Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 536

 

"Б Р”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/00231 дугаар шийдвэртэй, “Б Р”ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Н К” ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 101 019 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чадраабал, хариуцагчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б Р”ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдаж, Авто зам, замын байгууламжийг барих, засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Н К”ХХК-тай Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, “Тарвилан” хотхоны гадна талбайд дайрга дэвсэж нягтруулах, авто замын хашлага, авто замын зогсоол, асфальтан зам хийх, засварлах, явган хүний замын хашлага, хавтан суулгах ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан.

Гэрээт ажлын нийт хөлс 160 000 000 төгрөг байхаар тохиролцсон ба 50 хувийг урьдчилгаа төлбөрт, үлдэгдлийг ажил гүйцэтгэж дуусахад 41 м.кв талбай бүхий орон сууцаар дүйцүүлж төлөхөөр тохирсон. “Н К”ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөрт 40 000 000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж дуусгасан. Гүйцэтгэлээр ажлын төсөв 141 019 500 төгрөг болсон тул одоо 101 019 500 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг аваагүй байна. “Н К”ХХК-д удаа дараа нэхэмжлэх явуулсан боловч бичгээр хариу өгөөгүй.

Хариуцагчийн барьж байгуулсан “Тарвилан” хотхоныг улсын комисс хүлээн авсан бөгөөд манай байгууллагын хийж гүйцэтгэсэн гадна зогсоол, явган хүний зам талбай, хашлага зэргийг чанарын шаардлага хангасан гэж үзэж ашиглалтад хүлээн авсан. Иймд “Н К”ХХК-иас гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 101 019 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н К”ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Тарвилан” хотхоны орон сууцны хорооллын гадна талбайд дайрга дэвсэж нягтаршуулах, авто замын зогсоол, асфальтан зам хийх, засварлах явган хүний замын хашлага, хавтан суулгах ажлыг “Б Р”ХХК-иар гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.  Манай компани гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж төлбөр тооцоог гэрээний 4.5-д заасан хуваарийн дагуу төлж, төлөвлөгөөт ажлыг санхүүжүүлж байхад гүйцэтгэгч тал ажлаа хийлгэх явцдаа гэрээгээр хүлээлгэсэн итгэлийг эвдэж гэрээний хоёр дахь хэсгийн 2.1, 2.2 дугаар зүйлд заасан зарчмыг зөрчсөн.

Мөн гүйцэтгэгчийн хийсэн ажлын үр дүн нь гэрээний 2.3-т заасан шаардлагыг хангахгүй, 3 дугаар бүлгийн 3.5-д заасан ажил эхлэх, дуусах хугацааны тухай заалтуудыг удаа дараа зөрчсөн тул захиалагч гэрээний 4.3 дахь заалтын хүрээнд захиалгат ажлын төлбөрийн үлдэгдэл төлөлтийг зогсоож Мэргэжлийн хяналтын газар хандан, гүйцэтгэгчийн хийсэн ажил гэрээний 2.3-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг гэрээний 2 талыг байлцуулан эрх бүхий байгууллагаар хяналт хийлгэж, гэрээ дүгнэсэн акт үйлдэн гэрээг дуусгавар болгох, гүйцэтгэсэн ажил буюу гэрээний дагуу барьж дуусгасан замыг захиалагч талд хүлээлгэн өгөх тухай шаардлагыг удаа дараа хүргүүлсэн болно.

Өнөөдрийн байдлаар гүйцэтгэгчийн зүгээс талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 6.1-д зааснаар гэрээний 1.3-д заасан ажлыг захиалагч талын хүсэл, сонирхолд нийцүүлэн барилгын норм, дүрэм, стандартын дагуу чанартай гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын чанар гүйцэтгэлийн талаар гарсан санал зөрөлдөөнийг гэрээний 7.5-д заасны дагуу шийдвэрлүүлээгүй, захиалагч талыг байлцуулан хяналт хийлгэн, гүйцэтгэх ажлаа дуусгавар болгож хүлээлгэж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний ерөнхий нөхцөл гэсэн нэг дэх хэсгийн 1.3-д дээрхи ажлуудыг Монгол Улсын стандарт норм дүрмийг баримтлан чанарын өндөр түвшинд иж бүрнээр гүйцэтгэн акт үйлдэн захиалагч талд хүлээлгэн өгөх гэж заасан үүргээ биелүүлээгүй.

Ийнхүү гэрээний 1.3-д зааснаар гүйцэтгэсэн ажлаа захиалагчид хүлээлгэн өгөөгүй нь захиалагч гэрээний 4.3-т ажил гүйцэтгэгч тал гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэтгээгүй аль нэг ажилбарыг дутуу гүйцэтгэсэн, чанарын шаардлага хангахгүй, доголдолтой тохиолдолд тухайн ажлаа бүрэн дуусган хүлээлгэн өгөх хүртэл уг гэрээний 4.1 дэх хэсэгт заасан төлбөрийг захиалагч тал ажил гүйцэтгэгч талд олгохгүй үндэслэл бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч “Н К”ХХК-аас 101 019 500 /нэг зуун нэг сая арван есөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б Р”ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 663 047.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 2.5 төгрөгийг буцаан олгож, хариуцагч “Н К”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 663 047.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б Р”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг хариуцагч ажлаа хүлээж авах үүргээ биелүүлээгүй нь төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тайлбарлаж, үндэслэх хэсэгтээ “... хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил холбогдох стандарт, норм дүрмийг хангахгүй байсан гэж мэтгэлцэж байх боловч нэхэмжлэгчийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ямар ажил нь ямар норм, дүрмийг зөрчсөн, ашигласан ямар материалын чанар нь стандартад нийцэхгүй байсан талаар тайлбарлаж, баримтаар нотлоогүй болно...” гэж бичсэн хэдий ч шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцдаа нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хийж гүйцэтгэх ажлаа гэрээний дагуу ямар норм, дүрмийн дагуу үйлдсэн, ажил гүйцэтгэхэд ашигласан материалын чанар нь стандартад нийцэж байсан талаар тайлбарлаж, үүнийгээ баримтаар нотлоогүй байгаад эрх зүйн дүгнэлт хийгээгүй.

Тухайлбал, нэхэмжлэгч хэрэгт хавсаргасан баримтууд нь тухайн гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажилд огт хамаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор хавсаргасан Ажил хүлээлцсэн акт нь өөр ажлыг хүлээлгэн өгсөн акт бөгөөд энэ гэрээний маргаантай огт хамааралгүй, нэхэмжлэгч, хариуцагч нар замын ажил хийлгэх гэрээ байгуулахаас 5 сар гаруйн өмнө өөр этгээдүүдийн оролцоотой хийгдэж байсан акт байгаад дүгнэлт хийгээгүй. /хх128/

Нэхэмжлэгч асфальт бетон хольцны орц баталгаажуулах шинжилгээний дүнг, мөн гэрээт ажил дууссанаас хойш 2 жил орчим өнгөрсөн хойно дээж шинжлүүлсэн баримтыг хэрэгт хавсаргасан байхад эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Жишээлбэл, нэхэмжлэгч хэрэгт захиалагч нь “Минжит булган констракшн” ХХК гэсэн материал, “Тэгш плант” АБЗ, “Тэгш плант” ХХК, “Сод монгол” ХХК-ийн бага тэнгэрийн аманд хийгдэж буй автозам, “Маршаллын аргаар барьцалдалтыг тодорхойлох” гэсэн хуурамч, өөрөөр хэлбэл энэ иргэний хэрэгт хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлийг нотлоогүй, хамааралгүй баримтуудыг хэрэгт хавсаргасанд эрх зүйн дүгнэлт хийгээгүй. /хх20-22/

Хариуцагч нэхэмжлэгч гэрээнд заасан ажлаа хийх явцад чанар гологдож байснаас маргаан үүссэн, энэ талаар Мэргэжлийн хяналтын газраас ирж шалгалт хийсэн гэх тайлбарт эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Тус газар шалгаж, замын ажилтай танилцсан, чанарын шаардлага хангаагүйг нотолсон. Энэ шалгалтын үед нэхэмжлэгчийн төлөөлөл байсан талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч эсрэгээр нотолж чадаагүйд эрх зүйн дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэгч ийнхүү ажил гүйцэтгэх гэрээний хоёр дахь хэсгийн 2.1, 2.2-т заасныг зөрчсөн, гүйцэтгэсэн ажлын үр дүн нь гэрээний 2.3-т заасан шаардлага хангахгүй, гэрээний 3.5-д заасан ажил эхлэх, дуусах хугацааны тухай заалтыг удаа дараа зөрчсөн учир хариуцагч гэрээний 4.3 дахь заалтын хүрээнд захиалгат ажлын төлбөрийн үлдэгдлийн төлөлтийг зогсоож, Мэргэжлийн хяналтын газар хандаж хийсэн ажил шаардлага хангаж байгаа эсэхийг гэрээний 2 талыг байлцуулан эрх бүхий байгууллагаар хяналт хийлгэж, гэрээ дүгнэсэн акт үйлдэн гэрээг дуусгавар болгох, гүйцэтгэсэн ажил буюу барьж дуусгасан замыг захиалагч талд хүлээлгэн өгөх шаардлагыг удаа дараа хүргүүлснээр Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийгээд, ажил нь замын барилгын ажлын стандартын шаардлага хангахгүй байна гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний 6.1-д зааснаар гэрээний 1.3-д заасан ажлыг захиалагч талын хүсэл, сонирхолд нийцүүлэн барилгын норм, дүрэм, стандартын дагуу чанартай гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын чанар гүйцэтгэлийн талаар гарсан санал зөрөлдөөнийг гэрээний 7.5-д заасны дагуу шийдвэрлүүлээгүй. Гэрээний ерөнхий нөхцлийн 1.3-д заасан дээрх ажлуудыг стандарт, норм дүрмийг баримтлан чанарын өндөр түвшинд иж бүрнээр гүйцэтгэн акт үйлдэн захиалагч талд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй учир хариуцагч талыг байлцуулан хяналт хийлгэн, гүйцэтгэх ажлаа дуусгавар болгож хүлээлгэж өгч чадаагүй.

Гэрээнд зааснаар ажлаа захиалагчид хүлээлгэн өгөөгүйн улмаас захиалагч нь ажил гүйцэтгэгчийн ажлаа бүрэн гүйцэтгээгүй аль нэг ажилбар дутуу, чанарын шаардлага хангахгүй, доголдолтой тохиолдолд тухайн ажлаа бүрэн дуусган хүлээлгэн өгөх хүртэл төлбөрийг олгохгүй байх үндэслэл болох бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх хууль зүйн үндэслэл бий болсон байхад шүүх эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг нэхэмжлэгчийн тайлбарт тулгуурлан шийдвэрлэсэн нь хэт нэг талын эрх ашгийг хангасан шийдвэр болсныг илтгэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.6-д заасны дагуу хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч “Б Р”ХХК нь хариуцагч “Н К”ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 101 019 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал “Н К”ХХК-ийн барьж байгуулсан “Тарвилан” хотхоны 48А, 48Б, 48В, 48Г, 48Д орон сууцнуудыг гадна талбайн тохижилтын ажлын хамт Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар хүлээж авсан тул уг төвөөс дээрх ажилтай холбогдох материалыг гаргуулах хүсэлт гаргаж, шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 101/ШЗ2018/19924 дугаар бүхий Шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх87, 110-112/

 

Хэргийн баримтаас үзвэл Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 09/4874 албан бичиг бүхий хавсралт 11 хуудас баримт шүүхэд ирүүлсэн байх боловч уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралгүй буюу дээрх захирамжид дурдсан “Н К”ХХК-ийн “Тарвилан” хотхонд хийсэн ажлын гүйцэтгэлд хамааралтай улсын комиссын акт биш байна. Тодруулбал, “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Н К”ХХК-ийн “Сэлэнгэ 888” хороолол “Е” блок, 12 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 106 айлын орон сууцны барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт байжээ. /хх128-139/

 

Шүүх талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үр дүн буюу “Тарвилан” хотхоны гадна талбайд хамаарах ажлын гүйцэтгэлийг нотлох баримт болох улсын комиссын актыг хэргийн оролцогчийн хүсэлтээр холбогдох байгууллагаас шүүхэд ирүүлсэн эсэхэд анхаараагүй, нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа буруу хийгдсэн байгааг залруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2018/19924 дугаар шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, үүний улмаас гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн хэмжээ тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийх, анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг залруулж нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/00231 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Н К”ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 663 047 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

             

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                                         ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                          Т.ТУЯА