Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2020/02771

 

 

 

 

 

 

 

           2020        12         16  

       182/ШШ2020/02771

    

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн тоотод оршин суух, дугаар регистртэй, Б овогт Д.Бийн нэхэмжлэлтэй

  

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн тоотод оршин суух, дугаар регистртэй, Т овогт Ш.Бд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 48.990 ам.доллар 138.355.598 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Ш.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Н, нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.                                                            

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Б миний бие 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Ш.Бд 23.000 ам.доллар зээлэхээр амаар тохиролцсон бөгөөд амаар байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ний дагуу 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 10.000 болон 1.000 ам.доллар, тус оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 11.000 ам.доллар, 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 1.000 ам.доллар, нийт 23.000 ам.долларыг тус тус шилжүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр амаар байгуулагдсан зээлийн гэрээг баталгаажуулах зорилгоор “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулж, зээлийн үүрэг гүйцэтгэх хугацааг 2016 оны 10 дугаар capын 19-ний дотор гүйцэтгүүлэхээр сунгаж, нэг сарын 1,5 хувийн хүүтэй байхаар тохиролцсон. Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээний үүргээ огт биелүүлээгүй. Ингээд 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “Гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэх тухай гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр “Зээлийн гэрээ”-ний хугацааг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл сунгаж, capын хүүг 2 хувь болгон өөрчилсөн. Ш.Б нь өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасан үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг огт төлөөгүй, гэрээний үүргээ огт биелүүлээгүй бөгөөд “Гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэх тухай гэрээ”-ний 2.2, 2.3-т заасны дагуу хүүгийн төлбөр нийт 9.660 ам.доллар, мөн гэрээний 2.5-д заасны дагуу алдангийн тооцоо 2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-д хүрч 16.330 ам.доллар болсон. Ш.Б нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, утсаа авахгүй, холбоогүй болсон тул түүнийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгохоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан, Цагдаагийн байгууллагын тусламжтайгаар түүний оршин суугаа хаяг, утасны дугаарыг олсны үндсэн дээр ийнхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Ш.Баас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 23.000 ам.доллар буюу 64.955.680 төгрөг, хүү 9.660 ам.доллар буюу 27.281.385 төгрөг, алданги 16.3300 ам.доллар 46.118.531 төгрөг, нийт 48.990 ам.доллар буюу 138.355.598 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Б миний бие 2013 оны 9-р сарын 9 өдөр Ш.Бд 23.000 ам.доллар зээлэхээр амаар тохиролцсон бөгөөд амаар байгуулсан зээлийн гэрээний дагуу 2013 оны 9-р сарын 12 өдөр 10.000 болон 1.000, тус оны 9-р сарын 26 өдөр 11.000 ам.доллар, 2014 оны 12-р сарын 9 өдөр 1.000 ам.доллар, нийт 23.000 ам.долларыг шилжүүлсэн” гэжээ. Л.Б гэдэг хүнтэй 2013 оны 9-р сард уулзаагүй. Огт танихгүй. Б.Б гэх арван жилийн ангийн найз (АНУ-д амьдардаг) өөрөө эхэлж надтай холбогдон хөрөнгө оруулж хамтран ажиллах санал тавьсан. Энэ саналаар ашиг олбол 50/50-аар хувааж авахаар тохирсон. Мөн эхлэн гаргах хөрөнгийг алдвал 50/50 харьцаагаар хариуцлага хүлээхээр тохирсон. Батын талаас хөрөнгө оруулалт хийх, миний талаас цаг зав ур чадвараа гарган хамтран ажиллах санал тавьсан. Эхний ээлжинд MONEYGRAM үйлчилгээгээр би 10.000 ам.доллар хүлээж авсан, дараа нь Болдхүү гэх эцгээр нь дамжуулж 1.000 ам.доллар хүнээр дамжуулж (мөнгө сольсон) 1.000 ам.доллар, хамаатны хүн болон Ө.Э гэдэг хүний гадаад валютын дансаар дамжуулж 10.000 ам.доллар, мөн 1.000 ам.доллар зэргээр 2013-2016 оны хооронд 23.000 ам.доллар цувуулж авсан байна. Хамтран ажиллах, хариуцлагаа 50/50 харьцаагаар хүлээх, мөнгийг шилжүүлэх, Mayzus брокерийн дансанд байршуулахыг зөвшөөрч арилжаа хийж эхлэх зэрэг зүйлийг facebook -ээр хоорондоо чаталж тохирсон. Уг чатын хуулбарыг хавсаргасан болно. Б.Бат хөрөнгө оруулж би цаг зав ур чадвараа гарган хамтран ажиллахаар болж форекс арилжаа хийж эхэлсэн. Форекс арилжааг MAYZUS гэх брокерийн дансаар хийж байсан. MAYZUS гэх брокер руу мөнгө гарч байсан баримт банкны хуулгыг хавсаргав. Тухайн үед уг арилжааны дансны орох нэр нууц үгийг Б.Батад өгч хөрөнгө оруулагчийн хувиар хянуулж байсан ба би 23.000 ам.долларыг бүгдийг арилжаа хийж алдсан болно. Ингэж алдсаныг Б.Б харж байсан ба хамтран ажиллах, хариуцлагаа 50/50 харьцаагаар хүлээх, эхлэлийн хөрөнгөө мөн 50/50 харьцаагаар хүлээх ёстойг надаас лавлан асуухад би тийм гэж хариулсан болно. Ингээд би хамтран ажиллах хэлцлийн хүрээнд өөрийн хариуцах 50%-ийг эргүүлж төлнө гэж хэлсэн. 2 жил болоход ямар ч мөнгө өгч чадаагүй тул эцэг Б.Б нь уулзаж тэр мөнгийг би авах ёстой. Энэ мөнгийг зээл болгож хүү тооцно. Өгөхгүй бол шүүх цагдаад өгнө гэж шахалт үзүүлснээр би арга буюу зээлийн гэрээ байгуулсан. Нэг жилийн хугацаатай гэрээ дууссан ч өгөх мөнгө байгаагүй тул дахин нэг жилээр сунгаж хүүг нэмэгдүүлэх, өмнөх хүүд хүү тооцох байгуулсан. Гэхдээ гэрээг сунгана гэж хэлээд гэрээний үүргийн гүйцэтгэл дүгнэх тухай гэрээ хийлгэсэн. Энэ гэрээнд гарын үсэг зурахгүй бол шүүх цагдаад өгнө гэж сүрдүүлсэн. Ингэснээр мөнгө 23.000+хүү 9.660+нийт алданги+16.330=нийт 48.990 ам.доллар нэхэмжилсэн байна. Б.Бтай аман хэлцэл байгуулж 23.000 ам.долларыг хамтран ажиллах зорилгоор авсан. Б.Болдхүүгээс нэг ч ам.доллар аваагүй. Дээр дурдагдаж буй 23.000 ам.долларыг би Б.Бай хамтран ажиллах гэрээний хүрээнд авсан. Б.Болдхүүгээс зээлээгүй болно. Б.Бтай хамтран ажиллах гэрээг facebook чатаар 2013 оны 9-р сард байгуулж хамтран ажиллаж эхэлсэн. Аливаа хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтынхаа хариуцлагыг өөрөө хүлээх ёстой гэж би үзэж байна. Хамтарсан бол хамтын хариуцлага хүлээх ёстой. Айлган сүрдүүлж хүчээр зээлийн гэрээ байгуулсныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би зээлэх байсан бол анхнаасаа зээл гэж тохирч авах ёстой. Арилжааныхаа дансыг хянуулах шаардлага гарахгүй. Б.Бын мөнгийг хүлээж авсан дансны хуулгыг хавсаргасан. 2013-2016 оны хооронд авсан мөнгийг банкны хуулгаар хавсаргалаа. Зээлийн гэрээний дагуу нэг ч ам.доллар хүлээн аваагүй тул хүчин төгөлдөр бус хэрэгжээгүй гэрээ болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                         

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ш.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 23.000 ам.доллар буюу 64.955.680 төгрөг, хүү 9.660 ам.доллар буюу 27.281.385 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу алданги 16.330 ам.доллар буюу 46.118.532 төгрөг, нийт 48.990 ам.доллар буюу 138.355.598 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Бгийн хүү Б.Баас ажил гүйцэтгэх гэрээний дагуу 23.000 ам.долларыг авсан. Зээлийн гэрээний тухайд бол цагдаа шүүхэд өгнө, би тэр мөнгийг авах ёстой тул гарын үсэг зурж гэж дарамталсан учир гарын зурсан. Зээлийн гэрээний дагуу нэг төгрөг аваагүй, мөн Д.Бгээс нэг ч төгрөг аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдөр зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч Д.Б нь зээлдэгч Ш.Бд 2016 оны 10 дугаар сарын 19ы өдрийг хүртэл нийт 23.000 ам.долларыг, 1.5 хувийн хүүтэйгээр, зээлдүүлэхээр тохирсон байна. /хавтаст хэргийн 5 дугаар тал/

 

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зохигчдын хооронд байгуулсан “Гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэх тухай” гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч Д.Б нь зээлдэгч Ш.Бд 23.000 ам.долларыг 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлснийг хүлээн зөвшөөрөлцөх, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг 2016 оны 10 дугаар сарын 19-ний дотор гүйцэтгүүлэхээр сунгах, гэрээний дагуу төлөх ёстой байсан хүү 4.140 ам.доллар, гэрээний 2,1-д заасан 2 хувьтай тэнцэх хүү 5.520 ам.доллар төлөх, зээл болон хүүг төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги тооцохоор тохирсон байна.

 

Д.Б нь Ш.Бд өмнө нь буюу 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 11.000 ам.доллар, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 11.000 ам.доллар, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1.000 ам.доллар нийт 23.000 ам.доллар зээлж байсан энэхүү байдлаа баталгаажуулж 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Д.Б нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ш.Бд бэлнээр 23.000 ам.долларыг өгөөгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.

 

2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн зээлийн гэрээ гэх баримтад хариуцагч Ш.Б нь гарын үсэг зурсан болохоо хүлээн зөвшөөрсөн хэдий ч Д.Б, Ш.Б нарыг урьд зээлийн тооцоотой байсан, амаар тохиролцсон зээлдсэн өр төлбөрөө баталгаажуулсан 23.000 ам.долларын баримт гэж үзэхээргүй байна. Учир нь нэхэмжлэгч Д.Б нь 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1.000 ам.доллар, тус өдрийн 10.000 ам.доллар, 2014 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 1.000 ам.доллар нийт 12.000 ам.доллар нь миний хүү Б.Бын Ш.Баас авах ёстой мөнгө байсан, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11.000 ам.доллар Д.Б миний өөрийн мөнгө байсан, Ш.Бд 11.000 ам.долларыг бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч 11.000 ам.долларыг өгсөн гэх  нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ш.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 23.000 ам.доллар буюу 64.955.680 төгрөг, хүү 9.660 ам.доллар буюу 27.281.385 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу алданги 16.330 ам.доллар буюу 46.118.532 төгрөг, нийт 48.990 ам.доллар буюу 138.355.598 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 849.728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                              

                        

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ДАВААСҮРЭН