Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 14

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Амарзаяа даргалж, ерөнхий шүүгч Л.Тунгалаг, шүүгч Ч.Цэнд-Очир нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Л.Бо-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч нарт холбогдох,

Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ажлаас халах тухай 67 дугаар тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******

Иргэдийн төлөөлөгч: Ж.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* Бо- миний бие Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаар тогтоолоор тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар буюу төрийн захиргааны албан тушаалтнаар томилогдон ажиллаж байсан билээ. Гэтэл Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаар Ажлаас халах тухай тогтоолоор төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд миний төрийн албанд ажиллах, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн явдал гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Дээрх сахилгын шийтгэл ногдуулан ажлаас халсан шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11, 165 дугаар зүйлийн 165.2 дахь заалт, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг гол үндэслэлээ болгосон байна. Ажлаас халсан тушаалын 1 дэх заалтад ...Бо- нь Төрийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь шат шатны шүүхийн шийдвэр, ажил шалгасан ажлын хэсгийн шалгалтаар нотлогдож, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа тул... гэжээ. Л.Бо- миний бие Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулахаар буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй, Сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт гэх зүйлийг надад огт танилцуулаагүй болно. Түүнчлэн миний бие 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль зохион байгуулагдах үеэр Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байхдаа ямарваа зөрчил дутагдал гаргаагүй. Сонгуулийн хорооны шийдвэр, үйл ажиллагаа нь Сонгуулийн тухай хуульд зааснаар хамтын шийдвэрийн үндсэн дээр гардаг ба тухайн шийдвэрийнхээ үндсэн дээр шүүхэд хариуцагчаар аймгийн Сонгуулийн хороо татагдаж, шийдвэр, үйл ажиллагааныхаа хариуцлагыг хүлээж явдаг болохоос биш дан ганц дарга бүх асуудлыг шийдвэрлэдэггүй. Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д энэ хуулийн 13,15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан ба миний бие хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах зөрчил гаргаагүй, төрийн албан хаагчид хориглох зүйлсийг хийгээгүй, албан үүргээ биелүүлээгүй гэх зүйл байхгүй байхад илт үндэслэлгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргахад....... хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд холбогдох эрх бүхий дараагийн байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн болно. Иймээс Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаар Ажлаас халах тухай тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртлэх ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Л.Бо- нь Төрийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн учраас хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн үүрэгт ажлаас нь тус Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаар тогтоолоор халсан юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар худалдаан 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан. Анхдугаар хуралдаанаас хойш 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болон, 11 удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын бэлтгэл зохион байгуулалтыг нэхэмжлэгч Л.Бо- хангаж ажиллаагүй. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.1-д зааснаар Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан гэж заасан. Тус хуулийн 20.3-т зааснаар Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байна, мөн хуулийн 20.4-т зааснаар ажлын албаны дарга нь Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байна гэж заасан. Нарийн бичгийн дарга бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн үйл ажиллагааг хууль болон ажлын байрны тодорхойлолтод зааснаар чиглүүлэх удирдах албан тушаалтан юм. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь гэрч Ш.*******, Б.******* нарын мэдүүлэг, Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс хойш иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны бэлтгэл ажлыг та хангаж ажилласан уу? гэж асуусан. Тэгэхэд нэхэмжлэгч нь Хангаагүй, надад орох шаардлага байгаагүй, анхдугаар хуралдаан хууль бус болсон гэж хариулсан байдаг.

Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 26.1, мөн хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлүүдийг зөрчсөн гэдэг нь тогтоогдсон. Тухайлбал Төрийн албаны тухай хуулийн 13.1.1, 13.1.2, 13.1.8 дахь заалтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, аймгийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байхдаа Л.Бо- зөрчсөн болох нь өөрийнх нь явуулж байсан үйл ажиллагаа, шат шатны шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа юм. Үүнийг тодруулбал нэхэмжлэгч нь аймгийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байхдаа 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд уг шийдвэрийг Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 27 дугаар шийдвэрээр илт хууль бус захиргааны актад тооцож хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-т зааснаар иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй буюу эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан болох нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон байна. Аймгийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан Л.Бо- нь хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй илт хууль бус захиргааны акт гаргана гэдэг бол илт санаа зорилготой, ашиг сонирхлын зөрчилтэй улс төрийн нөлөөлөлд автаж байсныг нотлох нотолгоо бөгөөд Сонгуулийн тухай хуулийг биелүүлээгүй, төрийн албан хаагчийн өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаагүй, төрийн ашиг сонирхолд захирагдаж өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллаагүй, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь харагдаж байна. Төрийн албан хаагч захиргааны маргаан бүхий актыг мэдлэг чадвар, хууль хэрэглээний чадвараас хамаарч гаргаж залруулж болох боловч илт санаа зорилготойгоор, илт хууль бус шийдвэр гаргадаг энэ үйлдэл нь удаа дараа шүүхээр шийдвэрлэгдэж, нотлогдож байгаа нь илт санаа зорилго агуулсан шийдвэр юм.

Л.Бо- нь Төрийн албаны тухай хуулийн 15.1.8 дахь заалтыг зөрчсөн. Учир нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлөөлөгчөөр сонгогдсон атлаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Өөрөөр хэлбэл улс төрийн албан тушаал, төрийн жинхэнэ албан тушаал хоёрыг зэрэг хийж байсан. Төрийн албаны тухай хуулийн 40.1-д заасныг зөрчсөн. Л.Бо- нь төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч нарыг ажлаас хууль зүйн үндэслэлгүй чөлөөлж байсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Өөрөөр хэлбэл 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тушаалаар нягтлан бодогч Соёлоог, 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тушаалаар *******г тус тус ажлаас үндэслэлгүй халсан гэдгийг 190 дүгээр шийдвэр, 28 дугаар магадлал, 23 дугаар шийдвэр, 29 дүгээр тогтоолоор нотолж байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 26.1 дэх заалт нь дээр дурдсан Төрийн албаны тухай хуулийн 13.15, 40 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйлийг бүхэлд нь хамруулж байгаа учраас Л.Бо-г ажлаас халах шийдвэрийн хууль зүйн үндэслэл болж байгаа юм.

Сонгуулийн тухай хуулийн 11.4-т зааснаар Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно гэж заасан бөгөөд уг заалтыг зөрчсөн тохиолдолд 11.11-т зааснаар Төрийн албан хаагч энэ хуулийн 11.4-т заасныг зөрчсөн нь түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах үндэслэл болно гэж зохицуулсан. Л.Бо- нь Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байхдаа 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Рэнцэндорж, ******* нарын сонгогдох эрхийг хуульд зааснаас илүү шаардлага тавьж хязгаарласан байдаг. Энэ шийдвэрийг Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 17 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 221 дүгээр магадлал, Дээд шүүхийн 361 дүгээр тогтоолоор Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан Л.Бо- нь хууль бус шийдвэр гаргаж, Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж иргэний сонгогдох эрхийг зөрчсөн болохыг тогтоосон байна. Иймд сонгуулийн тухай хуулийн 11.11-т заасан хариуцлагыг уг хуулийн 165.2-т заасан этгээд болон Л.Бо-д хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй буюу ажлаас халах шийдвэрийн хууль зүйн үндэслэл болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 68 дугаар тогтоолоор нарийн бичгийн даргын ажилд томилогдон ажиллаж байна. Анх 2016 оны 11 дүгээр сарын 22-нд ажил хүлээж авахад Л.Бо- гэдэг хүн ажлаа хүлээлгэж өгөөгүй. Албан өрөө нь хоосон, өөрийн гэсэн зүйлүүдээ авч өрөөгөө сулласан байсан. Өрөөнийхөө түлхүүрийг даргын туслахад үлдээсэн байсан. Энэ ажлыг хүлээж авахдаа төрийн албаны тодорхой нөхцөл шаардлагыг хангаж байгаа учраас томилогдсон гэж ойлгож байгаа. Төрийн албаны шат дараалсан албан тушаал, мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр ажлын албаны санхүүгийн үйл ажиллагаа болон баримт бичгийн алдаа дутагдал их байсныг харж болно. Л.Бо-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Мөнхтөр миний эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа учраас гуравдагч этгээдээр оролцож өөрийн эрх ашгийг хамгаалах хүсэлтэй байна.

Иргэдийн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: Л.Бо-гийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаан бүхий 67 дугаар Ажлаас халах тухай тогтоолд дурдсан нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил, албан үүргээ биелүүлээгүй гэх үйлдэл түүнд хамаарах хууль зүйн үндэслэлийг шүүхэд тайлбарлахдаа:

1. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан албан үүргээ биелүүлээгүй 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс хойш хуралдсан нийт 11 удаагийн хуралдааны бэлтгэл ажлыг хангаагүй, хуралд оролцоогүй гэж тайлбарлаж энэ нь тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, маргаан бүхий 2016 оны 67 дугаар тогтоолын тэмдэглэл, мөн гэрч Ш.*******, Б.******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийнх нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр нотлогдож байна гэж тайлбарлах боловч Л.Бо-г хуралдааны бэлтгэл хангаагүй, хуралд оролцоогүй гэх үйлдэл тус бүрт сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг хариуцагчаас заавал шалган тогтоож, энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулах, оролцоог хангах үүргээ хэрэгжүүлээгүй байх ба нэхэмжлэгч албан үүргээ биелүүлээгүй гэх эдгээр үйлдлийг шалгаж тогтоосон баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй байна.

2. Нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.3, 13.1.8 дахь заалтыг зөрчиж 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 03, 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолууд гаргаж С., Ш., С. В.*******, В.******* нарын сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Сонгуулийн тухай хуулийн 27.2-т Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу Сонгуулийн хороо хамтын шийдвэр гаргадаг тул зөвхөн нэхэмжлэгч Л.Бо-г уг үндэслэлээр Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11, 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан холбогдох[1] шүүхийн шийдвэрүүдээр Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоосон байх боловч уг шийдвэрүүдээр Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан Л.Бо-г төрийн албан хаагчийнх нь хувьд түүний үйлдлийг илт хууль бус гэж тогтоогоогүй байна. Иймд дээрх шүүхийн шийдвэрүүдээр Л.Бо- хууль бус үйлдэл гаргаж, Сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 заалтыг зөрчиж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр ажиллаж байх явцдаа тус хурлын нарийн бичгийн даргын ажлыг давхар эрхэлсэн гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч Л.Бо- нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөж 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс тус хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор жинхэлсэн ба 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолоор тус Хурлын төлөөлөгчөөс чөлөөлөгдсөн байна. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д төрийн жинхэнэ албан хаагч нь дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 15.1.8-д аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглосон байна. Нэхэмжлэгч Л.Бо- нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байх явцдаа тус хурлын нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан тул энэ хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй байна.

4. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг зөрчиж 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тушаалаар тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны нягтлан бодогч Г.Соёлоог, 2014 оны 8 дугаар сарын 19-ний 22 дугаар тушаалаар тус ажлын албаны ажилтан Б.******* үүрэгт ажлаас чөлөөлсөн нь шат шатны шүүхийн шийдвэрээр[2] үндэслэлгүй болох нь тогтоогдсон гэж маргаж байх боловч уг зөрчлийг үйлдсэн хугацаа буюу дээрх маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр, 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг ..., зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэх заалтыг зөрчсөн байна. Тодруулбал ...зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн... гэдэгт зөрчил гаргасан өдрөөс хойш 6 сарын дотор уг зөрчил илрээгүй, мэдэгдээгүй өнгөрсөн байхыг ойлгохоор байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

5. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд .... төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заажээ. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил, хууль болон ажлын байрны тодорхойлолтод заасан ямар чиг үүргийг гүйцэтгээгүй, хангалтгүй биелүүлсэн болохыг шалгаж тогтоогоогүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлийг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчиж тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.4.Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

6. Хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь нэхэмжлэгч Л.Бо-г үндэслэлгүйгээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 55 дугаар тушаалын 7а/-д заасны дагуу нэхэмжлэгч Л.Бо-гийн ажилгүй байсан 411 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 21.863.145 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу Л.Бо-гийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11, 27 дугаар зүйлийн 27.2, 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ажлаас халах тухай 67 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Л.Бо-г тус Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Бо-гийн ажилгүй байсан 411 хоногийн цалин 21.863.145 төгрөгнөөс зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Бо-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

Ч.ЦЭНД-ОЧИР

 

 

 


[1] Хавтаст хэргийн 43-51, 52-58, 59-61, 72-74 хуудас

[2] Хавтаст хэргийн 62-65, 66-71, 75-84, 85-89 хуудас