Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 1841

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01398 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Тийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Бд холбогдох,

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 5 695 000 төгрөг гаргуулах, орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлж, М.С-н өмчлөлд Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 00 байр 0003 хаягт байрлах, 132,8 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлсэн ба би М.С-гаас тус орон сууцыг бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж авсан.

Би Н.Бтай 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулаад үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлж, Н.Б нь гэрээний дагуу тус Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 00 байр 0003 хаягт байрлах, 132,8 м.кв талбай бүхий орон сууцад амьдарч байгаа бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай сарын 500 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон.

Бид орон сууц хөлсөлсний төлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлөхөөр тохиролцсон.

Н.Бгийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангахгүй нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг түрээсийн гэрээ гэх мэтээр үг үсэг, утгын алдаатай мөн он сар, өдөр байхгүй байна.

Мөн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага харилцан хамааралгүй, сөрөг нэхэмжлэлд бичсэн шаардлагууд нь хавтаст хэрэгт байгаа хөдлөшгүй нотлох баримтуудаар няцаагдах тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг 2 тал сайн дурын үндсэн дээр бичгээр байгуулж, гарын үсэг зуран, нотариатаар батлуулан, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүртгүүлсэн.

Н.Бгийн шүүхэд гаргаж байгаа сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн тайлбар, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дууссан.

Иймд түрээсийн төлбөр 3 000 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сар хүртэл алданги 1 695 000 төгрөг, хохирол 1 000 000 төгрөг, нийт 5 695 000 төгрөгийг Н.Бгаас гаргуулж, орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 00 байр 0003 хаягт байрлах, 132,8 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоож байсан.

Тус шүүхэд нэхэмжлэл гаргасан Б.Т нь уг байрны хууль ёсны өмчлөгч биш юм. Б.Т болон М.С- нар нь намайг хууран мэхэлж дээрх байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан.

Иймд түрээсийн төлбөр болон алданги нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, Б.Тд хохирол учруулсан зүйл байхгүй, би өөрийн орон сууцыг хөлслөх боломжгүй.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрээр Н.Бгаас 129 300 450 төгрөгийг М.Сд олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 2202009243 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгат гудамжны 18 дугаар байрны 03 тоотод байрлах 132 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг Ү-2202020865, Ү-2202020867 зогсоолын хамт битүүмжилсэн.

М.С болон Б.Т нарын өмчлөлд дээрх төлбөрийн шаардлагын хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлээд төлбөрийг төлсний дараа буцаан авахаар тохиролцсон. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсны дараа М.С өөрийн эхнэр Б.Тд бэлэглэсэн. Б.Ттэй байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н.Бгаас 3 855 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тд олгож, Б.Тийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 18 дугаар байрны 03 тоот 132,8 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг чөлөөлж, хүлээлгэн өгөхийг хариуцагч Н.Бд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1 840 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Тд холбогдох “2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах" тухай хариуцагч Н.Бгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Тээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 270 төгрөг, хариуцагч Н.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын төсвийн дансанд тус тус хэвээр үлдээж, хариуцагч Н.Бгаас 76 090 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч Н.Бгийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул гэж дурджээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрээр Н.Бгаас 129 300 450 төгрөгийг гаргуулж М.С-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр авагч М.С- болон шийдвэр гүйцэтгэгч н.Отгончимэг нар намайг хуурч миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 18 дугаар байрны 03 тоот улсын бүртгэлийн 2202009243 дугаарт бүртгэлтэй 5 өрөө бүхий орон сууцыг М.С-н өмчлөлд шилжүүлээд төлбөр авагчдаа төлбөрийн 129 300 450 төгрөгийг төлөөд орон сууцаа буцаан авч болох бөгөөд шийдвэр гүйцэтгэх албадан ажиллагааг дуусгавар болгох нөхцөлтэйгээр тохиролцуулж үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн бөгөөд тэрээр төлбөр авагч нь өөрийн эхнэр М.Туяагэрэлд бэлэглэсэн байдаг.

Түрээсийн гэрээ нь миний ойлгосноор дээрх төлбөрийн 129 300 450 төгрөгийг төлөх хугацааг баталгаажуулахаар хийгдсэн гэж бодож гарын үсэг зурсан. Дээрх үйл явдлын талаарх баримт хэрэгт хавсаргагдсан бөгөөд энэ нь орон сууц түрээслэх гэрээг дүр үзүүлж хийсэн хэлцэл буюу үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байсан гэдэг нь тодорхойлогдож байна гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Т хариуцагч Н.Бд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 5 695 000 төгрөг гаргуулах, орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Б.Т, Н.Б нар нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ бичгээр байгуулж, уг гэрээгээр Б.Тийн өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат 18 дугаар байрны 3 тоот хаягт байрлах, 138 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг Н.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 6 сарын хугацаатай түрээслэх, түрээсийн төлбөр 3 000 000 төгрөгийг Б.Тд төлөх үүргийг хүлээжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Т “...маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч учраас Н.Бгаас орон сууц хөлсөлсөн хугацааны төлбөр, алданги, хохирол шаардах эрхтэй” гэж, хариуцагч Н.Б нь “...Б.Т, М.С- нар намайг хууран мэхэлж орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авсан, би өөрийн өмчлөлийн орон сууцыг хөлслөх боломжгүй, бусдад суллаж өгөхгүй, Б.Тд хохирол учруулаагүй” гэж тайлбарлан маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гаргасныг тус шүүх 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1130 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 899 дүгээр тогтоолоор Н.Бгаас 128 500 000 төгрөг гаргуулж, М.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 225 000 000 төгрөгт холбогдох хэсэг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, М.С-, Н.Б нарын хооронд 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээ, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 18 дугаар байрны 3 тоот 132,8 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхрын 103, 104 тоот автозогсоолыг нэхэмжлэгч М.С-н өмчлөлөөс хариуцагч Н.Бгийн өмчлөлд шилжүүлж, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Н.Бгаас 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат 18 дугаар байрны 3 тоот хаягт байрлах, 138 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг төлбөр авагч М.С-н нэр дээр шижлүүлж, төлбөрийг барагдуулж байгаа тухай хүсэлт гаргаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба уг хүсэлтийг үндэслэж 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 208 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талууд тохиролцсоноор М.С-г нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон тул түүнийг өмчлөгч гэж үзнэ. Улмаар тэрээр 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээгээр Б.Тд уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлжээ.

 

Б.Т Нийслэлийн улсын бүртгэлийн газар 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул тэрээр уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон байна.

 

Хариуцагч Н.Б нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч гэх тайлбар, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хэлцлийг дүр үзүүлэн хийсэн, тодорхой үр дүнд хүрэх зорилгогүй, хэлцэл хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн гэх сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний үүргийг гүйцэтгэхийг Б.Т нь Н.Бгаас Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Гэрээний талууд орон сууцыг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 6 сарын хугацаатай байгуулж, хөлслөгч нь 1 сарын 500 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний дотор бүрэн хөлслүүлэгчид төлөх, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн, анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангасан. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч Н.Б гэрээний үүргээ огт биелүүлээгүй тул түүнээс орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг, гэрээний хугацаа дууссан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх нийт 57 хоногийн алдангид 855 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Тд олгосон нь зөв байна.

 

Орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан тул хөлслөгч нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д зааснаар орон сууцыг чөлөөлж өгөх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй байх тул түүний эзэмшлээс орон сууцыг чөлөөлөхөөр анхан шатны шүүхийн дүгнэсэн шийдвэр зөв болжээ.

 

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА