Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2018/00322

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2018/00322

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Э нэхэмжлэлтэй

Хариуцагч: УБЕГ  холбогдох

2016 оны 02 сарын 03-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 5.383.679,30 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газарт /хуучин нэрээр/ ажиллаж байгаад 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд, УБЕГ-ын даргын 389 дүгээр тушаалаар ажилд эгүүлэн томилоогүй УБЕГ-ын даргын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилж хийлгэхийг хариуцагчид даалгахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүх хянан хэлэлцээд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 99 дүгээртэй шийдвэр гарч миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч гомдол гаргаж хяналтын шатны журмаар хянан хэлэлцэж Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 187 тоот тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Б/309 дугаартай Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаал гаргаж миний биеийг ажилд эгүүлэн томилсон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаагаар тогтоосон.

Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоосон 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 5.383.679,30 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт холбогдох бичилтийг хийлгэж өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч УБЕГ холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоосон 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 5.383.679,30 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт холбогдох бичилтийг хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх, тухайн нэхэмжлэлийг 2017 оны 11 сарын 28-ны өдөр хүлээн авч, мөн оны 12 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагчийг дуудаж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2017 оны 12 сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан, эрх, үүрэг тайлбарлан өгч, хариу тайлбар гаргах хугацааг 2017 оны 12 сарын 29-ний өдрөөр тогтоосон байх боловч хариуцагчийн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан 30 хоногийн хугацаа дууссан тул 2018 оны 01 сарын 31-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр товлон зарлаж, шүүх хуралдааны товыг мөн өдөр хариуцагчийн хаягаар нь Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд, тухайн өдөр Мөнхтуяа хүлээн авч, гарын үсэг зурсан баримт үйлдэгджээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн байсан, өнөөдөр ажил дээрээ байсан учир шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан. Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т тус тус заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Ч.Э нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэлийн хяналтын газарт хяналтын улсын ахлах байцаагчаар томилогдон ажиллаж байсан ба улмаар тус газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн байна.

Энэ талаарх гомдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 сарын 03-ны өдрийн 99 дүгээр шийдвэрээр, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 сарын 14-ний өдрийн 221/МА2016/0242 дугаар магадлалаар, Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 187 дугаартай тогтоолоор тус тус хянан хэлэлцэж, Ч.Эийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6,806,357 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолууд тус тус хэрэгт авагдсан байна.

Хариуцагч байгууллага нь дээр дурдсан шүүхийн шийдвэрүүд гарснаас хойш буюу 2016 оны 07 сарын 19-ний өдрийн Б/309 дугаар тушаалаар Ч.Эийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тус газрын, хяналт шинжилгээ үнэлгээний ахлах мэргэжилтэн Ө.Борын хүүхэд асрах чөлөөг дуусах хүртэл хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан болох нь хэрэгт авагдсан тушаалын хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбараар нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харъяаллын дагуу шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн маргаан таслах комисс эсхүл шүүх байна.

Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэжээ.

Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 99 дүгээр шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэр биелэгдэж ажилд эгүүлэн томилсон өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах Ч.Эийн нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Ч.Э нь анх нэхэмжлэлээ 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан байх боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ татан авсныг баталж, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 20-ны өдрийн 181/ШЗ2016/09017 дугаар захирамж гарсан нь хэрэгт авагдсан байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2017 оны 11 сарын 28-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар зохицуулж өгсөн.

Хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааны талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зохицуулсан байдаг бөгөөд хуульд өөрөө заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байхаар заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан нь хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх хугацааг тусгайлсан хуулиар зохицуулсан гэж үзнэ.

Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан ба бусад хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн ганцаарчилсан маргааны талаархи гомдлоо дээр дурдсанаар гурван сарын дотор харъяаллын дагуу маргаан таслах комисс эсхүл шүүхэд гаргах ёстой юм.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэжээ.

Ч.Эийн ажлаас үндэслэлгүй халагдсны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардах эрх анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоосон үе буюу хариуцагчийн тушаал гаргаж, ажилд томилсон 2016 оны 07 сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилсэн ба уг хугацаанаас хойш 3 сарын дотор нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул шаардлага гаргах эрхээ алдсан байна гэж үзэх нь хуульд нийцнэ.

Мөн хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх хуульд заасан үндэслэлүүд хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг баримтлан УБЕГ холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоосон 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 5.383.679,30 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт холбогдох бичилтийг хийлгэхийг хүссэн Ч.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101100 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                 

                                     ДАРГАЛАГЧ                                   Б.ТҮМЭНЦЭЦЭГ