Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2018/00293

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2018/00293

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Г.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МД ХХК холбогдох

Орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр 39 162 467 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.Э, түүний өмгөөлөгч С.С, нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

              ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.О нь нөхөр М.Бийн хамт Голомт банкнаас 2013 оны 11 сарын 15-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ байгуулан нийт 83 700 000 төгрөгийн зээл авсан байдаг. Тэдний сарын орлого нийлж байж банкны шаардлагыг хангаж байсан бөгөөд тэд нийлээд сард 803,556.65 төгрөг төлдөг. Нөхөр М.Бийн цалин манай өрхийн орлогын 53 хувийг бүрдүүлдэг. Зээл авах үед банкнаас зээлдэгчийн гэнэтийн ослын даатгал заавал хийлгэх ёстой гэж шаардсан. Тухайн үед буюу 2012 оны 11 сарын 15-наас 2014 оны 11 сарын 14-ний өдрийг хүртэл Монгол даатгал ХХК-иар даатгал хийлгүүлж байсан. Харин 2015 оны 5 сард Голомт банкны зүгээс хамтран ажилладаг МД ХХК-тай Орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг байгуулан даатгал хийлгүүлсэн байдаг. Хариуцагч МД ХХК-тай байгуулсан Орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын гэрээ нь зээлдэгч болох Г.О, М.Б нар орон сууцны зээлээ төлж чадахгүй болох эрсдлүүдээс сэргийлэх үндсэн агуулгатай гэрээ юм. Тийм ч учраас аливаа гэнэтийн осол, өвчний /архаг хууч өвчин орохгүй/ улмаас амь насаа алдах эрсдлээс сэргийлж гэрээ байгуулсан. Улмаар 2015 оны 9 сарын 06-ны өдөр нөхөр М.Б нас барсан бөгөөд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулахаар холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн хариуцагч компанид хандсан. МД ХХК-ийн зүгээс 2016 оны 5 сарын 12-ны өдөр Нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай албан бичгийг ирүүлсэн. Тус албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан бөгөөд даатгалын гэрээний 8.14-т даатгуулагч цус харвасан татаж унасны улмаас гэмтэж бэртсэн гэх заалтыг үндэслэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хариуг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан боловч нөхөн төлбөр олгох шийдвэрийг гаргаагүй бөгөөд даатгалын гэрээтэй холбоотой асуудлаар хууль, тогтоомжийн дагуу шүүхэд хандаж иргэний журмаар шийдвэрлүүлэх эрх тань нээлттэй гэсэн хариу өгсөн. Миний бие МД ХХК-ийн 2016 оны 5 сарын 12-ны өдөр ирүүлсэн Нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай гэсэн албан тоотыг эс зөвшөөрч байгаа болно. Учир нь хариуцагчтай байгуулсан гэнэтийн ослын даатгалын гэрээний 8-р бүлэгт даатгалийн эрсдэлд Даатгуулагч бүх төрлийн гэнэтийн осол, өвчний /архаг хууч өвчин орохгүй/ улмаас нас барах... хамаарна. Талийгаач М.Б нь 2015 оны 9 сарын 06-ны өдөр цус харвалтын улмаас нас барсан. Талийгаач нь ямар нэг архаг, хууч өвчний улмаас нас бараагүйГэтэл хариуцагч нь даатгуулагч гэнэтийн өвчний улмаас нас барсан энэхүү нөхцөл байдлыг даатгалын гэрээний 8.14-т заасан даатгуулагч цус харвасан, татаж унасны улмаас гэмтэж бэртсэн залтад хамааруулж нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Даатгуулагч М.Б нь цус харвалтын улмаас гэмтэж бэртээгүй, амь насаа алдчихаад байна. Даатгалын гэрээний дагуу даатгуулагч нас барсан бол даатгалын хохирлын хэмжээг тогтоохдоо үндэснэ төлбөрөөс зээлдэгч буюу даатгуулагчийн төлсөн зээлийн үндсэн төлбөрийг хассан дүнгээс тооцож, нөхөн төлнө. Мөн зээлдэгч, хамтран зээлдэгчийг ижил үүрэг, хариуцлагатай гэж үзэн, нөхөртэйгөө нийлэн зээл авсан бөгөөд нэг хамтран зээлдэгчтэй тул 50 хувиар тооцон нөхөн төлбөр авах үндэслэлтэй юм. 2015 оны 9 сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 78,324,935 төгрөг байсан. Иймд МД ХХК-иас Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр 39,162,467.5 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч МД ХХК-ийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд үүссэн харилцааг нарийвчлан зохицуулсан Даатгалын тухай хуулийн 82.1-д Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно хэмээн заасан байна. Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1-д Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна, 8.2-т Бүрэн эрхийнхээ хүрээнд Хорооны гаргасан шийдвэр тогтоол хэлбэртэй байна гэж заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо нь уг нэхэмжлэлийн шаардлага болох 39,162,467.5 төгрөгийг нэхэмжлэгчид олгох эсэх шийдвэрээ тогтоол хэлбэрээр гарган ирүүлэх байсан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал хэмээн заасан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл гэж үзэхээр байна. Даатгуулагч Г.О болон түүний хамтран зээлдэгч М.Б нь 2015 оны 9 сарын 06-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд тодруулбал талийгаач нь 2015 оны 8 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт Острый нарушение мозговое кровообращение по типу ишемический инсульт головного мозга өвчний улмаас түргэн тусламжаар хүргэгдэн ирж 10 хоног эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэсэн боловч биеийн байдал нь маш хүнд байсаар 2015 оны 9 сарын 06-ны өдөр нас барсан байна. Даатгуулагчийн нас барсан шалтгаан нь тархины шигдээс буюу тархины цус хомсрох харвалт өвчин байсан бөгөөд энэ нь эмгэг судлалын оношоор батлагдаж улмаар Баянзүрх нэгдсэн эмнэлгийн 2016 оны 4 сарын 01-ний өдрийн 02/225 тоот тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, иргэний эрүүл мэндийн дэвтэр дэх өвчний түүх зэргээр тогтоогдож байна. Талийгаачийн нас баралтын шалтгаан болсон I63.3 өвчний хувьд авч үзвэл даатгуулагч энэ өвчнөөр өвдөх өндөр эрсдэлтэй байсан нь өвчний түүх, анамнезаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, даатгуулагчид 4-5 жилийн өмнөөс Артерийн даралт ихсэх эмгэг илэрч эхэлсэн бөгөөд даатгуулагч энэ өвчнөө хянадаггүй, эм тогтмол уудаггүй байсан байна. Эмгэг судлалын оношинд тусгагдсан атеромклероз, зүрхний зүүн ховдол зузаарсан, бөөрний артериологломерулосклероз-ын өөрчлөлтүүд зэрэг нь удаан хугацааны туршид даралт ихсэлттэй явсныг харуулж байна. Даатгуулагчийн нас баралтын шалтгаан болсон өвчин нь даатгуулагчийн даатгуулахаас өмнө үүссэн өвчин эмгэгтэй холбоотой байна. Мөн даатгуулагч энэ талаар даатгуулахдаа мэдэгдээгүй байна. Иймээс даатгалын гэрээний 6.1.1-д Даатгалын гэрээний хүчинтэй хугацаанаас өмнөх хохирол түүний шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд Даатгагч нөхөн төлбөр олгохгүй гэсэн заалтад үндэслэн МД нь нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй юм. Мөн гэрээний 6.1.2-д ...хэлэх ёстой зүйлийг хэлэлгүй нуусан түүний шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд Даатгагч нөхөн төлбөр олгохгүй гэх заалт болон Иргэний хуулийн 431.1-д заасны дагуу Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох нөхцөл байдал, гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй. 2015 оны 9 сарын 25-ны өдөр эмгэг судлаач эмч М.Цэцэгсүрэнгийн гаргасан Б3-47 тоот эмгэг судлалын шинжилгээний протоколд Шинжилгээгээр тархины ишеми, артехиосклероз, сувганцарын үхжил, элэгний үрэвсэл stade I, grgde I, голомтлог өөхлөлт зэрэг нь батлагдлаа хэмээн дүгнэсэн байх бөгөөд эдгээр өвчлөлүүд нь удаан хугацааны түршид үүсэж өвдөж явсан архаг хууч өвчлөлүүд байна. Иймд даатгалын гэрээний 8-р зүйлийн Даатгалын эрсдэл хэсэгт архаг хууч өвчин эрсдэлд орохгүй буюу хамаарахгүй хэмээн заасан бөгөөд нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд хэсгийн 7-д Архаг хууч өвчний улмаас үүдэх хохирол түүний шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд Даатгагч нөхөн төлбөр олгохгүй гэх заалт, 6.1.4-т Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол-д нөхөн төлбөр олгохгүй гэх заалт болон 8.5.3-т Даатгалын гэрээнд заасан бусад шалтгаанаар хохирол гарсан тохиолдолд Даатгагч нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэх заалтуудад тус тус үндэслэн МД ХХК нөхөн төлбөр олгох үүрэггүй байна. М.Б нь тархины суурийн артерийн судас хатуурлын өөрчлөлтийн зүүн дунд салаа нь тромбоор бөглөрөн тархины эдэд цусан хангамжийн хурц дутагдал үүсэж, ишемигээр хүндрэн төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдал болсон нь үхлийн шалтгаан болсон болохыг эмгэг судлаач эмч М.Цэцэгдэлгэрийн гаргасан Б3-47 тоот эмгэг судлалын шинжилгээний протокол, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн гаргасан нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, тус эмнэлгийн 2016 оны 4 сарын 01-ний өдөр ирүүлсэн 02/225 тоот тодорхойлолтоор тус тус нотлогддог. Иймд даатгалын гэрээний наймдугаар бүлгийн 8.14-т тусгагдсан заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117, 65 дугаар зүйлүүдэд заасны дагуу Г.Оюундарийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх, нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

ҮНДЭСЛЭХ НЬ:

  Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч МД ХХК-д холбогдуулан Орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр 39,162,467.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг бөгөөд даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх үйл баримтын талаар маргадаггүй.

Нэхэмжлэгч Г.О, талийгаач М.Б нар МД ХХК гэсэн нэртэй байхад нь даатгалын гэрээг байгуулсан, улмаар МД ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас тус компанийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулахад, хариуцагч нь оноосон нэрээ МД ХХК болгон өөрчилсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийг МД ХХК гэх нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Г.О, талийгаач М.Б нар 2015 оны 5 сарын 09-ний өдөр МД ХХК-тай 1501005471 дугаар бүхий Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулж, даатгалын хураамжид 296,723,51 төгрөг төлсөн байна.

Нэхэмжлэгч Г.Оюундарийн хамтран зээлдэгч М.Б 2015 оны 9 сарын 06-ны өдөр нас барсан, түүний нас барсан шалтгаан нь тархины суурийн артерийн судас хатуурлын өөрчлөлттэй зүүн дунд салаа нь тромбоор бөглөрөн тархины эдэд цусан хангамжийн хурц дутагдал үүсэж, ишемигээр хүндрэн төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдал /цус харвалт/-д орсон нь хэрэгт авагдсан Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хх-24/, эмгэг судлалын шинжилгээний протокол №Б3-47 /хх-38/ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх ба зохигч талууд энэ талаар маргадаггүй.

Хариуцагч МД ХХК нь 2016 оны 5 сарын 12-ны өдөр даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.14-т Даатгуулагч цус харвасан, татаж унасны /эпилепсия/ улмаас гэмтэж бэртсэн гэх заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг нэхэмжлэгч Г.Од өгсөн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн, мөн даатгуулагч нь архаг хууч өвчний улмаас нас барсан, архаг хууч өвчтэй болохоо даатгагчид хэлээгүй, тухайн нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдэгдээгүй гэж тайлбарлан, маргаж байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээний харилцаанд хамаарахаас гадна МД ХХК-ийн зүгээс уг гэрээний маягтыг урьдчилан хэвлэж, бэлэн болгосон, гэрээний нөхцлийг талууд нэг бүрчлэн тохиролцоогүй зэрэг шинжийг агуулсан байх тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөт байдлын үндсэн дээр байгуулсан хэдий ч мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4-т заасан стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх үндэслэлд хариуцагчийн нэхэмжлэгчид даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзахад баримталж буй гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан хэлэх ёстой зүйлийг хэлэлгүй нуусан тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй, 8 дугаар зүйлийн 7-д заасан архаг хууч өвчний улмаас үүдэх хохирол-д нөхөн төлбөр олгохгүй байх нөхцлүүд хамаарч байна.

Тухайлбал, дээрх гэрээний заалт нь даатгагчид нөхөн төлбөр төлөхөөс зайлсхийх, даатгалын тохиолдлыг өргөн хүрээнд өөрийн байр сууринаас тайлбарлах боломжийг олгосон, даатгалын гэрээгээр хүлээсэн нөхөн төлбөр олгох үүргээс татгалзах нөхцөл байдлыг бий болгосон, даатгуулагчийн ашиг сонирхлыг зөрчсөн, гэрээ байгуулах хүсэл зоригт үл нийцсэн гэж үзэх үндэслэл болж байх тул хүчин төгөлдөр бус байх үндэслэлд хамаарна.

Даатгуулагч М.Б нь даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд нас барсан байх бөгөөд тус гэрээний 6.1.1-д Даатгалын гэрээний хүчинтэй хугацаанаас өмнөх хохирол-д даатгагч нөхөн төлбөр олгохгүй гэсэн заалтыг үндэслэж байгаа хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 14-т Даатгуулагч цус харвасан, татаж унасны /эпилепсия/ улмаас гэмтэж бэртсэн гэж заасан нөхцөл нь гэмтэж бэртсэн тохиолдолд хамаарахаар байгаа тул хариуцагчийн маргаж буй татгалзалыг үндэслэлгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Г.О нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар Санхүүгийн Зохицуулах хороонд хандсан болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 6 сарын 22-ны өдрийн 9/2164 дугаар албан бичгээр нотлогдож байх тул урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэхгүй.

Даатгуулагч М.Бийн нас барсан 2016 оны 9 сарын 06-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 78,324,935 төгрөг байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар батлагдаж байна. Уг зээлийг төлөх үүрэг нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд Г.О, М.Б нар тэнцүү хэмжээгээр хариуцахаар зохицуулагдсан байна.

Иймээс, М.Б нас барснаар МД ХХК-ийн хариуцах орон сууц, зээлийн тасалдлын эрсдэл нь зээлийн үлдэгдэл төлбөр 78,324,935 төгрөгийн тал хувь буюу 39,162,467.5 төгрөг болж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

   ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч МД ХХК-иас 39,162,467.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Од олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 353,762 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас улсын тэмдэгийн хураамжийн 353,762 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ТҮМЭНЦЭЦЭГ