Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/00182

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/00182

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:ЭМД нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТЭБЭ ХХК-д холбогдох,

83.354.783 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2017 оны 10 сарын 16 өдөр иргэний хэрэг үүсгэснийг, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, Э.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХУДЭМН шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Тус хэлтэстэй харилцагч ТЭБЭХХК нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу cap тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т Өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан журмаар даатгуулна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр cap бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлнэ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйл Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийн 17.1.1 дэх хэсгийн Албан журмаар даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчин 2017 оны 10 дугаар сарын 05-ны байдлаар ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл 55 569 855 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 27 784 928 төгрөг, нийт 83 354 783 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компаний даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчигсдөд хүлээх хариуцлага дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр Дүрэм, журам батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм-ийн 3 дахь хэсгийн 3.3.1-д заасан Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн заалтуудыг тус тус үндэслэн 83 354 783 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг ТЭБЭХХК-с гаргуулж шимтгэл, алдангийг барагдуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь 2007.06.21-ний өдрөөс улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний компани бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 05 өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл 55 569 855 төгрөгийн өртэй нь үнэн. Манай компани нь улирлын чанартай ажилладаг бөгөөд 2017 онд дараах шалтгааны улмаас өр төлбөрөө барагдуулж чадаагүй юм. Үүнд: 2017.оны 4 сард тусгай зөвшөөрөл дууссан бөгөөд сунгалт нь 2017 оны 8 сард хийгдсэн. Шалтгаан нь: Ерөнхийлөгчийн сонгуультай уялдуулаад тэсрэх чиглэлийн бүх байгууллагын үйл ажиллагааг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зогсоож, төрийн байгууллагуудын хурал хойшилсон. 2015-2016 онд ажилчдаа байнгын ажлын байраар хангах зорилгоор Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт тэсрэх бодисын үйлдвэр барьж байгуулах бүтээн байгуулалтын ажилд олсон ашгаа зарцуулсан нь үнэн. Бусад хамтран ажилласан байгууллагуудаас авах авлага хугацаандаа орж ирээгүй нь бидний татварт төлөхөөр төлөвлөсөн төлбөр бүрдээгүй байна. Манай байгууллага нь 55 569 855 төгрөгний хугацаа хэтрүүлсэн алданги болох 27 784 928 төгрөгийг төлөх боломжгүй тул үндсэн ниймгийн даатгалын шимтгэл 55 569 855 төгрөгийг график гарган, тодорхой хугацаатайгаар төлөх хүсэлтэй байна гэв.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ЭМНДХнь хариуцагч ТЭБЭХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлд нийт 83.354.783 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч ТЭБЭХХК нь үндсэн өр төлбөр болох 55.569.855 төгрөгийг төлнө, хугацаа хэтрүүлсэн алданги 27.784.928 төгрөгийг төлөх боломжгүйг харгалзан үзнэ үү гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь Улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 23 өдрийн 15000164, 2016 оны 11 дүгээр сарын 04 өдрийн 16000064, 2017 оны 07 дугаар сарын 03 өдрийн 16000222 дугаартай албан шаардлагаар ТЭБЭХХК-д нийт 55.569.855 төгрөгийн нийгмийн даатгалмын шимтгэлийн өр үүссэн талаарх мэдэгдлийг хариуцагч компанид хүргүүлжээ.

Мөн ХУДНДХ нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага барагдуулах талаар хийсэн 2017 оны 07 дугаар сарын 03 өдрийн 02 дугаартай уулзалтын тэмдэглэл, тооцоо нийлсэн акт зэрэг бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан байна.

ТЭБЭХХК нь 2015-2017 онуудад хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 55.569.855 төгрөг, алданги 27.784.928 төгрөгийн тооцоотой байдлын талаар ХУДНДХ шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагч байгууллага нь Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр болох 55.569.855 төгрөгийг төлнө, алдангиас чөлөөлж өгнө үү гэж тайлбарлаж байх боловч Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна хэмээн заасан байгаа тул алдангиас чөлөөлөх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 55.567.855 төгрөг, алданги 27.784.928 төгрөг нийт 83.354.783 төгрөгийг хариуцагч ТЭБЭХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны тайлбарт: ...манай байгууллага өмнөх шүүх хуралдаанаас нэхэмжлэгчтэй эвлэрэх санал тавьж, 2017 оны 12 сарын 11-ний өдөр шүүх хурал хойшлогдсон өдрөө алдангиас чөлөөлөх талаар саналаа бичиж нэхэмжлэгч байгууллагын удирдлагад хүргүүлсэн боловч Өргөдөл гомдолд хариу өгөх тухай хуульд зааснаар манай өргөдөлд албан ёсоор хариу өгөөгүй өнөөг хүрсэн. Тухайн байгууллагын дарга манай хариуг өгснөөс шалтгаалж бид Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол хүсэлтээ гаргаж албан ёсоор шийдвэрлүүлэх хуулийн заалттай байтал энэ эрхээ бид хэрэгжүүлж чадсангүй. Хуульд тухайн байгууллагын удирдлагын өгсөн хариуг хүлээн зөвшөөрөхгүй бол дээд газарт нь гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх буюу шүүхээр шийдвэрлүүлэхээс өмнө урьдчилан шийдвэрлүүлэх хуулийн заалттай байтал энэ хуулийн заалт зөрчигдөж байх тул энэ асуудлыг шийдвэрлүүлтэл шүүх хуралдааныг хойшлуулах хүсэл гаргаж байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн энэхүү хүсэлтэд дурдсан Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст 2017 оны 12 сарын 11-ний өдөр алдангиас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан талаар бичгийн нотлох баримт хэрэгт байхгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан зохицуулалтад хамааралгүй байх тул түүний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан хариуцагч ТЭБЭХХК-иас 83.354.783 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч ТЭБЭХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 574,724 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ