Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1721

 

 Ж.М-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/01406 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.М-н нэхэмжлэлтэй, хариуцагч Ш Х 2019 Сууц өмчлөгчдийн холбоонд  холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч: Нэхэмжлэгч Ж.М, хариуцагч Ш Х 2019 СӨХ-ны гүйцэтгэх захирал И.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.М болон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч М.Амарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 сард Ш Х 2019 Сууц өмчлөгчдийн холбооны үйлчлэгчээр ажилд орсон. Түр ажлын гэрээ 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дууслаа гээд ажил хийлгэхгүй байгаа болно. Ямар нэгэн байдлаар ажлаас халсан тушаал шийдвэр өгөөгүй болно. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзээд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ш Х 2019 СӨХ-ны гүйцэтгэх захирал И.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 4 сарын эхээр ажлаа эртхэн олоорой, гэрээний хугацаа дуусах гэж байгаа гэж амаар сануулж байсан. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5 сарын хугацаатай зөвхөн түр ажлын гэрээ хийж тохиролцон баталгаажсан ба үндсэн ажилтнаар аваагүй ажлын түр гэрээгээр ажиллуулж байсан болно. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Ж.М-н өөрийн гарт №1 гэж мэдэгдэл өгсөн. Ажлын байрнаас Ж.М-г шаардлага хүргүүлэн, хуулийн дагуу үндэслэлтэй чөлөөлсөн ба баталгаажсан түр ажлын гэрээн дээр цаг хугацаа бүгд байгаа болно. Нийгмийн даатгалын хэлтэст материалаа өгөх гэхэд цалин бага учир нийгмийн даатгал төлмөөргүй байна гэхээр нь тохиролцон нийгмийн даатгал төлөөгүй. Ж.М энэ хугацаанд дахин 6 сар ажиллаад монгол гэр авчихаад ажлаас гаръя гэж хэлэхээр гэрээг сунган дахин ажиллуулсан. Манай Сууц өмчлөгчдийн холбооны хариуцсан 19, 20-р байруудын цэвэрлэгээний асуудал дунд болон муу түвшинд байдаг, оршин суугчдаас сэтгэл ханамжийн үнэлгээ муу үнэлгээтэй байдаг. Янз бүрээр тайлбарлан ойлгуулахыг хичээдэг боловч уурлан хэрүүл хийдэг. Ж.М-н нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.М-г Ш Х 2019 Сууц өмчлөгчдийн холбооны үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Ш Х 2019 Сууц өмчлөгчдийн холбооноос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 502.322,4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.М-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн  46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу Нэхэмжлэгч Ж.М-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Ш Х 2019 Сууц өмчлөгчдийн холбоонд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар хариуцагч Ш Х 2019 Сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид 15.719,6 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ш Х 2019 СӨХ-ны гүйцэтгэх захирал И.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ш Х 2019 СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлаас үйлчлэгчийн цалинг 300 000 төгрөгөөр тогтоож, амьдарч байгаа өрөөний цахилгаан, халуун хүйтэн ус, дулааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар СӨХ төлдөг. Шүүхэд нэхэмжлэл гаргасанаас шүүхийн шийдвэр гарталх бүх хугацааг хамруулж 5О2 00О төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Би нэхэмжлэгчтэй эвлэрэхээр санал тавьсан боловч нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө асууна гээд хариуцагч тал ажилтантай харилцан ярилцаж асуудлыг шийдвэрлэх боломжоор шүүхийг хангаж өгөхийг хүсч байна. Тийм учраас хэргийг хянаж шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.М-г Ш Х 2019 Сууц өмчлөгчдийн холбооны үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө зохигчид харилцан тохиролцож, 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт тус тус зааснаар зохигч эвлэрэн хэлэлцэж энэ тухай тухай зохигч талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх боломжтой байна.

Дээрх эвлэрлийн гэрээгээр Ш Х 2019 СӨХ-ны гүйцэтгэх захирал И.О нь Ж.М-г тус сууц өмчлөгчдийн холбоонд үйлчлэгчийн ажилд томилон хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 502 322 төгрөгийг Төрийн банкны 102300368958 дугаартай дансанд шилжүүлж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхээр эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Уг зохигч талуудын эвлэрлийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүйн зэрэгцээ гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.