Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2018/01406

 

 

 

 

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2018/01406

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.М /РД:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Ш холбоонд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А, хариуцагч Ш холбооны гүйцэтгэх захирал И.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.М нь 2016 оны 11 сард Ш холбооны үйлчлэгчээр ажилд орсон. Ш холбооны дарга 2018 оны 2 сарын 1-ний өдрөөс өөрчлөгдөн И.Од болсноор захиргааны дарамт үзүүлэх болсон. Түр ажлын гэрээ 2018 оны 5 сарын 1-ний өдөр дууслаа гээд ажил хийлгэхгүй байгаа болно. Ямар нэгэн байдлаар ажлаас халсан тушаал шийдвэр өгөөгүй болно. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзээд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч иргэн Ж.М нь нэхэмжлэлийн утга дээрээ Захиргааны дарамт үзүүлэх болсон. 2018 оны 5 сарын 1-ний өдөр Түр ажлын гэрээ-ний хугацаа дууссан гээд ажил хийлгэхгүй байгаа болно. Иймд миний бие өөрийгөө ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж бичсэн байна. Захиргааны дарамт үзүүлээгүй. 1 сарын өмнөөс буюу 2018 оны 4 сарын эхээр ажлаа эртхэн олоорой, гэрээний хугацаа дуусах гэж байгаа учир гэж гэж амаар сануулж байсан. 2018 оны 5 сарын 1-нээс ажил хийлгэхгүй байгаа болно гэдэг нь 2017 оны 12 сарын 1-нээс 2018 оны 5 сарын 1 хүртэл 5 сарын хугацаатай зөвхөн түр ажлын гэрээ хийж тохиролцон баталгаажсан ба үндсэн ажилтнаар аваагүй ажлын түр гэрээгээр ажиллуулж байсан болно. Ажлаас халсан тушаал шийдвэр өгөөгүй болно гэсний эсрэг 2018 оны 5 сарын 1-нд Ж.Мийн өөрийн гарт №1 гэж Мэдэгдэл өгсөн. Үүнд ажлаас халсан биш гэрээний хугацаа дуусч, ажлын байрыг чөлөөлөхийг мэдэгдсэн албан бичиг өгсөн. Үүнийг үл ойшоосон. Ажлаас чөлөөлсөн. Үүний дараа 2018 оны 5 сарын 2-нд бас дахин хэлж өөрийн гараар №2 шаардлага бичиг өдрийн 12.00 цагийн үед амьдарч буй байранд нь бэрийнх нь хажууд хүлээлгэн өгсөн. Шаардлага бичиг авчхаад мөн л үл ойшоосон. Үл ойшоохоор барахгүй Хол очиж хонхорт очиж гөлөглө гэж 2 удаа хэл амаар доромжилсон. Сууц өмчлөгчдийн холбооны 2 байрны бүх оршин суугчаар гарын үсэг зуруулж өөрийгөө халуулахгүй, 9 давхрын цагдаа бичиг хийж өгнө гэсэн. 2017 оны хавраас 2018 оны 5 сарын 1 хүртэл олон удаа хэрүүл хийж эмэгтэй хүн хэлэх хэлэхгүй үгээр удаа дараа доромжилсон. Чам шиг юмаар загнуулж, захиргаадуулахгүй гэдэг. Өөрийн хүү, бэр, хамтран амьдрагч Атэйгээ нийлж хэрүүл хийн эсэргүүцдэг байсан. Ажлын шаардлага тавихаар заавал эсэргүүцэж зөрүүдлэн хэрүүл хийдэг. Шинэ хөгжил Сууц өмчлөгчдийн холбооны удирдлагуудад цалин өгдөггүй гэх мэт худал мэдээлэл өгч Удирдах зөвлөлийн гишүүдийг хооронд нь үл ойлголцуулан хагаралд хүргэдэг. Сууц өмчлөгчдийн холбооны талаар цуу үг, хов жив тараан нэр хүндийг байнга муутгана. Олон оршин суугчдад буруу ойлголт өгч явсаар хамгийн сүүлд хамтран амьдрагч Аюушпүрэв нь 2018 оны 5 сарын 5-ны орой 21.30 цагийн орчимд өөрийн амьдардаг 19 байрны 2 орцны подвалд иргэн миний биеийн эрх чөлөөнд халдан зугтаагаад алга болсон. Тэр үедээ Цагдаа 102-г дуудан ирүүлсэн бөгөөд гомдол гаргах гэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилогдон ажиллаагүй байсан хугацаатай цалинг шүүхийн шийдвэр гартал өдрийн цалинг гаргуулах, мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх гэсэн байна. Үүнд тайлбар: Ажлын байрнаас Ж.Мийг шаардлага хүргүүлэн, хуулийн дагуу үндэслэлтэй чөлөөлсөн ба баталгаажсан түр ажлын гэрээн дээр цаг хугацаа бүгд байгаа болно. Энэ хүнийг эргүүлэн ажиллуулах боломж байхгүй. Үүнд: Гэрээний хугацаа дуусгавар болсон, ажлын чадвар байхгүй, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй /Угаалгын нунтаг болон хлороос харшилтай/, харилцааны соёлгүй, заавар зөвлөгөө авах чадваргүй, хичнээн мэрийн хэлсэн ч ойлгохыг хүсдэггүй, зөрүүд, оршин суугч болон Удирдах Зөвлөлийн дарга нартай ч зөв боловсон харьцаа үүсгэж чаддаггүй, хэрүүл ам хийж явдаг, өөрийн бурууг хүлээх ямар ч чадваргүй гэх мэт. Гэрээний хугацаа өнгөрөөд 1 сар 13 хоног өнгөрч байна. Хууль бусаар хөдөлмөрийн хөлс гаргуулах шаардлага тавьж байгаа нь ямар ч боломжгүй. 2017 оны 2 сарын 1-нээс манай Сууц өмчлөгчдийн холбоо энэ хүнийг ажилд аваад 2 хувь цээж зураг, иргэний үнэмлэхээ өг гэж удаа дараа хэлүүлэн байж 9 сард өгсөн. Учир шалтгаан нь манай хүүд миний иргэний үнэмлэх байгаа гэж удаа дараа шалтаг тоочин байрныхаа зурагчнаар зургийг нь авахуулж иргэний үнэмлэхийг нь хуулбарлуулж авч байсан. Тэгээд Нийгмийн даатгалын хэлтэст материалаа өгөх гэхэд цалин бага учир нийгмийн даатгал төлмөөргүй байна гэхээр нь тохиролцон нийгмийн даатгал төлөөгүй. Мөн үүн дээр нэмэлт тайлбар хийхэд миний өмнөх Сууц өмчлөгчдийн холбооны даргатай хийсэн ажлын гэрээ нь 2017 оны 5 сарын 1-нд дуусгавар болсон. Ж.М энэ хугацаанд дахин 6 сар ажиллаад монгол гэр авчхаад ажлаас гаръя гэж хэлэхээр гэрээг сунган дахин ажиллуулсан. Булган аймгаас анх Улаанбаатар хотод 1991 оноос ирсэн ба 10-аад жил Сууц өмчлөгчдийн холбооны байруудаар дамжин ажиллан амьдарч байсан болохоор итгэн ажиллуулсан. Гэвч итгэл дааж ажиллаж чадсангүй. Манай Сууц өмчлөгчдийн холбооны хариуцсан 19, 20-р байруудын цэвэрлэгээний асуудал дунд болон муу түвшинд байдаг, оршин суугчдаас сэтгэл ханамжийн үнэлгээ муу үнэлгээтэй байдаг. Янз бүрээр тайлбарлан ойлгуулахыг хичээдэг боловч уурлан хэрүүл хийдэг. Ж.Мийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Ш холбоонд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ш холбоо нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.М нь Ш холбооны үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 11 сарын 10-ны өдрийн Түр ажлын гэрээ нэртэй гэрээ /хх-3,4 тал/, 2017 оны 12 сарын 1-ний өдрийн Түр ажлын гэрээ нэртэй гэрээ /хх-6 тал/-гээр тус тус тогтоогдож байна.

Ш холбооны гүйцэтгэх захирлын 2018 оны 5 сарын 1-ний өдрийн 1 дугаартай Мэдэгдэл /хх-7 тал/-ээр 2017 оны 12 сарын 1-ний өдөр байгуулсан гэрээний хугацаа 2018 оны 5 сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон тул ажлын байрыг чөлөөлөхийг мэдэгдсэн байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас Ж.Мийг ажилд авсан тушаал, ажлаас халсан тушаалыг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Ж.Мийг ажилд авах болох халахад ямар нэгэн тушаал гараагүй, Түр ажлын гэрээ нэртэй гэрээ байгуулж, улмаар гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажил үүргийг нь 2018 оны 5 сарын 1-ний өдрөөс хойш гүйцэтгүүлээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байсан тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй шалтгаан нь өмнөх гүйцэтгэх захирал Түр ажлын гэрээ нэртэй гэрээг нэхэмжлэгчтэй байгуулан ажиллаж байсан учир гэрээг үргэлжлүүлэн байгуулсан гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан үйлчлэгчийн ажил нь ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүрэг байсан болох нь 2017 оны 12 сарын 1-ний өдөр байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т ... 19, 20 дугаар байрны 4 орц, гадна үүд талбайг заасан хуваарийн дагуу хариуцан ажиллах, мөн зүйлийн 1.4-т ... Ажлын цагийн үргэлжлэх хугацаа ... байнгын тогтмол ажиллагаатай байхаар заасан, үйлчлэгчийн гүйцэтгэх ажил нь 7 хоногийн 6 өдөрт тодорхой хуваарийн дагуу гүйцэтгэх ажил байхаар хуваарь тогтоосон байдал /хх-17 тал/ зэргээр тогтоогдож байх ба энэ тохиолдолд уг ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь заалтад заасан байнгын ажлын байр гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дахь заалтад Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан ба уг заалтын дагуу ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй, ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзэх үндэслэлтэй.

Ш холбоо нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй, өөр төрлийн гэрээ буюу Түр ажлын гэрээ гэсэн нэртэй гэрээ байгуулж нэхэмжлэгч Ж.Маар ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дахь заалтад нийцээгүй байх ба улмаар хуульд нийцээгүй гэрээндээ хугацаа тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дахь заалтад заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохих ба ажил олгогч нь ажилтныг халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа хуульд нийцээгүй гэрээг үндэслэн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзнэ.

Иймд Ш холбоо нь нэхэмжлэгч Ж.Мийг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж, нэхэмжлэгч Ж.Мийг Ш холбооны үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтад зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.

Урьд авч байсан дундаж цалин хөлсийг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэснийг баримтална.

Нэхэмжлэгч Ж.М нь сард 300,000 төгрөгийн цалин авч байсан, Ш холбоо нь Ж.Мийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөггүй байсан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдсон тул Ж.Мийн нэг сарын дундаж цалингийн хэмжээг 300,000 төгрөгөөс тооцож, 300,000 төгрөгийг ажлын 21.5 өдөрт хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг нь 13,953.4 төгрөгөөр, үүнийг Ж.Мийг ажлаас чөлөөлсөн 2018 оны 5 сарын 1-ний өдрөөс хэргийг хянан шийдвэрлэсэн 2018 оны 6 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын 36 хоногоор тооцож үзвэл Ж.Мт олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээ нь 502,322.4 төгрөг болж байна.

Иймд Ш холбооноос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 502,322.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Мт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дахь заалтад зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, мөн зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул нэхэмжлэгч Ж.Мийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Ш холбоонд даалгаж шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ж.М нь Ш холбооны гүйцэтгэх захирлын 2018 оны 5 сарын 1-ний өдрийн 1 дугаартай Мэдэгдэл-ийг хүлээн авснаас хойш 2018 оны 5 сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгч Ж.Мийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Мийг Ш холбооны үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Ш холбооноос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 502,322.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Мт олгосугай.

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Ж.Мийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Ш холбоонд даалгасугай.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар хариуцагч Ш холбооноос улсын тэмдэгтийн хураамжид 15,719.6 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР