралгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж зохицуулснаар сөрөг нэхэмжлэлд бичсэн шаардлагууд нь хавтаст хэрэгт байгаа хөдөлшгүй нотлох баримтуудаар няцаагдах тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2017 оны 03 дугаар сарын 22-нд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг үндэслэн орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг 2 тал сайн дурын үндсэн дээр бичгээр байгуулж, гарын үсгээ зуран, нотариатаар батлуулан, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүртгүүлсэн.

Н.Бгийн шүүхэд гаргаж байгаа сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дууссан.

Энэ нь хугацаа хожиж миний эзэмшлийн орон сууцанд аль болох удаан хугацаагаар ямар ч түрээс төлөхгүйгээр амьдрах гэсэн арга гэж үзэж байна. Мөн Н.Бтай орон сууцыг буцаан өгөх тухай ямар ч тохиролцоо хийгээгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлд бичээд байгаа тохиролцоо гэдэг нь Н.Бгийн өөрийнх нь хүсэлт байж магадгүй, нэг талын хүссэн бүхнийг тохиролцоо хийсэн гэж нөгөө тал нь хүлээн авах ямар ч боломжгүй гэж үзэж байна.” гэжээ.

 

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие нь Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 1 дүгээр байрны 03 тоот хаягт байрлах, 132,8 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Үүнийг шүүхийн шийдвэрээр тогтоож байсан.

Тус шүүхэд нэхэмжлэл гаргасан Б.Т нь уг байрны хууль ёсны өмчлөгч биш юм. Б.Т болон М.Саруулхангай нар нь намайг хууран мэхэлж дээрх байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Б би өөрийнхөө байрыг хөлслөх боломжгүй. Иймээс түрээсийн төлбөр болон алдангийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Б би Б.Тд хохирол учруулсан зүйл байхгүй. Би өөрийнхөө эд хөрөнгийг бусдад суллаж өгөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрээр Н.Бгаас 129,300,450 М.Саруулсайханд буюу Б.Т эгчийн нөхөрт олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 2202009243 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгат гудамжны 18 дугаар байрны 03 тоотод байрлах 132 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг Ү-2202020865, Ү-2202020867 зогсоолын хамт битүүмжилсэн.

Миний бие М.Саруулсайхан болон Б.Т нарын өмчлөлд дээрх төлбөрийн шаардлагын хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлээд төлбөрийг төлсний дараа буцаан авахаар тохиролцсон.

Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсны дараа М.Саруулсайхан өөрийн эхнэр Б.Тд бэлэглэсэн байдаг.

Эндээс харахад Б.Ттэй байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 22- ны өдрийн Түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Н.Бд холбогдуулан “Орон сууц хөлслөх гэрээний үүрэг болох 3,000,000 төгрөг, алданги 1,695,000 төгрөг, хохирол 1,000,000 төгрөг, нийт 5,695,000 төгрөг гаргуулах, орон сууцыг суллаж өгөхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч Б.Тд холбогдуулан “2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.нэхэмжлэгч Б.Тийн үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Н.Бтай 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Орон сууц хөлслөх” гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Б.Тийн өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат 18 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 138 м.кв бүхий талбайтай 5 өрөө орон сууцыг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 6 сарын хугацаатай, нийт 3,000,000  төгрөгөөр Н.Бд хөлслүүлэхээр талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ”, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон шүүхэд гаргасан зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5-7 дугаар тал/

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Н.Б нь гэрээний дагуу амьдарч байгаа, 3,000,000 төгрөг нэхэж байгаа юм. Бид орон сууц хөлсөлсний төлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлөхөөр болсон. Би энэ орон сууцны хууль ёсны өмчлөгч учраас Н.Бгаас орон сууц хөлсөлсөн хугацааны төлбөрийг гаргуулах, алданги 1,695,000 төгрөг, хохирол 1,000,000 төгрөг, нийт 5,695,000 төгрөгийг Н.Бгаас гаргуулж өгнө үү. Мөн дээрх орон сууцаа чөлөөлүүлэх” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Миний бие нь Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 1 дүгээр байрны 03 тоот хаягт байрлах, 132,8 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Үүнийг шүүхийн шийдвэрээр тогтоож байсан. Тус шүүхэд нэхэмжлэл гаргасан Б.Т нь уг байрны хууль ёсны өмчлөгч биш юм.

Б.Т болон М.Саруулхангай нар нь намайг хууран мэхэлж дээрх байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Б би өөрийнхөө байрыг хөлслөх боломжгүй. Н.Б би Б.Тд хохирол учруулсан зүйл байхгүй. Би өөрийнхөө эд хөрөнгийг бусдад суллаж өгөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь орон сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээг талууд бичгээр байгуулж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүртгүүлжээ. /хх-ийн 24 дүгээр тал/

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 302 дугаар зүйлийн 302.1-д заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Орон сууц хөлслөх гэрээгээр Б.Т орон сууцаа Н.Бд хөлслүүлэх, харин Н.Б нь орон сууцыг хөлслөн сард 500,000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээжээ.

 

Иймд зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргээ зохигчдын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч Н.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй орон сууц ашигласны хөлсийг хугацаанд нь төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болох орон сууц хөлслөх гэрээг хариуцагч өөр баримтаар үгүйсгэж чадаагүй тул гэрээний дагуу үүргийг хангуулах нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д нийцнэ.

 

Гэрээний 1.5-д хөлслөгч орон сууцны төлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлөх бөгөөд нийт төлбөрт 3,000,000 төгрөг байна гэж заасан ба хариуцагч нь үүргээ биелүүлэх ёстой.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Зохигчдын хэн алин нь өөрийн гаргаж буй шаардлага, татгалзлын үндэслэлийг нотлох үүргийг хуулиар хүлээдэг.

Хэргийн оролцогчид  эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг шүүхэд өөрөө  гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба хариуцагч тал энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Хариуцагч Н.Б нь дээрх гэрээний дагуу орон сууцыг хөлсөлсөн 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл хугацааны төлбөр 3,000,000 төгрөг төлөөгүй нь тогтоогдож байх тул хариуцагчаас 6 сарын хөлс болох 3,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

 

Орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан байх ба хариуцагч Н.Б нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д зааснаар орон сууцыг нэхэмжлэгч Б.Тд буцааж өгөөгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д зааснаар гэрээний хугацаа дууссанаар эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болох тул орон сууц хөлслөх гэрээний үүрэг мөн адил дуусгавар болж, харин хариуцагчийн эзэмшил хууль бус болох юм.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 295 дугаар зүйлийн 295.1-д зааснаар гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч Н.Б нь маргаж буй орон сууцны өмчлөгч байсан боловч өмчлөлийн зүйлээ үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд шийдвэр гүйцэтгэлийн журмаар орон сууцны өмчлөх эрхээ алдаж улмаар эзэмших эрхгүй болсон байх бөгөөд тэрээр орон сууцыг өмчлөгч Б.Ттэй орон сууц хөлслөх гэрээ байгуулж улмаар гэрээний зүйлийг эзэмшин ашиглаж байсан болох нь зохигчдын тайлбар, гэрч М.Саруулхангайн мэдүүлэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 45-134 тал/

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар Н.Б нь өөрийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулснаар эд хөрөнгийг мэдэлдээ байлгах эрхээ алдаж, түүний эзэмшил дуусгавар болсон гэж үзнэ.

 

Тодруулбал Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 4603 тоот шийдвэрээр хариуцагч Н.Бгаас 165,867,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Саруулхангайд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 187,633,000 төгрөгт холбогдох хэсэг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 47-50 дугаар тал/

 

Дээрх шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1130 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. /хх-ийн 51-59 дүгээр тал/

 

Давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалд хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан ба Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 899 дүгээр тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын заалтад дараах байдлаар өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. Үүнд:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Н.Бгаас 128,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Саруулхангайд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 225,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 56.5-д зааснаар М.Саруулхангай, Н.Б нарын хооронд 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээ, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 18 дугаар байрны 3 тоот 132,8 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхрын 103, 104 тоот автозогсоолыг нэхэмжлэгч М.Саруулхангайн өмчлөлөөс хариуцагч Н.Бгийн өмчлөлд шилжүүлж, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Нэхэмжлэгч М.Саруулхангай хариуцагч Нэмүт констракшн ХХК-д холбогдох шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М.Саруулхангайн төлсөн 1,861,000 төгрөгийг, хариуцагч Н.Бгийн төлсөн 1,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Саруулхангайгаас 222,950 төгрөг, хариуцагч Н.Бгаас 1,657,950 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж, улсын орлого болгон, хариуцагч Н.Бгаас 800,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Саруулхангайд, нэхэмжлэгч М.Саруулхангайгаас 1,657,950 төгрөг гаргуулж, хариуцагч Н.Бд тус тус олгосугай гэж тус тус өөрчилжээ.

 

Төлбөр авагч М.Саруулхангай нь дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа хийгдэж байх явцад төлбөр төлөгч Н.Б нь хүсэлт гаргаснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан төлбөр төлж барагдуулсан гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болох нь зохигчдын тайлбар, гэрч М.Саруулхангай мэдүүлэг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн журмаар бүрдүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 45-134 дүгээр тал/

 

Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч Н.Б шийдвэрт заагдсан төлбөрт өөрийн өмчлөлийн орон сууцыг төлбөр авагч М.Саруулхангайн нэр дээр шилжүүлж, төлбөрийг барагдуулах хүсэлт гаргаж байсан болох нь зохигчдын тайлбар, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Н.Бгийн гаргасан хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Н.Бгийн гаргасан хүсэлт, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/7606 дугаар албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд М.Саруулхангайн гаргасан 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 208 дугаар тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 129-134 дүгээр тал/

 

Дээрх маргаж буй байрны өмчлөх эрх Б.Тд шилжин улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн, бүртгэл хүчинтэй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

Орон сууц хөлслөх гэрээг талууд сайн дурын үндсэн дээр чөлөөтэй байгуулж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байх ба хариуцагчийн хүсэл зоригоос гадуур хийгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч Н.Б нь гэрээ дуусгавар болсны дараа тухайн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй бөгөөд тэрээр орон сууцыг чөлөөлж өгөөгүй, түүний эзэмшил хууль бус байх тул орон сууц чөлөөлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хариуцагч Н.Б нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр мөнгөн төлбөр төлөх үүрэг хүлээсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй.

 

Б.Т нь Н.Бгаас 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-нийг хүртэл буюу 113 хоногийн алдангид 1,695,000 төгрөг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалттай нийцээгүй гэж үзнэ.

 

Учир нь гэрээг 6 сарын хугацаагаар байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан байна.

 

Иймд хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны /шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл/-г хүртэл хугацааны буюу 57 хоногийн алданги болох 855,000 төгрөг төлөх үүрэгтэй.

 

Харин Н.Б гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 1,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч энэ шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй гэж үзнэ.

           

Иймд хариуцагч Н.Бгаас 3,855,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тд олгож, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 18 дугаар байрны 03 тоот 132,8 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг чөлөөлж, хүлээлгэн өгөхийг хариуцагч Н.Бд даалгаж, нэхэмжлэлээс 1,840,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           

2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрээр Н.Бгаас 129,300,450 М.Саруулсайханд буюу Б.Т эгчийн нөхөрт олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 2202009243 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгат гудамжны 18 дугаар байрны 03 тоотод байрлах 132 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг Ү-2202020865, Ү-2202020867 зогсоолын хамт битүүмжилсэн.

Миний бие М.Саруулсайхан болон Б.Т нарын өмчлөлд дээрх төлбөрийн шаардлагын хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлээд төлбөрийг төлсний дараа буцаан авахаар тохиролцсон.

Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсны дараа М.Саруулсайхан өөрийн эхнэр Б.Тд бэлэглэсэн байдаг.

Эндээс харахад Б.Ттэй байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 22- ны өдрийн Түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү...” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангахгүй нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, мөн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага харилцан хамааралгүй байна.

Н.Бгийн шүүхэд гаргаж байгаа сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дууссан...” гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.

 

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно.

 

Хариуцагч Н.Б нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хэлцлийг дүр үзүүлэн хийсэн, тодорхой үр дүнд хүрэх зорилгогүй, хэлцэл хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн гэх шаардлагаа хариуцагч баримтаар нотлоогүй болно.

Хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгуулсан талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч тал хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндэслэл болон үр дагавраа зааж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д  хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй ба тэрээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Тд холбогдуулан “2017 оны 03 дугаар сарын 22ы өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай хариуцагч Н.Бгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н.Бгаас 3,855,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тд олгож, Б.Тийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 18 дугаар байрны 03 тоот 132,8 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг чөлөөлж, хүлээлгэн өгөхийг хариуцагч Н.Бд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,840,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Тд холбогдох “2017 оны 03 дугаар сарын 22ы өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай хариуцагч Н.Бгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Тээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,270 төгрөг, хариуцагч Н.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын төсвийн дансанд тус тус хэвээр үлдээж, хариуцагч Н.Бгаас 76,090 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС