Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2020/02795

 

 

 

 

 

 

 

                       2020        12        16  

            182/ШШ2020/02795

    

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн байрлах,  дугаар регистртэй,МТП” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн тоотод байрлах, дугаар регистртэй,СЭБ” ХХК-д холбогдуулан

 

26.594.208 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Н, нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

 

                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч МТП” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь “СЭБ” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болно. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу худалдан авагч нь 20.000 литр дизель түлшийг зээлээр худалдан авах бөгөөд нийт төлбөрийн 50 хувийг урьдчилан төлж, үлдэгдэл 50 хувийн төлбөрийг бараа худалдан авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор “МТП” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкан дахь тоот данс болон Хаан банкан дахь  тоот төгрөгийн дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл 12.427.200 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Бид хариуцагч компаниас удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө, мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т Гэрээний 3.2-т заасан хугацаанаас төлбөр төлөлт удааширсан тохиолдолд худалдан авагч тал нь худалдагч талд сарын 2 хувийн хүү тооцон худалдагч талд төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 12.427.200 төгрөг, алданги 6.213.600 төгрөг, хүү 7.953.408 төгрөг, нийт 26.594.208 төгрөг болж байна. Иймд “СЭБ” ХХК-иас 26.594.208 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“МТП” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний талаар Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж байгаа. Мөн хуулийн 263.2-т гэрээнд заавал тусгах нөхцөлийг дурдсан. Үүнд 263.2.1-д бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, 263.2.2-т хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, 263.2.3-т төлбөл зохих хүүгийн хэмжээ, 263.2.4-т үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам гэх зэргийг гэрээгээр худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл гэж заасан тул эдгээрийг гэрээндээ заавал тусгах ёстой. Мөн хуулийн 263.4-т энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө гэж заасан. Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээгээр нийт үнэ байхгүй, нийт хэдэн төгрөг төлөх нь байхгүй, үнэ тодорхойгүй байгаа. Ямар ч үнийн талаар заагдсан тоо баримт байхгүй. Зөвхөн хүү, алдангийн талаар тусгаж өгсөн болохоос гэрээний гол нөхцөлийн талаар тусгаагүй. Тиймээс Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлүүдэд заасны дагуу үндсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч МТП” ХХК нь СЭБ” ХХК-д холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 12.427.200 төгрөг, алданги 6.213.600 төгрөг, хүү 7.953.408 төгрөг, нийт 26.594.208 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл төлбөр 12.427.200 төгрөгийг төлнө, хүү 7.953.408 төгрөг, алданги 6.213.600 төгрөгийг нийт 14.167.008 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нийт түлшний үнийг тохиролцоогүй, хэдэн литр дизель түлш зээлээр худалдан авч буй талаар дурдаагүй, 19.360 литр дизель түлш худалдан авсан байхад 20.000 литр гэж буруу бичсэн байх тул хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч “СЭБ” ХХК нь нэхэмжлэгч “МТП” ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 19.360 литр дизель түлшийг нэг литрийн үнэ 1.520 төгрөгөөр, нийт 29.427.200 төгрөгөөр зээлээр худалдан авсан болох нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, “МТП” ХХК-иас “СЭБ” ХХК-ийн худалдан авсан шатахууны тооцоо нийлсэн акт, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.         

“МТП” ХХК, “СЭБ” ХХК нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ээр “СЭБ” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний хооронд 20.000 литр дизель түлшийг зээлээр худалдан авах бөгөөд нийт төлбөрийн 50 хувийг урьдчилан төлж үлдэгдэл 50 хувийн төлбөрийг бараа худалдан авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөх, худалдан авагч нь энэ зүйлийн 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлөх, гэрээний 5.2.3-т гэрээний 3.2-т заасан хугацаанаас төлбөр төлөлт удааширсан тохиолдолд худалдан авагч тал нь худалдагч талд сарын 2 хувийн хүү тооцон худалдагч талд төлөхөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулсан байна. Гэрээ байгуулсан тухайд талууд маргаагүй болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээгээр хариуцагч “СЭБ” ХХК нь зээлээр худалдан авсан дизель түлшний үлдэгдэл төлбөр 12.427.200 төгрөгийг төлөх, энэхүү гэрээний нөхцөлийн дагуу “СЭБ” ХХК нь 15.000.000 төгрөгийг “МТП” ХХК-д төлж барагдуулсан тухайд талууд маргаагүй.

 

Харин хариуцагч нь гэрээндээ нийт түлшний үнийг тохиролцоогүй, хэдэн литр дизель түлш зээлээр худалдан авч буй талаар дурдаагүй, 19.360 литр түлш худалдан авсан байхад 20.000 литр гэж буруу бичсэн байх тул хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан.

 

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д “...хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ...”,

Иргэний хуулийн 263.2-д “...гэрээнд дараах нөхцөлийг заавал тусгана. Үүнд: “бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам...”,

Иргэний хуулийн 263.4-д “...Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө...” гэж заажээ.    

 

Талуудын хооронд байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-нд зээлээр худалдан авсан дизель түлшний хэмжээ, үнэ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа зэргийг тохиролцож тусгаагүй байна.

 

Иймд газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу хүү 7.953.408 төгрөг, алданги 6.213.600 төгрөг, нийт 14.167.008 төгрөгийг хариуцагч “СЭБ” ХХК-иас гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар талууд гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгэх үүрэгтэй ба хариуцагч нь дизель түлшний төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хэтрүүлэлгүйгээр хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймээс Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 12.427.200 төгрөгийг хариуцагч “СЭБ” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “МТП” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү 7.953.408 төгрөг, алданги 6.213.600 төгрөг, нийт 14.167.008 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                     ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “СЭБ” ХХК-иас 12.427.200 /арван хоёр сая дөрвөн зуун хорин долоон мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МТП” ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.167.008 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч МТП” ХХК-иас 290.922 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч СЭБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 213.785 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МТП” ХХК-д олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.ДАВААСҮРЭН