Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00407

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/02771 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Бд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 78 990 ам.доллар буюу 138 355 598 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагч Ш.Б, түүний өмгөөлөгч Ч.Ням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.Бтай 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 23 000 ам.доллар зээлэхээр тохиролцсон. Зээлийн гэрээний дагуу 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 10 000 болон 1 000 ам.доллар, мөн оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 11 000 ам.доллар, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1 000 ам.доллар, нийт 23 000 ам.долларыг шилжүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээг баталгаажуулах зорилгоор зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн үүрэг гүйцэтгэх хугацааг 2016 оны 10 дугаар capын 19-ний дотор гүйцэтгүүлэхээр сунгаж, нэг сарын 1,5 хувийн хүүтэй байхаар тохиролцсон. Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээний үүргээ огт биелүүлээгүй. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэх тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр хугацааг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сунгаж, capын хүүг 2 хувь болгон өөрчилсөн. Ш.Б нь үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг төлөөгүй. Зээлийн хүү нийт 9 660 ам.доллар, алданги 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүрч 16 330 ам.доллар болсон. Ш.Б нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байсан тул түүнийг эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийг тогтоолгосон. Ш.Баас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 23 000 ам.доллар буюу 64 955 680 төгрөг, хүү 9 660 ам.доллар буюу 27 281 385 төгрөг, алданги 16 330 ам.доллар буюу 46 118 531 төгрөг, нийт 48 990 ам.доллар буюу 138 355 598 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Б-тэй 2013 оны 9 дүгээр сард уулзаагүй. Б.Б хамтран ажиллах санал тавьж улмаар ашиг олбол тавь тавин хувиар хуваахаар, мөн эхлэн гаргах хөрөнгийг алдвал тавь тавин хувиар хариуцлага хүлээхээр тохирсон. Б.Б хөрөнгө оруулалт хийж, миний бие цаг зав, ур чадвараа гарган хамтран ажиллахаар болсон. Эхний ээлжинд мониграмм үйлчилгээгээр 10 000 ам.доллар хүлээж авсан, дараа нь Д.Б-гээр дамжуулж 1 000 ам.доллар, Ө.Энх-Амгалангийн валютын дансаар 10 000 ам.доллар, мөн 1 000 ам.доллар, 2013-2016 оны хооронд 23 000 ам.доллар авсан. Хамтран ажиллаж хариуцлагаа тавь тавин хувиар хариуцахаар тохиролцож форекс арилжаа хийх mayzus гэх брокерийн дансаар гүйлгээ хийж байсан. Арилжааны дансны нэр нууц үгийг Б.Бад өгч хөрөнгө оруулагчийн хувиар хянуулж байсан ба 23 000 ам.долларыг бүгдийг арилжаа хийж алдсан болно. Үүнийг Б.Б мэдэж байсан. Д.Б- нь Тэр мөнгийг авах ёстой. Энэ мөнгийг зээл болгож хүү тооцно, өгөхгүй бол шүүх цагдаад өгнө гэж шахалт үзүүлсэн тул зээлийн гэрээг байгуулсан. Нэг жилийн хугацаатай гэрээ дууссан ч өгөх мөнгөгүй байсан тул дахин нэг жилээр сунгаж хүүг нэмэгдүүлэх, өмнөх хүүд хүү тооцох байгуулсан. Гэхдээ гэрээг сунгана гэж хэлээд гэрээний үүргийн гүйцэтгэл дүгнэх тухай гэрээ хийлгэсэн. Дээр дурдагдаж буй 23 000 ам.долларыг Б.Бтай хамтран ажиллах гэрээний хүрээнд авсан. Б.Болдхүүгээс зээлээгүй болно. Хамтран ажилласан тул хариуцлагыг хамт хүлээх ёстой. Зээлийн гэрээний дагуу ам.доллар аваагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 23 000 ам.доллар буюу 64 955 680 төгрөг, хүү 9 660 ам.доллар буюу 27 281 385 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу алданги 16 330 ам.доллар буюу 46 118 532 төгрөг, нийт 48 990 ам.доллар буюу 138 355 598 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 849 728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх "...Д.Б- нь Ш.Бд 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 11 000 ам.доллар. мөн оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 11 000 ам.доллар, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1 000 ам.доллар нийт 23 000 ам.доллар зээлж байсан энэхүү байдлаа баталгаажуулж 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хулээнэ гэж заасан бөгөөд хуульд зээлийн гэрээний хэлбэрийг тодорхой заагаагүй. Д.Б-, Ш.Б нар 2013, 2014 онд нийт 23 000 ам.долларын зээлийн харилцаа үүссэнийг ба баталгаажуулах зорилгоор 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ юм. Талууд хүлээсэн үүргээ дүгнэж, тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үүссэн үр дагаврыг шийдвэрлэх зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэх тухай гэрээг байгуулсан нь мөн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр болсон. Шүүх "...2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ гэх баримтад хариуцагч Ш.Б нь гарын үсэг зурсан болохоо хүлээн зөвшөөрсөн хэдий ч Д.Б-, Ш.Б нарыг урьд зээлийн тооцоотой байсан, амаар тохиролцсон зээлдсэн өр төлбөрөө баталгаажуулсан 23 000 ам.долларын баримт гэж үзэхээргүй байна. Учир нь Д.Б- нь 2013 оны 9 дугээр сарын 12-ны өдөр 1 000 ам.доллар, тус өдөр 10 000 ам.доллар, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1 000 ам.доллар нийт 12 000 ам.долларыг Ш.Баас авах ёстой Б.Бын мөнгө байсан, 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 11 000 ам.доллар Д.Б- нь өөрийн мөнгө байсан, Ш.Бд 11 000 ам.долларыг бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч 11 000 ам.долларыг өгсөн гэх нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн. Хариуцагч Ш.Б нь "...Эхний ээлжинд мониграмм үйлчилгээгээр 10 000 ам.доллар хүлээж авсан, дараа нь Д.Б-гээр дамжуулж 1 000 ам.доллар, бусдаар дамжуулж 1 000 ам.доллар, Ө.Энх-Амгалангаар дамжуулж 10 000 ам.доллар, мөн 1 000 ам.доллар нийт 23 000 ам.доллар авсан. Б.Бтай хамтран ажиллах зорилгоор 23 000 ам.доллар авсан" гэж зөвшөөрсөн. Гэтэл анхан шатны шүүх Д.Б- нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ш.Бд 23 000 ам.доллар өгөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасан. Д.Б- нь нийт 23 000 ам.доллар өгсөн, Ш.Б нь мөнгөн хөрөнгө авсан болохоо нотлож гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Б- хариуцагч Ш.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 23 000 ам.доллар, зээлийн хүү 9 660 ам.доллар, алданги 16 330 ам.доллар, нийт 48 990 ам.доллар буюу 138 355 598 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Д.Б-гээс мөнгөн хөрөнгө зээлж аваагүй, түүний хүү Б.Бтай хамтран ажиллах явцад шилжүүлсэн мөнгө гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт 48 990 ам.доллар буюу 138 355 598 төгрөг шаардсан шаардлагаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж тодорхойлон, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд 23 000 ам.долларыг сарын 1.5 хувийн хүүтэй зээлсэн тухай зээлийн гэрээ, зээлийн гэрээг баталгаажуулах гэсэн агуулгатай Гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэх тухай гэрээг үндэслэл болгосон байна. /хх 5-6/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээнд зээлдүүлэгч Б.Болдхүүгээс зээлдэгч Ш.Б 23 000 ам.доллар зээлсэн гэх, гэрээний үүргийг гүйцэтгэлийг дүгнэх тухай гэрээнд 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зээлдүүлэгч Б.Болдхүүгээс зээлдэгчид 11 000 ам.доллар хүлээлгэн өгсөн гэсэн агуулгыг тусгасан боловч уг мөнгийг зээлийн зориулалтаар өгсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ш.Б өөрийн татгалзлыг нотлохоор үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасны дагуу хийгдсэн үзлэгийн баримт, тэмдэглэлээр талуудад зээлийн гэрээний үүрэг үүссэн буюу мөнгөн хөрөнгийг зээлийн зориулалтаар шилжүүлсэн гэж үзэхээргүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хариуцагчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 23 000 ам.доллараас 12 000 ам.долларыг хариуцагч Ш.Баас хүү Б.Бын авах ёстой мөнгө гэж тайлбарласан. Хэргийн 6 дугаар талд авагдсан гэрээний тайлбар хэсэгт Зээлдүүлэгчийн хүү Б.Б АНУ-аас ХХБ-ны 4525541020 тоот дансаар шилжүүлэн өгсөн 10 000 ам.доллар, ...Б.Б АНУ-аас мониграммаар 1 000 ам.доллар шилжүүлэн өгсөн гэж тэмдэглэгдсэн ч бусдын өмнөөс үүргийг гүйцэтгэсэн буюу Б.Баас Б.Болдхүүд шаардах эрхээ шилжүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Ш.Баас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл, хүү, алдангид нийт 48 990 ам.доллар буюу 138 355 598 төгрөг шаардах эрхгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Дээр дурдсаныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/02771 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 849 728 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдусгай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БАЙГАЛМАА