Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00445

 

 

 

 

 

                                                               

                                  МТ ПХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч  Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/02795 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч МТ ПХХК-ийн хариуцагч СЭБ ХХК-д холбогдуулан гаргасан 26 594 208 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр СЭБ ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3.2-т заасны дагуу худалдан авагч нь 20 000 литр дизель түлш зээлээр худалдан авч, нийт төлбөрийн 50 хувийг урьдчилан төлж, үлдэгдэл төлбөрийг бараа худалдан авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор МТ ПХХК-ийн Худалдаа хөгжлийн банкан дахь 499088657 тоот данс, Хаан банкан дахь 5028129620 тоот төгрөгийн дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл 12 427 200 төгрөг төлж барагдуулаагүй байна. Хариуцагч компаниас удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний 3.3-т төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө, мөн гэрээний 5.2.3-т “ 3.2-т заасан хугацаанаас төлбөр төлөлт удааширсан тохиолдолд худалдан авагч тал нь худалдагч талд сарын 2 хувийн хүү тооцон худалдагч талд төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 12 427 200 төгрөг, алданги 6 213 600 төгрөг, хүү 7 953 408 төгрөг, нийт 26 594 208 төгрөг болно. Иймд хариуцагчаас 26 594 208 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: МТ ПХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Гэрээндээ Иргэний хуулийн 263 дугаар 263.2, 263.2.1, 263.2.2, 263.2.3, 263.2.4-т заасан гэрээний гол нөхцлийг гэрээндээ заавал тусгах ёстой. Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнд нийт үнэ, хэдэн төгрөг төлөх талаар байхгүй, үнэ тодорхойгүй байгаа. Зөвхөн хүү, алдангийн талаар тусгаж өгсөн болохоос гэрээний гол нөхцөлийн талаар тусгаагүй. Тиймээс Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлд заасны дагуу үндсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч СЭБ ХХК-аас 12 427 200 /арван хоёр сая дөрвөн зуун хорин долоон мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МТ ПХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 167 008 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгч МТ ПХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290 922 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч СЭБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 213 785 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МТ ПХХК-д олгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайханы давж заалдах журмаар гаргасан гомдолд: СЭБ ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3.2-т “Худалдан авагч нь 20 000 литр дизель түлшийг худалдан авах бөгөөд нийт төлбөрийн 50 хувийг урьдчилан төлж үлдэгдэл 50 хувийн төлбөрийг бараа худалдан авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор Худалдаа хөгжлийн банкан дахь МТ ПХХК-ийн 499088657 тоот данс болон Хаан банкан дахь 5028129620 тоот төгрөгийн дансанд шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр төлнө”, 3.3-т “Худалдан авагч нь энэ зүйлийн 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг Худалдагчид төлнө”,  5.2.3-т “гэрээний 3.2-т заасан хугацаанаас төлбөр төлөлт удааширсан тохиолдолд худалдан авагч тал нь худалдагч талд сарын 2 хувийн хүү тооцон худалдагч талд төлөх үүрэгтэй” гэж талууд харилцан тохиролцож энэхүү гэрээ байгуулсан. Уг гэрээ нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 262.2-т заасан нөхцөлийг хангасан. Мөн 3.1-д “талууд худалдах, худалдан авах барааны үнийг тухай бүр харилцан тохиролцож нийлүүлэх ба дээрх үнэд НӨАТ орсон байна” гэж заасан бөгөөд үүний дагуу гэрээний салшгүй хэсэг болох тооцоо нийлсэн актан дээр үнэ, хэмжээ зэргийг тусгаж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд нэхэмжлэгч гэрээний дагуу шатахуун нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн байх бөгөөд харин хариуцагч барааны үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул шаардах эрхтэй. Иргэний хуулийн 232.6-д заасан заалтад нийцсэн тул алданги тооцох үндэслэлтэй. Гэтэл шүүх хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэж шийдвэрлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон хүү 7 953 408 төгрөг, алданги 6 213 600 төгрөг, нийт 14 167 008 төгрөгийг ханган шийдвэрлэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч МТ ПХХК нь хариуцагч СЭБ ХХК-д холбогдуулан гэрээний төлбөр 12 427 200 төгрөг, алданги 6 213 600 төгрөг, хүү 7 953 408 төгрөг, нийт 26 594 208 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч гэрээний гол нөхцөл үнийн талаар тохиролцоогүй, хэдэн төгрөг төлөх нь тодорхойгүй тул үндсэн төлбөрийг төлнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээнд зээлээр худалдан авсан дизель түлшний хэмжээ, үнэ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа зэргийг тохиролцож тусгаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Хариуцагч СЭБ ХХК 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 20 000 литр дизель түлш худалдан авах, төлбөрийн 50 хувийг урьдчилан, үлдэгдэл төлбөрийг бараа худалдан авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор төлөх, нэхэмжлэгч МТ ПХХК нь чанарын шаардлага хангасан барааг нийлүүлэх, худалдан авагч төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх, гэрээнд заасан хугацаанаас төлбөр төлөлт удааширсан тохиолдолд худалдан авагч нь сарын 2 хувийн хүү төлөхөөр тохиролцон гэрээ байгуулжээ. /хх10-13/

Зохигчдын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэх шүүхийн дүгнэлт буруу. Гэрээг “газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэж нэрлэсэн боловч нэхэмжлэгч нь хариуцагчид шатахуун бэлтгэн нийлүүлэх, хариуцагч нь бүтээгдэхүүний үнийн 50 хувийг урьдчилж, үлдэгдэл төлбөрийг нийлүүлэлт хийснээс хойш 15 хоногт төлөхөөр тохиролцсон нь  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулжээ.

Иргэний хуулийн 262 дугаар зүйл буюу зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч нь худалдан авсан эд зүйлийн үнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн зохих хүүтэй худалдагчид төлдөг.

 Гэрээний төлбөр төлөлт удааширсан тохиолдолд худалдан авагч нь худалдагч талд сарын 2 хувийн хүү төлөх тухай нэмэгдэл үүрэг буюу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үүрэг гүйцэтгэгчид ногдуулсан хариуцлагын шинжтэй заалтыг шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэснийг зөвтгөх нь зүйтэй.

Гэрээгээр барааны үнийг мөнгөн дүнгээр илэрхийлээгүй боловч гэрээний 3.2-т 20 000 литр дизель түлш худалдах, нийт төлбөрийн 50 хувийг урьдчилан төлөх, үлдэгдэл төлбөрийг бараа худалдан авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор хариуцагчид төлөхөөр тохиролцсоноос үзэхэд гэрээний зүйлийн үнийн үлдэгдэл төлбөрийг хэзээ төлөх хугацааг тоолох боломжтой байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Талууд шатахуун худалдан авсан, гэрээний үндсэн төлбөр болох 29 427 200 төгрөгөөс 15 000 000 төгрөг төлөгдсөн талаар  маргаагүй бөгөөд 1 литр шатахууны үнийг 1 520 төгрөг, нийт үнийн дүнг 29 427 200 төгрөг, үүнээс хариуцагч 15 000 000 төгрөг төлж, 14 427 200 төгрөгийн үлдэгдэлтэй талаар тооцоо нийлж баталгаажуулсан гарын үсэг зурсан баримт хэргийн 14 дүгээр талд байна. Уг тооцооллыг хариуцагч баримтаар няцаагаагүй.

Гэрээний 3.3-т заасан “худалдан авагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх” талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт нийцэж байх боловч хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх ёсгүй тул 12 427 200 төгрөгийн 50 хувиар тооцож алдангид 6 213 600 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Алдангийг гэрээнд заасан хугацаанд тооцоход гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байна.

Харин гэрээний 5.2.3-т “гэрээнд заасан хугацаанаас төлбөр төлөлт удааширсан тохиолдолд худалдан авагч нь худалдагч талд сарын 2 хувийн хүү тооцон төлнө” гэх заалт нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үүрэг гүйцэтгэгчид нэмэгдэл үүрэг тогтоосон хариуцлагын шинжтэй байх ба талууд үүргийн гүйцэтгэлтэй холбоотой алданги тооцох талаар тохиролцсон байхад дахин хүү нэхэмжилсэн нь хуульд нийцэхгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр 12 427 200 төгрөг, алданги 6 213 600 төгрөг, нийт 18 640 800 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 7 953 408 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/02795 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч СЭБ ХХК-аас 18 640 800 /арван найман сая зургаан зуун дөчин мянга найман зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч МТ ПХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 953 408 /долоон сая есөн зуун тавин гурван мянга дөрвөн зуун найман/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын “213.785” гэснийг “251 154” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  228 786 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

      ШҮҮГЧИД                              Н.БАТЗОРИГ

 

                  А.МӨНХЗУЛ