Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00195

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/01591 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2111 дүгээр магадлалтай

Б.А-гийн нэхэмжлэлтэй

“Д” ХХК, Г.А нарт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 10 000 ам доллар буюу 24 702 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “А” бөмбөгөр худалдааны төвийн захирал Г.Атай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 2.1-д заасны дагуу 1 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг 10 000 ам доллараар худалдан авсан. Гэтэл иргэн Г.А, “Д” ХХК нь өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгөх үүргээ биелүүлээгүй юм. “Д” ХХК, Г.А нарт холбогдуулан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 10 000 ам доллар буюу 24 702 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Бөмбөгөр худалдааны төвөөс 1 мкв талбай худалдан аваад үлдэх хэсгээ боломжгүй учир түрээслэе гэж тохирсноор 1 мкв-ыг худалдах худалдан авах гэрээ хийсэн. Үлдэх 5 мкв талбайг эд хөрөнгө хөлслөх гэрээ хийсэн. 1 мкв-ын хувьд худалдагч 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр худалдан авсан. Энэ хүний үйл ажиллагаа явуулж буй талбай нь гутал зардаг хэсэг байна. Б.А-д 1 мкв талбайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахад “Д” ХХК-ийн зүгээс татгалзах зүйлгүй бөгөөд өөрөө нэмж талбай авна гэсний дагуу хүлээж байгаа болно. Гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ өөрөө авах үүрэгтэй. “Д” ХХК нь худалдан аваад 4 жил гаран болсон эд хөрөнгийг буцаан авах хууль эрх зүйн үндэслэлгүй болно. Б.А 4 жил ажилласан байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/01591 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.А, хариуцагч Г.А нарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хариуцагч Г.Агаас 10 000 ам.доллар буюу 24 702 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэгч Б.Аптантуяагийн хариуцагч “Д” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу нэхэмжлэгч Б.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А-гаас 281 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2111 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/01591 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Д” ХХК-ийн төлсөн 281 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц-гээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Б.А нь “Д” ХХК, иргэн Г.А нарт холбогдуулан Г.А, Б.А нарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 204-26 тоот үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 10 000 ам доллар буюу 24 702 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь илт үндэслэл муутай, зөвхөн гэрч “...н.Н-ээр гэрчлүүлэх үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй гэж хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна...” гэсэн нэг л үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь үндэслэл бүхий болоогүй, хэргийн үйл баримтад нийцээгүй.

1. Гэрч нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж хуульд заасан ба хуулийн энэ шаардлага нь хариуцагчийн төлөөлөгч Л.С-ийн гэрч асуулгах хүсэлтээ тодорхой болгон “...маргаад байгаа талбай дээр ажиллаж байгаа, ашиглалтын төлбөр, гэрээ, гэрчилгээ авчихсан хүн байгаа. Яаж үл хөдлөх гэрчилгээ авах талаар хэлнэ...” гэж тайлбарласнаас үзэхэд гэрч нь “хэргийн талаар ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан гол шаардлагатай нийцэхгүйн дээр Голд Плаза гэх худалдааны төвд ажиллаж байгаа, талбай эзэмшдэг эсэх нь тодорхойгүй байсны зэрэгцээ нэхэмжлэлийн шаардлага болох “...Б.А нь “Д” ХХК, иргэн Г.А нарт холбогдуулан Г.А, Б.А нарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан 204-26 тоот үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 10 000 ам доллар буюу 24 702 500 төгрөг гаргуулах” талаар мэдэхгүй тул ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэж үзэхгүй юм.

2. Хэрэгт цугларсан баримтаар захиалагч нь “Д” ХХК байхад иргэн Г.А нь төлөөлөн хэлцэл хийх эрхгүй этгээд байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн. Учир нь нэхэмжлэгч Б.А нь иргэн Г.А-тай 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй, Г.А нь “Д” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд байсан тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарах боломжгүйн тодорхой болсон учраас 204-26 дугаартай гэрээнээс татгалзсан. Нэгэнт төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан учраас гэрээний нэг талын хувьд гэрээнээс татгалзах эрхтэйн дээр “Д” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь О.А байх ба “Д” ХХК, иргэн Г.А нарын хэн аль нь уг барилгын талбайн өмчлөгчөөр бүртгүүлээгүй, өөрөөр хэлбэл худалдах эрхтэй этгээд Г.А биш байсан учраас гэрээнээс татгалзсан. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэж заасан, гэтэл давж заалдах шатны шүүх мэтгэлцэх зарчмыг алдагдуулж, “...шүүх хуралдаанд бэлтгэх үүрэгтэй...” гэсэн үндэслэл заасан нь хуулийн дээрх заалттай нийцэхгүй байна. Иймд тодорхой үндэслэлгүй, мэтгэлцэх зарчмыг хангаагүй давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.А нь “Д” ХХК, Г.А нарт холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээ”-нээс татгалзаж, 10 000 ам доллар буюу 24 702 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...А худалдааны төвд 1мкв хэмжээтэй, үйлчилгээний зориулалттай талбайг 10 000 ам доллараар худалдан авч, “худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан боловч өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөөгүй тул гэрээнээсээ татгалзаж, төлбөрт өгсөн 10 000 ам доллар буюу 24 702 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэж тайлбарлаж, хариуцагч “Д” ХХК, Г.А нар “өмчлөх эрхийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй, нэхэмжлэгч нь өөрөө нэмж талбай авна гэсэн тул хүлээж байсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

Нэхэмжлэгч Б.А-гийн “...гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардсан”  нэхэмжлэлд хариуцагчаас үйлчилгээний талбай худалдан авч өмчлөгчөөр тогтоогдсон этгээдийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй гэж үзэж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1. дэх заалтыг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон магадлал хуулийн үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 176.1.5. дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр магадлалыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангав. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Харин хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул хуулийн зүйлчлэлийг зөвтгөж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хариуцагч Г.А нь “Д” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд биш байтлаа “Д” ХХК-ийн захиалгаар түүний эзэмших, ашиглах эрх бүхий газар дээр үйлчилгээний зориулалтаар баригдсан Үл хөдлөх эд хөрөнгөөс үйлчилгээний талбайг бусдад худалдахаар нэхэмжлэгчтэй 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 204-26 тоот “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ”-г байгуулсныг шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг 56.5.-д зааснаар шийдвэрлэх байтал хариуцагч “Д” ХХК-д эд хөрөнгийг худалдан авсан үнийн төлбөр шилжигдээгүй тул “Д” ХХК-иас төлбөрийг гаргуулах боломжгүй байна.

Харин Г.А гэрээний төлбөрт хүлээн авсан 10 000 ам долларыг компанийн дансанд оруулалгүй өөрт хувьдаа авсан болох нь хэргийн 6-р талд авагдсан “Бэлэн мөнгөний орлогын баримт”-аар нотлогдож байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар Г.Аг энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2111 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/01591 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...56.5-д...” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1-д...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц-гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                             Х.ЭРДЭНЭСУВД