Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/00146

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02319 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ӨМ” ХХК-д холбогдох,

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, гэм хорын хохиролд 58 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Дашравдан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б миний бие Д.Батжаргалаас “Ноёд констракшн” ХХК-ийн бүх хувьцааг 2012 оны 4 сарын 03-ны өдөр худалдан авах гэрээ байгуулж худалдан авсан ба мөн өдрөө эрх шилжүүлэх гэрээ хийж уг бүртгэлийг УБЕГ-ын харьяа Сэлэнгэ аймгийн бүртгэлийн газарт 2012 оны 4 сарын 09-ний өдөр хандан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5.4.3, 5.4.9-д заасан журмын дагуу бүртгүүлсэн билээ. Эдгээр бүртгэлүүдээр “Ноёд констракшн” ХХК нь “Сэлэнгэ ноёд” ХХК-тай болон Г.Буяндоржтой ямар ч хамааралгүй иргэн С.Б-ийн 100 хувийн өмчийн компани юм. Ингээд “Ноёд констракшн” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 5-р хороо, Маахуур толгойд эхлүүлээд 4 давхар цутгасан байсан нэг блок барилгын каркасыг үргэлжлүүлэн өөрийн хөрөнгөөр барьж босгон эхний А блокийг 2012 оны 12 сард улсын комисст хүлээлгэн өгөх үеэр буюу 2012 оны 12 сарын 17-ны өдөр Г.Буяндорж болон Д.Батжаргал нар хуйвалдан Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхэд нэхэмжлэл гарган өгснөөр эцэс төгсгөлгүй хууль шүүхийн байгууллагыг ашиглан намайг дарамталж миний хөлс хүчээ зориулан ашиглалтад өгсөн Сэлэнгэ 888 орон сууцны хотхоныг булаан авахаар улайран, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэн доромжилж, нэр хүнд алдар нэрийг минь гутааж ирсэн юм. Өдрийн сонины 2015 оны 6 сарын 149 дугаар болон 2015 оны 6 сарын 22-ны өдрийн 154 дугааруудад цуврал болгон “Хуулийнхан байгаа оносон уу буюу С.Б-ийн босгосон төөрдөг байшин” гэсэн гарчигтайгаар бүтэн нүүр дүүрэн миний алдар, нэр хүнд, бизнесийн үйл ажиллагааг минь гутаан доромжилсон нийтлэл гаргасан юм. Миний бие өөрийн гэр бүлтэй, үр хүүхэдтэй, ах дүү, ажлын нөхөдтэй, нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад өөрийн гэсэн хийж бүтээсэн зүйлтэй жирийн иргэн хүн билээ. Гэтэл нэртэй сүртэй сайн сайхан явсан хүмүүсийг залилж мэхэлсэн хүн болж гүтгүүлсэн юм. Залилсан хүнийг залилуулсан хүнийх нь гомдлоор цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг гэж ойлгож явдаг. Тийм асуудал байгаа бол зохих хуулийн байгууллагад нь өргөдөл гомдлоо гаргах шалгуулахгүй, хэвлэл мэдээллээр гүтгээд байгаад нь түүнийх нь гар хөл болон ашиглагдаж байгаа Өдрийн сонин, сэтгүүлч Отгонжаргалд үнэхээр их гомдолтой байдаг. Г.Буяндоржийн зохион байгуулсан хэвлэл мэдээллийн гүтгэлэг нь хууль бусаар гарсан Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 01 тоот захирамж, 2013 оны 3 сарын 06-ны өдрийн 39 тоот захирамж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2013 оны 05 сарын 14-ний өдрийн 110 тоот шийдвэрүүдийг сэтгүүлч нарт үзүүлэн захиалан бичүүлсэн байдаг. Энэ асуудлыг эрүүгийн журмаар шалган олон жил сунжирсны эцэст иргэний шүүн таслах ажиллагаанд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн нь тогтоогдсон бөгөөд 2017 оны 8 сарын 25-ны өдөр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн тул 2015 оны Өршөөлийн хуульд хамрагдан өршөөгдсөн. Хэвлэл мэдээллээр гүтгэсэн, эрүүгийн хүнд гэмт хэрэгт гүтгэсэн үйлдлүүд нь 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэ Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж үзэхгүй, Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэх болсон тул хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэрэг нь нэгэнт шийдвэрлэгдэж дууссан тул энэ нэхэмжлэлийг гаргаж байгаа билээ. Цаг хугацаа их өнгөрсөн боловч энэхүү зохион байгуулалттай гүтгэлгийн улмаас манай компани, болон захирал миний нэр хүнд ихэд хохирсон. Орон сууцанд захиалга өгсөн иргэд захиалгаа цуцлах, хамтран ажиллагч компаниуд гэрээгээ цуцлах гэх мэтчилэнгээр хохирсон. Компанийн ажил хэргийн нэр хүнд, захирал миний нэр төр, алдар хүндэд Өдрийн сонин халдсан. Тухайн нийтлэл гарсны дараа залруулга гаргаж өгөөч эсрэг талд нь хохирсон байгаа хүнээс нь тайлбар сурвалжлага аваач гэж Өдрийн сонинд хандаж байсан боловч огтхон ч тоогоогүйгээр үл барам бидний нийтлэлийг гаргахгүй гэж байсан. Тус сонин нь орон даяар захиалгатай, олон мянган уншигчтай, олон тоогоор хэвлэгддэг өдөр тутмын хамгийн том сонин байтлаа ийм ёс суртахуунгүй, увайгүй үйлдэл хийсэн билээ. Иймд С.Б-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ гаргасан Өдрийн сонингоор уучлалт гуйлгуулах, нэр төрөө сэргээлгэх, нэр төр, алдар хүндийг гутаасан гэм хорын хохиролд 58 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Б-ийг хэрхэн гүтгэсэн талаар ямар ч тайлбарыг нэхэмжлэлд бичээгүй байх тул уг өгүүлбэрт холбогдуулан тайлбар гаргах боломж байхгүй байна. Нэхэмжлэлд ... шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрүүдийг сэтгүүлч нарт үзүүлэн захиалан бичүүлсэн байдаг гэжээ. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр дээр тулгуурлан 2015 оны 6 сарын 22-ны өдөр бичсэн байх тул нэхэмжлэгчийг гүтгэсэн гэдэг нь нотлогдохгүй юм. Нийтлэлийн агуулга гэж яриад байна. Уг нь бол нэхэмжлэгч нийтлэлийн яг энэ хэсэг нь энэ хүний нэр хүндэд халдаад байна гэдэг асуудлаар тайлбарлах ёстой. Энэ нийтлэлээс яг аль хэсэг нь тухайн хүнийг гутаагаад байгааг ойлгохгүй байна. Зар сурталчилгааны үнийн тарифийг үндэслэн өөрийнхөө нэр төрийг үнэлж энэ мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Үнийн тарифаас харилцагч нарт 50, 60 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Сонин бүгд борлуулагддаггүй. Сонингийн цаас худалдаж авдаг, 90 гаруй хүний цалин, томилолтын зардал асар их гардаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар С.Б-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нийтлэл гаргасан “ӨМ” ХМХ-ээрээ дамжуулан уучлалт гуйх, няцаалт өгөхийг “Өдрийн сонин” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нэр төр, алдар хүндийг гутаасан гэм хорын хохиролд 58 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг болон 447 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “ӨМ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-эд буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02319 тоот шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч С.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасан журмыг баримтлан дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүх нэхэмжлэгч С.Б-ийн нэр төрөө сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа энэхүү нийтлэлээс болж учирсан эдийн бус гэм хор, сэтгэл санааны хохирол болгон нэхэмжилсэн 58 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511 дүгээр зүйлийн 511.2-д заасны дагуу эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны хохирлыг Өдрийн сонин хариуцах ёстой. Өдөр тутмын нэр хүнд бүхий сонин нь баримтад нийтлэл хэлбэрээр хоёр дугаар дамнуулан хүний нэр төр алдар хүндэд халдаж байхад, нийтлэлд дурдагдсан хүний сэтгэл санааны байдал ямар хэцүү байдгийг шүүх бүрэлдэхүүн харгалзсангүй. Хүнийг илтэд гүжирдэж, дуулиан шуугиан болгон нийтлэл бичсэнээрээ тухайн нийтлэлд дурдагдсан хүн төдийгүй түүний гэр бүл, үр хүүхэд, ах дүү, ажлын хамтрагч нарт хүртэл хохирол учруулдаг. Хэвлэл мэдээллийн байгууллага асар хариуцлагатай ажиллаж, тарааж буй мэдээ мэдээлэл бүхнийхээ цэг, таслал бүрийг шалгаж, үнэн, зөв мэдээлэл түгээх шаардлагатай гэдгээ ухамсарлах ёстой. Монголын нийгэмд өнөөдөр худлаа мэдээ тараахдаа дугаар дамжуулан нийтэлдэг атлаа уучлал гуйх болохоороо хамгийн арын нүүртээ ганцхан өгүүлбэр тавьдаг жишиг тогтоод байгаа. Энэхүү нэхэмжлэлээрээ тогтоод байгаа бурангуй жишгийг өөрчлөхийг хүсч, мөнгөн дүнгээр хариуцлага тооцуулахыг, сонин хэвлэл мэдээллийг хариуцлагатай ажиллаж, бусдын нэр төрөөр тоглодоггүй болгохыг зорьсон. Иймд гэм хорын хохиролд нэхэмжилсэн мөнгөн дүнг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                              ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч “ӨМ” ХХК-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, гэм хорын хохиролд 58 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч З.Санждорж нь 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №149 дугаартай “Хуулийнхан бай-гаа оносон уу?” гэх нийтлэлд:

“...Баримтаас харвал С.Б- нь тус компанийн удирдлагуудад “Зургаан тэрбум төгрөгийн зээл гаргаж өгнө гэж хэлээд тэднийг Д.Наранхишигт гэгчтэй уулзуулсан байна.”

“... С.Б- нь зээл авахад зуучилсныхаа хөлсөнд “Ноёд констракшн” компанийн зайсан дах орон сууцнаас төрсөн хүүдээ зургаан өрөө байр авч өгчээ”

“... компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг хулгайлж, нарийн бичгийнхээ цүнхэнд хийсэн байна ...”гэж, /хх-ийн 49 дүгээр тал/

Өдрийн сонины 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №154 дугаартай “Хуулийнхан байгаа оносон уу С.Б-ийн босгосон төөрдөг байшин” гэх нийтлэлд:

“... С.Б- нь Д.Хишигт, н.Болдбаатар, н.Гантөмөр нартай бүлэглэн иргэн А-г залилсан зэрэг дөрвөн үйлдэлд шалгагдаж байсан”

“...С.Б- нь Төрийн тусгай хамгаалалттай обьектоос компанийн тамга, тэмдэг, гэрчилгээ хулгайлсан”

“...С.Б- нь 2011 онд зургаан тэрбум төгрөгийн зээл гаргаж өгнө хэмээн “Ноёд констракшн” компанийн зайсан дах орон сууцнаас хүү Б.Шагдарсүрэндээ таван өрөө байр авч өгсөн” гэж /хх-13 дугаар тал/ тус тус нийтэлсэн нь зохигчдын тайлбар, дээрх дугаарууд бүхий Өдрийн сонины хуулбар зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт “... Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж,

Мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэх, гэм хорын хохирлыг шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хариуцагч ӨМ нь 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №149 дугаартай “Хуулийнхан “бай”-гаа оносон уу? гэх нийтлэл,

2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №154 дугаартай “Хуулийнхан байгаа оносон уу С.Б-ийн босгосон төөрдөг байшин гэх нийтлэлд байгаа нэхэмжлэгч С.Б болон түүний гэр бүл, “Ноёд констракшн” ХХК-тай холбоотой мэдээний үнэн зөвийг баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Б-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгтэй тус тус нийцжээ.  

Нэхэмжлэгч гэм хорын хохиролд 58 000 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлын бодит хэмжээг баримтаар нотлоогүй байх тул 58 000 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02319 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            А.МӨНХЗУЛ

                                                            ШҮҮГЧ                                             Д.БАЙГАЛМАА           

                                                                                                                     Г.ДАВААДОРЖ