Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/01936

 

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/01936

 

 

Пийс алюминум ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01606 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Пийс алюминум ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Аминхүү констракшн ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 174 262 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Гэрээний үүрэг болон хохиролд 23 757 200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Цэрэнтогтох

Хариуцагчийн төлөөлөгч: О.Бямбадорж

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Баттөмөр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аминхүү констракшн ХХК болон Пийс алюминум ХХК нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шилэн фасадны ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Пийс алюминум ХХК нь ажлыг гүйцэтгэн Аминхүү констракшн ХХК-д хүлээлгэн өгсөн. Аминхүү констракшн ХХК-ийн зүгээс манайд 61 200 000 төгрөгийн төлбөр төлсөн бөгөөд шилэн фасадны ажлын үлдэгдэл төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байна.

Пийс алюминум ХХК-ийн зүгээс Аминхүү констракшн ХХК-д хандан үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараалан шаардаж боловч Аминхүү констракшн ХХК нь захиалагч компаниас мөнгө орж ирээгүй байна, мөнгө орохоор үлдэгдэл төлбөрөө төлнө гэж хойшлуулсаар өнөөг хүрсэн.

Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 8 901 200 төгрөг, алданги 4 273 062 төгрөг, нийт 13 174 262 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Гэрээнд заасан ажил гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэдгийн хувьд хариуцагч гэрээнд заасан ёсоороо урьдчилгаа төлбөр 60 хувийг манай талд өгөөгүй. Гэрээ байгуулах үед гэрээний дагуу гүйцэтгэх ажлын хэмжээг урьдчилан тооцоолоод гэрээний үнийн дүнг 88 400 000 төгрөг гэж тохирсон байсан. Гэтэл урьдчилгаа төлбөрөө 60 хувиар нь төлөөгүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Алтан жинлүүр ХХК-ийн үйлчилгээний төвийн барилгыг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр улсын комиссын актаар хүлээлгэн өгсөн. Дээрх ажлыг 2016 оны 10 дугаар сарын 15-нд хүлээлгэж өгөх гэрээтэй байсан бөгөөд Пийс алюминум ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж 2 сар гаран хугацаа алдсан. Пийс алюминум ХХК-тай шилэн фасад хийлгэхээр туслан гүйцэтгэгчээр сонгон гэрээ байгуулан захиалга өгсөн ч тус компани нь ажлыг 2016 оны 09 дүгээр сарын 15-нд хүлээлгэн өгөх байсан хэдий ч ажлыг 49 хоногийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дууссан байдаг. Ийнхүү хугацаа алдсанаас болж манай байгууллага нь 2016 оны 10 сард авах санхүүжилтийг 2017 оны 2 сард авсан. Мөн Алтанжинлүүр ХХК нь Пийс алюминум ХХК-ийн хийсэн шилэн фасадны чанарын талаар дүгнэлт гаргуулахаар мэргэжлийн хяналт болон бусад газруудад 2017 оны 1 болон 2 сард хандаж байсан. Нэмэгдэл ажлын зардлаа гаргуулж авч чадаагүй.

Пийс алюминум ХХК-ийн удирдлага бидний шаардлагын дагуу барилгын талбай дээр ирж уулзан хавар дулаан орохоор засвар үйлчилгээ хийж өгье гэж тохиролцсон, түүнээс хойш ямар ч засвар хийгээгүй бөгөөд манай захиалагч Алтанжинлүүр ХХК-ийн удирдлагатай уулзсаар байгаад хийсэн ажлаа хүлээлгэн өгсөн гэсэн бичиг хийлгэж авсан байна. Гэрээ ёсоор бол хийсэн ажлаа гэрээ байгуулсан манай байгууллагад өгөх үүрэгтэй.

Гэрээний нийт үнийн дүн нь 88 400 000 төгрөг байгаа бөгөөд энэ хэмжээ нь өөрчлөгдөж 202 м.кв орчим болсон нарийн хэмжээ тооцоог гэрээний 5.1-т заасанчлан тооцох ёстой. Гэрээний дүн нь өөрчлөгдөж 199.7 м.кв болсон бөгөөд уг хэмжээг 2 талын инженерүүд байлцан гаргасан бөгөөд нийт ажлын хөлс нь 68 000 000 төгрөг болж байгаа. Үүний дагуу 10 хувьтай тэнцэх 6 800 000 төгрөг авч үлдсэн бөгөөд 90 хувьтай тэнцэх 61 200 000 төгрөгийг 3 хуваан Пийс алюминум ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Иймд манай байгууллага Пийс алюминум ХХК-д төлбөр төлөх ямар ч тооцоогүй.

Ажил хүлээлцэх гэсэн агуулгатай 018 тоот актанд шилэн фасадны хэмжээ нь 206.11 м.кв гэж байхад Пийс алюминум ХХК нь нэхэмжлэлдээ хэмжээ болон үнийн дүнг өсгөж 235 м.кв-аар тооцохоор нэхэмжилсэн байна. Мөн гүйцэтгэсэн ажлаа болон холбогдох бичиг баримтаа захиалагч манай байгууллагад хүлээлгэж өгөөгүй байтал алданги гэх зүйл нэхэмжилсэн байгаа нь байж болохгүй зүйл юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Пийс алюминум ХХК нь шилэн фасадыг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны дотор хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгөх ёстой байсан боловч хугацаа хэтрүүлэн 2017 оны 01 сарын 26-ны өдөр дууссан буюу 133 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Тиймээс гэрээний 5.3 дахь хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны алданги болох 11 757 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн доголдлыг арилгахад шаардагдах зардалд 12 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Уг шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, дахь заалтыг баримтлан хариуцагч Аминхүү констракшн ХХК-аас 6 633 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Пийс алюминум ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 6 540 862 төгрөгийн шаардлагыг болон хариуцагч Аминхүү констракшн ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч Пийс алюминум ХХК-аас алдангид 11 757 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан хариуцагч Аминхүү констракшн ХХК нь нэхэмжлэгч Пийс алюминум ХХК-д холбогдуулан гаргасан ажлын доголдлыг арилгахад шаардагдах зардалд 12 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Аминхүү констракшн ХХК-аас 121 084 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Пийс алюминум ХХК-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410 016 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэргийн бодит нөхцөлд байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтэд дурьдсан шилэн фасад болон анхны үнийг адил байхаар тооцсон нь үндэслэлгүй. Үнэлгээний хувьд өөр байдаг учраас Монголын хаалга цонх үйлдвэрлэгчдийн холбооноос ирүүлсэн "Техникийн дүгнэлт хүргүүлэх нь" хэмээх шинжээчийн дүгнэлтэд Хөнгөн цагаан хүрээтэй цонхны хэмжээ 21.76 м, хөнгөн цагаан гадна шилэн хана (фасад)-ын хэмжээ 177.75 м.кв гэж гаргасан. Түүнээс гадна шүүх хуралдаан дээр асуугдсан гэрч хүртэл фасад болон цонхны үнэлгээ өөр гэдгийг тайлбарласан. Цонхны үнэлгээ нь фасадны үнэлгээнээс доогуур байдаг учраас нэхэмжлэгч нь зориуд бүгд фасад байсан мэтээр нэхэмжлэлдээ тусгаж, мөн тайлбарласан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл цонхы үнэлгээг фасадны үнээр тооцох боломжгүй. Тэгээд ч нэхэмжлэгч нь цонхны үнэлгээг нэхэмжлээгүй. Гэтэл анхан шатны шүүх эрх хэмжээгээ хэтрүүлж, цонхыг фасадны үнээр бодож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж, хариуцагчийг хохироолоо. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө тодорхойлж, шаардлагаа өөрөө нотлох ёстой.

Ажил гүйцэтгэх гэрээ хийж байгаа тохиолдолд талууд нийт үнийн дүнгээр алдангийг тооцохоор гэрээндээ заадаг. Энэ нь хуульд заасан гэрээний чөлөөт байдлын зарчим юм. Харин төлбөртэй холбоотойгоор алдангийн тухайд нийт үнийн дүнгээс бодох боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлттэй санал нийлж байна. Учир нь төлбөрийг хуваан хийсэн. Ажил гүйцэтгэх хугацаа хэтэрсэн үү гэвэл хэтэрсэн. Ийнхүү хугацаа хэтрүүлсэн явдалд "Аминхүү констракшн" ХХК-ийн зүгээс төлөх мөнгөний асуудал шууд хамааралтай биш байхад анхан шатны шүүх хамааралтай мэт буруу дүгнэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой татгалзлалаа нотлох ёстой. "Аминхүү констракшн" ХХК төлбөрийг хугацаандаа гүйцэтгэсэн. Тиймээс нэхэмжлэгч нь шүүхээс хугацаандаа өгөөгүй гэж үзээд байгаа 33 000 000 төгрөгийн асуудлаар гомдоогүй буюу нэхэмжлэлдээ тусгаагүй. Хэрвээ хугацаандаа төлөөгүй бол нэхэмжлэгч шаардлага гаргах байснаас гадна нотлох ёстой.

Иймд нхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Пийс алюминум ХХК нь хариуцагч Аминхүү констракшн ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13 174 262 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй, ажил хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр алдангид 11 757 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Шилэн фасад хийж угсрах ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, Пийс алюминум ХХК нь Баянгол дүүргийн 2 дугаар хороонд баригдаж буй 6 давхар барилгын 260 м.кв шилэн фасадыг 1 м.кв-ыг нь 340 000 төгрөгийн үнэтэйгээр хийж гүйцэтгэх, Аминхүү констракшн ХХК нь харилцан тохиролцсон хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсныг анхан шатны шүүх зөв тогтоож талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил болох шилэн фасадны хэмжээг анхан шатны шүүх 199,51 м.кв талбайгаар тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Учир нь шинжээч Монголын цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбоо-оос 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гаргасан дүгнэлтээр нэхэмжлэгч талын хийж гүйцэтгэсэн ажлыг хөнгөн цагаан хүрээтэй цонхны хэмжээ 21,76 м.кв, хөнгөн цагаан гадна шилэн ханын хэмжээ 177,75 м.кв, нийт хөнгөн цагаан хийцийн хэмжээг 199,51 м.кв гэж тодорхойлсныг талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1, 4.2 дах заалттай харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч талын хийж гүйцэтгэсэн ажил 199,51 м.кв талбайгаар тогтоогдох юм.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.5 дахь заалтаас үзвэл шилэн фасадын 1 кв.м талбайг 340 000 төгрөгийн хөлстэйгээр, гэрээний 4.2 дахь заалтаас үзвэл барилгын цонхыг гүйцэтгэлийн хэмжээг тогтоож, тооцоо хийнэ гэж заасан боловч хариуцагч нь хүлээж авсан цонхны тооцоог хийгээгүй, нэхэмжлэгч 1 м.кв талбайн ажлыг 340 000 төгрөгөөр тооцож тодорхойлсныг хариуцагч үгүйсгээгүй байна.

 

Иймд хариуцагчийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх ажлын хөлсийг анхан шатны шүүх 67 833 400 төгрөг /199,51м.кв340000/-өөр тооцож, хариуцагчаас төлсөн 61 200 000 төгрөгийг хасч хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг 6 633 400 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэж маргасан боловч доголдол тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгчид холбогдуулж гаргасан сөрөг шаардлагаасаа татгалзсаныг анхан шатны шүүх харьцуулан дүгнэж, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг доголдолгүй гэж тогтоосныг буруутгах боломжгүй байна.

 

Талууд алдангийн талаар гэрээнд тохиролцсон боловч уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлтод нийцэхгүй тул нэхэмжлэгчийг алданги шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 324 166 төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА