Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 984

 

Г.Оюундарийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00388 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Оюундарийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Мандал женерал даатгал” ХХК-д холбогдох      

Даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 39 162 467.5 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаатар,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Сансартуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Оюундарь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр М.Батсүхийн хамт Голомт банкнаас 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж 83 700 000 төгрөгийн зээл авч, сард 803 556.65 төгрөг төлдөг. Миний нөхөр М.Батсүхийн цалин манай өрхийн орлогын 53 хувийг бүрдүүлдэг байсан бөгөөд зээл авах үед банкнаас зээлдэгчийн гэнэтийн ослын даатгал заавал хийлгэх ёстой гэж шаардсан тул 2015 оны 5 дугаар сард “Мандал женерал даатгал” ХХК-тай “Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ”-г байгуулан даатгуулсан. Уг гэрээгээр зээлдэгч Г.Оюундарь, М.Батсүх нар орон сууцны зээлээ төлж чадахгүй болох эрсдлүүдээс сэргийлэх үндсэн агуулгатай юм. Тиймээс аливаа гэнэтийн осол, өвчний /архаг, хууч өвчин орохгүй/ улмаас амь насаа алдах эрсдлээс сэргийлж гэрээ байгуулсан. Улмаар 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нөхөр М.Батсүх нас барсан бөгөөд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулахаар холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн “Мандал женерал даатгал” ХХК-д хандсан боловч даатгалын гэрээний 8.14-т заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсныг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан боловч нөхөн төлбөр олгох шийдвэрийг гаргаагүй бөгөөд уг гэрээтэй холбоотойгоор шүүхэд хандаж иргэний журмаар шийдвэрлүүлэх эрх нээлттэй гэсэн хариу өгсөн. Даатгалын гэрээний 8 дугаар бүлэгт даатгалын эрсдэлд даатгуулагч бүх төрлийн гэнэтийн осол, өвчний улмаас нас барах хамаарахаар заасан. Талийгаач нь 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр цус харвалтын улмаас нас барсан бөгөөд ямар нэг архаг, хууч өвчний улмаас нас бараагүй. Гэтэл “Мандал женерал даатгал” ХХК нь даатгалын гэрээний 8.14-т заасан заалтад хамааруулж нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй. Даатгалын гэрээний дагуу даатгуулагч нас барсан бол даатгалын хохирлын хэмжээг тогтоохдоо үндсэн төлбөрөөс даатгуулагчийн төлсөн зээлийн үндсэн төлбөрийг хассан дүнгээс тооцож, нөхөн төлнө. Мөн зээлдэгч, хамтран зээлдэгчийг ижил үүрэг, хариуцлагатай гэж үзэн, хамтран зээлдэгчийн тоогоор зээлдэгч тус бүрт тэнцүү хувиар тооцно. Би нөхөртэйгөө нийлж зээл авсан бөгөөд нэг хамтран зээлдэгчтэй тул 50 хувиар тооцон нөхөн төлбөр авах үндэслэлтэй. 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 78 324 935 төгрөг байсан. Иймд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр 39 162 467.5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2 дэх хэсэгт заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо нэхэмжлэгчид нөхөн олгвор олгох эсэх шийдвэрээ тогтоол хэлбэрээр гаргах байсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл үүссэн гэж үзэж байна. Хамтран зээлдэгч М.Батсүх 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд талийгаач нь 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт өвчний улмаас түргэн тусламжаар хүргэгдэн ирж 10 хоног эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэсэн боловч биеийн байдал хүнд байсаар 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан. Талийгаачийн нас баралтын шалтгаан болсон өвчний хувьд даатгуулагч энэ өвчнөөр өвдөх өндөр эрсдэлтэй байсан нь өвчний түүх, анамнезаас харагдаж байна. Даатгуулагчийн нас баралтын шалтгаан болсон өвчин нь даатгуулагч даатгуулахаас өмнө үүссэн өвчин эмгэгтэй холбоотой. Түүнчлэн даатгуулагч энэ талаар даатгуулахдаа мэдэгдээгүй. Даатгалын гэрээний 6.1.1, 6.1.2, Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1 дэх хэсэгт заасны дагуу даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүргээ биелүүлээгүй. Мөн 2015 оны 9 сарын 25-ны өдөр эмгэг судлаач эмч М.Цэцэгдэлгэрийн гаргасан Б3-47 тоот эмгэг судлалын шинжилгээний протоколд заасан байна. Иймд даатгалын гэрээний 8.7, 6.1.4, 8.5.3-т тус тус заасныг үндэслэн “Мандал женерал даатгал” ХХК нь нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй. Иймд даатгалын гэрээний 8.14-т заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч “Мандах женерал даатгал” ХХК-иас 39 162  467.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Оюундарьд олгож,  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353 762 төгрөгийг  улсын  орлогод  хэвээр  үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 353 762 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаатараас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

1. Хэрэгт цугларсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбараас харахад даатгалын тохиолдол болсон өдөр буюу талийгаач 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нас барснаас хойш нэн дариу даатгагчид мэдэгдэж, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дотор нөхөн төлбөрийн талаар шаардлагатай материалыг хүргүүлэх үүргээ биелүүлээгүй. Даатгалын тохиолдол бий болсноос хойш 5 сарын дараа даатгагчид мэдэгдэж нөхөн төлбөрийн материалыг хүргүүлсэн. Гэтэл даатгуулагч дээрхи журмыг зөрчсөн нь даатгагчид хандаж нөхөн төлбөрийн баримт хүргүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй байна.

2. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасны дагуу даатгуулагчид өөрт нь учирсан хохирлыг нөхөн төлбөр болгон өгөх ёстой. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талийгаачийн буюу даатгуулагчийн хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагч мөн эсэх тодорхойгүй. Нэхэмжлэгч нь  хууль ёсны өв залгамжлагч болохын хувьд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан эсэх нь эргэлзээтэй. Нөгөөтэйгүүр талийгаач нас барахдаа гэрээслэл үлдээсэн эсэх тодорхойгүй, түүний хууль ёсны эсхүл гэрээслэлээр өв залгамжлагч биш бол нэхэмжлэл гаргах эрхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хууль ёсны өв залгамжлагчаар биш хамтран зээлдэгчийн хувиар нэхэмжлэл гаргасан байх төдийгүй хэрэгт гэрлэлтийн баталгаа байхгүй.

3. Даатгагч болон даатгуулагч нар нь даатгалын гэрээг сайн дурын үндсэн дээр, чөлөөтэй, гэрээнд тусгах нөхцлүүдийг харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр байгуулдаг. Гэтэл шүүхээс хэтэрхий нэг талыг барьж даатгагчийг бэлэн гэрээ хэвлэж гарын үсэг зуруулсан нь даатгуулагчид нөлөөлсөн мэтээр тайлбарлаж дүгнэсэнд гомдолтой байна. Бид аливаа даатгалын гэрээг байгуулахдаа даатгуулагчийн эрх, ашиг сонирхолыг тэргүүн ээлжинд тавьж, тэдэнд хүндэтгэлтэйгээр үйлчлэх зарчмыг баримталдаг бөгөөд ямар нэгэн гадны нөлөө, дарамт, шахалт үзүүлдэггүй. Даатгуулагч гэрээнд гарын үсэг зурахдаа сайтар уншиж танилцдаг бөгөөд хэрэв гэрээний нөхцлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй бол тухайн үедээ санал хүсэлт гарган нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой бөгөөд энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасантай уялдаж байгаа. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь манай байгууллагыг сонгож даатгалын үйлчилгээ авах хүсэлтийн дагуу бид харилцан тохиролцож гэрээ байгуулсан тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж гэрээ байгуулсан гэх шүүхийн дүгнэлтэд гомдолтой байна.

4. Анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед хариуцагч "Мандал женерал даатгал” ХХК нь “Мандал даатгал” ХХК болон өөрчлөгдсөн. Шүүхийн шийдвэрт тусгагдсан "Мандал женерал даатгал" ХХК гэх хуулийн этгээд улсын бүртгэлд байхгүй. Иймд шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх эрсдэл дагуулж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Оюундарь нь хариуцагч “Мандал женерал даатгал” ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 39 162 467.5 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн оролцогчид хэргийн материалтай танилцах эрхийг эдлүүлээгүй буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулсан боловч, хариуцагч талд огт танилцуулаагүй байна /хх-68/.

Түүнчлэн хариуцагч "Мандал женерал даатгал” ХХК нь “Мандал даатгал” ХХК болж өөрчлөгдсөн эсэх хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасан шаардлага хангаагүй хэрэгт авагдсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.  /хх-28, 30, 39, 41-56, 58-62, 64-67/ 

Иймд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00388 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Мандал женерал даатгал” ХХК /Мандал даатгал/-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353 762 төгргийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ   

                                                                 ШҮҮГЧИД                                       С.ЭНХТӨР

                                                                                                                          Д.БАЙГАЛМАА