Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2018/01606

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2018/01606

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  П ХХК //-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:А ХХК /РД:-д холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,174,262 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 23,757,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ц, хариуцагчийн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:А ХХК болон П ХХК нарын хооронд Шилэн фасадны ажил гүйцэтгэх гэрээ 2016 оны 8 сарын 13-ны өдөр байгуулагдсан. П ХХК нь гэрээт ажлыг гүйцэтгэнА ХХК-д хүлээлгэн өгсөн.А ХХК-ийн зүгээс манайд 61,200,000 төгрөгийн төлбөр төлсөн бөгөөд шилэн фасадны ажлын үлдэгдэл төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байна. П ХХК-ийн зүгээсА ХХК-д хандан үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараалан шаардаж байсан боловчА ХХК нь захиалагч компаниас мөнгө орж ирээгүй байна, мөнгө орохоор үлдэгдэл төлбөрөө төлнө гэж хойшлуулсаар одоог хүрсэн.А ХХК нь шалтаг шалтгаан тоочин үлдэгдэл төлбөрөө төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа нь П ХХК-ийн эрх ашгийг хохироож байгаа тул гэрээний үлдэгдэл төлбөр 8,901,200 төгрөг, алданги 4,273,062 төгрөг, нийт 13,174,262 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Улаанбаатар хот Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Алтан жинлүүр ХХК-ийн үйлчилгээний төвийн барилгыг 2016 оны 6 сараас эхлэн түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барьж 2016 оны 12 сар хүртэл гүйцэтгэж 2017 оны 1 сарын 26-ны өдөр улсын комиссын актаар хүлээлгэн өгсөн билээ. Дээрх ажлыг 2016 оны 10 сарын 15-нд хүлээлгэж өгөх гэрээтэй байсан бөгөөд нэхэмжлэл гаргаад буй П ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж 2 сар гаран хугацаа алдсан байдаг. П ХХК-тай шилэн фасад хийлгэхээр туслан гүйцэтгэгчээр сонгон 2016/17 тоот гэрээ байгуулан захиалга өгсөн ч тус компани нь ажлыг 2016 оны 9 сарын 15-нд хүлээлгэн өгөх байсан хэдий ч худал хэлэн алга болж тус ажлыг 49 хоногийн дараа буюу 2016 оны 11 сарын 3-ны өдөр дууссан байдаг. Ийнхүү хугацаа алдсанаас болж манай байгууллага нь дараах бодит хохирлыг амссан. Үүнд: 2016 оны 10 сард авах санхүүжилтийг 2017 оны 2 сард авсан. Яагаад гэхээр шилэн фасад нь чанарын шаардлага хангахгүй байна хэмээн захиалагч Алтан жинлүүр ХХК-аас удаашруулсан. Мөн Алтанжинлүүр ХХК нь П ХХК-ийн хийсэн шилэн фасадны чанарын талаар дүгнэлт гаргуулахаар мэргэжлийн хяналт болон бусад газруудад 2017 оны 1 болон 2 сард хандаж байсан. Нэмэгдэл ажлын зардлаа гаргуулж авч чадаагүй. Энэ нь гэрээт хугацаандаа ажил гүйцэтгээгүй туслан гүйцэтгэгч шилэн фасадны ажил удааширснаас гэдэг шалтгаантай. 2016/17 тоот гэрээний 5.3-т заасны дагуу 49 хоногийн алдагдал болох өдрийн 88,400 төгрөг, нийт 4,243,200 төгрөг болж байна. П ХХК нь 2016/17 тоот гэрээний 1.1-д заасан хугацааг баримтлаагүйгээс болж манай байгууллага дулааны улиралд хийх байсан ажлаа хүйтний саруудад хийж нэмэгдэл зардал гаргасан. Энэ зардалд хүйтний нэмэгдэл мөн тээвэр унаа олон хоног сунжирсантай холбоотой цалингийн зардал, дулааны гэх мэт зардлууд орно. Улсын комисс ажиллах үед Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын барилга хариуцсан инженер н.Идэрбаатар хэлэхдээ шилэн фасад үнэхээр муу байна, маш их хэмжээний дулаан алдагдал байна гэж захиалагч Алтанжинлүүр ХХК-ийн хяналтын инженер П.Батваа болон захирал О.Бямбадоржид хэлж байсан, мөн П ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шаардсан. Бид хувийн хөрөнгө учраас дотроо учраа олоод зохицуулъя хэмээн 2017 оны 1 сарын 9-ний өдөр 2 байгууллага хооронд тохиролцсон албан бичиг хүргүүлж байж улсын комиссын гишүүний гарын үсгийг 2017 оны 1 сарын 26-нд авч акт баталгаажсан. П ХХК-ийн удирдлага бидний шаардлагын дагуу барилгын талбай дээр ирж уулзан хавар дулаан орохоор засвар үйлчилгээ хийж өгье гэж тохиролцсон, түүнээс хойш ямар ч засвар хийгээгүй бөгөөд манай захиалагч Алтанжинлүүр ХХК-ийн удирдлагатай уулзсаар байгаад хийсэн ажлаа хүлээлгэн өгсөн гэсэн бичиг хийлгэж авсан байна. Гэрээ ёсоор бол хийсэн ажлаа гэрээ байгуулсан манай байгууллагад өгөх үүрэгтэй бөгөөд Барилгын тухай хуулиар ерөнхий гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгч байгууллагын хийсэн ажил үйлчилгээг 3 жил хариуцах заалт байдаг. 2016/17 тоот гэрээний нийт үнийн дүн нь 88,400,000 төгрөг байгаа бөгөөд энэ хэмжээ нь өөрчлөгдөж 202 м.кв орчим болсон нарийн хэмжээ тооцоог гэрээний 5.1-т заасанчлан тооцох ёстой. Гэрээний дүн нь өөрчлөгдөж 199.7 м.кв болсон бөгөөд уг хэмжээг 2 талын инженерүүд байлцан гаргасан бөгөөд нийт ажлын хөлс нь 68,000,000 төгрөг болж байгаа. Үүний дагуу 10 хувьтай тэнцэх 6,800,000 төгрөг авч үлдсэн бөгөөд 90 хувьтай тэнцэх 61,200,000 төгрөгийг 3 хуваан П ХХК-ийн Голомт банкин дахь 1805010093 тоот дансанд шилжүүлсэн. Иймд манай байгууллага П ХХК-д төлбөр төлөх ямар ч тооцоогүй бөгөөд манай байгууллага нь хугацаа алдсан гэрээгээ зөрчсөнөөс болж маш их хэмжээний бодит хохирол амссан байдаг. П ХХК-ийн захирал гэх эмэгтэй 2017 оны 5 сарын 17-нд манай байгууллага дээр ирж албан бичиг өгөхөд нь манай зүгээс дулаан орсон учир засвар үйлчилгээгээ хийчих тэгээд манай байгууллагаас өгсөн гэрээгээ дүгнэе гэсэн тэгээд гараад явсан гэтэл одоо шүүхэд хандсан байна. П ХХК нь 2016 оны 11 сарын 3-ны өдөр зөвхөн шилэн хийцээ угсарч дууссан бүх шил бүтэн байгаа талаар дурдаад эхний ээлжинд хүлээлгээд өгье дараа ирэхэд шил хагарсан мөн бусад гэмтэл гарсан байх магадлалтай тул гээд манай инженер В.Гантулга Алтанжинлүүр ХХК-ийн хүнийг байлцуулан акт үйлдсэн байдаг. 2017 оны 1 сарын 26-ны өдрийн 17/22 тоот албан бичигт тусгасан Шилэн фасадны ажлын зураг, баталгаат хугацаанд гүйцэтгэсэн тухай баримт акт, хийсэн ажилдаа хэрэглэсэн бараа материалын гарал үүслийн бичиг сертификат зэргийг гаргаад өг гэрээгээ дүгнэе хэмээн 2017 оны 5 сард хэлсэн ч одоо хүртэл гаргаж өгөөгүй. Тийм учраас манай байгууллага тус байгууллагын ажлыг хүлээж аваагүй гэсэн үг. Эхний удаад ажил хүлээлцэх гэсэн агуулгатай 018 тоот актанд шилэн фасадны хэмжээ нь 206.11 м.кв гэж байхад П ХХК нь нэхэмжлэлдээ хэмжээ болон үнийн дүнг өсгөж 235 м.кв-аар тооцохоор нэхэмжилсэн байна. Мөн гүйцэтгэсэн ажлаа болон холбогдох бичиг баримтаа захиалагч манай байгууллагад хүлээлгэж өгөөгүй байтал алданги гэх зүйл нэхэмжилсэн байгаа нь байж болохгүй зүйл юм. Иймд манай байгууллагын зүгээс уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал болох П ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаасА ХХК-д хохирол учирсан тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Тухайлбал П ХХК нь Баянгол дүүргийн 2 дугаар хороонд баригдаж байсан Алтан жинлүүр ХХК-ийн барилгын шилэн фасадыг 2016 оны 9 сарын 15-ны дотор хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгөх ёстой байсан боловч хугацаа хэтрүүлэн 2017 оны 1 сарын 26-ны өдөр дууссан буюу 133 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Тиймээс хэтэрсэн хугацааны алданги болох 11,757,200 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ талаар талуудын хооронд байгуулагдсан Шилэн фасад хийж угсрах ажил гүйцэтгэх гэрээ-ний толгойн хэсэгт ... ажил гүйцэтгэх хугацаа 8 сарын 15-ны өдрөөс 9 сарын 15-ны өдөр хүртэл нийт ажлын хоног байна гэж, 5.3-т ... гэрээнд заасан хугацаанд шилэн фасад нийлүүлээгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам нийт үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцно гэж тус тус зохицуулсан байгаа болно. Иймд Шилэн фасад хийж угсрах ажил гүйцэтгэх гэрээ-ний 5.3-т заасны дагуу нийт 11,757,200 төгрөгийн алдангийг П ХХК-аас гаргуулж өгнө үү. Доголдлыг арилгахад шаардагдах зардалд 12,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Уг шаардлагаас татгалзаж байна. гэв.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Гэрээнд заасан ажил гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэдгийн хувьд хариуцагч гэрээнд заасан ёсоороо урьдчилгаа төлбөр 60 хувийг манай талд өгөөгүй. Гэрээ байгуулах үед гэрээний дагуу гүйцэтгэх ажлын хэмжээг урьдчилан тооцоолоод гэрээний үнийн дүнг 88,400,000 төгрөг гэж тохирсон байсан. Үүний 60 хувь нь гэхээр бараг 60 сая төгрөг болн. Гэтэл урьдчилгаа төлбөрөө 60 хувиар нь төлөөгүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагчА ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 8,901,200 төгрөг, алданги 2,296,996 төгрөг, нийт 11,198,196 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 8,901,200 төгрөг, алданги 4,273,062 төгрөг, нийт 13,174,262 төгрөг гаргуулах гэж нэмэгдүүлсэн байна.

Хариуцагч нь гэрээт ажлын хөлсний ихэнхи хэсгийг төлж барагдуулсан, гүйцэтгэсэн ажилд доголдол байсан тул засвар үйлчилгээ хийж өгөхийг шаардахад хавар дулаан орохоор засвар үйлчилгээ хийж өгье гэсэн боловч засвар хийгээгүй, ажлыг хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй, ажил хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр алдангид 11,757,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээт ажлыг доголдолтой гүйцэтгэсэн тул ажлын доголдлыг арилгахад шаардагдах зардалд 12,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нийт 23,757,200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан, шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нь ажлын доголдлыг арилгахад шаардагдах зардалд 12,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, алдангид 11,757,200 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжсэн.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч П ХХК болон хариуцагчА ХХК нарын хооронд 2016 оны 8 сарын 13-ны өдөр Шилэн фасад хийж угсрах ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээ /хх-7-9 тал/ байгуулагдаж, П ХХК нь Баянгол дүүргийн 2 дугаар хороонд баригдаж буй 6 давхар барилгын 260 м.кв шилэн фасадыг 1 м.кв-ыг нь 340,000 төгрөгийн үнэтэйгээр хийж гүйцэтгэх,А ХХК нь харилцан тохиролцсон хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Гэрээнд огноог 2015 оны 8 сарын 13 гэж бичсэн байх боловч гэрээг талууд 2016 оны 8 сарын 13-ны өдөр байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон болно.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээтэй холбоотой харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу П ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсийгА ХХК-аас шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 260 м.кв шилэн фасад хийж гүйцэтгэхээр тохиролцсон боловч уг хэмжээ нь урьдчилсан байдлаар гаргасан хэмжээ байсан бөгөөд ажлын гүйцэтгэлээр нийт 206.18 м.кв талбай бүхий шилэн фасадыг хийж гүйцэтгэсэн гэсэн тооцоо гарсан, үүний 199 м.кв нь шилэн фасад бөгөөд үлдэх хэсэг нь нэхэмжлэгч рамыг нь зангидсан байсан хэсэгт хариуцагч хаяг байршуулна гэсэн шалтгаанаар болиулсан тул тухайн рам зангидсан хэсгийн ажлыг оруулан тооцож нийт 206.18 м.кв талбай бүхий ажил гүйцэтгэсэн гэж үзэхээр талууд харилцан тохиролцож 2016 оны 11 сарын 3-ны өдөр Шилэн фасад хийж угсрах ажил хүлээлцсэн акт №018 /хх-10 тал/-ыг үйлдсэн тул 206.18 м.кв талбай бүхий шилэн фасадны ажлыг 1 м.кв-ын үнэ болох 340,000 төгрөгөөр тооцон нийт 70,101,200 төгрөг авахаас хариуцагч 61,200,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 8,901,200 төгрөгийг нэхэмжилсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг 199.7 м.кв талбай бүхий ажил байсан бөгөөд ажлын хөлс нь 68,000,000 төгрөг болж байгаа ба үүнээс 61,200,000 төгрөгийг төлсөн, гүйцэтгэсэн ажилд доголдол байсан тул засвар үйлчилгээ хийж өгөхийг шаардахад хавар дулаан орохоор засвар үйлчилгээ хийж өгье гэсэн боловч засвар хийгээгүй, ажлыг хүлээлгэн өгөөгүй, рамыг нь зангидсан байсан хэсэгт хаяг байршуулна гэсэн шалтгаанаар ажлыг болиулж тухайн рам зангидсан хэсгийн ажлыг гүйцэтгэсэн ажлын хэмжээнд оруулахаар тохиролцоогүй, шинжээчийн дүгнэлтээр шилэн фасад 177 м.кв гэж гарсан, үүнийг гэрээнд заасан 1 м.кв-ын үнэ болох 340,000 төгрөгөөр тооцоход 60 гаруй сая төгрөг болж байгаа бөгөөд манайх 765,000 төгрөг илүү төлсөн байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

Шүүхээс зохигч талын хүсэлтээр шинжээч томилж П ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоолгоход шинжээч П ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг хөнгөн цагаан хүрээтэй цонхны хэмжээ 21.76 м.кв, хөнгөн цагаан гадна шилэн ханын хэмжээ 177.75 м.кв, нийт хөнгөн цагаан хийцийн хэмжээ 199.51 м.кв болохыг тогтоосон дүгнэлт /хх-91-93 тал/-ийг шүүхэд ирүүлсэн, талууд нэхэмжлэгчийн рамыг нь зангидсан байсан хэсэгт хариуцагч хаяг байршуулна гэсэн шалтгаанаар тухайн хэсэгт шилэн фасад хийхээ больж рам зангидсан хэсгийн ажлыг гүйцэтгэсэн ажлын хэмжээнд оруулан тооцохоор тохиролцсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг шинжээчийн дүгнэлтэд заасан 199.51 м.кв-аар тооцох бөгөөд үүнийг гэрээнд заасан 1 м.кв-ын үнэ болох 340,000 төгрөгөөр тооцоход ажлын хөлсний хэмжээ нь 67,833,400 төгрөг болж байна.

Үүнээс хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн төлбөр болох 61,200,000 төгрөгийг хасч тооцоход хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх төлбөрийн хэмжээ 6,633,400 төгрөг болж байна.

Хариуцагч шинжээчийн дүгнэлтээр шилэн фасад 177 м.кв гэж гарсан, үүний үнийг бүрэн төлсөн гэх үндэслэлээр маргасан байх боловч хөнгөн цагаан хүрээтэй цонхны хэмжээг ажлын гүйцэтгэлд оруулан тооцоогүй, нөгөө талаар хөнгөн цагаан хүрээтэй цонхны ажлыг шилэн фасадын ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хөнгөн цагаан хүрээтэй цонхны ажлыг болон хөнгөн цагаан гадна шилэн ханын ажлаас өөр үнэтэй байхаар тохиролцоогүй байх тул хөнгөн цагаан хүрээтэй цонхны ажлыг ажлын гүйцэтгэлд оруулан тооцох бөгөөд шинжээчийн дүгнэлтээр шилэн фасад 177 м.кв гэж гарсан, үүний үнийг бүрэн төлсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэж маргаж байсан боловч шинжээчийн дүгнэлтээр ажлын гүйцэтгэлд техникийн доголдол байгаа эсэхийг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн, уг дүгнэлттэй холбогдуулан хариуцагч доголдолтой холбогдуулан гаргасан сөрөг шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэх хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтад Шилэн фасадны төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөөгүй хугацаа хэтэрсэн ... тохиолдолд хоног тутам нийт үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцно гэж заасны дагуу нийт 4,273,062 төгрөгийг алдангид нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байна.

Талууд гэрээндээ алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус нийт үнийн дүнгийн 0.1 хувиар тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад заасан алдангийг хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцсон байх хуулийн зохицуулалтад нийцээгүй байх тул талуудыг алдангийн талаар хуульд нийцсэн тохиролцоо хийсэн гэж үзэхгүй, гэрээний уг заалтаар алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчА ХХК-аас 6,633,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 6,540,862 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч нь гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй, ажил хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр алдангид 11,757,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан байна.

Нэхэмжлэгч П ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дахь заалтад зааснаар гэрээт ажлыг 2016 оны 8 сарын 15-ны өдрөөс 2016 оны 9 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэхээр тохиролцсон байсан боловч 2016 оны 10 сарын 30-ны өдөр гүйцэтгэж дуусгасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Шилэн фасад хийж угсрах ажил хүлээлцсэн акт №018 нэртэй баримт /хх-10 тал/-аар тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь гэрээт ажлыг гүйцэтгэх хугацааг гэрээнд заасан хугацаанаас 45 хоногоор хэтрүүлсэн мэт нөхцөл байдал тогтоогдож байх боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.10 дахь заалтад Урьдчилгаанд нийт үнийн дүнгийн 60 хувийг Б талд өгснөөр ажил эхэлнэ ... Урьдчилгааны 20,000,000 төгрөгийг гэрээ хийсэн өдөр өгөөд үлдэгдэл 33,040,000 төгрөгийг 2016 оны 8 сарын 25-ны өдөр өгнө гэж заасан, хариуцагч нь нэхэмжлэгчид 2016 оны 8 сарын 25-ны өдрийн байдлаар урьдчилгаа төлбөрийг бүрэн төлсөн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг гэрээт ажлыг гүйцэтгэх хугацааг гэрээнд заасан хугацаанаас 45 хоногоор хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн талууд гэрээндээ алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус нийт үнийн дүнгийн 0.1 хувиар тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад заасан алдангийг хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцсон байх хуулийн зохицуулалтад нийцээгүй байх тул талуудыг алдангийн талаар хуульд нийцсэн тохиролцоо хийсэн гэж үзэхгүй, гэрээний уг заалтаар алданги шаардах эрх хариуцагчид үүсэхгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчА ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч П ХХК-аас алдангид 11,757,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

ХариуцагчА ХХК нь нэхэмжлэгч П ХХК-д холбогдуулан гаргасан ажлын доголдлыг арилгахад шаардагдах зардалд 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацаанд илрүүлсэн ажлын доголдолтой холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах хариуцагчийн эрхийг хязгаарлахгүй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, дахь заалтыг баримтлан хариуцагчА ХХК-аас 6,633,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 6,540,862 төгрөгийн шаардлагыг болон хариуцагчА ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч П ХХК-аас алдангид 11,757,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан хариуцагчА ХХК нь нэхэмжлэгч П ХХК-д холбогдуулан гаргасан ажлын доголдлыг арилгахад шаардагдах зардалд 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 9 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 194,130 төгрөг, 2017 оны 11 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 46,570 төгрөг, нийт 240,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчА ХХК-аас 121,084 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 сарын 8-ны өдөр төлсөн 203,066 төгрөг, 2017 оны 12 сарын 11-ний өдөр төлсөн 206,950 төгрөг, нийт 410,016 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР