Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2017/01591

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 01 өдөр           Дугаар 182/ШШ2017/01591        Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Б.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Д Ө” ХХК /,

Хариуцагч: Г.А-нд холбогдох

Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 10,000,000 ам доллар буюу 24,702,500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 7 сарын 5-ны өдөр Алтжин бөмбөгөр худалдааны төвийн захирал Г.Атай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Гэрээний 2.1-д заасны дагуу 1 ì.êâ талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг 10.000 ам.доллараар худалдан авсан. Гэтэл иргэн Г.А болон “Д Ө” ХХК-иуд нь өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгөх үүргээ биелүүлээгүй юм. “Д Ө” ХХК, Г.А нарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 10.000 ам.доллар буюу 24,702,500 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 7 сарын 5-нд Бөмбөгөр худалдааны төвөөс 1м2 талбай худалдан аваад үлдэх хэсгээ боломжгүй /худалдан авах/ учир түрээслэе гэж тохирсноор 1м2-т худалдах худалдан авах гэрээ хийсэн. Үлдэх 5м2-т эд хөрөнгө хөлслөх гэрээ хийсэн.

1м2-ийн хувьд худалдагч 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр худалдан авсан. Энэ хүний үйл ажиллагаа явуулж буй талбай нь гутал зардаг хэсэг байна.  Б.А1 м2 талбайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахад “Д Ө” ХХК-ийн зүгээс ямар ч татгалзах зүйлгүй бөгөөд өөрөө нэмж талбай авна гэсний дагуу хүлээж байгаа болно. Гэрээн дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ өөрөө авах үүрэгтэй. “Д Ө” ХХК нь харин нэгэнт худалдан аваад 4 жил гаран болсон эд хөрөнгийг буцаан авах хууль эрх зүйн үндэсгүй болно. Б.А 4 жил ажилласан байна гэжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Ань хариуцагч “Д Ө” ХХК, Г.А нарт холбогдуулан Г.А, Б.Анарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 204-26 тоот үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 10,000 ам.доллар буюу 24,702,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, “Маргаан бүхий гэрээний зүйл нь 1м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө байгаагаас шалтгаалан уг хөрөнгийг өмчлөх эрхдээ шилжүүлэх боломжгүй байдал үүссэн, 1м2 талбайд худалдаа үйлчилгээ явуулах боломжгүй байгаа, түүнчлэн гэрээ байгуулах эрхгүй этгээд байгуулсан хэлцэл байх тул гэрээнээс татгалзаж, авсан өгснөө харилцан буцаах үндэслэлтэй” гэж тайлбарлаж байна.

            Хариуцагч нарын төлөөлөгч Ш.С нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “Гэрээний дагуу 1 м2 талбайг худалдсан нь үнэн боловч ийм хэмжээгээр талбай худалдаж авсан олон өмчлөгч нар өмчлөлийн зүйлээ холбогдох журмын дагуу бүртгүүлж эрхээ баталгаажуулсан, 1 м2 талбай худалдаж авсан бусад хүмүүс болон нэхэмжлэгч нь худалдаж авсан талбайн хажууд шаардлагатай хэмжээний нэмэлт талбайг түрээслэн ажил үйлчилгээ эрхэлж байгаа. Түүнчлэн Г.А нь Голд плаза буюу Алтжин бөмбөгөр барилгыг өөрийн хөрөнгөөр бариулж өөрийн өмчлөлийн, нэг гишүүнтэй “Д Ө” ХХК-ийг захиалагчаар сонгосон тул тэрээр худалдах худалдан авах гэрээ байгуулах эрхтэй этгээд, уг гэрээнээс эргэж буцах боломжгүй, энэ тухай гэрээнд тодорхой тусгасан” гэж маргаж байна.   

            Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан тогтоосон дараах үндэслэлээр хариуцагч Г.Ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Д Ө” ХХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

  1. Нэг талаас нэхэмжлэгч Б.А, нөгөө талаас Г.А нарын хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Их тойруу, гудамж, 27 тоот хаягт байрлах Голд плаза буюу Алтжин бөмбөгөр худалдааны төвийн барилгын 2 давхрын план зургийн 2424 дугаарт тэмдэглэгдсэн 1м2 талбайг худалдах, худалдан авах тухай гэрээг хэлцэлд тавигдах субьектын шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэстэй байна.

          Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7/4981 тоот албан бичгээр маргаан бүхий барилгад тодорхой талбайг хэсэгчлэн худалдан авахаар захиалга өгсөн иргэн, хуулийн этгээдээр өмчлөх эрхийг салгаж бүртгэсэн, хариуцагч “Д Ө” ХХК, Г.А нарын хэн аль нь уг барилгад ямар нэг талбай өмчилдөггүй болох нь тогтоогдож байна /хх-ийн 64 дүгээр тал/. Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь тухайн барилгын иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд салгаж шилжээгүй хэсэг хэн нэгний өмчлөлд бүртгэгдээгүй гэж тайлбарлаж байна.

          Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээг байгуулахын тулд худалдагч нь тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй байхыг шаардана.

          Гэвч тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Барилгын тухай хуулийн хуулийн 15 дугаар зүйлд аливаа барилгыг захиалагчийн өгсөн захиалга, түүнд өгсөн хэд хэдэн төрлийн тусгай зөвшөөрлийн үндсэн барихаар заасан бөгөөд барилгын захиалагч нь мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.3-т заасны дагуу зураг төсөл захиалах, ашиглалтад оруулах зардлыг хариуцах, улмаар тодорхой шаардлага хангасан тохиолдолд мөн зүйлийн 15.4-т заасны дагуу иргэдээс хөрөнгө татан төвлөрүүлэх эрхтэй байна.

          Иймд дээрх барилгад иргэдийн хөрөнгийг татан төвлөрүүлэхтэй холбоотой хэлцлийг Барилгын тухай хуульд заасан захиалагч хийх хууль зүйн боломжтой юм. Маргаан бүхий барилгын хувьд Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан захиалагч нь “Д Ө” ХХК болох нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн албан бичиг /хх-ийн 87 дугаар тал/, Архитектур төлөвлөгөөний даалгавар /хх-ийн 88 дугаар тал/, Барилга, байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын акт  /хх-ийн 23 дугаар тал/, Барилга байгууламж ашиглалтад оруулах техникийн комиссын акт /хх-ийн 26 дугаар тал/-аар тус тус тогтоогдож байна. Барилгын захиалагчаар хувь хүн Г.Аг бүртгэсэн тухай аливаа баримт хэрэгт авагдаагүй байна.

          Харин “Д Ө” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь талуудын хооронд гэрээ байгуулах үеийн байдлаар буюу 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Сосорын Анастасия байсан нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 57 дугаар тал/-аар тогтоогдож байна.

           Хариуцагч “Д Ө” ХХК-ийн цорын ганц гишүүн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нь Г.А байх тул компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүй хэлцэл байгуулах, төлөөлөх бүрэн эрхтэй гэх агуулга бүхий тайлбарыг хариуцагч “Д Ө” ХХК, хариуцагч Г.А нарын төлөөлөгч гаргадаг боловч хуулийн этгээдийн хийсвэрлэх онолын дагуу аливаа хуулийн этгээд нь түүнийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч хувь хүнээс тусдаа эрх зүйн субьект байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д заасны дагуу тухайн компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд нь компанийн гүйцэтгэх удирдлага байх бөгөөд гүйцэтгэх удирдлага нь тухайн цаг мөчид хэн байсныг тодорхойлсон бүртгэлийн мэдээлэл болох дэлгэрэнгүй лавлагаа хэрэгт авагджээ. Эдгээр нөхцөл байдлыг иш үндэс болговол хариуцагч Г.А нь Голд плаза буюу Алтжин бөмбөгөр барилгад талбай худалдах хэлцлийг өөрийн нэрийн өмнөөс эсхүл “Д Ө” ХХК-ийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүй байгуулах эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

          Нэг гишүүнтэй хувьцаа эзэмшигч, компанийн үйлдэл тодорхой асуудлаар давхцаж болох бөгөөд энэ нь гагцхүү Компанийн тухай хууль, компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргах тухайн тохиолдлоор хязгаарлагдах юм. Гэтэл маргаан бүхий төрлийн худалдах худалдан авах гэрээг байгуулах явдал нь Компанийн тухай хууль, “Д Ө” ХХК-ийн дүрмээр хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхэд бус, гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхэд хамаарч байна /хх-ийн 42 дугаар тал/.

           Түүнчлэн маргаан бүхий хэлцэлд хариуцагч Г.Аг төлөөлөн Анастасия гэгч гарын үсэг зурсан байна. Гэвч гарын үсэг зурсан Анастасия гэх этгээд нь “Д Ө” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.А мөн гэж үзсэн ч уг гарын үсгийг зурахдаа “Г.Аг төлөөлж” гэсний зэрэгцээ уг үйлдлээ Г.Агийн хувийн тамгыг дарж баталгаажуулсан байна. Иймд түүнийг хувь хүн Г.Агийн төлөөлөгч болох хувьдаа гарын үсэг зурах үйлдэл хийсэн гэж үзэхээр байна.

          Нөгөөтэйгүүр “хариуцагч Г.А нь барилгын хөрөнгө оруулагч болох учир хариуцагч “Д Ө” ХХК-нд өөрийгөө төлөөлөн захиалагчийн үйл ажиллагаа явуулах эрх олгосон бөгөөд үүнийг тус компанийн үүсгэн байгуулагчийн хувиар гаргасан 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12/02 тоот шийдвэр нотлоно” гэж хариуцагчийн төлөөлөгч маргаж байгаа. Гэвч нэгдүгээрт, иргэн Г.А барилгын хөрөнгө оруулагч болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, хоёрдугаарт, Г.А нь барилгад иргэний хувиар хөрөнгө оруулж “Д Ө” ХХК-нд түүний нэрийн өмнөөс захиалагчаар ажиллах эрхийг шилжүүлсэн бол хувьцаа эзэмшигчийн хувиар тус компанийн хэвлэмэл хуудас дээр шийдвэр гаргасан нь ойлгомжгүй. Учир нь хууль зүйн хувьд иргэн Г.Агийн хувийн хөрөнгө “Д Ө” ХХК-ийн хөрөнгөөс тусдаа тул тэдгээр нь иргэний эрх зүйн холбогдох гэрээг бие даасан байдлаар байгуулах замаар дээрх харилцааг зохицуулах учиртай байсан. Хэрэв “Д Ө” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхэд хамаарах асуудал гэж үзэж компанийн эрх барих дээд байгууллагын шийдвэрийг гаргаж байгаа бол тэр нь иргэн Г.А барилгад хөрөнгө оруулсныг бус харин “Д Ө” ХХК хөрөнгө оруулагч болохыг л нотлох юм. Иймд дээрх шийдвэрээр иргэн Г.А нь маргаан бүхий барилгыг хувийн хөрөнгөөр бариулсан, улмаар “Д Ө” ХХК-нд барилгын захиалагчийн эрхээ шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй. 

          Эдгээр үндэслэлээр зохигчдын хооронд 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах 204-26 тоот гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус гэрээ байна.

  1. Зохигчид гэрээ байгуулах үед гэрээний үнийг төгрөгөөр тохиролцож 14,566,000 төгрөг байхаар тогтсон бөгөөд тухайн үеийн албан ханшаар тооцож 10,000 ам.долларыг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд харилцан маргаагүй /хх-ийн 6 дугаар тал/.

          Хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтад дээрх мөнгийг хүлээн авсан этгээд нь иргэн Готовын Алтан болохыг дурджээ. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах этгээд нь хариуцагч “Д Ө” ХХК бус хариуцагч Г.А гэж үзэх үндэстэй байна.  

          Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар ам.долларын ханш 2,470 төгрөг байна.

          Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Г.Агаас 10,000 ам доллар буюу 24,702,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, хариуцагч “Д Ө” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Агаас 281,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгох нь зүйтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.А, хариуцагч Г.А нарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хариуцагч Г.Агаас 10,000 ам доллар буюу 24,702,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэгч Б.Агийн хариуцагч “Д Ө” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Агаас 281,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.БАЯРМАА