Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/MA2017/0406

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2017/0406

Улаанбаатар хот

 

Л.Болормаагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Л.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аюурзана нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Л.Болормаагийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.11 мөн хуулийн 27.2.1 дэхь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлага болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаар Ажлаас халах тухай тогтоолыг хүчингүй болгож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Л.Болормаагийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг бодож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд бичилт хийхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Ганзоригт холбогдох, иргэн Л.Болормаагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн юм.

Хариуцагчийн хувьд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүх хуралдаан процессын алдаатай болсон, нэхэмжлэгчийн зүгээс шүүгчид нөлөөлөх үйлдэл гаргасан, шүүгчийн шийдвэр нь хариуцагчийн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц байгаагүй учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, процессын алдаатай болсон шүүх хуралдааныг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Уг шүүх хуралдааны явцад шүүгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо гэж алхаа тогшсон. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс шүүгчийг хэл амаар дайрч доромжлон нэг тал барьж асуудлыг шийдвэрлэлээ, эрүүл байна уу согтуу байна уу, захиргааны шүүхийн туслахыг дууд, Шүүгчийн ёс зүйн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргана гэх мэтээр ярихад шүүгч сандралд орж, нэхэмжлэгчийн дарамтад орсон. Улмаар шүүгчийн сандалдаа суулгүйгээр ширээний ард зогсож байгаад шүүх хуралдааныг үргэлжлүүллээ гээд 3-хан минутын дотор өмнө гаргасан шийдвэрээ үгүйсгэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ гээд алхаа 2 дахь удаагаа тогшсон. Шүүх хуралдааны процессын дагуу нотлох баримтыг шинжлэн судлах, хэргийн оролцогчдоос нэмж асуух, тодруулах процесс энэ үед явагдаагүй байсан бөгөөд зөвлөлдөх тасалгаанд оролгүйгээр 3 минутын дотор өмнө гаргасан шийдвэрээ өөрчилсөн. Нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл нь шүүгчийг өмнө гаргасан шийдвэрээ өөрчлөхөд хангалттай нөлөөлсөн бөгөөд хариуцагчийн хувьд үнэн шударга, хараат бус шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж байна гэх итгэл, үнэмшлийг байхгүй болгосон.

Шүүх хуралдааныг процессын алдаатай болсон гэж яагаад үзэж байгаа вэ гэхээр шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлд заасан хэргийн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаагүй, мөн хуулийн 103 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчдоос нэмж тодруулах санал байхад асууж тодруулаагүй, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу шүүгч зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэрээ гаргаагүй зэрэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн, шүүх хуралдааныг процессын дагуу явуулаагүй гэж хариуцагчийн хувьд үзэж байна.

Шүүх хуралдааны явц нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан бөгөөд нэхэмжлэгчийн шүүгчид нөлөөлж хэл, амаар дайрч доромжилсон хэсэг нь     шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Болормаа нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 11, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 удаагийн хуралдааны бэлтгэлийг хангаагүй гэдгийгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байхад шүүхээс дүгнэхдээ нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарч байгааг нотолж байна.

Иймд шүүх хуралдаан процессын дагуу явагдаагүй, нэхэмжлэгчээс шүүгчид нөлөөлөх үйлдэл гаргасан, нэг шүүх хурал дээр хоёр өөр шийдвэр гаргасан, хариуцагчаас үнэн шударга, хараат бус шүүхээр асуудлыг шийдвэрлүүлж байгаа эсэх дээр эргэлзээ төрөхүйц байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх заалтын дагуу Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, процессын алдаагүй шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд хянаад анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Говь-Алтай аймгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Ажлаас халах тухай” 67 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх дээрх шаардлагыг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 39 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд анхан шатны шүүх эхлээд “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүйгээр шийдвэрлэлээ...” гээд шүүх хуралдааныг хаасан байна. Гэтэл үүний дараа шүүх хуралдааныг үргэлжлүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т “Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно” гэж заасан.

Гэтэл уг хуулийн заалтыг анхан шатны шүүх зөрчиж, ямар шийдвэр гаргаж байгаа нь тодорхойгүй  нөхцөл байдал бий болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа юм.

Иймд тус захиргааны хэргийг давж заалдах шатны шүүх хянах, нэхэмжлэлийн шаардлага руу орж дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж  шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121  дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.         

 

 

 

                                    ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

                                    ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

                                    ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР