Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/ма2018/00824

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05ы өдрийн 181/ШШ2018/00322 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 383 679 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Эрдэнэчимэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Жадамба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Наранбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газарт /хуучин нэрээр/ ажиллаж байгаад 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд тус газрын даргын 389 дүгээр тушаалаар ажилд эгүүлэн томилоогүй тул өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүх хянан хэлэлцээд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 99 дүгээртэй шийдвэр гарч миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 187 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Б/309 дугаартай Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаал гаргаснаар миний бие ажилд эгүүлэн томилогдсон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаагаар тогтоосон. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоосон 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 5 383 679 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ. 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоосон 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 5 383 679 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай Ч.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэг давж заалдах гомдолдоо: Хавтаст хэргийн 19 дэх талд авагдсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШЗ2016/09017 дугаар захирамжаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсаныг батлаад мөн дахин шүүхэд хандах эрхтэйг дурдсан. Энэхүү шүүхийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзсэнгүй. Мөн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч тал гомдол гаргасан боловч шүүх хуралдаанаас өмнө хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар албан бичиг ирүүлсэн байна.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичигт нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэгээс хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг талууд харилцан тохиролцож хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх ашгийг хөндөөгүй байх тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05ы өдрийн 181/ШШ2018/00322 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 383 679 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН