Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/02319

 

 

 

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/02319

Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Уранчимэг, шүүгч Ө.Уянга нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:СБ-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:, Ө-д холбогдох,

 

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ гаргасан Өдрийн сонин ХМХ-ээр уучлалт гуйлгуулах, нэр төрөө сэргээлгэх, нэр төр, алдар хүндийг гутаасан гэм хорын хохиролд 58,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Д, түүний өмгөөлөгч Л.П, хариуцагчийн төлөөлөгч Б.Нямдорж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, иргэдийн төлөөлөгч Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Билэгт миний бие Д.Б Ноёд констракшн ХХК-ийн бүх хувьцааг 2012 оны 04 сарын 03-ны өдөр худалдан авах гэрээ байгуулж худалдан авсан ба мөн өдрөө эрх шилжүүлэх гэрээ хийж уг бүртгэлийг УБЕГ-ын харьяа Сэлэнгэ аймгийн бүртгэлийн газарт 2012 оны 04 сарын 09-ний өдөр хандан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5.4.3, 5.4.9-д заасан журмын дагуу бүртгүүлсэн билээ. Эдгээр бүртгэлүүдээр Ноёд констракшн ХХК нь Сэлэнгэ ноёд ХХК-тай болон Г.Буяндоржтой ямар ч хамааралгүй иргэн С.Билэгтийн 100 хувийн өмчийн компани юм.

Ингээд Ноёд констракшн ХХК-ийн БЗД-ийн 5-р хороо, Маахуур толгойд эхлүүлээд 4 давхар цутгасан байсан нэг блок барилгын каркасыг үргэлжлүүлэн өөрийн хөрөнгөөр барьж босгон эхний А блокийг 2012 оны 12 сард улсын комисст хүлээлгэн өгөх үеэр буюу 2012 оны 12 сарын 17-ны өдөр Г.Буяндорж болон Д.Батжаргал нар хуйвалдан Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхэд нэхэмжлэл гарган өгснөөр эцэс төгсгөлгүй хууль шүүхийн байгууллагыг ашиглан намайг дарамталж миний хөлс хүчээ зориулан ашиглалтад өгсөн Сэлэнгэ 888 орон сууцны хотхоныг булаан авахаар улайран, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэн доромжилж, нэр хүнд алдар нэрийг минь гутааж ирсэн юм.

Өдрийн сонины 2015 оны 06 сарын 149 дугаар болон 2015 оны 06 сарын 22-ны өдрийн 154 дугааруудад цуврал болгон Хуулийнхан байгаа оносон уу буюу С.Билэгтийн босгосон төөрдөг байшин гэсэн гарчигтайгаар бүтэн нүүр дүүрэн миний алдар, нэр хүнд, бизнесийн үйл ажиллагааг минь гутаан доромжилсон нийтлэл гаргасан юм.

Миний бие өөрийн гэр бүлтэй, үр хүүхэдтэй, ах дүү, ажлын нөхөдтэй, нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад өөрийн гэсэн хийж бүтээсэн зүйлтэй жирийн иргэн хүн билээ. Гэтэл нэртэй сүртэй сайн сайхан явсан хүмүүсийг залилж мэхэлсэн хүн болж гүтгүүлсэн юм. Залилсан хүнийг залилуулсан хүнийх нь гомдлоор цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг гэж ойлгож явдаг. Тийм асуудал байгаа бол зохих хуулийн байгууллагад нь өргөдөл гомдлоо гаргах шалгуулахгүй, хэвлэл мэдээллээр гүтгээд байгаад нь түүнийх нь гар хөл болон ашиглагдаж байгаа Өдрийн сонин, сэтгүүлч Отгонжаргалд үнэхээр их гомдолтой байдаг.

Г.Буяндоржийн зохион байгуулсан хэвлэл мэдээллийн гүтгэлэг нь хууль бусаар гарсан Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 01 тоот захирамж, 2013 оны 03 сарын 06-ны өдрийн 39 тоот захирамж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2013 оны 05 сарын 14-ний өдрийн 110 тоот шийдвэрүүдийг сэтгүүлч нарт үзүүлэн захиалан бичүүлсэн байдаг. Энэ асуудлыг эрүүгийн журмаар шалган олон жил сунжирсны эцэст иргэний шүүн таслах ажиллагаанд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн нь тогтоогдсон бөгөөд 2017 оны 08 сарын 25-ны өдөр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн тул 2015 оны өршөөлийн хуульд хамрагдан өршөөгдсөн.

Хэвлэл мэдээллээр гүтгэсэн, эрүүгийн хүнд гэмт хэрэгт гүтгэсэн үйлдлүүд нь 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэ Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж үзэхгүй, Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэх болсон тул хэрэгсэхгүй болгогдсон юм. Эрүүгийн хэрэг нь нэгэнт шийдвэрлэгдэж дууссан тул энэ нэхэмжлэлийг гаргаж байгаа билээ. Цаг хугацаа их өнгөрсөн боловч энэхүү зохион байгуулалттай гүтгэлэгийн улмаас манай компани, болон захирал миний нэр хүнд ихэд хохирсон. Орон сууцанд захиалга өгсөн иргэд захиалгаа цуцлах, хамтран ажиллагч компаниуд гэрээгээ цуцлах гэх мэтчилэнгээр хохирсон.

Компанийн ажил хэргийн нэр хүнд, захирал миний нэр төр, алдар хүндэд Өдрийн сонин халдсан. Тухайн нийтлэл гарсны дараа залруулга гаргаж өгөөч эсрэг талд нь хохирсон байгаа хүнээс нь тайлбар сурвалжлага аваач гэж Өдрийн сонинд хандаж байсан боловч огтхон ч тоогоогүйгээр үл барам бидний нийтлэлийг гаргахгүй гэж байсан. Тус сонин нь орон даяар захиалгатай, олон мянган уншигчтай, олон тоогоор хэвлэгддэг өдөр тутмын хамгийн том сонин байтлаа ийм ёс суртахуунгүй, увайгүй үйлдэл хийсэн билээ.

Иймд С.Билэгтийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ гаргасан Өдрийн сонингоор уучлалт гуйлгуулах, нэр төрөө сэргээлгэх, нэр төр, алдар хүндийг гутаасан гэм хорын хохиролд 58,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлд ... гэсэн гарчигтайгаар нийтлэл гаргасан юм. ... өнгөрсөн хугацаанд гүтгэж ирсэн гэжээ.

Иргэн С.Билэгтийг хэрхэн гүтгэсэн талаар ямар ч тайлбарыг нэхэмжлэлд бичээгүй байх тул уг өгүүлбэрт холбогдуулан тайлбар гаргах боломж байхгүй байна.

Нэхэмжлэлд ... шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрүүдийг сэтгүүлч нарт үзүүлэн захиалан бичүүлсэн байдаг гэжээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр дээр тулгуурлан 2015 оны 06 сарын 22-ны өдөр бичсэн байх тул нэхэмжлэгчийг гүтгэсэн гэдэг нь нотлогдохгүй юм.

Нийтлэлийн агуулга гэж яриад байна. Уг нь бол нэхэмжлэгч нийтлэлийг яг энэ хэсэг нь энэ хүний нэр хүндэд халдаад байна гэдэг асуудлаар тайлбарлах ёстой. Энэ нийтлэлээс яг аль хэсэг нь тухайн хүнийг гутаагаад байгааг ойлгохгүй байна.

Зар сурталчилгааны үнийн тарифийг үндэслэн өөрийнхөө нэр төрийг үнэлж энэ мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Үнийн тарифаас харилцагч нарт 50, 60 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Сонин бүгд борлуулагддаггүй. Сонингийн цаас худалдаж авдаг, 90 гаруй хүний цалин, томилолтын зардал асар их гардаг.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Билэгт нь хариуцагч Өдрийн мэдээ ХХК-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ гаргасан Өдрийн сонин-гоор дамжуулан уучлалт гуйлгуулах, нэр төрөө сэргээлгэх, нэр төр, алдар хүндийг гутаасан гэм хорын хохиролд 58,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр С.Билэгтийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй үзэв.

Нэхэмжлэгч С.Билэгт нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотолж, Өдрийн мэдээ ХХК-ийн эрхлэн гаргадаг Өдрийн сонин ХМХ-д нийтлэгдсэн гэх Хуулийнхан бай-гаа оносон уу? /2015.06.16 №149/, Хуулийнхан байгаа оносон уу - С.Билэгтийн босгосон төөрдөг байшин /2015.06.22 №154/ гэсэн гарчиг бүхий нийтлэлийг шүүхэд гаргаж өгсөн. /хх-46х, 13х/

Шүүх бүрэлдэхүүний зүгээс дээр дурдсан нийтлэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу үзлэг хийн бэхжүүлсний үндсэн дээр 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг хангадаг болохыг тайлбарлахад зохигч талууд эдгээр нийтлэл гарсан эсэх, мөн нийтлэлийн үнэн зөв эсэх талаар маргахгүй хэмээн тайлбарладаг ба эдгээр нийтлэлийг хүсэлт тавьж хариуцагч талаас авсан гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагч тал үгүйсгэдэггүй.

Иймд, хэргийн 46 болон 13 дугаар нүүрт авагдсан материал буюу цахим хуудаснаас хэвлэсэн гэх нийтлэлүүдийг шүүх үзлэгээр бэхжүүлээгүй бөгөөд маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй учир эдгээр нийтлэлийг бичгийн нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчихгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч тал Өдрийн сонин ХМХ-ийн 2015 оны 06 сарын 16-ны өдрийн №149 дугаар, 2015 оны 06 сарын 22-ны өдрийн №154 дугаарт нийтлэгдсэн нийтлэлийн агуулга нь бүхэлдээ С.Б нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж тайлбарладаг бол хариуцагч тал эдгээр нийтлэлийг тухайн үед хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр дээр тулгуурлан бичсэн, нийтлэлийн чухам аль хэсэг нь С.Билэгтийн нэр хүндийг гутаагаад байгаа нь тодорхойгүй гэж тайлбарлан маргадаг.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл...-ээр няцаах үүрэг хүлээнэ хэмээн тус тус заажээ.

Өдрийн сонин ХМХ-ийн 2015 оны 06 сарын 16-ны өдрийн №149 дугаарт Баримтаас харвал С.Билэгт нь тус компанийн удирдлагуудад Зургаан тэрбум төгрөгийн зээл гаргаж өгнө гэж хэлээд тэднийг Д.Н гэгчтэй уулзуулсан байна, Харин С.Б зээл авахад зуучилсныхаа хөлсөнд Ноёд констракшн компанийн Зайсан дахь орон сууцнаас төрсөн хүүдээ зургаан өрөө байр авч өгчээ, Ингээд Шүүхийн шийдвэрийн дагуу хураагдсан Ноёд констракшн компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг хулгайлж, нарийн бичгийнхээ цүнхэнд хийсэн байна хэмээн бичсэн нь, мөн Өдрийн сонин ХМХ-ийн 2015 оны 06 сарын 22-ны өдрийн №154 дугаарт Хэрэг нээгдэхийн өмнө С.Б Төрийн тусгай хамгаалалттай объектоос компанийн тамга тэмдэг, гэрчилгээ хулгайлсан, С.Б нь 2011 онд зургаан тэрбум төгрөгийн зээл гаргаж өгнө хэмээн Ноёд констракшн компаниас Зайсан дахь орон сууцнаас хүү Б.Шагдарсүрэндээ таван өрөө байр авч өгсөн гэдэг хэмээн бичсэн нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн шүүгчийн 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 01 дүгээр захирамж, мөн шүүхийн шүүгчийн 2013 оны 03 сарын 06-ны өдрийн 39 дүгээр захирамж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 05 сарын 14-ний өдрийн 110 дугаар шийдвэрт тусгагдаагүй асуудлаар өөрийн дүгнэлтийг өгсөн, таамаг дэвшүүлсэн, С.Билэгтийн талаар нийтэд сөрөг мэдээлэл өгөхөөр, мөн бодит үнэнд нийцэхгүй ойлголтыг төрүүлэхээр агуулгатай нийтлэл болжээ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд хариуцагч Өдрийн мэдээ ХХК нь өөрийн эрхлэн гаргадаг Өдрийн сонин ХМХ-д нийтэлсэн нийтлэлийнхээ үнэн зөвийг нотолж чадахгүй байх тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т заасныг баримтлан хариуцагч Өдрийн мэдээ ХХК-иар бусдад учруулсан эдийн бус гэм хорыг арилгуулах үндэслэлтэй байх тул С.Билэгтийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нийтлэл нийтэлсэн Өдрийн сонин ХМХ-ээрээ дамжуулан С.Б уучлалт гуйх, няцаалт хийхийг хариуцагч Өдрийн мэдээ ХХК-д даалгах нь зүйтэй.

Нэр төр, алдар хүндийг гутаасан гэм хорын хохиролд 58,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, С.Билэгт нь Өдрийн мэдээ ХМХ-ийн борлуулалтын орлого, реклам, зар сурталчилгааны орлогоос өөрт учирсан гэм хорын хохирлыг тооцон гаргаж байгаа нь үндэслэлгүй, мөн С.Б 58,000,000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан болох нь баримтаар нотлогдохгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар С.Бнэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нийтлэл гаргасан Өдрийн мэдээ ХМХ-ээрээ дамжуулан уучлалт гуйх, няцаалт өгөхийг Өдрийн сонин ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нэр төр, алдар хүндийг гутаасан гэм хорын хохиролд 58,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг болон 447,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Өдрийн мэдээ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Билэгтэд буцаан олгосугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД Д.УРАНЧИМЭГ

 

 

Ө.УЯНГА